| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1906048462528 |
| Дугаар | 2022/ДШМ/56 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/56
2022 1 11 2022/ДШМ/56
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1093 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906 04846 2528 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б х овогт Бийн Б, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх болон дүүгийн хамт .................... дүүргийн .... дугаар хороо, ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:.............................../;
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 63-940 тоотод иргэн М.Тыг аягаар толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн чамархайн яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугарлууд, зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” нэртэй түргэн хоолны газарт иргэн З.Огийн “Ай фоне-11 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Г.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Б.Згийн “Ай фоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.169.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвд ажилладаг иргэн Д.Дгийн лангууны орлогын бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн орчимд байрлах түргэн үйлчилгээний цэгт үйлчлүүлж байхдаа орлогын 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Ад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжны 42 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Сутайн овоо” хүнсний дэлгүүрээс гахайн утсан мах, хиам, “Ай фоне-6 плас” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Бт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас орлогын бэлэн 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Гт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Г.Датой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн лангуунаас иргэн З.Нгийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
М.Ддтой бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” худалдааны төвийн 11 дүгээр лангуунаас иргэн С.Сгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 267.000 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 815.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.082.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
С.Ттэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас хохирогч Т.Мгийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б х овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлж, Б.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бас /РД:........................./ 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зууннасангийн Од /РД:......................../, 584.800 /таван зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Бат-Эрдэнийн Зд /РД:................../, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Долгорсүрэнгийн Дд /РД:......................./, 40.650 /дөчин мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Сосорбарамын Бт /РД:........................../, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зандаргомийгийн Нд /РД:..................../, 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ганболдын Гт /РД:.................../ төгрөгийг 674.500 /зургаан зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Санжаагийн Сд /РД:......................./ тус тус олгож, хохирогч М.Т нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 4 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, энэхүү ял шийтгэлийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг сонсгосныг анхан шатны шүүх улсын яллагчийн сонсгосон 3 жилийн хорих ял дээр өөрийн үзэмжээр буюу хэтэрхий нэг талыг баримтлан 1 жилийн хорих ял нэмж, нийт 4 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие өөрийн хийсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, төлөхөө илэрхийлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийнхээ 2 хохирогчийнхоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашдаа нэн яаралтай үлдсэн хохирлоо бүрэн төлж, гомдолгүй болгохоо амлаж байна. Миний бие Б.Б нь өрх толгойлсон ээж, дүү /4 настай/ нарын хамт амьдардаг. Ээж, дүү хоёрт минь надаас өөр харж хандах дотны хүн үгүй билээ. Насанд хүрээгүй дүүг минь ээжээс өөр харах хүнгүй, миний бие ажил хөдөлмөр эрхэлж ээж, дүү хоёроо асран ханддаг. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн бусдад учруулсан хор уршгаа ухамсарлаж хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн ба төлж барагдуулж байгаа болно. Иймд миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч М.Тын зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн. Анхан шатны шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, 2 жилийн хорих ялыг өршөөн хассан байдаг. Шүүгдэгч Б.Бас “4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасныг дэмжиж оролцож байна.” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан. Нэг хүнд гэмтэл учруулж, нийт 10 үйлдэлд буруутгаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хохирогч Т.Мд 360.000 төгрөгийн хохирлыг С.Ттэй бүлэглэж учруулсан. Шүүгдэгч Б.Бас 180.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд 180.000 төгрөгийг барагдуулсан байдаг. Энэ талаар өмгөөлөгчөөс баримт гаргаж өгсөн. Г.Атай бүлэглэн С.Бт 381.300 төгрөгийн хохирол учруулснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-6 эс плас” гар утсыг буцаан өгсөн. Үлдэгдэл 81.300 төгрөгийн хохирлыг барагдуулахаар Г.Ааас 40.650 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байсан. Б.Бас үлдэгдэл 40.650 төгрөгийг гаргуулахаар заасан. Мөн Г.Атай бүлэглэн хохирогч Г.Гт 450.000 төгрөгийн хохирол учруулснаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 225.000 төгрөгийг Г.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Бас үлдэгдэл 225.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байгаа. Хохирогч Б.Атэй холбоотой үйлдэл дээр тухайн үедээ үйлдэл дээрээ баригдаад хохирлыг буцааж өгсөн байдаг. Хүнд гэмтэл учруулсан үйлдэл дээр хохирогч М.Тоос хохирол төлбөр нэхэмжлээгүй. Г.Аын хувьд бусдад нийт 5.125.250 төгрөгийн хохирол төлөх төлбөртэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 63-940 тоотод иргэн М.Тыг аягаар толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн чамархайн яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугарлууд, зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Тын “...Би 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийн төрсөн дүү болох М.Аийн гэрт 16 цагийн үед халамцуухан очсон. Тэгээд орой 23 цагийн орчим унтаж байтал М.Аийн том банди Б.Б нь шөнө 4 хүний хамт орж ирээд гэрт хэн унтаад байгаа юм гэх шалтгаанаар нөгөө хамт орж ирсэн дөрвөн хүнийхээ хамтаар намайг нийлж байгаад зодсон. Миний толгойн дээр аяганууд хагалаад, намайг газар унагааж байгаад толгой тархи болон хаа таарсан газраа бүгдээрээ нийлж байгаад өшиглөсөн. Би арай гэж гараад зугтаатал миний араас хөөж намайг барьж аваад, миний үснээс чирч гэр лүүгээ оруулж байгаад гэр дотроо бас дахин бүгдээрээ нийлээд зодсон. ...Би эмнэлэг орж толгой дээрээ арван хоёр оёдол тавиулсан. ...миний биед учирсан гэмтлийг манай төрсөн дүү М.Аийн төрсөн хүү Б.Б учруулсан. Тухайн үед миний толгой руу аягаар цохисон хүн нь Б.Б юм. Хамт явж байсан найзууд нь намайг зодсон боловч биед гэмтэл учруулахаар зодоогүй. Б л миний толгой болон нүүр рүү аяга болон гар, хөлөөрөө цохиод байсан...” /3 хх 175-180/,
гэрч М.Аийн “...Тухайн үед Т ахыг орон дээр миний араар хэвтэж байхад манай хүүгийн найз Мөнхцоож Тын гэдэс дээр нь өшиглөөд босгоод ирсэн. Тэгтэл манай хүү Б Т ахын толгойг шаазан аягаар цохисон. Тухайн үед манай гэр тоггүй, харанхуй байсан. ...Т ахын толгой нь хагарчихсан цус гарч байсан...” /3 хх 188/,
гэрч Р.Сийн “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр би А эгчийн гэрт 22 цагийн үед очиход А, Л ах, Т ах, Өлзийсайхан 4 архи уугаад сууж байсан. Тэгээд Аийн гэрт унтаж байхад шөнө 04:00 цагийн үед гаднаас А эгчийн хоёр хүүхэд болох Б найз охин болон өөр хоёр залуутай хамт согтуу орж ирээд үгийн зөрөөгүй Өлзийсайханыг Б өөр нэг залуутай хамт дээрээс нь дэвсээд чулуугаар толгой руу цохиод байсан. Зүүн талын орон дээр Т ах хана руу хараад хэвтэж байсан юм. Тэгтэл Бын найз охин нь Бд хайраа энэ орон дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байна гэж хэлэхэд Б нөгөө залуутайгаа хамт Т ахыг толгой дээрээс нь дэвсэж чулуугаар толгой руу цохисон. Тэр зодоонд оролцоогүй нэг эрэгтэй нь намайг эгчээ та гарч зугтаахгүй бол таныг бас зодох байх гэхээр нь би гэрээс гарч зугтаасан. Миний араас Мөнхтөгс гарч зугтаасан...” /3 хх 190/,
гэрч Э.Ц-Аийн “...2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр манай найз залуу Б.Б, А, Мөнхцоож бид дөрөв уулзсан. Надтай уулзахдаа Б, Мөнхцоож, А 3 архи уучихсан согтуу байсан. Тэгээд бид 4 Бын ээжийнх нь гэрт очиж хонохоор ярилцаад ...Бын ээжийнх нь гэрт очсон. ...Бид нарыг очиход Бын ээж зүүн талын орон дээр 2 эрэгтэй хүн унтаж байсан. Газарт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан. Баруун талын орон дээр Бын ээж хэвтэж байсан. Ээжийн цаад талаар нэг ах хэвтэж байсан. Тэгэхээр нь би газарт хэвтэж байсан хоёр хүний хөнжлийг сөхөөд тэр хоёрыг босгосон. Тэгтэл тэр хоёр хүн гэрээс гараад зугтаасан. Тухайн үед гэр тоггүй харанхуй байсан болохоор би царайг нь харж чадаагүй. Тэгтэл Бын ард хэвтэж байсан ах босоод ирсэн. Тэгтэл Б чанга орилоход Бын дүү нь болох 1 ой гаран настай Минжээ уйлахаар нь би дүүг авч гэрээс гарсан. Тэр үед Б гэр дотор чанга орилоод байсан. Намайг гадаа зогсож байхад зүүн талын орон дээр унтаж байсан нэг эрэгтэй хүн нь гэрээс гараад явахаар нь би гэрт ортол Бын ээжийнх нь ард хэвтэж байсан ахтай Б юм яриад сууж байсан. Тэр ах Бд ахыгаа уучлаарай. Ах нь дахиж энэ гэрт архи уухгүй гэж хэлж байсан. Бид нар тэндээ хоносон. Өглөө нь утаж байхад нэг эгч орж ирээд Быг чи Т ахыг зодсон байна гэж хэлээд Быг цохиод байсан. Тэгээд бид нар тэндээс явцгаасан...” /3 хх 196-197/,
гэрч Ч.Лийн “...2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр би Аийн гэрт ирж хоносон юм. Намайг ирснээс хойш Аийн гэрт Т өөр бас танихгүй хоёр эрэгтэй, бас нэг эмэгтэй ирж архи ууцгаасан. Орой болж Аийн гэрийн зүүн талын орон дээр А, Т хоёр унтсан. Би баруун талын орон дээр унтсан. Гэрийн хойморт шалан дээр ор засаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтсан. Миний хажуу талд бас нэг залуу унтсан санагдаж байна. Шөнө нэг сэрэхэд Аийн хүү Б найзуудтайгаа ирчихсэн зодолдоод байх шиг байсан. Тухайн үед Аийн гэр нь тоггүй харанхуй байсан болохоор би хэн нь хэн хэнтэйгээ зодолдоод байгааг хараагүй. Тэгээд унтацгаагаад өглөө сэрэхэд гэрт А, Т, бид гурваас өөр хүн байгаагүй. ...өглөө нь Тыг хэн зодоод толгойг нь хагалчихсан юм гэж асуухад А, Т хоёр надад Б аягаар толгой руу цохиод хагалчихлаа гэж хэлсэн...” /3 хх 199-200/,
шүүгдэгч Б.Бын “...Би өөрийн хийсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” /3 хх 238/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 9484 дугаартай “...1. М.Тын биед зүүн чамархай яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугаралууд зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учран үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон гэх хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. 6. Эмчилгээ хийгдсэн тул согтууруулах, сэтгэцэд нөлөөлөл эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.” /3 хх 206-207/ гэх шинжээчийн дүгнэлт,
шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлджээ. Үүнд:
1. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” нэртэй түргэн хоолны газарт иргэн З.Огийн “Ай фоне-11 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч З.Огийн “...Би өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” хүнсний дэлгүүрт охин, дүү хоёрын хамтаар ороод ширээн дээр сууж байгаа юм идсэн. Тэгээд ахин захиалга өгөх гээд босохдоо өөрийн “Ай фоне-11 про” загварын гар утсаа ширээн дээр орхисон тэгээд тооцоогоо хийгээд зогсож байхад 5 настай охин Үжин ирээд “сая нэг ах задгай мөнгө байна гэж асуугаад таны ширээн дээр байсан гар утсыг аваад гараад явчихлаа” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...би гар утсаа 2019 оны 12 дугаар сард 3.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо хайрцаг сав нь байгаа. Би гар утсаа энэ үнээр нь үнэлнэ...” /4 хх 35/,
насанд хүрээгүй гэрч Б.Мрын “...Би 2020 оны 8 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо байрлах сагсны шийдэн дээр Б, Энхбаатар хоёртой сагс тоглож байгаад танилцаж байсан юм. Тэгээд тухайн хэрэг гардаг өдөр би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах хоёрын буудлаас автобусанд суугаад дүүргийн буудал дээр бууж Сувдаа, Б, Энхбаатар нартай таарсан юм. Тухайн үед дүүргийн буудлаас ямар нэгэн зорилгогүйгээр 13 дугаар хорооллын автобусны буудал хүртэл алхаж байгаад Сувдаа бие засах гээд “CU” хоолны газар руу Б, Энхбаатар нарийн хамт ороод 5-10 минут орчим болсон бөгөөд гарч ирээд надад тухайн хулгайлж авсан гар утсаа Б харуулж байсан юм...” /4 хх 38/,
гэрч Н.Эрын “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 18 цагийн үед найз Б, Сувд-Эрдэнэ, Минжинсор нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед Сувд-Эрдэнэ чипс авч идье гэхээр нь “CU” дэлгүүрээс чипс бохь авахаар ороод тооцоогоо хийх гээд зогсож байтал урд зогсож байсан эгч өөрийн гар утсаа алдчихлаа гээд худалдагчид хэлхээс өмнөхөн Б “CU”-ээс гараад гүйсэн тэр үед Быг тэр эгчийн утсыг авахыг хараагүй. Тэгээд би бохь чипснийхээ тооцоог хийчихээд гараад доошоо алхаад Быг олоогүй. Тэгээд Минжинсорыг явсны дараа Быг хүлээгээд зүүн дөрвөн замын уулзвар дээр зогсож байтал орой 23 цагийн үед Б танихгүй дугаараас миний 89041283 гэсэн утас руу залгаад Шар хадны эцэс дээр хүрээд ир гэхээр нь Сувд-Эрдэнэ бид 2 явж очоод Бас “...Чи “CU”-д байсан тэр эгчийн утсыг авчихсан юм уу” гэж асуухад Б тиймээ би аваад зарчихсан гэсэн...” /4 хх 40/,
шүүгдэгч Б.Бын “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрт Минжинсор Энхбаатар, Сувд-Эрдэнэ нарын хамтаар юм идэх гэж орсон. Тэгээд орсон чинь цонхон талын ширээн дээр хоёр жоохон хүүхэд байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод малгайгаа утсан дээр нь тавиад задгай мөнгө байна уу гэж гуйсан тэгээд явахдаа малгай доор байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд тэр утсаа “Монтел” дээр гадаа зогсож байсан хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол идээд архи ууж үрсэн...” /4 хх 55/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 хх 10/,
“Дамно” ХХК-ийн “Ай-фоне 11” маркийн гар утсыг 2.920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 45-46/,
2. Г.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Б.Згийн “Ай фоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.169.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Згийн “...“Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “CU” нэртэй сүлжээ дэлгүүрээс кимбаб авч идэхээр орсон юм. Тэгээд би кассан дээрээс захиалгаа өгчихөөд хоолоо авчихаад суудал дээр суугаад хоолоо идэж байтал гаднаас хоёр залуу орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд гартаа сэтгүүл барьчхаад сэтгүүлээ нүүрний урд бариад байхаар нь би гараараа тус сэтгүүлийг нь холдуулаад уурлаад “болиоч” гэтэл “задгай мөнгө байвал өгөөч” гэсэн. Би “надад байхгүй” гэтэл “сүртэй пизда вэ? Эргүү гичий вэ” гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед хоолоо идэхдээ гар утсаа ширээн дээрээ тавьчихсан байсан. Би тэр хоёр хүнийг гараад явсны дараа нэг орчим минутын дараа гар утсаа алга болсон гэдгээ мэдээд тус газрын ажилчдад “миний утсыг хулгайлчихлаа” гэж хэлээд араас нь гартал нөгөө хоёр хүн алга болчихсон байсан. Би буцаж ороод тус ажилчдаас гуйгаад камерын бичлэг шүүгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон... хар өнгийн бомбер загварын куртик, цагаан подволк, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн саравчтай малгайтай байсан. 16-18 орчим настай, туранхай 160 орчим см өндөр нуруутай, бор халтар цараатай хүн байсан. ...“Ай фоне-7 плас” загварын хар өнгийн гар утас, хар өнгийн цэцгэн гэртэй, шилэн наалттай ямар нэгэн сэвгүй утас байгаа...” /хх 58-59/,
өсвөр насны шүүгдэгч Г.Аын “...Би 2018 оны 10 сарын эхээр найз Б /Ногоон Тулгаа/-ын хамт “Пэйс молл” их дэлгүүрийн зүүн талд байдаг “CU” дэлгүүр дотор ороод сандал дээр сууж байсан нэг эгч дээр очоод “эгчээ сэтгүүл авах уу" гээд ширээн байсан гар утсан дээр сэтгүүлээ тавиад “авахгүй” гэхээр нь “задгай мөнгө байна уу” гэж хэлээд би гар утсыг нь сэтгүүлэн доороо хийгээд аваад гарсан. Тухайн үед 21 цагийн үе байсан. Харанхуй болчихсон байсан. Тэгээд “Тэди” төв дээр ирээд гадаа нь зогсож байсан нэг ахад үзүүлтэл “өө энэ чинь манай эгчийн утас байна” гэж хэлээд надаас утсыг авсан. Тэгэхээр нь Б бид хоёр зугтаачихсан...” /хх 60/,
шүүгдэгч Б.Бын “...Би хуучны танил Атай хамт гадуур явж байгаад Шөлөндөө зоогийн газар хоол идчихээд “Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “CU” нэртэй хүнсний дэлгүүрт орж юм үзэж байгаад уг дэлгүүр дотор байдаг хөнгөн зуушны газар луу ороход хоолны ширээний ард нэг эгч суучихсан гар утсаа ширээн дээр тавьчихсан байхаар нь А бид хоёр гар утсыг нь хулгайлахаар ярилцаад бид хоёр барьж явсан цаасаа бариад би тэр эгчийн өөдөөс цаасаа бариад задгай мөнгө байна уу өгчих гэж анхаарлыг нь сарниулж байх хооронд А барьж байсан цаасаараа халхалж байгаад гар утсыг нь хулгайлаад гарсан. Бид хоёрын хулгайлсан утас “Ай фоне-7 плас” загварын гар утас байсан ба уг гар утсыг зарах гээд “Тэди” худалдааны төвийн үүдээр авах хүн хайгаад явж байхад нэг ах ирснээ та хоёр өнөөдөр дэлгүүрээс манай эгчийн гар утсыг аваа биз дээ гээд тэр гар утсыг асууж үзсэнээ манай эгчийн гар утас мөн байна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явахаар нь бид хоёр зугтаачихсан юм...” /хх 74/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 52-53/,
“Дамно” ХХК-ийн “Ай фоне-7 плас” загварын гар утас, гар утасны кейсийг 1.169.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 65-66/,
3. Г.Атай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвд ажилладаг иргэн Д.Дгийн лангууны орлогын бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Дгийн “...2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн хажууд гар утасны худалдааны төвийн 1 давхарт байрлах лангуу дээрээ ирсэн. Миний бие нь лангуу дээр гоо сайхны бараа, сонин, сэтгүүл зэрэг бараа бүтээгдэхүүн зардаг юм. Тэгээд худалдаа үйлчилгээгээ хийж байтал 17 цагийн орчим үл таних 20-25 насны намхан нуруутай нэг залуу ирээд сормуусны будаг авъя гэхээр нь би сормуусны будаг гаргаад өгтөл энэ бишээ тэрийг авъя гэхээр нь би тэрийг авч өгтөл бас биш гээд дахиад өөрийг үзүүлэхийг шаардсан. Тэгсэн цаанаас нэг өндөр нуруутай 20-25 орчим насны эрэгтэй ирээд үсний будаг авъя гэхээр нь аваад өгтөл энэ бишээ ногоон өнгөтэйг авъя нь би сандал гишгээд усны будгийг аваад өгтөл нөгөө нэг өндөр залуу карт унших уу гэхээр нь уншихгүй гэтэл гараад мөнгө аваад ирье гээд гараад явсан. Тэгсэн араас нь нөгөө намхан залуу худалдан авалт хийлгүй гараад явсан. Тэрний дараа би лангууны доор байрлах кофены хайрцаг дахь мөнгө авах гэтэл байхгүй болчихсон байсан. Нийт 4 өдрийн орлого мөн хүмүүсээс өрөө авсан мөнгө гээд 400.000 орчим мянган төгрөгийн хохирол учирсан байна. 20-25 орчим насны 170 орчим өндөртэй, цайвар царайтай, бүлтгэр давхраатай нүдтэй, үсээ арагшаа самначихсан, бараан өнгийн хувцастай, туранхай залуу байсан. Дараагийн залуу нь 20-25 орчим насны 160 орчим өндөртэй, бордуу царайтай бараан өнгийн хувцастай байсан. Харвал би тэр хоёр залууг танина...” /2 хх 161/,
гэрч Г.Аын “...Би 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “4G” худалдааны төвийн 01 тоот лангуун дээрээс найз Бын хамт орж Б худалдагч гээд 50 орчим насны эмэгтэй хүн байсныг саатуулж байгаад би цаасан хайрцган дотор байсан бэлэн 400.000 төгрөгийг авсан...” /2 хх 162/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 151-152/,
эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 154/,
камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 155/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 157/,
4. Г.Атай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн орчимд байрлах түргэн үйлчилгээний цэгт үйлчлүүлж байхдаа орлогын 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Ад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Аийн “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудал байрлах Түцэндээ байж байтал гаднаас хоёр эрэгтэй залуу орж ирээд эхлээд эгчээ чихэр асуугаад “байхгүй” гэсэн чинь “би нэг 25-тай найзыгаа эргэх гэсэн юм” гэхээр нь би “юунд дуртай юм” гэж асуухад “Чук гэж чихэрт дуртай” гэхээр нь би “байхгүй” гэтэл нэг нь “пафрика чипс, том чокопая авъя” гэхээр нь би юмаа авч өгөх гээд эргээд байж байтал манай нөхөр тухайн үед лангууны араар сууж байсан болохоор нэг нь манай тухайн өдрийн орлогын мөнгийг авч байсан. Манай нөхөр “яаж байна аа” гээд орилоод бостол тэр хоёр гараад зугтаасан. Манай нөхөр араас нь гараад нэг эрэгтэйг нь бариад аваад ТҮЦ-дээ оруулж ирсэн. Оруулж ирээд байж байтал тэр баригдсан залуу зугтаах гээд байхаар нь нөхөр ганц хоёр цохисон чинь тэр залуу бас эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн...” /12 хх 193/,
өсвөр насны шүүгдэгч Г.Аын “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо эмнэлгийн хойд замын ТҮЦ рүү Б анхаарлыг нь сарниулаад би орлогын мөнгийг нь авахаар тохиролцоод орсон. Б ороод нэг эгчтэй анхаарлыг нь сарниулаад лангууны араас орлогын мөнгийг нь авах гээд автал лангууны араас нэг эрэгтэй “хөөе яаж байна аа” гэхээр нь би гараад зугтаасан. Б миний араас гарах гэж байгаад баригдаад үлдсэн. Тэгээд би хороолол орсон...” /2 хх 211/,
шүүгдэгч Б.Бын “...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуравдугаар эмнэлгийн арын засмал замын хажууд автобусны буудал дээр байдаг ТҮЦ дотроос хулгай хийх санаатай найз Аын хамт би анхаарлыг нь сарниулаад Азаа мөнгийг нь авах санаатай үгсэн тохиролцсон. Ороход нэг худалдагч эмэгтэй байхаар нь би ороод “эмнэлэг орж хүн эргэх гэсэн юм эгч юу авбал зүгээр вэ” гэж асуусан. Тэгэхэд тэр эгч “эмнэлэгт байгаа хүн чинь юунд дуртай вэ” гэж асуухаар нь “чихэрт дуртай гээд пафрика, чипс, том чокопая, авъя” гээд тэр эгчийг бараанаасаа авах хооронд найз А лангууны араас орлогын мөнгийг нь авсан. Яг тэгэхэд лангууны араас нэг эрэгтэй ах сууж байгаад “хүүш чи яаж байна аа” гэсэн. Азаа эхлээд хаалгаар гараад би араас нь гарах гэж байгаад баригдсан. Тэр ах намайг “найзыгаа авч ир” гээд намайг цохисон. Тэгэхээр нь би уурлаад зөрүүлээд “намайг яагаад зодож байгаа юм” гээд цохисон. Тэгээд цагдаа нар ороод ирсэн...” /2 хх 216/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 183/,
таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 186-190/,
5. Г.Атай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжны 42 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Сутайн овоо” хүнсний дэлгүүрээс гахайн утсан мах, хиам, “Ай фоне-6 плас” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Бт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Бийн “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 10-42 тоотод “Сутай-Овоо” 8 нэрийн миний маркет ажиллуулдаг бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажил дээрээ байж байтал 19 цаг өнгөрч байх үед гаднаас 18 орчим насны хоёр залуу орж ирээд яг авсан зүйл байхгүй. Тамхи болон зайдас, хиамны үнэ асууж байгаад юм авалгүй гараад явчихсан юм. Тухайн хоёр залуу гарснаас хойш 30 минутын дараа гаднаас манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних залуу дээрх хоёр залуугийн нэг болох шар өнгийн куртиктэй залууг дагуулж орж ирээд “энэ сая танайхаас гар утас хулгайлсан байна” гээд ороод ирсэн бөгөөд тэгтэл кассны хажууд байсан миний “Ай фоне-6 эс плас” загварын утас байсан бөгөөд тухайн гар утсаа би буцааж авсан. Тэгээд орой тухайн явдлаас ойролцоогоор хоёр цаг орчмын дараа хяналтын камераа шалгаад үзтэл дээрх хоёр залуугийн шар өнгийн куртиктэй залуу нь гахайн мах нэг ширхэг, хиам 2 ширхэгийг авч куртикнийхээ дотор тал руу хийгээд авч явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухай өдрөөс хойш гурав хоногийн дараа нөгөө зүс таних ах нь гээд залуу орж ирэхээр нь гахайн мах, хиам алдагдсан талаар хэлсэн чинь би өөрсдийг нь баригдахаар хохирлыг нь барагдуулъя та битгий цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн боловч тухайн хүмүүс одоог хүртэл хохирол барагдуулаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” /2 хх 70-71/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн “Ай фоне-6 эс плас” загварын гар утас болон 2.9 кг-аар савласан “Хаан хүнс” ХХК-ийн утсан гахайн мах, 500 граммаар савласан “Хаан хүнс” ХХК-ийн “Зочин” нэртэй хиам зэрэг эд зүйлийг нийт 381.300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 78/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 55-56/,
эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 57-60/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 64/,
6. Г.Атай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас орлогын бэлэн 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Гт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Гийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны хойд талыг “Ширхэнцэг” найман нэрийн хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байхад ...гаднаас 2 залуу орж ирээд баахан эд зүйл авъя гэж нэг залуу намайг саатуулж байхад нөгөө залуу нь лангууны араар гараа оруулаад орлогын 450.000 төгрөгийг авсан. ...Тухайн үед би мөнгө алдсанаа мэдээгүй сүүлд тооллого хийхэд мөнгө дутаад дэлгүүрийн хяналтын камер шүүж үзээд орлогын мөнгө алдсанаа мэдсэн. Би дэлгүүрээс бэлэн мөнгө алдсан. Задгай 80.000 төгрөг бүхэл 300 гаран мянган төгрөг байсан. ...Тухайн үед яг хэдэн төгрөг байсан мэдээгүй сүүлд тооллого хийхэд 450.000 төгрөг дутсан. Би уг мөнгийг цалингаасаа хасуулж төлж байгаа. Байгаа тэр баримтыг би авчирч өгнө. Нэг залуу нь өндөр хар савхин куртиктэй, хар цагаантай биеийн тамирын өмдтэй. Баруун гаран дээр болон хүзүүн дээрээ шивээстэй эрэгтэй байсан. Намхан залуу нь шар царайтай бүлцэн нүдтэй байсан. Өөр содон шинж тэмдэг сайн санахгүй байна...” /2 хх 122-124, 125-126/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 106/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 110-113/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 115/,
7. Г.Датой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн лангуунаас иргэн З.Нгийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч З.Нгийн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрог дээр байх “Тунгалаг” худалдааны төвд жимсний лангуун дээрээ худалдаагаа хийгээд “хүн жимс явъя” гэхээр нь гар утсаа лангууны арын тавиур дээр тавиад худалдаагаа хийсэн. Би лангууны араас алим лангуун дээр дуусаж байхаар нь алимаа өрж байтал нэг хүн “лийр хэд вэ” гэж асуухаар нь үнийг хэлтэл яваад өгсөн. Алимаа өрж дуусаад гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь хяналтын камерын бичлэгийг үзтэл лангууны араас нэг хүн миний гар утсыг авч байгаа бичигдсэн байсан. Би тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр П.Батчимэг нь “Мобиком” ХХК-иас нэр дээрээ нэг жилийн хугацаатай 839.000 төгрөгөөр аваад би сар бүрийн төлөлтийг хийдэг юм. Одоо гар утсаа 839.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны “Самсунг А-50” загварын хар өнгийн гар утас байгаа юм. Ямар нэгэн гэмтэл, сэв, зураас байхгүй шинээрээ байгаа. Өөрийн алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Тухайн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний нөхөр утас хулгайд алдсаны дараа миний 99284998 дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн авснаа “танай эхнэр чинь хажууд тасарчихсан согтуу байна” гэж хэлсэн байна лээ. Хүний утас хулгайлчихаад хүний нэр хүндэд халдсанд их гомдолтой байна. Би тухайн этгээдийг харвал танина. ...Би хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тухайн этгээдийн содон шинж тэмдэг гэвэл 175-178 см өндөр, дэлдэн чихтэй,, шөвгөр эрүүтэй, хар өнгийн нарны шилтэй, 16-18 настай, өргөн хөмсөгтэй, өндөр хамартай, цагаан улаантай саравчтай малгайтай, цагаан юүдэнтэй цамцтай, хар цамцтай, чөлөөт хар өмдтэй, хар өнгийн пүүзтэй байсан. Би одоо харвал сайн танина... /2 хх 16-19/,
гэрч Ц.Тгийн “...Би тухайн өдөр өөрийн найз нар болох Г.А, түүний найз охин С.Тэргэл, Б.Б, Г.Да нарын хамт Даийн гэрээс гараад явж байсан юм. ...“Тунгалаг” худалдааны төв рүү ...Да, Б бид гурав орсон. Харин С.Тэргэл, Г.А нар гадаа тамхи татаад үлдсэн. Бид гурав худалдааны төв рүү ороод юм үзээд явж байсан бөгөөд бид нар архи авах гэж орсон юм. Тэгээд явж байтал Да надад “чи найзаа түр гарч бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад тэд нараас холдоод гарсан. Намайг гарсны араас Б, Да хоёр гарч ирсэн бөгөөд ирэхдээ архи аваагүй харин “Самсунг А-50” маркийн гар утас авсан байсан. Утсыг Да өөртөө аваад явсан...” /2 хх 26-27/,
шүүгдэгч Б.Бын “...Тухайн өдөр би найз Г.А, С.Тэргэл, Ц.Туяа. Г.Да нарын хамт Даийн гэрт хамт байж байгаад орой шинэ жил тэмдэглэх гээд гэрээс нь өдөр 15 цагийн үед гарсан. Улмаар бид нар хамтдаа “Тунгалаг” төв дээр очоод Да бид хоёр уг төвөөс архи худалдан авахаар орсон. Бид хоёрыг Туяа дагаад орсон. Харин А, Тэргэл хоёр гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд дотор ороод явж байтал жимсний нэг лангуун дээр гар утас байсан. Тэрийг Да хараад надад “хажуу талын буюу тухайн лангууны эсрэг талын лангуун дээр очоод худалдагчийг нь саатуулаад өгчих би гар утсыг авчихъя” гэсэн. Тэгээд би хажуу талын лангууны худалдагч дээр очоод аяга, тавагны ком асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд Да тухайн жимсний лангууны доогуур мөлхөөд гар утсыг нь авчихсан. Тэгээд бид нар тэндээс гараад 21-р хороолол орж тэндээ Да ганцаараа явж гар утсаа бусдад зарчихлаа гээд 200.000 төгрөгтэй ирсэн. Тэгээд тэр мөнгөөр бид нар шинэ жил тэмдэглэчихсэн...” /2 хх 43/ гэх мэдүүлгүүд,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Самсунг А-50” загварын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 29-30/,
эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /3 хх 140/,
8. М.Ддтой бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” худалдааны төвийн 11 дүгээр лангуунаас иргэн С.Сгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 267.000 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 815.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.082.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Сгийн “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 дүгээр павилоныг ажиллуулдаг. Өнөөдөр хэд хоногийн өмнө найзаасаа зээлсэн 815.000 төгрөгийн өрөө өгөх гээд цүнхэндээ хийгээд лангууны ард байрлах шүүгээн дотор хийсэн байсан. Тэгээд 16 цаг өнгөрөөгөөд манай найз надаас мөнгөө авах гээд ирэхээр нь би цүнхээ үлдээчихээд хамт хоол идэхээр гарсан. Намайг гарахад манай хоёр дүү болох Батаа, Мөнхтамир нар лангуугаа хараад үлдсэн. Тэгээд буцаад 17 цаг өнгөрөөгөөд буцаж ирээд найздаа мөнгөө өгөх гээд шүүгээгээ онгойлготол миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрийн түлхүүр 1 ширхэг, цахим үнэмлэх 1 ширхэг, дэлгүүрийн 8 ширхэг түлхүүр, нас барсны гэрчилгээ, нүдний шил 1 ширхэг, утасны чихэвч 1 ширхэг, USB оролт 1 ширхэг, гоо сайхны хэрэгсэл, бор өнгийн гар цүнх, бэлнээр 860.000 төгрөг байсан. Нүдний шилээ анх 5.000 төгрөгөөр авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлж байна. Утасны чихэвчээ үнэлж мэдэхгүй байна. Анх утастайгаа хамт дагалдаж ирсэн. Гар цүнхээ 300.000 төгрөгөөр анх 2017 онд худалдан авч байсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 150-153/,
өсвөр насны шүүгдэгч М.Ддийн “...Би 39 дүгээр сургуулийн тэнд байдаг РС тоглоомын газар тоглож байсан чинь Бтай таарсан. Тэгээд хоёулаа “зуун айл ороод шрүүп аваад ирье” гэж хэлсэн. ...Тэгээд зуун айлаар явж байсан чинь “Алтаншагай” гээд худалдааны төв байсан. Тийшээ дөнгөж орсон чинь худалдагч нь байхгүй павилон байсан. Тэгэхээр нь тийшээ ортол шүүгээнээс нь цүнхний үзүүр цухуйсан байсан. ...би ороод лангууны цаана байсан шүүгээнээс цухуйсан байсан цүнхийг авч гараад хойшоогоо нэвт гараад эзэнгүй хашаа байхаар нь тийшээ ороод тэнд цүнхийг нь ухсан түрийвч гарч ирсэн. Түрийвч дотор 45.000 мянган төгрөг байсан. Жижиг цахилгаан дотор 200.000 мянган байсан тэгэхээр нь тэр мөнгөнүүдийг аваад бусад зүйлийг нь тэр хашаа руу шидчихээд яваад өгсөн. Тэгээд Дарь-Эх рүү алхаад тэндээс такси бариад “Нарантуул” зах орсон. Тэндээс хувцас аваад авсан хувцсаа “Нарантуул” захын ард байрлах байрны орцонд орж сольж өмсөөд гарч явж байгаад цагдаад баригдсан... /хх 154/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 198-199/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 202/,
9. С.Ттэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас хохирогч Т.Мгийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Мгийн “...Би 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ ажиллаж байхад 17 цаг 30 минутын үед манай эмийн санд хоёр залуу орж ирээд олон төрлийн эм асуугаад байсан. Мөн үнийг нь хүртэл асуусан. Тэр үед би асуусан юм болгоныг нь скайнерт уншуулж үнийг нь хэлж өгч байсан. Мөн хөргөгчөөс эм асуусан. Манай хөргөгч кассаас зайтай байдаг. Энэ хооронд тэр хоёр залуугийн нэг нь араар лангууны арын тавиур дээр байсан миний гар утсыг авсан. Тэгээд би гар утас алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг гар утас нь “Самсунг Эс-7” загварын бор шар өнгийн гадаргуутай мөн бор өнгийн гадаргуу хавтастай байсан. 2016 онд “Мобиком” компаниас 1.350 000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Би алдагдсан гар утсаа анх худалдан авсан үнээрээ үнэлнэ. Миний гар утсыг авч байсан хоёр залуу камерт бичигдсэн байгаа. Би алдагдсан гар утсаа буцаан олж авмаар байна. Мөн тухайн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна...” /хх 206-207/,
өсвөр насны шүүгдэгч С.Тгийн “...Би 2018 оны 7 дугаар сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Нисэхийн зам дагуу тойргоор урагшаа Төв аймаг руу явдаг зам дагуу байх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хороолол руу хулгай хийхээр явсан юм. Ингээд байран дундуур явж байгаад нэг эмийн сан байсан. Ямар нэгэн нэр хаяггүй “эмийн сан” гэсэн бичээстэй байсан юм. Тэгээд ногоон хочтой Б ахтай хамт тухайн эмийн сан руу орсон бөгөөд худалдагчаас “эм авъя” гэж анхаарлыг нь сарниулж байгаад би компьютерын шилэн ширээ дээрээс нэг гар утас байхаар нь авсан юм. Миний авсан гар утас нь шаргал өнгийн “Самсунг Эс-7” загварын гар утас байсан. Тэгээд Б ах бид хоёр гар утсаа танил “Хархорин” зах дээр гар утас зардаг Батаа гэж ахад өгсөн. Яг хэдэд зарсан талаар мэдэхгүй байна. Ингээд утсаа зарчхаад тэр хавиараа байж байгаад Батаа гээд ахын гэр рүү явсан юм...” /хх 222/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 106-107/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 114/,
эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 110-113/,
таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 116-117/,
“Дамно” ХХК-ийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 213-214/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн 2 жилийн хугацаагаар сольж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ зарим хохирогчийн хохирлыг буруу тооцоолон шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө хохирогч Т.Мд 180.000 төгрөг, С.Бт 40.650 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримт /5 хх 131/ авагдсан байх боловч анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бас 40.650 төгрөгийг дахин гаргуулж хохирогч С.Бт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолоор /4 хх 171/ Г.Ааас Б.Бтай бүлэглэн хохирогч Г.Гт учруулсан хохирол болох 450.000 төгрөгөөс 225.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг хохирогч Г.Гт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж дүгнэж, түүнээс 450.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1093 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1093 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бас /РД:...................../ 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зууннасангийн Од /РД:....................../, 584.800 /таван зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Бат-Эрдэнийн Зд /РД:................./, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Долгорсүрэнгийн Дд /РД:....................../, 40.650 /дөчин мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Сосорбарамын Бт /РД:........................./, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зандаргомийгийн Нд /РД:.................../, 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ганболдын Гт /РД:....................../, 674.500 /зургаан далан дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Санжаагийн Сд /РД:................../ тус тус олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бас /РД:...................../ 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зууннасангийн Од /РД:...................../, 584.800 /таван зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Бат-Эрдэнийн Зд /РД:....................../, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Долгорсүрэнгийн Дд /РД:......................./, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зандаргомийгийн Нд /РД:......................./, 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ганболдын Гт /РД:....................../, 674.500 /зургаан далан дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Санжаагийн Сд /РД:...................../ тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ