Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2024/00080/и |
Дугаар | 152/ШШ2024/00152 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 152/ШШ2024/00152
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ........ регистрийн дугаартай Сэндли ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ........, Я ургийн овогт Б-ы С,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ........, Б ургийн овогт Д-ын А нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,622,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С, Д.А нар нь Сэндли ББСБ-тай 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/1502100422 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100422 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 88077835, 88076835 дугаарын утсаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,512,111.05 төгрөг, хүүгийн төлбөр 5,602,160 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Б.С, Д.А нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 5,602,160 төгрөг, нотариатын хураамж 20,500 төгрөг, нийт 5,622,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Сэндли ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,622,660 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,622,660 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.С, Д.А нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-иас хариуцагч Б.С, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,622,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,622,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С, Д.А нар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.С, Д.А нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.С, Д.А нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,912 төгрөгийн тал хувь болох 52,456 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,456 төгрөг, хариуцагч Б.С, Д.А нараас 52,456 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,622,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С, Д.А нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,456 төгрөг, хариуцагч Б.С, Д.А нараас 52,456 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож, 52,456 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ