Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/01697/и |
Дугаар | 1765 |
Огноо | 2019-10-02 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1765
Т.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01517 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлтэй нэмэлт нөхөн олговор 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр Р.Т 1964 онд Намын эсрэг бүлэг гэгч хилс хэргээр аспирантур болон намаас хөөгдөж, гэр бүлээрээ Увс аймгийн Тариалан суманд нутаг заагдаж, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагаатгаж цагаатгалын үнэмлэх олгосон. 1992 онд нөхөр маань өвчний улмаас нас барсан. Миний бие 1998 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний нөхрийг хилсээр хэлмэгдүүлсэн учир хуульд заасан нөхөн олговор олгож өгөхийг хүссэн бөгөөд шүүхээс 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдөр надад 500 000 төгрөг олгох шийдвэр гарсан. 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1 000 000 төгрөгийн нөхөн олговор олгоно” гэж заасан байдаг. Иймд хуулийн дагуу нэмэлт 500 000 төгрөгийг олгоно уу гэжээ.
Гуравдагч этгээд прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1 000 000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж заасан боловч хэлмэгдэгч Р.Т 1 000 000 төгрөг авах этгээдэд хамаарахгүй, 500 000 төгрөгийн нөхөх олговороо авчихсан байгаа тул нэмэлт олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт нөхөх олговор 500 000 гаргуулах тухай Н овогтой Т.Д /РД:ХЗ36070122/-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Т.Д-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Т.Д давж заалдах гомдолдоо:
... Миний бие 1998 онд Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний нөхрийг хилсээр хэлмэгдүүлсэн учир хуулинд заасан нөхөх олговор олгож өгөхийг хүссэн бөгөөд шүүхээс 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдөр надад 500 0000 төгрөг олгох шийдвэр гарсан.
1998 онд шүүхэд нөхөх олговор тухай нэхэмжлэл гаргах үед миний нөхөр буюу хэлмэгдэгч нь 1992 онд нас барсан. Хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгоно гэсэн заалтад хамаарагдаж байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох хэлмэгдэгчид хамаарахгүй бусад хэлмэгдэгчид гэдэгт хамаарна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хуулийн дагуу нэмэлт 500 000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан өөрийн нөхөр Р.Т-ын 500 000 төгрөгийн нөхөх олговрыг 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу авсны дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хэлмэгдэгч нас барсан бол 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгохоор 1999 онд өөрчлөлт орсон учраас уг өөрчлөлтийн дагуу нэмж 500 000 төгрөгийн нөхөн олговрыг хүсч байна гэжээ.
Т.Д-ийн нөхөр Р.Т-ыг Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 967 дугаар шийдвэрээр 1965 онд улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаас халж, нутаг заан суулгаж, хэлмэгдүүлж байсныг тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар цагаатган, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу түүний гэр бүлд 500 000 төгрөгийн нөхөн олговрыг олгож шийдвэрлэжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчдэд 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэснийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж өөрчилсөн байна.
Өөрчлөн найруулсан хуулийн дээрх зохицуулалт нь нэг сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгох 3 тохиолдлыг нэрлэсэн агуулгатай байх бөгөөд үүнээс “хэрэв хэлмэгдэгч нас барсан бол” нэг сая төгрөгийн нөхөн олговор олгохоор зохицуулсан байна.
Улсын дээд шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор тайлбарлахдаа “хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгоно” гэж тайлбарласан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Хэлмэгдэгч Р.Т нь 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан тухай Улсын бүртгэлийн төв архивын лавлагаа хэрэгт авагдсан байна.
Иймд шүүхийн шийдвэрээр хэлмэгдсэнийг тогтоож, цагаатгасан хэлмэгдэгч Р.Тогтохын гэр бүлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 /нэг сая/ төгрөгийн нөхөн олговор олгох үндэслэлтэй, бөгөөд өмнө нь шүүхийн шийдвэрээр 500 000 төгрөгийн нөхөн олговор авсан тул нэмж 500 000 төгрөгийн нөхөн олговор гаргуулж олгох нь зүйтэй.
1998 онд шүүхийн шийдвэрээр 500 000 төгрөгийн нөхөн олговор олгосны дараа тухайн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн заалтад өөрчлөлт орсон байгааг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй, хэлмэгдэгч нас барсан баримтыг үнэлэлгүй, бусад хэлмэгдэгч гэсэнд хамаарна гэж үзсэн нь алдаатай болсныг зөвтгөх шаардлагатай, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр 500 000 төгрөгийн нөхөн олговрыг олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”нэмэлт нөхөх олговор 500 000 төгрөг гаргуулах тухай Надмид овогтой Т.Д /РД:ХЗ36070122/-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Надмид овогтой Т.Д /РД:ХЗ36070122/-д 500 000 төгрөгийн нөхөх олговор олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
А.ОТГОНЦЭЦЭГ