| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/01551/И |
| Дугаар | 102/ШШ2024/01964 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/01964
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/01964 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг *дүгээр хороо * хотхон * дугаар байр *тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ийн Б.
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо *дугаар хороолол * байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ын Э.
Зээлийн 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөгч Д.А, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Э.Эт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 4,000,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх манай нөхөр над руу 10 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг хүн зээлье гэнэ. Мөнгө зээлэх хүмүүс нь барьцаанд машинаа тавина, буцааж өгөхдөө шагнал нэмж өгнө гэсэн гэж хэлсэн. Би танихгүй хүмүүст мөнгө зээлэхгүй гэж дургуйцэхэд нөхөр маань н.Э ахыг таньдаг хүмүүс мөнгө зээлье гээд байна гээд миний мөнгийг надаас гуйж хүнд зээлдүүлсэн. Д.Гын хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн. Мөнгө зээлэх тохиролцоо Д.Г, Л.С, Э.Э нарын хооронд яригдсан. Маргааш нь нөхөртэйгээ мах авахаар Шонхор зах орж нөгөө мөнгө зээлэх хүмүүс манай нөхөртэй уулзахаар тохирч захын баруун хаалган дээр уулзсан. Би тухайн үед нь нялх хүүхэдтэй байсан тул машиндаа байсан. Д.Г тохирчихлоо гээд Э.Э гэж хүн машинаа өгнө гэж байна мөнгө шилжүүлчих гэсээр ирсэн тул би мөнгийг шилжүүлсэн. Би тухайн үед Э.Э, Л.С нартай уулзаагүй, ямар нэг зүйл яриагүй, тэр хоёрыг танихгүй. Би өөрийнхөө машиныг, Д.Г нь Э.Эийн машиныг унаад явсан. Дараа нь Д.Г ах н.Этойгоо ярихад Э.Эийн машин ББСБ бага зээлтэй байгаа, машинаа авч дахин зээл аваад зээлсэн мөнгөө буцааж өгье гэж байна гэснээр машиныг нь өгсөн гэсэн. Сая шүүх хурлын өмнө 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо үлдэгдэл 4,000,000 төгрөгөө гаргуулна гэв.
2. Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргасан Т.Б гэж хүнийг огт танихгүй, харж байгаагүй. Өнөөдөр анх удаа харж байна. Т.Бтай аман гэрээ байгуулаагүй, мөнгө зээлэхээр холбогдож байгаагүй, түүнээс мөнгө зээлээгүй. Т.Бын нөхөр Д.Г Л.С нар 10 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, Д.Г барьцаа авна гэсэн тул Л.С миний машиныг 10 хоног барьцаалаад 10 хоногийн дараа барьцаанаас суллаад өгнө гэхээр нь итгээд машинаа барьцаанд өгсөн. Миний машиныг барьцаалсан тул миний данс руу мөнгөө шилжүүлсэнг нь дамжуулж Л.Сын данс руу шилжүүлсэн. Т.Б надаас мөнгө нэхэж ярьж байгаагүй. Харин Д.Г над руу залгаж янз бүрийн мессэж бичдэг байсан. Би мөнгө зээлээгүй тул Л.Стойгоо ярь гэдэг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил явдал гарч машины хэрэг болсон тул Д.Год үнэн учраа хэлж ааваараа тэтгэврийн зээл авхуулж Л.Сын данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж тэр өдрөө Л.С Д.Год мөнгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Д.Г заавал бэлнээр мөнгөө авна гэсэн тул Л.С өөрийн дансаас хоёр хувааж бэлнээр авч өгсөн. Ингээд би машинаа авсан. Сая үлдэх 2,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн гэв.
3. Нэхэмжлэгчээс Хаан банкны дансны хуулга,
4. Хариуцагчаас Хаан банкны дансны хуулга, Л.Сын дансны хуулга,
5. Хариуцагчийн хүсэлтээр Д.Г, Л.С нарыг гэрчээр асууж мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нөхөр Д.Г миний мөнгийг хүнд зээлсэн. Мөнгө зээлэх тохиролцоо Д.Г, Л.С, Э.Э нарын хооронд яригдсан. Би Л.С, Э.Э нарыг танихгүй. Э.Эт мөнгө шилжүүлсэн тул зээлийн мөнгөө гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон,
3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг огт танихгүй, анх удаа харж байна. Мөнгө зээлэх талаар холбогдож ярьж байгаагүй. Л.С нь Д.Гоос мөнгө зээлж миний машиныг барьцаалсан гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Т.Б нь өөрийн Хаан банк дахь данснаас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлэв гэсэн гүйлгээгээр хариуцагч Э.Эийн данс руу шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын дансны хуулгаар тогтоогдож, энэ үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгч нь аман гэрээ байгуулагдаж, Э.Эийн данс руу мөнгө шилжүүлсэн тул мөнгөө авна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж тайлбарласан боловч шүүх хуралдаанд талууд хэн аль нь мөнгө зээлдүүлэх, зээлэх талаар харилцаж хүсэл зоригоо илэрхийлээгүй, бие биенээ танихгүй, Д.Гын хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч мөнгө зээлэх шаардлага байгаагүй, Л.С нь Д.Гоос мөнгө зээлж зээлийн барьцаа хэрэгтэй гэснээр миний машиныг барьцаалсан тул миний данс руу мөнгийг шилжүүлсэн гэсэн тайлбаруудаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хэн аль нь мөнгө зээлэх болон зээлдүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй тул мөнгийг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгулагдсан гэж үзэх боломжгүй байна.
4.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Т.Б нь нөхөр Д.Гын хүсэлтээр түүний нэрийн өмнөөс зээлийн мөнгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул мөнгө шилжүүлсэн гэсэн үндэслэлээр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.С Д.Гыг мөнгө зээлдэг гэж сонсоод таньдаг хүнээрээ дамжуулж уулзан түүнээс би мөнгө зээлж тэр өдрөө танилцсан. Д.Г, Э.Э бид 3 зах дээр уулзсан. Манай найз бүсгүйн машиныг барьцаалсан. Д.Гыг өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн гэж бодож байсан. Шүүх дээр ирээд Т.Б гэж хүний данснаас шилжүүлсэнг мэдсэн. Зээлээс 4,000,000 төгрөгийг Да хүрээ зах дээр Д.Гын машинд өөрт нь өгсөн. Тухайн үед Д.Г баримт үйлдэхгүйгээр мөнгөө бэлнээр авна гээд машин дотроо тоолж авсан, гэрч Д.Г анх Л.С холбогдож мөнгө зээлье гэсэн. Ирэхдээ Э.Эийг дагуулж ирсэн. Би эхнэрээсээ 6,000,000 төгрөг зээлж Л.С, Э.Э хоёрыг хамт байхад нь машиныг нь барьцаалж зээл өгсөн. Эхнэр Т.Бд хэлж Э.Эийг данс руу мөнгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлгээс дүгнэхэд Т.Б, Э.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
5. Зохигч хэн аль нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх, тохирсон хугацаанд мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
6. Иймд хариуцагч Э.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА