Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/01126

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/01126 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум,-р баг, үйлдвэрийн байранд байрлах, УХ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, хороо, Ажилчдын гудамж, аруун урд, д байрлах, ХХАДд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар, З.Анхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч УХ ХХК нь хариуцагч ХХАДд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 96,490,000 төгрөг гаргуулах байгаа. УХ ХХК нь ХХАДтай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр АҮ/2102 дугаартай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээний дагуу тухайн үеийн ХХАД буюу одоогийн Хөдөө аж аж ахуйг дэмжих корпорацад 2000 тонн улаан буудайг нэг бүрийг 1450 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож байсан. Дээрх гэрээний дагуу нийлүүлсэн 964,9 тонн үрийн улаан буудайны нийт үнэ нь 1,000,399,105 төгрөг болсон байдаг. Үүнээс ХХАД нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 357,725,250 төгрөг, үүнээс 1 сарын дараа буюу 2021 оны 06 сарын 24-ний өдөр 944,889,750 төгрөгийг манайд өгсөн. Нийт төлбөр болох 1,000,399,105 төгрөг өгөхөөс 1,000,302,615 төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэгдэл төлбөр болох 96,490,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Гэрээний дагуу цаашид нийлүүлэх бараа материалаа татах гэсэн боловч хариуцагч нь төлбөрөө өгөөгүй, төлөхгүй байгаа учраас цаашид улаан буудайгаа нийлүүлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд ХХАДгаас 2021 оны 01 сарын 18-ны өдрийн АҮ/2102 дугаартай гэрээний дагуу нийлүүлсэн үрийн улаан буудайн үлдэгдэл төлбөр болох 96,490,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Хөдөө аж ахуйн корпорацын тайлбараас үзэхэд тус гэрээний дагуу нийлүүлсэн 964,9 тонн үрийн улаан буудай хүлээн авсан бөгөөд энэ талаар талууд маргаангүй гэж ойлгож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн актыг үйлдэж тус актын дагуу гэрээний төлбөрөөс шилжүүлэх үүрэгтэй байтал удаа дараа тооцоог нийлэх саналыг хүлээж аваагүй, тооцоо нийлээгүй. Гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 96,490,000 төгрөгийг ямар шалтгааны улмаас манайд шилжүүлэхгүй байгаа талаараа нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас нь өмнө ямар ч хариу тайлбар өгөөгүй. Хариуцагчийн тайлбартаа дурдаад байгаа Увс хүнс хувьцаат компанийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гуравласан гэрээ хэлээд байгаа юм. АҮ/2014.16 дугаартай өр төлбөр шилжүүлэх тухай гэрээг Хөдөө аж ахуйн их дэмжих сан, Булган буудайн түрүү ХХК, Увс хүнс ХХК 3 байгуулсан гэдэг. Нэхэмжлэгч Увс Хүнс ХХК нь 2014 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэсэн нэртэй байсан, энэ сантай ямар ч гэрээ байгуулаагүй. Хэргийн материалд авагдсан гэрээнээс үзвэл Увс хүнс ХХК-ийн төлөөлөгчийн газар гэсэн тамгатай байгаа. Увс Хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Цэрэнбат гэсэн хүн гарын үсэг зурсан байгаа. Өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар юуг хэлэх гэж байгаа вэ гэхээр Увс Хүнс ХХК нь төлөөлөгчийн газартай байгаагүй. Н.Цэрэнбат гэдэг хүн УХ ХХК-ийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаагүй, хувьцаа эзэмшигч ч биш. Тэгэхээр хаанаас Н.Цэрэнбат гэдэг хүн гарч ирээд, ямар байдлаар гаргаж авсан төлөөлөгчийн газрын тамга дараад гуравласан гэрээ байгуулаад байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байна. 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Энэ компанийн үйл ажиллагааны нийгмийн даатгал, татварын тайланг харахаар төлөөлөгчийн газартай холбоотой татвар төлбөрийн асуудал байхгүй, төлөөлөгчийн газар гэсэн ойлголт байхгүй. Ажилчдынх нь нийгмийн даатгалын лавлагаанаас үзвэл гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатын гэж гарын үсэг зурсан хүний нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөж байгаагүй компани байгаа. 2014 оны гуравласан гэрээний дагуу суутгаад байна. Гэтэл 2014 оны гэрээг УХ ХХК болон одоогийн Хөдөө аж ахуйн корпорац тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сантай огт байгуулаагүй. Гэтэл огт байгуулаагүй гэрээний төлбөрт манай 2021 онд байгуулсан гэрээний төлбөрөөс суутгал хийж байгаа нь л үндэслэлгүй. Мөн нэг асуудлыг дурдаж хэлэх нь зүйтэй байх. Энэ төлбөр хэзээнээс үүсээд байгаа вэ. Тухайн үед Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хөдөө аж ахуйн дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйн корпорац яагаад энэ мөнгийг одоо хүртэл УХ ХХК-аас нэхэмжлэхгүй байсан юм бэ. Яагаад нэхэмжлэх илгээгээгүй, талууд хоорондоо гэрээний дагуу шаардаагүй, дахин гэрээ байгуулсан бэ. Нэхэмжлэгчийн яриад байгаа 2014 оны гэрээ, хэргийн материалд авагдсан 2012 оны санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ зэрэг нь манай компанитай байгуулсан гэрээ биш. Тухайн гэрээнүүд бүгдээрээ төлөөлөгчийн газар гэсэн тамгатай. Гүйцэтгэх захирал гээд Н.Цэрэнбат гээд хүний нэр дурдагдсан гэрээнүүд байгаа. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй бүртгэлээс харахад бол Цэрэнбат гэдэг хүн гүйцэтгэх захирал байгаагүй, хувьцаа эзэмшигч ч байгаагүй гэдэг нь нотлогдох учраас эдгээр гэрээнүүд төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн гэрээ буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байгаа. Хоёр дахь агуулга нь 2014 оны төлбөрийг хөөгөөд үзэхээр 2012 оны гэрээний төлбөр юм шиг харагдаад, нэхэмжлэлд ч гэсэн тэгж тайлбарлаад тэр гуравласан гэрээн дээр ч гэсэн 2011, 2012 оны гэрээнүүдийг дурсан байгаа УХ ХХК-тай үнэхээр энэ гэрээнүүдийг байгуулагдаад өр төлбөр үлдчихсэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл 3 жилийн хугацаанд огт шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчээс нэхэмжилж байсан, санал хүргүүлж байсан үйл баримтууд огт байхгүй. Үүнийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Дараагийн ярих ёстой чухал асуудал бол хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулаад 2021 оны материалыг хэрэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. ХХАДгийн ажлын албаны санхүүгийн хэлтсээс нь 2021 оны байдлаар Ус Хүнс ХК нь ХХАДд ямар нэгэн өр төлбөргүй болохыг тодорхойлж Хаан банканд хийж өгсөн тодорхойлолтууд байгаа. Үүнээс харахад 2021 онд ямар нэгэн өр төлбөргүй байснаа 2023, 2024 гэнэт өр төлбөртэй гарч ирж байгаа үйл баримтыг ойлгохгүй байна. Мөн хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тэр тооцооны баталгааны үлдэгдэл байсан. Тооцоо нийлсэн актын загвар өөр, зөвхөн өөрийнх нь гарын үсэг зурчихсан санхүүгийн баримт байсан. н.Сосорбарам гээд хүн гарын үсэг зурчихсан. Тэр баримтаас нь харахад хэзээ үүссэн өр төлбөр нь огт тодорхойгүй, тэгснээ суутгасан огноо нь 2021 он байгаа. Тэгэхээр ийм үйл баримтууд байгаа учраас тухайн үед УХ ХХК одоогийн Хөдөө аж ахуйн корпорацтай 2014 онд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулаагүй учраас тухайн өр төлбөрийг суутгах, суутгаж тооцох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг болохыг ярья. хөдөө аж ахуйг дэмжих корпорац төрийн өмчит компани нь төрөөс хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгийг хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх, зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлийн үйл ажиллагааны байгууллага юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, иргэн, аж ахуйн нэгжид урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг байгууллага. Манай байгууллага нь УХ ХХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж, хэд хэдэн удаагийн хүсэлтийн дагуу урт хугацааны дэмжлэг олгож, зарим төсөлд хамтран ажиллаж ирсэн. УХ ХХК нь хамтран ажиллах үедээ гэрээгээ хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлдэггүй, хугацаа хэтэрсэн өр төлбөрийг удаан хугацаагаар үүсгэсэн асуудал гаргаж байсан боловч бидний зүгээс хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийн асуудалд уян хатан хандаж ирсэн байгууллага юм. Гэвч УХ ХХК хугацаа хэтэрсэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор ямар нэгэн санаачилга гаргалгүй, зохих хугацаанд өр төлбөрөө барагдуулдаггүй. Өөрөөр хэлбэл гэрээнүүдийг биелүүлдэггүй байгууллага юм. Иймд бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан. УХ ХХК Хан-Уул дүүргийн иргэний анхан шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай байгууллагыг өр төлбөртэй, өр төлбөрөө авъя гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан АҮ/2102 дугаартай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба тус гэрээнд 2000 тонны үрийн улаан буудайг нийт 1 тонн тутмыг 1,450,000 төгрөгөөр худалдан авч, нийт 2,900,000,000 төгрөг төлөхөөр УХ ХХК-тай гэрээ байгуулсан. Гэвч УХ ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй 969,9 тонн үрийн улаан буудай нийлүүлсэн ба нийлүүлсэн үрийн улаан буудайн үнийн дүн нь 1,000,399,105 төгрөг болсон. Мөн УХ ХХК нь манайд өр төлбөртэй болсон шалтгаан УХ ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нь АҮ/2014.16 дугаартай өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гуравласан гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулахдаа манайд нийтдээ чацарганын төслийн бэлэн мөнгөөр авсан 1,117,756,680 төгрөгийн өр төлбөр байснаас 686,432,500 мянган төгрөгийг Булган буудайн түрүү гэдэг компани руу шилжүүлж, энэ булган буудайн түрүү компани тухайн төлбөрийг төлсөн байгаа. Одоо манайд өр төлбөргүй байгаа. УХ ХХК 431,324,180 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Уг үлдэгдэл өр төлбөрийн хүү гэрээнд заасны дагуу 144,000,000 төгрөг байсан ба зээлийн хүү оны сүүлээр бодогддог учраас гуравласан гэрээ байгуулахдаа хүүг нь оруулаагүй юм байна лээ. Тухайн үед гэрээ хийхэд 144,000,000 төгрөг болсон. 431,324,180 төгрөг дээр хүү 144,000,000 төгрөг нэмэгдээд нийт 575,324,180 төгрөгийн өртэй болсон. Дээрх үлдэгдлээс 2014 онд улаан буудай урамшуулал гэж манай байгууллагад Хөдөө аж ахуйн яам өгдөг. Энэ урамшууллаас нь 27,000,000 төгрөг хасагдаж үлдэгдэл төлбөр нийтдээ 548,324,180 төгрөг үлдсэн боловч гэрээнд заасан үүргээ одоо болтол биелүүлээгүй байгаа. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан АҮ/2102 дугаартай гэрээний нийт үрийн улаан буудайн үнийг Хөдөө аж ахуйн корпорац гэрээнд заасны дагуу тус компанийн олон жилийн төлбөрийг бүгдийг нь суутгаж авахгүйгээр уян хатан нөхцөлөөр нийтдээ 1,302,000,615 төгрөг шилжүүлж өгсөн ба үлдэгдэл 96,494,000, төгрөгийг 548,324,180 төгрөгөөс хасаж тооцож суулгаж авсан. Увс хүнс компани нь манай байгууллагад хугацаа хэтэрсэн 2014 оноос хойш төлөөгүй 451,834,180 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Иймд Увс Хүнс компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХХАД нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө, өртөг, авлага нь Хөдөө аж ахуйг корпорац төрийн өмчит компанид шилжсэн, эрх залгамжлан авагч юм... гэв.

Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №А4/2102 дугаартай худалдах худалдан авах гэрээ хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгаажуулалт хуулбар, харилцагчийн тооцооны жагсаалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХХАДгийн ажлын албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 058 дугаар албан тоот, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21.43 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас хариу тайлбар, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХАДгийн авлага, өр төлбөрийг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д балансаас балансад шилжүүлэх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаар тушаал, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/2012 Санхүүгийн түрээс /лизингийн гэрээ/ гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн АУ/2014.16 дугаартай өр төлбөр шилжүүлэх барагдуулах тухай гуравласан гэрээ хуулбар, 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12/06 дугаар хүсэлт, Голомт банкны төлбөрийн баримт, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/2012 дугаартай зээлийн гэрээний барьцааны гэрээний хуулбар, Санхүүгийн тооцоо нийлсэн акт, Харилцагчийн өр авлагаын дэлгэрэнгүй журнал, УХ ХХК-ийн 2021.4.2 өдрийн 21.43 дугаартай 1000 тонн үр нийлүүлэх боломжгүй гэсэн албан хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д холбогдуулан Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,490,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

2.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

 

3.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

 

3.1.        Нэхэмжлэгч УХ ХХК нь ХХАДтай 2021 оны 01 сарын 18-ны өдөр А4/2102 дугаартай Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талуудын төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээний 1.1, 2, 3-т зааснаар стандартын шаардлага хангасан нийт 2000 тн үрийн улаан буудайг худалдан авагч ХХАДд хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч нь 1 килограммыг нь 1,450 төгрөгөөр тооцож төлбөрийг худалдагч УХ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна (1-р хавтасны 5-8 дахь тал). Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй.

 

3.2.         ХХАД нь татан буугдаж, эрх залгамжлагчаар Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон байна (90240001005 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 сарын 20-ны өдрийн А/553 дугаартай тушаал, хариуцагчийн тайлбар). Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй.

 

3.3.        Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 964.9 тн үрийн улаан буудайг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна. Зохигчид уг үйл баримт дээр маргаагүй (талуудын тайлбар).

 

3.4.        Үрийн улаан буудай, худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн 964.9 тн улаан буудайн нийт төлбөр 1,399,105,000 төгрөг болсноос, хариуцагч нийт 1,302,615,000 төгрөг төлсөн байна. Талууд уг үйл баримт дээр маргадаггүй (талуудын тайлбар).

 

3.5.        Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр тооцооллын хувьд 96,400,000 төгрөг байгааг талууд хүлээн зөвшөөрдөг (талуудын тайлбар).

 

4.    Нэхэмжлэгч Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 96,400,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан бол хариуцагч нь үлдэгдэл 96,400,000 төгрөгийг 2012 оны 03 сарын 20-ны өдөр УХ ХХК-тай байгуулсан 07/2012 дугаартай Санхүүгийн түрээс /Лизингийн гэрээ/, 2014 оны 04 сарын 10-ны өдөр УХ ХХК болон Булганбуудай түрүү ХХК-тай байгуулсан АҮ/2014.16 дугаартай Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гэрээний дагуу үүссэн төлбөрт суутгаж авсан, нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж маргасан. Товчхондоо талуудын маргааны зүйл нь 96,400,000 төгрөгийг өөр гэрээний үүрэгт суутгаж, харилцан тооцож дуусгавар болгосон эсэх байна.

 

5.    Иргэний хуулийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан. Талуудын хооронд байгуулагдсан Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу 2000 тн улаан буудайг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь 1 килограммыг нь 1,450 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүхээс үзэв. Уг гэрээ хүчин төгөлдөр, талууд гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргаагүй болно.

 

6.    Хариуцагч нь Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээ, Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гэрээний дагуу нэхэмжлэгчээс авах авлага 548,324,180 төгрөгөөс 96,400,000 төгрөгийг суутгаж авсан, Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасныг шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:

 

6.1.        Иргэний хуулийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан. Хуулийн зохицуулалтын дагуу ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгодог.

Хариуцагчийн үндэслэл болгож буй 2012 оны 03 сарын 20-ны өдрийн Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 934,520,000 төгрөгийн үнэ бүхий New Holland маркын Т9060 дугаартай тракторыг иж бүрдлийн хамт 7 жилийн хугацаанд УХ ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгч шилжүүлэн авах агуулгатай байна. Уг гэрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга Д.Галсанбуян, УХ ХХК-ийн захирал Н.Цэрэнбат гарын үсэг зурсан, УХ ХХК-Төлөөлөгчийн газар гэсэн тамга даржээ.

Дээрх Санхүүгийн түрээсийн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 312.1-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр, 312.3-т түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр түрээсийн гэрээнд зааж болно гэх зохицуулалтын хүрээнд хамаарах Санхүүгийн түрээсийн гэрээ байна.

Хариуцагчийн үндэслэл болгож буй 2014 оны 04 сарын 10-ны өдрийн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээгээр Увс хүнс ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,117,756,680 төгрөгийн өртэйг, дээрх өр төлбөрт 2013 оны 4,830,000 төгрөг, бордооны 14,318,500 төгрөг, 2012 оны хор гербицидын 25,944,000 төгрөг, 2012 оны Ньюхолланд Т9060 тракторын иж бүрдлийн 641,340,000 төгрөг нийт 686,432,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Булган буудай түрүү ХХК шинээр үүрэг гүйцэтгэгч болж, Увс хүнс ХХК нь 686,432,500 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, үлдэх 431,324,180 төгрөгийг Увс хүнс ХХК нь 2014 оны 12 сарын 25-ны өдөр төлөх агуулгатай байна, мөн гэрээний 5.1.4-т шинэ үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Булганбуудай түрүү ХХК нь үүргээ тасалдуулсны улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлээс хугацаа хэтэрсэн хоног бүрт 0,3 хувийн хүү тооцож авах эрхтэй, 6.1-т үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэжээ Гэрээг байгуулсан талуудын хувьд төлбөр авагч талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санхүү эрсдлийн удирдлагын дарга С.Ундаръяа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан, төлбөр төлөгч талаас Увс хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат гарын үсэг зурж, Увс хүнс ХХК-Төлөөлөгчийн газар гэсэн тамга дарсан, шинэ үүрэг гүйцэтгэгч талаас гүйцэтгэх захирал О.Амаржаргал гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байна.

Хариуцагч нь Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээний үлдэгдэл 431,324,180 төгрөг дээр гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний хүү 144,000,000 төгрөг нийт 575,324,180 төгрөг үүнээс хариуцагч нь улаанбуудайн урамшуулал болох 27,000,000 төгрөгийг хасаж 548,324,180 төгрөг болсон, улмаар Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөрөөс Үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 96,490,000 төгрөгийг суутган тооцсон гэж тайлбарлаж байна.

Дээрх Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээний агуулга нь нэгдүгээрт Иргэний хуулийн 123.1-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэх зохицуулалтын хүрээнд шаардах эрхийг Булганбуудай ХХК руу шилжүүлсэн агуулгатай байна. Иймд шүүхээс Үрийн буудай худалдах, худалдах авах гэрээний агуулгатай харилцан тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хоёрдугаарт Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээний үнийн дүнд 2013 оны 4,830,000 төгрөг, бордооны 14,318,500 төгрөг, 2012 оны хор гербицидын 25,944,000 төгрөг гэх агуулга дурдагдсан нь Үрийн буудай худалдах, худалдах авах гэрээтэй холбоогүй гэж шүүхээс үзлээ.

Гуравдугаарт хариуцагч Өр төлбөр шилжүүлэх барагдуулах гэрээний дагуу хүү 144,000,000 төгрөгийг үндэслэл болгож гэрээний үүргээс хасч тооцсон гэж тайлбарлаж байгаа нь Үрийн буудай худалдах, худалдах авах гэрээтэй хамааралгүй гэж шүүхээс дүгнэлээ.

6.2 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар нь Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээ, Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гэрээг УХ ХХК байгуулж байгаагүй, Н.Цэрэнбат гэдэг хүн нэхэмжлэгч компанийн захирлаар ажиллаж байгаагүй, Увс хүнс ХХК нь төлөөлөгчийн газартай байгаагүй, компанийн тамга биш гэж татгалзан УХ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг үндэслэл болгов. Харин хариуцагч нь тухайн Ньюхолланд тракторыг УХ ХХК ашиглаж байгаа, Увс хүнс ХХК тухайн үед гэрээ байгуулсан, Н.Цэрэнбат гэж хүн Увс хүнс ХХК-төлөөлж байсан болоод л гарын үсэг зурж, тамгаа дарсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэх зохицуулалтын дагуу үүргийг харилцан тооцох дуусгавар болгохын тулд хоёр этгээд нь ижил байх субъектын шаардлага тавьжээ.

Талууд Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээ, Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх дээр маргаантай, түүнчлэн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах гэрээнд Булган буудай түрүү ХХК гэрээний тал болж оролцсон байгаагаас тохиолдолд Иргэний хуулийн 238.1-д заасан харилцан тооцож үүргийг дуусгавар болгох хоёр этгээдийн шаардлагыг хангахгүй гэж шүүхээс үзлээ.

6.2 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан байхад хариуцагч нь өөр эрх зүйн агуулгатай, оролцогчид нь өөр Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээ, Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гэрээний үүрэгт тооцож, Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж татгалзаж буй нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

6.3 Хариуцагчид Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн гэрээ, Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гэрээнээс үүдэлтэй аливаа шаардлага байгаа бол түүнийг хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

7.   Иймд Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болоогүй, нэхэмжлэгч нь уг гэрээний үлдэгдэл төлбөрт 96,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 640,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,400,000 төгрөгийг хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч УХ ХХК-д олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 640,400 төгрөгийг гаргуулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ