Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Д*******ийн Э******* /РД: /,

Нэхэмжлэгч: Ө овогт С Ю /РД: *******/,

Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Б.Э*******, иргэдийн төлөөлөгч Ж.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Э*******, С.Ю нараас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тариф батлах тухай 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан ХБ-24-12/1254 тоот Усны үнийн тухай албан бичгээр[1] усны үнийг зохицуулж өгөх талаар хүсчээ.

2.2. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Б*******д хандан 283 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгээр[2] цэвэр, бохир усны үнэ тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх санал гаргасан байна.

2.3. Мөн Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Б*******д хандсан 142 тоот Санал хүргүүлэх тухай албан бичигт[3] ...иргэдийн дунд судалгаа явуулахад үнэ нэмэгдүүлэх саналыг оролцогчдын 70-аас дээш хувь нь дэмжсэн, мөн түүнчлэн Эрдэнэт хотын усны өөрийн өртөг зэргийг харгалзан тус компаниас боловсруулсан үнэ тарифын саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж байна... гэжээ.

2.4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь дээрх албан бичгүүдээс гадна:

2.4.1. Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф баталсан эрх зүйн актын нөлөөллийн шинжилгээ[4],

2.4.2. Тариф тогтоосон тухай танилцуулга[5],

2.4.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн тарифын санал[6],

2.4.4. Тооцоо, судалгаа[7],

2.4.5. Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тарифт зохицуулалт хийх, Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг батлах тухай танилцуулга[8],

2.4.6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан ёсны вэбсайтад Орхон аймгийн иргэдээс усны үнийн тарифын талаарх санал асуулга байршуулж, цахимаар авсан судалгаа[9]

2.4.7. Орхон аймгийн хэрэглэгчдэд цэвэр ус, бохир ус борлуулах үнийг нэмэгдүүлэх санал асуулга[10] зэрэг баримт бичиг, материалуудыг үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл, өрхийн тариф батлах тухай 38 дугаар тогтоолыг[11] баталжээ.

2.5. Улмаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 01/246 тоот албан бичгээр[12] Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт хандаж, Зохицуулах зөвлөлийн 2020 оны 38 дугаар тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тогтоол, түүнд холбогдох баримт, материалын хамт хүргүүлсэн байдаг.

2.6. Дээрх албан бичгийн хариуд Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н*******оос 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-1/1886 тоот албан бичгээр[13] Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Б*******д хандан ...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4782 дугаарт... бүртгэсэн талаар хариу ирсэн байна.

2.7. Орхон аймгийн Засаг даргаас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд 02Б/1825 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр[14] хандан ...тус батлагдсан тарифыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөх боломжгүй... талаар дурджээ.

2.8. Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зохицуулах зөвлөлийн 2020 оны 38 тоот тогтоолын мөрдөх хугацааг хойшлуулах тухай 82 дугаар тогтоол[15] гарч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тогтоолын мөрдөж эхлэх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож хойшлуулсан байна.

2.9. Монгол улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 211 дүгээр тогтоол батлагдсантай холбоотойгоор, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 152 дугаар тогтоолоор[16] Зохицуулах зөвлөлийн 2020 оны 82 дугаар тогтоолд өөрчлөлт орж, 2020 оны 38 тоот тогтоолын мөрдөх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон хойшлуулжээ.

2.10. Улмаар нэхэмжлэгч Д.Э*******, С.Ю нараас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тариф батлах тухай 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.

2.11. Тус шүүхээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7206 дугаар шүүгчийн захирамжаар[17] захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн байна.

Орхон аймгийн иргэдийн хурлаас ирүүлсэн албан бичигт судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь усны үнэ нэмэхийг дэмжсэн байна гэдэг албан бичгийг үндэслэл болгосон байсан. Орхон аймгийн иргэдээс судалгаа авч, усны үнэ нэмэхийг дэмжиж байгаа гэдэг нь батлагдаагүй. Мөн энэ бичиг баримт нь судалгааны ямар нэг бичиг баримт дээр тулгуурлаагүй. Хаанаас ч, хэн ч бөглөчихөж болохоор, хэзээ, хэн өгсөн нь үл мэдэгдэх баримт дээр судалгаа авсан гэж тайлбарлаад, захиргааны хэм хэмжээний актад нийцэхгүй баримтыг үндэслэл болгосон байсан.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу дээрх тогтоолоор тогтоосон хэм хэмжээний актын төслийг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бүлгийн хүрээнд буюу Орхон аймгийн иргэдэд танилцуулж, холбогдох санал, хүсэлтийг нь тусгах зорилгоор урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж байгаа этгээдүүдэд оролцох боломж олгосон байх ёстой. Гэтэл тухайн хэм хэмжээний актуудыг батлахдаа дээрх ажиллагааг огт хийлгүй баталсан байдаг.

Мөн Зохицуулах зөвлөл нь нэг компанийн эрх ашигт нийцүүлж Орхон аймгийн усны үнийг нэмэгдүүлж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байна.

Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас Эрдэнэт ус ДТС ТӨХК манайд усныхаа үнийг төлж чадахгүй байна, 50 хувь нэмээч гэдэг шаардлага ирсэн.

Мөн Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 142 тоот санал хүргүүлэх тухай албан бичгээр 70 хувиас дээш хувь нь дэмжиж байна гэж манайд хүсэлт ирүүлсэн.

Эрдэнэт ус ДТС ТӨХ компаниас 2020 оны 283 тоот албан бичгээр манайх тарифын саналаа нэмүүлье гэдэг хүсэлт ирүүлдэг. Усны асуудал бол хүний үндсэн чухал хэрэгцээ болдог. Тийм ч учраас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх зорилготойгоор энэ салбар үнээ хатуу тогтоож барьж байдаг.

Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ компани айл өрхийн усны тарифыг 0,98 төгрөг байсныг 57 мөнгөөр нэмэгдүүлэх санал ирүүлснийг Зохицуулах зөвлөл санхүүгийн болон эдийн засгийн тооцоо хийж үзээд, 57 мөнгөөр нэмэгдүүлнэ гэснийг нь 49 мөнгөөр нэмэгдүүлэн 1 төгрөг 47 мөнгө болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөлөөс 2020 оны 38 дугаар тогтоолыг баталсан.

Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллагуудын баталсан хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд бүртгэлийн ажиллагаа хийдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална гэж заасныг үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т Зохицуулах зөвлөл нь цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх гэж хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагуудыг ханган тус яаманд ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4782 дугаарт бүртгэсэн байдаг.

Иймд нэхэмжлэгч Д.Э*******, С.Ю нараас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.4. Иргэдийн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний санал бол хүн ер нь усгүйгээр амьд явах боломжгүй. Ус гэдэг зүйл улс болон дэлхий нийтийн асуудал болчихоод байгаа учраас ядаж доод түвшний 5 төгрөгтэй нь дүйцүүлж нэмсэн нь дээр байх гэж бодож байна. Тухайн үед бол 40 хувь нэмсэн гээд байна. Тухайн үеийнхээ шаардлагад бол тийм байсан байж магадгүй. Гэхдээ одоо үед усаа нэмээд, ядаж ард иргэдээ усаар нь баталгаатай хангаж байсан нь дээр байх гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгч нь ...хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна гэсний дагуу Орхон аймгийн иргэдээс судалгаа авч, усны үнэ нэмэхийг дэмжиж байгаа гэдэг нь батлагдаагүй...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ...Орхон аймгийн иргэдэд нийлүүлж байгаа уснаас орлого олж чадахгүй байгаа... гэх албан бичгийг үндэслэн усны үнийг нэмсэн, ...Эрдэнэт Ус ОНӨҮГ өөрсдөө зөв менежмент хийгээгүй байж алдагдлаа бид нараар төлүүлж байгаа...,Тийм учраас усны үнэ нэмэгдсэн процесс нь хууль бус болсон, хуулийн үндэслэлгүй...хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан. 

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь зохицуулалтын агуулгаас үзвэл, маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болох бөгөөд эдгээр 2 шаардлага зэрэг хангагдсанаар шүүхэд гаргасан нэхэмжлэл хангагдах үндэслэл бий болохоор юм.

4.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Орхон аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг бие даан гүйцэтгэдэг Эрдэнэт-ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 5.3 тэрбум төгрөгийн зардалтай -377032,3 төгрөгийн алдагдалтай ажилласан. Шугам сүлжээ, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн их засвар болон урсгал засваруудыг цаг хугацаанд хийж чадахгүй байгаагаас усны биет алдагдал үүсэж, аваарын байдал улам ихсэж, орлого болоогүй усны тоон хэмжээний 7.8 тэрбум төгрөгийн өглөг тооцоо үүссэн байна[18].

4.5. Бодит байдал дээр Эрдэнэт- ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн усны үйлчилгээний үнэ тариф өөрийн өртгөөс 25-30 хувиар доогуур, улсын хэмжээний цэвэр, бохир усны дундаж тарифаас хэт бага буюу 19 аймаг, Улаанбаатар хотоос бага үнийн тарифаар Эрдэнэт хотын оршин суугч, аж ахуйн нэгжийг цэвэр, бохир усаар хангаж байгаа[19] бол нэхэмжлэгч нар нийтийн орон сууцанд амьдардаг болохын хувьд нэмэгдсэн үнийн дүнгээрээ ч тусдаа шугамтай болон худгаас зөөврийн ус авч хэрэглэдэг айл өрхөөс илүү хямд үнийн тарифаар цэвэр бохир ус ашиглаж байна.

4.6. Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тариф (НӨАТ-гүй)

Үйлчилгээний ангилал

Хэмжих нэгж

Тариф

11.

Цэвэр ус

Айл өрх-Нийтийн орон сууц

төг/л

1.47

Айл өрх-Амины орон сууц /тусдаа шугам, худаг, узелтэй/

төг/л

1.86

22.

Бохир ус

Айл өрх-Нийтийн орон сууц

төг/л

1.13

Айл өрх-Амины орон сууц /тусдаа шугам, худаг, узелтэй/

төг/л

1.35

 

4.7. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагаас шинэ үнэ, тариф тогтоож мөрдүүлснээр тодорхой хэмжээгээр төлбөр нэмэгдэх болсон хэдий ч энэ зөрүүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хөндөгдсөн гэж үзэхээргүй юм.

4.8. Үүнээс гадна нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгч нар тус аймгийн иргэдээс санал гомдол ирүүлсний дагуу хурлын нэр бүхий төлөөлөгч нар уг асуудлаар иргэдийн дунд судалгаа явуулахад цэвэр бохир усны үнийг нэмснийг дэмжихгүй хэмээн судалгаанд орсон иргэдийн 99.3 хувь нь илэрхийлсэн...энэхүү хууль бус захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч нар болон Орхон аймгийн иргэдийн хууль ёсны ашиг зөрчигдөж цэвэр, бохир усны үнийг даруй 50 гаруй хувиар илүү төлж байна...[20] гэж, харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...усны үнийг нэмэх үү, нэмэхгүй юу гэдэг хэлэлцүүлэг явагдаж байна гэдэг мэдээлэл Орхон аймгийн иргэдэд явсан бол энэ дээр маш олон иргэд татгалзах санал өгөх байсан. Тэрийг бид нар судалгаагаар аваад хавтас хэрэгт өгсөн байгаа...[21],...Өөрийн хувийн эрх ашгийг хөндсөн болон Орхон аймгийн нийт иргэдийн эрх ашгийг хөндөгдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл өгөөд ажиллаж байгаа. Нийт иргэдийн эрх ашгийг хөндсөн буюу тухайн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг дээр судалгаа хийгээд нийт 2000 орчим хүний материалыг хүргүүлсэн...[22], ...Орхон аймгийн иргэдэд ийм их хэмжээний мөнгөний ачаа үүрүүлэх шийдвэрийг Эрдэнэт ус компани, төрийн байгууллага гаргаж байгаа нь буруу юм. Иргэдээ ингэж шулж болмооргүй байна...[23] гэх, ...2019 онд манай гэр бүл 70,000 төгрөг төлдөг байсан бол 2023 онд 170,000 төгрөг төлдөг болтлоо өссөн байгаа. Энэ дотор мэдээж цахилгаан, дулааны үнэ орж байгаа...[24]хэмээн тайлбарласан.

4.9. Дээрх тайлбарын агуулгыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан CD бичлэгт яригдаж буй текст зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас илүүтэй Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болохын хувьд Орхон аймгийн иргэд буюу нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах нэрийдлээр улс төрийн акц хийн шүүхэд хандсан байна.

4.10. Нөгөөтээгүүр хариуцагч байгууллагаас маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх эрхийг хариуцагч Хот суурины уус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд олгосон бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийн 10.2-т Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа дараах зарчмыг баримтална гаргасан.

4.11. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг гаргахаас өмнө Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1.цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх; 10.2.2.тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон байх; 10.2.3.тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх; 10.2.4.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйл, 6.1-д заасны дагуу үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах хангаж ажилласан.

4.12. Өөрийн албан ёсны веб сайт дээр маргаан бүхий актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна ажиллагаа хийсэн боловч энэ талаар Орхон аймгийн иргэдээс болон нэхэмжлэгч нараас санал ирүүлээгүй.

4.13. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллага болох Орхон аймгийн нутаг дэвсгэрийн оршин суух иргэдийн төлөөлөл болон сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэг хийсэн, энэ талаар телевиз, харилцаа холбооны хэрэгслээр мэдээ, мэдээлэл өгсөн[25].

4.14. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасантай нийцнэ.

4.15. Түүнчлэн Орхон аймгийн хэрэглэгчдэд цэвэр ус, бохир ус борлуулах үнийг нэмэгдүүлэх саналыг асуулгыг хэрэгт хавсарган ирүүлсэн байх бөгөөд санал асуулгын хэлбэр, загвар, аргачлалыг Захиргааны ерөнхий хуульд нарийвчлан хуульчилсан зүйлгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр захиргааны байгууллагыг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

4.16. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг хангасан, 61 дүгээр зүйлд зааснаар хариуцагч байгууллагаас Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг зохион байгуулсан, 62 дугаар зүйлд заасан Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг хийсэн гэж дүгнэгдэж байх тул хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д ...захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ гэж заасны дагуу хуульд заасан хянан бүртгэх ажиллагааг явуулан, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзэн, Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл, өрхийн тариф батлах тухай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4782 дугаарт бүртгэж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн нь үндэслэлтэй байна.

4.17. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлаар захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй талаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

4.18. Эцэст нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг[26] шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдэд харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******, С.Ю нарын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тариф батлах тухай 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР

ШҮҮГЧ  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ  А.МӨНХ-ӨЛЗИЙ