Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Тэнгис констракшн ХХК /РД: 2729016/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Тэнгис констракшн ХХК-аас Тэнгис констракшн ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч Тэнгис констракшн ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр XV-020599 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл-ийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар олгожээ.[1]

2.2. Нэхэмжлэгч Тэнгис констракшн ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020599 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хайгуул хийх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 05/22 тоот албан бичгээр[2] Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцад хандаж, уг албан бичгийн хариуд Дашбалбар сумын Засаг даргаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж хүргүүлсэн байна.[3]

2.3. Энэ хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл[4] гаргаж байжээ.

2.4. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23/001 тоот албан бичгээр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт[5] гаргаж, хариуд нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10/1023 тоот албан бичгээр[6] ...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх... талаар дурдсан байна.

2.5. Үүний дагуу Тэнгис констракшн ХХК-аас 2023 оны 02 дугаар сарын 2/23 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд хандан ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрлийг сунгуулах... тухай хүсэлт[7] гаргажээ.

2.6. Дээрх хүсэлтийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхсайханаас ...өргөдлийг хүлээн авч бүртгээгүй үйл ажиллагааг шууд буруутгах үндэслэлгүй, ...хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүхэд хандан гомдол нэхэмжлэлээ гаргах, шийдвэрлүүлэх нь зүйтэй... талаар Тэнгис констракшн ХХК-д мэдэгдсэн байна.[8]

2.7. Улмаар нэхэмжлэгч Тэнгис констракшн ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 2/1182 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Тэнгис констракшн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/23 тоот албан бичгийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг[9] тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2023/2708 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

2.8. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Тэнгис констракшн ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах гэж нэмэгдүүлж,

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...Тэнгис констракшн ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар... гэж өөрчлөн тодруулсан.[10]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Тэнгис констракшн ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Үндэслэлийн хувьд анх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Кадастрын хэлтэст өргөдөл өгсөн боловч та бүхэн материалаа бүрдүүлээд ир, байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байна, материалын бүрдүүлбэр хангаад ир гэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр компанийн захирал бие нь муудсанаас болж гэнэт Солонгос улс руу яваад 11 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар өгсөн боловч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан байдаг.

Гарсан даруйд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин Кадастрын хэлтэст материалаа өгсөн боловч буцаасан үйл баримт бий. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохих ёсны дагуу лицензийн хүчинтэй хугацааг хадгалж үлдэх нь зөв гэдэг үүднээс төлбөрийг бүрэн төлсөн. Энэ хугацаанд албан бичиг аваад, өгөөд явж байсан процесс байгаа... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс эс үйлдэхүй гэсэн агуулгаар маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байдаг.

Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа сунгуулахаар хандсан гэж дурддаг. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй гарсан уу, үгүй юу гэдэг дээр маргаан байхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй субъект нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж бие даан шийдвэрлэх эрхтэй.

Ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үүнээс үзэхэд ахлах мэргэжилтэнд тусгай зөвшөөрлийн сунгуулахаар гаргасан өргөдлийг буцаах, татгалзах, хүлээн авахгүй байх ямар нэгэн эрхийг ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжийн дагуу олгоогүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу 10 хоногийн дотор тухайн нутагт оршин суух сум дүүргийн Засаг дарга батлах ёстой. Энэ баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй талаарх үндэслэл шалтгаан бол дан ганц тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрөөс нь шалтгаалах шалтгаанаас биш нутгийн захиргааны байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлаагүйтэй холбоотой.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Тэнгис констракшн ХХК-ийн хугацаа сунгуулах өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авах ёстой байсан. Түүнийг зохих эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх ёстой байсан.

Нэмж хэлэхэд, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.Аригууны өвчин гэнэтийн байдлаар хүндэрч Бүгд найрамдах Солонгос улсад эмчлүүлэхээр явсан бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

Мөн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч Тэнгис констракшн ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, төрийн сангийн орлого болгосон бөгөөд уг мөнгийг буцааж өгөөгүй талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн байдаг.

Дээрээс нь хуульд заасан хугацаандаа Ашигт малтмал газрын тосны газраас бүрдүүлбэр хангах шаардлагыг тавьсны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч холбогдох баримтаа хавсаргаад, дараа өдөр нь хандсан боловч хүлээн аваагүй буцаасан. Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шийдвэр гаргаагүй байхад Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн холбогдох мэргэжилтнээс буцаах үндэслэлгүй юм.

Иймд дээрх эрх зүйн үндэслэлээр Тэнгис констракшн ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө баримтуудыг хавсаргахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч компани нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө Кадастрын хэлтэс ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасан баримтыг ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн бүрдлийг хангуулан хуулийн хугацаанд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө өргөдлөө гаргахыг мэдэгдсэн.

Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн хугацаанд өргөдлөө гаргалгүй 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийн бүрдүүлбэрийг хангасан баримтуудыг ирүүлсэн нь хуульд заасны дагуу гаргах хугацаанаас даруй 16 хоногийн дараа ирүүлж байгаатай холбоотой Кадастрын хэлтсийн албан хаагчийн хууль ёсны дагуу авагдсан арга хэмжээг буруутгах хууль зүйн хувьд боломжгүй юм.

Мөн нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг хугацаанд нь 7,797,940 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сангийн 100900000712 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл болохгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүргэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгч ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Тэнгис констракшн ХХК-ийн хугацаа сунгуулах өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх ёстой байтал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, эрх олгогдоогүй этгээдээс хариу өгч шийдвэрлэсэн үндэслэлгүй...хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан. 

4.3. Энэхүү үндэслэлийн талаар хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д Эрх бүхий этгээд энэ зүйлийн 2-т заасан өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ, 4-т Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна 4.1-д баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх; 4.2-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх гэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, хариу өгөх үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдье. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан болно...[11]хэмээн хариуг хүргүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ер нь бол төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн сунгах тухай өргөдлийг гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан материалуудыг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа. Хэрэв тусгай зөвшөөрлийн сунгах тухай өргөдлийг гаргахад материал бүрдэл дутуу байхад авахгүй байх үндэслэл байхгүй, авч шийдвэрлэх ёстой. Хуульдаа хэрвээ зөрчилтэй бол сунгахгүй байх эрх нь байгаа. Гэтэл мэргэжилтнүүд буцаасан, өргөдөл авахгүй байх эрх байхгүй. Ямар нэгэн байдлаар шийдвэрлэх үүрэг хүлээнэ. Үүнийг шийдвэрлэх эрх нь Кадастрын хэлтсийн даргад байгаа...[12] ...Уг нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авдаг мэргэжилтэн нь бол Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Хэрлэнчимэг байсан. Түрүү жил ч тийм л байсан. Ахлах мэргэжилтэн А.Тамир бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг авсан талаар бол би мэдэхгүй байна...бусдаар бол мэргэжилтний ажлыг ахлах мэргэжилтэн хийдэг зохицуулалтыг би одоо хэлж мэдэхгүй байна...[13] гэж мэдүүлсэн болно.

4.4. Дээрх хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Тэнгис констракшн ХХК-ийн захирал Б.Аригууны эрүүл мэндийн шалтгааны улмаас Бүгд найрамдах солонгос улсад шинжилгээ эмчилгээнд орсон[14], Хил хамгаалах ерөнхий газрын 2023.05.30-ны өдрийн 2-4в/3136 албан бичиг болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл[15] /Маягт К-11/ баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч Тэнгис констракшн ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гарган хүргүүлсэн болох нь нотлогдож байна.

4.5. Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах; 3-д өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх,

15 дугаар зүйлийн 15.1-д Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хариу өгөх, 16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын албан тушаалтан 30 хүртэл хонгоор нэмж сунгаж болно хүлээлгэсэн нийтлэг үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасныг хууль бус байна гэж дүгнэлээ.

4.6. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нь зүй ёсны тул хариуцагчид Тэнгис констракшн ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлэх үүрэг болгон хүлээлгэхээр шүүх шийдвэрлэв.

4.7. Эцэст нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг баримтлан хууль зүйн дүгнэлт хийсэн.

4.8. Тус шийдвэрээр нэхэмжлэгч компанийн Ашигт малтмалын хайгуулын ХV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Тэнгис констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-020599 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР