Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2024/00168

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Т ургийн овогт Д-гийн Ж-гийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ......, А ургийн овогт Т-гийн О-д холбогдох

Малын үнэ 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Түргэн сумын иргэн Т.О гэх малчинд 355 толгой бог мал өвөлжүүлэхээр хүлээлгэж өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр малаа очиж авахад 38 тооны бог мал дутаасан. Малын үнийг нэхэхэд төлж өгнө, хүлээж бай гэж гуйсан боловч одоог хүртэл төлж өгөхгүй байгаа тул уг 38 тооны бог малыг төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Д.Жавзангийн малыг маллахдаа санамсаргүй байдлаар малаа нохой /чоно/-д оруулсан билээ. Миний өөрийн болон Д.Ж-гийн мал орсон. Тухайн үед Д.Ж-г дуудаж үзүүлээд малаа ав гэж хэлэхэд цас орсон одоо мал авах хүн олдохгүй гээд гуйгаад байхаар нь тэр өвөл маллаж өгсөн. Би Д.Ж-гаас мал малласны хөлс гэж огт юу ч аваагүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надад хонь, ямаа нийлсэн нийт 312 мал маллуулахаар өгсөн. Д.Ж-гийн гаргасан өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын хооронд гэрээ байгуулж, тохиролцсон зүйл байхгүй. Ийм олон жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Т.О нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага 5,700,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг хасаж үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч Т.О нь нэхэмжлэгч Д.Ж надад төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Т.О-д холбогдуулан малын үнэ 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Т.О нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох малын үнэ 5,700,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг хасаж, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч Т.О нь нэхэмжлэгч Д.Ж-д төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгөөс 53,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,075 төгрөг, хариуцагч Т.О-ээс зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О-д олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Т.О нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага малын үнэ 5,700,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг хасаж үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч Т.О нэхэмжлэгч Д.Ж-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгөөс 53,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,075 төгрөг, хариуцагч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 11,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

                                   ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ