Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2024/00184

 

          У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Б овогт Б.Э-ийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч: Б.Э,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

          1.1. Б.Э миний бие 1968 онд төрсөн, 55 настай. Цэргийн албанаас халагдаж ирээд У аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар халаалтын зуухны машинистаар ажиллаж байгаад 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. У аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачны туслах ажилчнаар 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад, У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газрын даргын 04-р тушаалаар машинистаар томилогдож 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед намайг ажилд томилсон тушаал болон ажиллаж байх хугацаандаа удаан жилийн нэмэгдэл авсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 90 дугаар тодорхойлолт, Б.Э-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар Улирлын ажилд авах тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, Т.З-ний иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т.Д-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.Н-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаар шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

          3. Шүүхээс У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрлэснийг бүртгэх анкет №250, гэрч Т.З, Ч.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          1.1. Нэхэмжлэгч Б.Э-ийн У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл халаалтын зуухны машинистаар, У аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачны туслах ажилчнаар, У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1991 оны 1 дүгээр сараас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Э-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Б.Э нь ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

            3. ХАА-н ТМС-иас 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-т нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ...5. 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зуухны машинистаар авч ажиллуулав, 6. 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр НДҮ-т шилжин ажиллах болсон тул машинистын үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 7. 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр НДҮ-ийн барилгын бригадад барилгачны туслах ажилчнаар томилов, 8. 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул НДҮ-ийн барилгачны ажлаас чөлөөлөв, 9. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нам даралтын зуухны машинистаар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улсад 10 жил, 24 хоног ажилласнаар тооцов гэх бичилтүүд хийгдсэн байх тул үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар Улирлын ажилд авах тухай тушаалаар Б овогтой Э-ийг 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс халаалтын зуухны машинистаар томилжээ.

        У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Б.Э-ийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин гэж тэмдэглэжээ.

         Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б.Э-ийг 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нам даралтын зуухны түр машинистаар томилжээ.

          Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 42-рт Б.Э, машинист гэж бичигджээ.

          4. Шүүхээс гэрч Т.З, Ч.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.З Би 1988 онд цэргийн албанд татагдаад Улаанбаатар хотод 122 дугаар ангид хувиарлагдаж 2 жилийн цэргийн алба хааж 1990 онд халагдсан. Цэргийн албанаас халагдаад 1990 оноос ахуйн үйлчилгээний уурын зуухад машинистаар ажиллаж эхэлсэн. Анх ажилд ороход Б.Э-ийн туслахаар орсон, тэр үед Б.Э нь би ажиллаад 2 жил болж байна гэж хэлж байсан. Бид хоёр 1990 оноос эхэлж ахуйн үйлчилгээний уурын зуухад хамт ажиллаж эхэлсэн. Ахуйн үйлчилгээний уурын зуух дараа нь эрчим хүчний үйлчилгээний уурын зуух нэртэй болсон. Эрчим хүчний үйлчилгээн уурын зуух 1991 хувьчлагдаад хувьцаат компани болоход 4 дүгээр 10 жилийн сургуулийн уурын зуухыг Солонгос талст компани аваад тэнд Б.Э бид хоёр ажиллаж эхэлсэн. Эрчим хүчний үйлчилгээний уурын зуух нь улирлын чанартай ажилладаг байсан тул 9 дүгээр сарын15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилладаг энэ хугацаанд бид хамт ажиллаад, би туслах ажилтан тул зун нь амралтаа аваад явдаг байсан, Б.Э үндсэн ажилтан тул өвөл зунгүй ажилладаг байсан. Солонго талст компани чацарганы талбайтай тул зуны улиралд Б.Э тэнд очиж ажилладаг байсан. Бид 2005 он хүртэл хамт ажилласан, би 2005 оноос ажлаас гарч хамт ажиллахаа больсон гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ч.Н Би 1982 онд цэрэгт татагдаад 1985 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1985 онд У аймгийн Орон сууцны нийтийн ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар ажилд орсон. Б.Э нь 1988 оны 9 сард Нийтийн ахуйн үйлчилгээний харьяа уурын зуухны машинистаар ажилд орсон. Зун нь 6 сараас эхлээд 7 сар гартал бид 2 хамт нүүрсний график дээр нүүрс гараар буулгадаг байсан тул Б.Э-ийг сайн мэднэ. Бид 1994 оны 12 сар хүртэл хамт ажиллаад Б.Э нь 8 жилийн 2 дугаар сургуулийн уурын зууханд уурын зуухны машинистаар хувиарлагдаад би Чандманы сургуулийн уурын зууханд уурын зуухны машинистаар томилогдож ажилласан. 2000 оноос эхлээд Б.Э бид 2 Солонго талст ХХК-ны уурын зууханд уурын зуухны машинистаар 2010 он хүртэл хамт ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

         5. Нэхэмжлэгч Б.Э нь У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл халаалтын зуухны машинистаар, У аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачны туслах ажилчнаар, У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1991 оны 1 дүгээр сараас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан болох нь ХАА-н ТМС-иас 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-т нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар Улирлын ажилд авах тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 01-ний Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет, Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа У аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, гэрч Т.З, Ч.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

       6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Э-ийн У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл халаалтын зуухны машинистаар, У аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачны туслах ажилчнаар, У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1991 оны 1 дүгээр сараас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б.Э-ийн У аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл халаалтын зуухны машинистаар, У аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачны туслах ажилчнаар, У аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1991 оны 1 дүгээр сараас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР