Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/58

 

 

 

 

 

            

    2022             1              11                                        2022/ДШМ/58                             

 

 

Б.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Г.Халиунаа, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/729 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Цд холбогдох эрүүгийн 2105 01635 1391 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Бгийн Ц, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ....................... аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Х х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... дүүргийн .... дугаар хороо, “......................... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../

Шүүгдэгч Б.Ц нь /”Х х” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажил олгогч буюу захирал ажилтай/ Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” ХХК-ийн бетон үйлдвэр дотор тус үйлдвэрийн туслах ажилтан О.Т нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бетон шонгийн хэвийн хашмалд дарагдаж цээж, хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дэх цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Цд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүлээлгэж, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын /ХАБ/ ажилтнаар ажиллахыг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар авч, шүүгдэгч Б.Ц тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус нэг зэрэг журамлан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Учир нь, дээрх хоёр ерөнхий ангийн заалтыг хамтад нь журамлах нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тодруулбал хорих ял оноож түүнийг хөнгөрүүлж албадлагын арга хэмжээ хэрэглэх эсхүл хорих ялаас чөлөөлөх тохиолдолд” журамлах ёстой бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт буюу хоёр өөр ойлголттой байхад анхан шатны шүүх нэг зэрэг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 729 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Г.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заалт байна. Миний хувьд шийтгэх тогтоолыг харахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасантай нийцүүлээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаад албадлагын арга хэмжээ хэрэглэсэн юм бол уу гэж харж байна. Өөр санал байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Ононгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь /”Х х” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажил олгогч буюу захирал ажилтай/ Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” ХХК-ийн бетон үйлдвэр дотор тус үйлдвэрийн туслах ажилтан О.Т нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бетон шонгийн хэвийн хашмалд дарагдаж цээж, хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дэх цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Оын “...Миний хүү О.Т нь сургуульд сурахын хажуугаар “Х х” ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Манай хүү өдөр болгон өглөө 06 цаг өнгөрөөж ажилдаа яваад орой 17 цагаас 18 цагийн хооронд ирдэг байсан. Тухайн компанид яг ямар ажил хийдэг байсныг нь би мэдэхгүй. Надад хэлэхдээ төмрийн үйлдвэрт ажилладаг гэж хэлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой усанд орчихоод гэрийнхээ урд талд байдаг тоглоомын талбай дээр тоглож байгаад орж ирээд унтсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед өрөө рүү нь ороход ажилдаа явчихсан байсан. 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед хүүгийнхээ утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Орой 19 цагийн үед би гэртээ байж байтал цагдаагийн ажилтнууд ирээд ...танай хүүхэд ослоор нас барчихлаа гэж хэлсэн. Манай хүү О.Т нас барахдаа 19 настай байсан. Би маш их гомдолтой байна. Намайг насаар минь тэжээх ганц хүү минь байсан. Одоо намайг тэжээх хүн байхгүй. Би цаашид гарах, нэхэмжлэх зүйлээ шүүхэд баримтаар гаргана гэж бодож байна. Миний хүүгийн оршуулгын зардлыг “Х х” ХХК-иас гаргасан. Намайг талийгаач хүүгээс минь өөр харж хандах, хайрлах, асрах хүн байхгүй. Би ганц хүүтэй байсан...” /хх 27-28/,

гэрч О.Т “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажилд 07 цаг 20 минутад үйлдвэр хариуцсан ахлах Г ажиллуулсан. Би Ттэй ажлын талаар ярилцаад тус тусын ажилдаа орсон. Өдөр 13 цагаас 14 цагийн хооронд хоолондоо орчихоод бид нар ажилдаа орцгоосон. Тухайн үед Т өмнөх шигээ ажлаа маш сайн хийж байсан. 17 цаг 20 минутын үед нэг том зүйл унах шиг чимээ гарахаар нь гүйж очоод хартал шонгийн хэвэнд Т дарагдсан байдалтай байсан. Би мултарсан байсан шонг нь бэхлээд өргөсөн. Т тэр үед амьсгалж байсан, юм ярьж чадахгүй байж байгаад амьсгалахаа болиод ухаангүй болсон. Тэгээд Г эгч 103 руу залгаж дуудлага өгсөн...” /хх 30-31, 33-36/,

гэрч Ц.Н “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажилдаа 07 цагт Т ахлахтай Т, Б, Ц, Д бид 5 ирээд Т ахаас зааварчилгаа аваад бүгд тус тусын ажилдаа орсон. Миний хийх ажил бол шонгийн арматур тасалдаг хийн буугаар боолт чангалж сулладаг. Цаг ч орой болж би шаврын машин цэвэрлээд байж байтал ажилчид орилолдоод гүйлдээд байсан, би гайхаад очтол Т том хэвэнд даруулаад бөөлжчихсөн байдалтай байсан...” /хх 38-39/,

гэрч Г.М ”... би “Х х” ХХК-д 2018 оны 7 дугаар сард ажилд орсон. Уг компанид аж ахуйн ажилтнаар ажилд орсон бөгөөд одоо ч гэсэн уг ажлаа хийж байгаа. Манай компани гэрээгээр нягтлан ажиллуулдаг бөгөөд цалин хангамжийн асуудлыг би бодож өгдөг. Манай компанийн үйлдвэрт 2021 оны 6 дугаар сард Т гэх хүүхэд ажилд орсон. Орсон цагаас нь хойш би цалин мөнгийг нь өгдөг байсан. Өөрөөр энэ хэрэг явдлын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын хувцсаа үндсэн ажилчдадаа өгдөг бөгөөд түр ажиллаж байгаа хүмүүст өгдөггүй. Талийгаачид ажлын гутал өгсөн байсан. Энэ талаарх баримт нь байгаа. 2019 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт хийж байсан. 2020-2021 онуудад ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй...” /хх 46-47/,

насанд хүрээгүй гэрч Ц.Э “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед ажил манай найз Т хүрдэн дээрээс хэвээ авч байсан. Би хэвний баруун доод талд хэвний боолт чангалаад байж байсан. Тэгээд гэнэт аймар чимээ гарахаар нь хүрд рүү харахад краны зүүн талын дэгээ нь мултарчихсан байхаар нь яваад очиход Т хэвэнд даруулчихсан байсан. Очоод хартал Г Т хэвэнд даруулчихсан байна гээд зогсож байсан. Краны удирдлагыг Т ах удирдаад хэвийг дээш өргөөд гаргасан. Гэтэл Т ямар нэгэн зүйл хэлээгүй 1-2 минутын дараа амьсгалахаа больчихсон. Тэгээд хүмүүс цагдаа болон түргэн дуудсан. Түргэн ирэхэд нас барсан байна гэсэн. Харин хүмүүс намайг жоохон болохоор цаашаа байж бай гээд байсан болохоор би хувцас солих өрөө рүү явсан. Надад мэргэжлийн үнэмлэх байхгүй. Би хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Намайг ажилд орсноос хойш ажил эхлэхийн өмнө Отгондэлгэр менежер хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг байсан. Харин өнөөдөр Г арматурчин зааварчилгаа уншиж өгсөн. Харин бид нар дэвтэр дээр гарын үсэг зурсан...” /хх 51-53/,

гэрч М.Г “...би 06 цаг 50 минутад ...үйлдвэрлэлийн байранд ирсэн. Ажлаа эхлүүлэхдээ Т, Э, Н, Д, Б, Г-Э, Т нарт ажлын бээлий тараагаад хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсэг зуруулсныхаа дараа дэвтрээ аваад цаашаа өрөөндөө дэвтрээ оруулчхаад ажлаа хийсэн. Ажил хэвийн явагдаж байсан ба 17 цаг 40 минутад үйлдвэрийн байранд би Т, Г-Э, Б нартай ярилцаад зогсож байхад хүрдэн дотор ганцаараа хэв гаргаж байсан краны таревис буюу А нуруу бүхий тороостой хэсэг савлаад хүчтэй чимээ гарахаар нь бид нар хэв уналаа гээд гүйж очоод хүн нь хаана байна гэхэд Г-Э энд байна хүн алчихлаа гээд орилсон. Т удирдлага барьчихсан байхаар хэвийг хурдан холдуул гэж хэлээд краныг Т удирдаад хэвийг холдуулж баруун талын талбайд буулгасан. Харин хэвэн доор Т суучихсан хажуугийн хэвийг налчихсан юм хэлэхгүй байсан. Би яачхав аа миний дүү гээд толгойг нь дарахад над руу сонин хараад толгой нь гулжийгаад юм хэлэхгүй байсан. Тэгээд би захирал Цд хэлсэн. Цагдаа, түргэн дуудсан. Э насанд хүрээгүй байсан учраас гар гээд гаргасан. Тгийн судсыг барьж үзэхэд цохилохоо больчихсон байсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Би анх 2013 онд арматурчнаар ажилд орсон. 2020 оны 10 дугаар сараас хойш үйлдвэр хариуцсан үйлдвэрийн дарга албан тушаалд ажиллаж байгаа. Би өнөөдөр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн. Би хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх ёстой хүн биш. Хөдөлмөр хамгааллын ажилтан 2020 оны 3 дугаар сарын үед ажлаасаа гарсан. Одоогоор хүн байхгүй байгаа. Отгондэлгэр зааварчилгаа өгч хэрэв байхгүй бол би зааварчилгаа өгдөг. Талийгаач хамгаалалтын гутал, бээлийтэй байсан. Харин малгай каскгүй, өөр хамгаалалтын багаж хувцас хэрэглэлгүй байсан...” /хх 60-62/,

гэрч Д.Д “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажилдаа 07 цагт ирэхэд Т ахлах, Н, Т, Б, Ц, Ганаа ах, Д, үйлдвэрийн дарга нар ирцгээсэн байсан. Т ах бүх ажилчдадаа хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөд бүгд тус тусын ажилдаа орсон. Миний хийх ажил бол тухайн шонгийн цемент болсон заваарсан хэвийг цэвэрлэх. Ер нь бүгд тус тусын ажлаа хийж байсан. Тарах цаг ч болсон тул би хэвүүдээ цэвэрлээд сууж байтал ажилчид орилолдоод гүйгээд байсан. Би гайхаад очтол Т том хэвэнд даруулсан нүд нь аниастай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манай үйлдвэрийн дарга нөгөөдөр амарна бүтэн сайн өдөр ажиллана гэж хагас сайны орой хэлсэн...” /хх 64-65/,

гэрч Б.Г-Э “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 07 цагт бид долуулаа ажилдаа очсон. Бид нарт ахлах Г Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай зааварчилгаа өгч, бүгд дээр нь гарын үсэг зурчихаад аюулгүй байдлаа хангах хувцас, каскаа өмсөөд тус тусын ажилдаа орсон. Өдөр цайны цаг хүртэл үйлдвэрт ямар нэгэн асуудал гараагүй хэвийн байсан. 13 цагт бүгд цайндаа ороод 1 цаг амарсан. 14 цагт ахин бүгд ажилдаа орсон. Би арматур бэлтгээд ганцаараа хийхэд хэцүү байдаг учраас үйлдвэрийн дарга Гтай хамтарч хийсэн. Тэгээд Г хийж дуусчихаад урагшаа явж ажлаа хийлээ гээд яваад өгсөн. Би цэвэрлэгээ хийчихээд тостой хувцсаа тайлаад явж дараагийн ажлаа хийж байтал түс гээд хүнд юм унах чимээ гарсан. Очоод хартал Т хэвэн доогуур орчихсон, юу ч дуугарч чадахгүй хэвтэж байсан. Би алсын зайны удирдлага аваад хэвийг холдуулсан чинь Т нэг гүнзгий амьсгаа аваад юу ч дуугаралгүй амьсгал хураасан. Үйлдвэрийн дарга 103 дуудсан...” /хх 67-68/,

шүүгдэгч Б.Цийн “...би уг сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл анги дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Би хууль дүрэм зөрчиж ажилласнаа хүлээн зөвшөөрч байна. Миний энэ үйлдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн явдалд маш их гэмшиж байна. Би хохирлыг бүрэн барагдуулна...” /хх 143-145/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1769 дугаартай шинжээчийн “...цээж, хэвлийн урд хана, нуруун дахь зулгаралт бүхий дарагдлын ором, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дахь цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал, баруун цавины шарх, баруун ташаа, ууц, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч О.Т нь цээж, хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/ ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дэх цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Цус, ходоодны шингэнд спиртийн зуйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. В-3 дугаар бүлгийн цустай. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.” /хх 109-113/ гэх дүгнэлт,

2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ХАБ-22/21 дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн шинжээч нарын дүгнэлт /хх 123-126/,

хийсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-13/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-21/,

хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22/,

биологийн шинжилгээний хариу /хх 117/,

“Х х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 172/,

ажлын байрны тодорхойлолт /хх 173-175/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Цийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хамтад нь журамлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул прокурор Г.Ононгийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийж буй дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй болно.

Иймд прокурор Г.Ононгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/729 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Г.Ононгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ

 

 

     ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

 

 

     ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ