Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/57

 

     

 

 

 

 

   2022             1              11                                          2022/ДШМ/57                         

 

 

Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Хулан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Нд холбогдох эрүүгийн 2111 00600 0684 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Гийн Н, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. аймгийн ....................... сум, 3 дугаар багийн ............................ дугаар гудамжны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:......................../

 

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд Ш.Аын эзэмшлийн 1.542.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Н нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд Ш.Аын эзэмшлийн 1.542.000 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, яллагдагчаас гаргасан хэргийг хялбаршуулах хүсэлтийн дагуу яллагдагчтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 453 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэж 2021/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг хамаарч байгаа тул хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Г.Нн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв...” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй бичигджээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ц.Хулангийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Прокуророос Г.Нг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд Ш.Аын эзэмшлийн 1.542.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хамт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасныг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар Г.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль хэрэглэх дараалал зөрчсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд прокурор Ц.Хулангийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Нд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ

 

 

     ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

 

 

     ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ