Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00177

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

        Нэхэмжлэгч:  Б овогт Б.Б нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  Х овогт Ч.Л-т холбогдох,

        1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Л дэлгүүрээс зээлдэж авсан барааны үнэ 1,000,000 төгрөгийг элдэв шалтаг хэлж удаа дараа өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ. Иймд Ч.Л-ээс барааны үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ч.Л нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Л-т холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ч.Л бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч Б.Б би хариуцагч Ч.Л-ээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлагаасаа 800,000 төгрөгийг хариуцагч Ч.Л-ээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Б.Б надад төлж барагдуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгөөсөө татгалзахаар тохиролцов. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаан гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.Л-т холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

     2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ч.Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:  Нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг хариуцагч Ч.Л нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч үлдэх 200,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

        3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

       4. Нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 16,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л-ээс 11,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ч.Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг хариуцагч Ч.Л нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 16,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л-ээс 11,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д  олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР