| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00155/и |
| Дугаар | 152/ШШ2024/00157 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001007, регистрийн ... дугаартай, Хасбанк ХК-ийн,
Зээлдэгч Д.Э, Ц.П нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК нь зээлдэгч Д.Э, Ц.П нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Дашийн Э нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хасбанктай 1660006387 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 26,4 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан бөгөөд ингэхдээ барьцаалуулагч Д.Э нь өөрийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 6-16 тоотод байрлах ГД-0333383 хүнсний дэлгүүрийн зориулалтай эзэмших газар, ГД-00010518, Г-520001842 дугаар бүхий 11х50 м.кв гэр, дэлгүүрийг барьцаалсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасбанктай 1250022218 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 22,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба барьцаалуулагч өөрийн эзэмшлийн 8 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөлдөөгч эдгээрийг барьцаалсан. Зээлдэгч Д.Э хамтран зээлдэгч Ц.П 2016 оны 9 дүгээр сараас хойш зээлийн төлөлт доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан. Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 6 дугаар багийн 6-16 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д заасан зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Д.Э, Ц.П нар нь Хасбанктай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн болон барьцааны гэрээнүүд, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97, 98 дугаар тодорхойлолт, Д.Э, Ц.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Э, Ц.П нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нь зээлдэгч Д.Э, Ц.П нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97, 98 дугаар тодорхойлолт, зээлийн болон барьцааны гэрээнүүд зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Э, Ц.П нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тэдний Хасбанк ХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1660006387-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1660006387-01 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1250022218 дугаартай зээлийн гэрээ, 1250022218-01 дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Улмаар Хасбанк ХК нь Д.Э, Ц.П нар Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч хаяг нь тодорхойгүй, олдохгүй байна гэж тайлбарлан тэднийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Э, Ц.П нар зээл авах үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 6-16 тоот хаягт оршин сууж байсан ба Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргаас Д.Э, Ц.П нар тус багт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь үнэн болно гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна. Тус шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Э, Ц.П нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 1 дүгээр гудамжны 34 тоотод оршин суудаг гэх хариуг ирүүлсэн байна. Улмаар нэхэмжлэлд дурдсан утасны дугаараар дамжуулан Д.Э, Ц.П нартай холбогдоход Бид 99437790, 88818021 дугаарын утастай байгаа, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 1 дүгээр гудамжны 34 тоотод оршин суудаг. Хасбанктай очиж уулзана гэх хариуг өгчээ.
Зээлдэгч Д.Э, Ц.П нар зээл авах үед Увс аймгийн Улаангом сумын 6-р баг, 6-16 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 1 дүгээр гудамжны 34 тоот оршин сууж байгаа, 99437790, 88818021 дугаарын гар утастай болох нь тэдэнтэй утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад Д.Э, Ц.П нар Увс аймаг дахь Хасбанкны төв дээр ирээгүй, салбар дээр ирээд явсан гэж дуулсан гэж хариулснаас үзэхэд Д.Э, Ц.П нарын хаяг тодорхойгүй болсон, олдохгүй байгаа гэх тайлбар няцаагдаж байна.
4. Ийнхүү зээлдэгч Д.Э, Ц.П нарын оршин суугаа хаяг, утасны дугаар нь тодорхой байх тул нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн зээлдэгч Д.Э, Ц.П нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн зээлдэгч Д.Э, Ц.П нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ