Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 112/ШШ2023/0034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах    би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.От холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О нь ... Д.Б иргэний үнэмлэхээ хугалж гэмтээсэн... гэх 106 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Б- д 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ...........дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудыг хянахад Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө Шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулахад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлдэг мэдэж байсан уу? гэх эрх бүхий албан тушаалтны асуултад Мэдээгүй. Шүүхийн шийдвэр ............ гарч ирэх гэсээр байтал хэд хоносон. Тэгээд бас мартсан байсан гэх хариулт. Шүүхээр гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлэх хугацааг Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан байдаг гэхэд Ойлголоо гэх хариулт бүхий мэдүүлэг өгчээ. Дээрх эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг авсан, холбогдогчийн мэдүүлэг өгсөн байдлаас үзэхэд холбогдогч Д.Б нь шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулаад уг шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Гэвч ХХ-ийн 5 дугаар хуудсанд холбогдогч Д.Б нь Миний бие иргэний үнэмлэхээ хугалж, гэмтээсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу дахин олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байгаагаас харахад холбогдогч нь Зөрчлийн тухай хуульд заасан 2 зөрчил үйлдсэн, эсхүл 1 зөрчил үйлдсэн эсэх, Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчил үйлдсэн нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, шийтгэлийн хуудас болон хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            Хариуцагч ******* Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Д.Б нь  иргэний үнэмлэхээ хугалж, гэмтээсэн гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Д.Б-д  2023 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр ............ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн асуулт, хариултын хэсэгт шүүхээр гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн гэж холбогдогчоос авсан мэдүүлгийн хуудсыг андуурч хэвлэн гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан. Гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөрчлөө арилгах боломжтой тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  .............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

           Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч Д.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 8 дугаар сарын  23-ны  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.  Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн .......  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ