Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01231

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/01231 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, р хороо, р байр,  тоотод оршин суух, РД:,  овогт Отын УБ

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, р хороо, р байр, тоотод оршин суух, РД:, Т БСд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төхөөрөмжийн төлбөрт 487 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.УБ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.УБ нь хариуцагч Т.БСд холбогдуулан төхөөрөмжийн төлбөрт 487 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төв дээрээс Сүхбаатарын аймгийн Эрдэнэцагаан сум руу явах гэж байхад тэнд нь сүлжээ бага байдаг учраас гэр интернэт ашиглавал холбогдож болдог гээд гэр интернэт худалдаалж байсан ажилтан дээр очоод зээлийн хүсэлтээ судлуулсан чинь н.БС дээр гараагүй. Иргэний үнэмлэхээ хаячихсан, миний нэр дээр авчихъя, чи зээлээ судлуулаадхаач гэсэн. Тэгээд хамт очоод зээлээ судлуулсан чинь минийх дээр гарахаар байна, та авах юм уу гэсэн. н.БС ...Ах нь төлчихье, чи авчих... гэсэн. Би та найдвартай юм уу гэхэд ...Хамт ажилладаг юм чинь болохгүй бол ээлжлээд төлөөд өгье... гэсэн. Би та найдвартай төлөөрэй гэхэд найдвартай гээд авсан. Түүнээс хойш би тухайн үед ажиллаж байсан компаниас гараад өөр компанид ажиллахаар болсон. н.БСд та зээлээ төлөөд яваарай, дараагийн төлөлтөө хийхгүй бол болохгүй юм байна гээд тухайн процессыг хэлсэн. Түүнээс хойш төлөхгүй явсаар байгаад гэнэт Юнителээс над руу залгаад ...6 сарын төлөлт хийгдээгүй байна, тань дээр Монгол банк руу 180,000 төгрөгийн мэдэгдэл явлаа шүү... гэсэн. Тэгээд ахаа та яагаад төлөөгүй юм бэ, төлөөч ээ. Монгол банк руу мэдээлэл явчихлаа гэсэн чинь ...Чи очоод цуцлуулчих. Юун сүртэй юм бэ... гэсэн. Ийм байдлаар явсаар байгаад 2 жил болчихлоо. Монгол банк руу миний зээлийн мэдээлэл явсан байгаа. Зээл хөөцөлдөхөөр танд эргэлзээтэй зээл байна гээд бүтэхгүй байсан. Би зээлээ бүтээхийн тулд Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу явчихсан мөнгийг төлчихсөн. Энэ хүнтэй ингэж орооцолдоод байхаар амьдралд их нөлөөлж байна. Тийм учраас сунжруулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлүүлмээр байна...гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Юнител ХХК-тай байгуулсан гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн, харин хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй байна

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Юнител ХХК-д гэр интернетийн төхөөрөмжийн төлбөрт төлсөн 487,506 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

2.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

3.1.        Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 16-ны өдөр Юнител ХХК-тай Гэр интернетийн төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу 24 сарын хугацаатайгаар 850,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх нөхцөлөөр гэр интернетийн төхөөрөмж худалдаж авсан (нэхэмжлэгчийн тайлбар, 1-р хавтасны 3 дахь тал).

3.2.        Хариуцагч нь гэр интернетийн төхөөрөмжийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төв дээрээс хүлээн авсан (нэхэмжлэгчийн тайлбар).

3.3.        Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэр интернетийн тоног төхөөрөмж худалдан авах, төлбөр төлөх гэрээ байгуулагдаагүй (нэхэмжлэгчийн тайлбар).

3.4.        Нэхэмжлэгч нь Юнител ХХК-д нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 487,506 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно (нэхэмжлэгчийн тайлбар).

 

4.    Нэхэмжлэгч нь Юнител ХХК-аас гэр интернетийн төхөөрөмжийг өөрөө авах зорилго байгаагүй, хариуцагч төхөөрөмжийг ашиглаж байгаа, гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч хариуцагч төлбөрийг төлнө гэж хэлсэн гэж тайлбарлаж байна.

 

5.    Иргэний хуулийн 492.1, 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ. Уг зохицуулалтын хүрээнд талуудын хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна. Зохигчдын хооронд гэр интернетийн төхөөрөмжийн үнийг төлөх гэрээ байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө гэр интернетийн төхөөрөмжийн үнийг төлөх үүрэг үүсээгүй байна.

 

6.    Иргэний хуулийн 496.1-т хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. Хариуцагчийн төлбөл зохих өр болох 487,506 төгрөгийг нэхэмжлэгч төлснөөр хариуцагчид ашигтай байдал үүсэн, хариуцагч гарах ёстой зардлаа хэмнэж, хөрөнгөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байх ба нэхэмжлэгч нь Юнител ХХК-д өрийг төлөх болсноор эд хөрөнгийн алдагдал хүлээсэн байна.

 

7.    Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492.1.1, 496.1-т зааснаар гэр интернетийн төхөөрөмжийн үнэ 487,506 төгрөгийг шаардах эрхтэй тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.

 

8.    Шүүхээс хариуцагч Т.БСт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь 2024 оны 02 сарын 27-ны өдөр, 2024 оны 03 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. 2024 оны 03 сарын 29-ний шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдья.

 

9.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,260 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 492.1, 496.1 дэхь заалтыг тус тус баримтлан гэр интернетийн төхөөрөмжийн үнэ 487,506 төгрөгийг хариуцагч Т.Батсууриас гаргуулж, нэхэмжлэгч О.УБт олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,260 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ