| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00389/И |
| Дугаар | 183/ШШ2024/01169 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/01169
2024 оны 03 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/01169 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот 15160, Ш/х-22, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХК /РД:РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү хотхон, 4тоотод оршин суух, , Расолын СБ/РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 46 679 395.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс,
Хариуцагч СБ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч СБд холбогдуулан 46,679,395.19 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Расолын СБ2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай 1205194061 дугаартай зээлийн гэрээ байгуулж 51,200,000 төгрөгийг, жилийн 12%-ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан. Талууд 1205194061 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцааны гэрээг байгуулсан. Үүнд: БГ1205194061 дугаартай барьцааны гэрээгээр 13 67 УАП улсын дугаартай сүзүки жими маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэл хангуулсан барьцаалсан. Гэвч хариуцагч нь тус зээлийн гэрээг удаа дараа зөрчиж, банкны зүгээс тус төлбөрийг удаа дараа шаардсан байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд болохоор 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 43,153,014 төгрөг, зээлийн хүү нь 3,078,786.91 төгрөг, даатгалын өр 426,666.63 мөнгө, нэмэгдүүлсэн өр 20,927.43 төгрөг, нийт 46,679,395.19 төгрөгийг 216 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул хариуцагч Расолын Сэрэгболоос 46,679,395.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгийг гаргаж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бол хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа...гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний биелэгдээгүй байгаа төлбөрийг барагдуулж, цаашид графикийнх дагуу төлөөд хэвийн ангилалд нь оруулах хүсэлтэй байна. Би 2023 оны 3 дугаар сард хамгийн сүүлийн төлөлтийг хийсэн юм. Би өөрөөсөө төлж болох төлөлтөө хийсэн. Анх машин авах гэж байхад нэг жилийн төлбөр буюу машины үнэ дүнгийн нэг хувь 640,000 төгрөгийг 1 удаа хийсэн. Зээлийн урьдчилгаа 12,800,000 төгрөгийг хийхдээ өөрийнхөө зүгээс 640,000 төгрөгийг Мандал даатгалд төлөөд гэрээ байгуулсан. Түүнээс хойш миний төлсөн төлбөр болгон дээр 53,333 төгрөг сар болгон даатгалд явж байсан. Эхний жилийн даатгал 640,000 төгрөгийг төлсөн. Графикийн эхнээс төлөлт дээр 53,333 төгрөг гараад явж байсан. Эхний жилийн даатгалыг төлсөн байсан. Тэгсэн мөртлөө банк аваад яваад байсан. Графикаас харахад эхний төлөлт дээр ч гэсэн 53,333 төгрөг авсан байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, Итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ1205194061 дугаартай тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ1205194061 дугаартай барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зжжлийн хүү тооцооллын хүснэгт, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01131713 дугаартай мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 017140486 дугаар мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 017140747 дугаар мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 017140486 дугаар мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 017144695 дугаар мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 017146141 дугаар мэдэгдэл, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 017150625 дугаар мэдэгдэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас хариу тайлбарыг өгсөн ба баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч СБд холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 43,153,014.22 төгрөг, зээлийн хүү 3,078,786.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,927.43 төгрөг, даатгалын өр 426,666 төгрөг нийт 46,679,395.19 төгрөг гаргуулж, БГ1205194061 дугаартай Барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаан байхгүй, гэрээний дагуу тооцсон байна, графикт хугацаа дуусгавар болоогүй графикийн дагуу 8,000,000 гаруй төгрөгийг төлөөд зээлээ хэвийн ангилалд оруулж, цаашаа төлж барагдуулах хүсэлтэй байна гэж татгалзав.
3. Нэхэмжлэлээс 46,252,728.56 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу даатгалын өр 426,666 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:
4.1. Талууд 2021 оны 08 сарын 09-ний өдөр ЗГ1205194061 дугаартай Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь авто тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулан 51,200,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаанд хариуцагчид зээлдүүлэх, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, хариуцагчид тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна (1-р хавтасны 10-12 дахь тал). Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй.
4.2. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлсөн байна. Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй.
4.3. Талууд 2021 оны 08 сарын 09-ний өдөр 1 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны хар өнгөтэй, 1367 УАТ дугаартай, Suzuki Jimny автомашиныг барьцаалсан байна. Барьцааны зүйл болох автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч өөрийн нэр дээр гаргуулсан байх ба тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Голомт банк ХК бүртгэлтэй байна (1-р хавтасны 10-15 дахь тал). Зохигчид уг үйл баримт дээр маргаагүй.
4.4. Хариуцагч нь зээлийн төлбөрийг Зээлийн гэрээний хавсралт Эргэн төлөлтийн графикийн дагуу 2 буюу түүнээс дээш удаа төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна (1-р хавтасны 16 дахь тал). Зохигчид уг үйл баримт дээр маргаагүй.
5. Иргэний хуулийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 2.4, 3.4.1-т зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт 1-т заасан хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцох бөгөөд зээл, зээлийн хүүг үл маргах журмаар төлүүлэхээр шаардах эрхтэй байх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон. Хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу төлөлгүй, үүрэг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болноу гэж заасан. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Эдгээр зохицуулалтын дагуу банк нь үндсэн зээлээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
8. Иймд нэхэмжлэгч нь Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 43,153,014.22 төгрөг, зээлийн хүү 3,078,786.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,927.43 төгрөг нийт 46,252,728.56 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
9. Харин нэхэмжлэгч нь даатгалын өр 426,666 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох автомашиныг даатгуулсан, даатгалын гэрээний дагуу даатгалын төлбөрийг банкнаас төлсөн гэж тайлбарласан боловч хариуцагч нь даатгалын төлбөр төлснийг мэдэхгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээ, даатгалын төлбөр төлсөн талаарх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн уг хэсгийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 09-ний өдрийн БГ1205194061 дугаартай Барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Уг гэрээ хүчин төгөлдөр, талууд Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй.
11. Иргэний хуулийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуулийн 8.1-т хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байна.
12. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,347 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 389,213.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451.1, 452.2, 153.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуулийн 8.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч СБоос Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 43,153,014.22 төгрөг, зээлийн хүү 3,078,786.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,927.43 төгрөг нийт 46,252,728.56 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 426,666.26 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, БГ1205194061 дугаартай Барьцааны гэрээний дагуу 2021 оны хар өнгөтэй, 1367 УАТ дугаартай, Suzuki Jimny автомашинаар Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,347 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 389,213.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг