Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00824

 

          “Хөх сүлд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01898 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 834 дүгээр магадлалтай,

“Хөх сүлд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            А.Батаад холбогдох           

            Зээлийн гэрээний үүрэгт 1.067.333.701 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 284.732.699 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 92.219.141 төгрөг, бусад зардалд 1.000.000 төгрөг, нийт 1.445.285.542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: “Хөх сүлд групп” ХХК нь А.Батаатай 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээнүүдээр “Хөх сүлд групп” ХХК нь А.Батаад Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 22/2-т байрлах дуусаагүй обьектыг барьж дуусгахад нь бүрэн санхүүжүүлж, “Хөх сүлд групп” ХХК нь барилгыг ашиглалтанд авснаас хойш 15 жилийн хугацаатай, 1 м.кв-ыг 6.5 ам.доллартой тэнцэх дүнгээр түрээслэх, зээлийн гэрээний дагуу барилгыг санхүүжүүлсэн мөнгөн төлбөрт түрээсийн төлбөрийг суутган тооцохоор харилцан тохиролцсон. А.Батаа өрөө төлөхөө баталж уг өдөр өр төлөх баталгааны бичгийг бичиж нотариатчаар гэрчлүүлсэн. 2008 оноос 2010 онуудад манай компани энэ орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн. Барилгыг улсын комисс хүлээж авсны дараа түрээсийг тооцно гэж гэрээнд заасан. 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс байрыг хүлээж авсан ба манай компани 2011 оны 05 дугаар сараас 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулсан. 3 жилийн түрээсийн зардал 624 618 043 төгрөг болж байна. Бид энэ барилгад нийт 855 868 435 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. А.Батаагийн бэлнээр авсан мөнгө нь 8 тохиолдлоор 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 50 000 ам.доллар буюу 57 375 000 төгрөг, 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 245 000 төгрөг, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 33 000 000 төгрөг, 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөг, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 9 000 000 төгрөг, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 350 000 төгрөг, 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 157 970 000 төгрөг болсон. Худалдах-худалдан авах гэрээний дагуу 340 000 ам.доллар 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А.Батаад бэлнээр нь өгсөн. Энэ 340 000 ам.долларыг 2009 онд зээл рүүгээ шилжүүлэхээр тохирсон. Үүнийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Монгол банкны ханш 1 994 төгрөгөөр бодоход 678 113 000 төгрөг болж байна. А.Батаад худалдах-худалдан авах гэрээний дагуу өгсөн болон барилгад оруулсан хөрөнгөө бодоод үзэхэд 1 691 951 735 төгрөг болж байна. Үүнээс түрээсийн зардал 624 618 043 төгрөгийг хасахад 1 067 333 701 төгрөг болно. А.Батаа нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэлгүй, барилгын цахилгааныг таслан түрээслэгч нарыг хөөн гаргасан. Бид уг барилгыг А.Батаагаас түрээслээд давхар өөр байгууллагуудад түрээсэлсэн байсан. Энэ үйлдлээс нь болоод бид тухайн байгууллагуудад түрээсийн төлбөрийг нь буцаан төлсөн. Бид түрээсийн төлбөрт 92 219 141 төгрөгийг 10 гаран түрээслэгчид түрээсийн төлбөрийг нь буцааж олгосон. Барилгад оруулсан хөрөнгө оруулалт 855 868 435 төгрөг, А.Батаагийн 8 удаагийн үйлдлээр авсан 157 970 000 төгрөг, 340 000 ам.доллар буюу 678 113 000 төгрөг, нийт 1 691 951 735 төгрөг болж байна. Үүнээс 3 жилийн түрээсийн төлбөр 624 618 043 төгрөгийг хасахад 1 067 033 701 төгрөг болно. Мөн гэрээний хохиролд уг мөнгө байгууллагын харилцах дансанд байж хамгийн бага хүүгээр буюу жилийн 3 хувийн хүүгээр тооцогдож байсан гэвэл гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөх 1 067 333 702 төгрөгийн жил бүрийн 3 хувийн хүүтэй 8 жилээр тооцоход 284 732 699 төгрөгийг олох ёстой байсан орлогод нэхэмжилсэн. А.Батаагаас гэрээний үүрэгт 1 067 333 702 төгрөг, олох байсан орлого 284 732 699 төгрөг, гэрээгээ зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол 92 219 141 төгрөг, бусад зардал 1 000 000 төгрөг, нийт 1 445 285 542 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Гэрээний үүрэгт 1 445 255 542 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. А.Батаа миний бие анх өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшил газар дээр 7 давхар, подвалтай барилга бариад дотор гадна талыг бүрэн дуусгаж, цонх, тавцан, доторх шаардлагыг дуусгаад мөнгө хүрээгүй. Энэ үед “Хөх сүлд групп” ХХК-ийн захирал н.Оюунбат ирж манайх хөрөнгө оруулалт оруулан, байрыг түрээслэхээр харилцан тохиролцож дээрх гэрээнүүдийг 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. “Хөх сүлд групп” ХХК-ийн захирал улсын комисст хүлээлгэн өгч чадахгүй болохоороо та улсын комисст хүлээлгэн өг гээд 2 жилийн дараа хэлсэн. Та нар давхар дураараа барьсан учраас улсын комисст хүлээлгэн өгөхөд мөнгө хэрэгтэй байна гэхэд “Хөх сүлд групп” ХХК-ийн захирал н.Журамт нь Хятадад хэрэгт ороод цаазлуулах гэж байна, мөнгө төлөх боломжгүй гэсэн. Ингээд би өөрийн өмчлөлийн машин гэх мэт зүйлүүдийг зарж тухайн хэрэгцээт мөнгийг олж барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн. “Хөх сүлд групп” ХХК нь 25 000 000 төгрөгөөр хийх байсан өрлөгийг 40 000 000 төгрөгөөр хийж их хэмжээний мөнгө дундаас нь авсан. н.Дашравдан нь өрлөгийн мөнгөнөөс 15 000 000 төгрөгийг н.Оюунбат хувьдаа авсан гэж хэлсэн өдрөөс хойш би баримтан дээр гарын үсэг зурахаа больсон. Би “Хөх сүлд групп” ХХК-иас болж их зардал гаргасан. 2013 оны 3 дугаар сараас “Хөх сүлд групп” ХХК-ийн захиралтай уулзах хүсэлтээ тавьж 2013 оны 11 дүгээр сард н.Журамттай уулзсан. н.Журамт бидний өр төлбөрийн асуудал дууссан гэж хэлсэн. “Хөх сүлд групп” ХХК нь Рокмон бюлдингээс нүүж ирсэн 2009 оны 9 дүгээр сараас 2014 оны 5 дугаар cap хүртэл түрээсийг 5.5 жилээр 1 м.кв-ыг 6.5 ам.доллараар тооцоход 823 680 ам.доллар надад төлнө. 2011 оны 5 сард улсын комисст хүлээлгэж өгсөн юм. Энэ цагаас бодоход 524 160 ам.долларыг надад өгөх ёстой. Энэ хугацаанд н.Журамт захирал 5 удаа Улаанбаатарт ирсэн ч надтай уулзаагүй. Иймд би 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цахилгааныг нь тасалсан. 2014 оны 8 дугаар cap хүртэл “Хөх сүлд групп” ХХК-ийн зүгээс нэг ч хүн ирж надтай уулзаагүй. “Хөх сүлд групп” ХХК үлдээсэн хөрөнгөө 2015 онд аваад түгжээд явсан. Би өөрөө энэ байшинг онгойлгож орохоос аргагүй болж түгжээг эвдэж орсон. Нотариатын зардлыг би зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоно гэдгээрээ тохиролцсон бол ийм зардал гарахгүй байсан. Би 8 удаа авсан 157 970 000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд зарцуулагдсан. Барилгад тооцож үзэхэд 500 000 000 төгрөг оруулсан байх боломжтой. Би мөнгө төлөхгүй. Харин ч тооцож үзвэл би “Хөх сүлд групп” ХХК-иас авлагатай. “Хөх сүлд групп” ХХК-ийн зүгээс зураг төслийн дагуу баригдсан барилга дээр 1 давхар нэмж барьснаас болж асар их зардал гарсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01898 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч А.Батаагаас 930 824 304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 514 461 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 384 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батаагаас 4 812 072 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 834 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...930 824 304 төгрөг...” гэснийг “...659 375 841 төгрөг...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...4 812 072 төгрөг...” гэснийг “...3 454 829 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хөх сүлд групп" ХХК нэхэмжлэлтэй А.Батаад холбогдох иргэнийг хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 834 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...хариуцагч нь давж заалдах гомдолдоо шүүх 340.000 ам.долларыг 1994.45 төгрөгөөр тооцсон атлаа 449.280 ам.долларыг хариуцагчийн гаргасан тооцоогоор ам.долларыг тооцсон талаар хариуцагч маргаж байх тул 449.280 ам.долларыг 1994.45 төгрөгөөр тооцох нь зүйтэй... гэж үзсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-ийн агуулгатай нийцэхгүй байна. Дээрх хуулийн зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зохицуулалт болно. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Зээлийн гэрээнд заасан зээлийг бүрэн барагдуулж дуусах хүртэл сард нэг кв метрт зургаан доллар тавин цент /6.50 ам.доллар/-ийн түрээсийг төлөх /үүнд НӨАТ багтсан болно/ ба ингэхдээ түрээсийг зээлийн нийт дүнгээс хасах байдлаар тооцох” гэж заасан гэрээний заалтын дагуу сар бүрийн 1-ний өдрийн Монгол банкны зарласан албан ханшаар тооцож суутгаж байсан. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн хангасан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 болон 218 дугаар зүйлийн 218.1-д нийцэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй мөнгөн төлбөрийн харилцаанд хамаарах зохицуулалт байна. Учир нь түрээсийн гэрээний төлбөрийг сар бүрийн эхний өдөр урьдчилан төлнө гэж тохиролцсон төлбөр төлөх ханш нь тухайн үеийн Монгол банкны албан ханшаар тооцогдон суутгагдсан болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...нэхэмжлэгчийн төлөх түрээсийн төлбөрийг багаар буюу 1.390 төгрөгөөр тооцсон нь Монгол банкны хэдэн сарын хэдний өдрийн апбан ханшийг баримталж тооцсон нь тодорхойгүй... гэж дурдсан нь зохиомол тоо болно. Улсын Дээд шүүхээс хүсэх нь: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 834 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдолд: "Хөх сүлд групп" ХХК нь иргэн А.Батаад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн А.Батаа нь Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01898 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн 834 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: "Хариуцагч А.Батаа нь нэхэмжлэгч "Хөх сүлд групп" ХХК-иас 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 57.375.000 төгрөг, 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12.245.000 төгрөг, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 33.000.000 төгрөг, 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөг, 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 9.000.000 төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 11-ны өдөр 1.000.000 төгрөг, 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 350.000 төгрөг, 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 157.970.000 төгрөгийг болон 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 340.000 ам.долларыг хүлээн авсан тухайд маргахгүй байгаа болно. Хариуцагч А.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 тоотод байршилтай контор, гараашийн зориулалттай 1.920 м2 талбайтай, зоортой 7 давхар барилгад нэхэмжлэгч "Хөх сүлд групп" ХХК нь ашиглалт 70.935.802,57 төгрөг, манаач 9.693.900 төгрөг, барилгад 775.239.032,75 төгрөг, нийт 855.868.435 төгрөг зарцуулсан гэж, хариуцагч А.Батаа нь нэхэмжлэгч "Хөх сүлд групп"ХХК-ийг 500.000.000 төгрөг оруулсан байх боломжтой гэж тус тус маргаж байна. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 302 тоот дүгнэлтээр "Хөх сүлд групп" ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтыг 731.576.668 төгрөг гэсэн ба Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын дагуу элэгдлийг тооцон "Хөх сүлд групп" ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтыг 719.359.337 төгрөг байна гэжээ. Нэхэмжлэгч "Хөх сүлд групп" ХХК нь иргэн А.Батаагийн өмчлөлийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг 731.576.668 төгрөгийн хэмжээнд тооцоход татгалзах зүйлгүй гэсэн бөгөөд шинжээч 731.576.668 төгрөг, үүнээс элэгдлийг тооцоход "Хөх сүлд групп" ХХК-ийн хөрөнгө оруулалт 719.359.337 төгрөг гэсэн тул энэ хэмжээнд тооцох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд олох ёстой байсан орлого 284.732.699,69 төгрөг, гэрээгээ зөрчсөнөөс түрээслэгч нарт түрээсийн төлбөрийг буцаан өгсөн хохиролд 92.219.1414,60 төгрөг, бусад зардалд 1.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь үндэслэлтэй. Мөн хариуцагч А.Батаа нь нэхэмжлэгч "Хөх сүлд групп" ХХК-д барилгад оруулсан хөрөнгө оруулалт 719.359.337 төгрөг, бэлнээр зээлсэн 157.970.000 төгрөгийг тус тус буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч А.Батаагийн дээрх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх үүрэг 719.359.337 + 157.970.000 + 678.113.000=1.555.442.337 төгрөг байна. 719.359.337 төгрөг нь "Хөх сүлд групп" ХХК-ийн барилгад оруулсан хөрөнгө оруулалт, 157.970.000 төгрөг нь "Хөх сүлд групп" ХХК-иас авсан мөнгө, 340.000 ам.доллар буюу 678.113.000 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө. Талууд харилцан тохирсон тул хариуцагч А.Батаагийн гүйцэтгэх үүрэг 1.555.442.337 төгрөгөөс нэхэмжлэгч "Хөх сүлд групп" ХХК-ийн 3 жилийн түрээсийн төлбөр 624.618.033 төгрөгийг хасч тооцлоо. Иймд хариуцагч А.Батаагаас 930.824.304 төгрөг гаргуулан "Хөх сүлд групп" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 514.461.239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ" гэжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх 834 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж "Хөх сүлд групп" ХХК-ийн түрээсийн төлбөрт 449.280 ам.доллар буюу 896.066.496 төгрөгийг хасч тооцож хариуцагчаас 659.375.841 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гомдлын агуулга: 1.Нотлох баримтыг буруу үнэлсэн, шинжээчийн дүгнэлтийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй, гаргах боломжгүй бол шүүхийн захирамжаар гаргуулах эрхтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлд дараах материалуудыг хавсаргасан байна. Түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбар, Зээлийн гэрээний баталгаажуулсан хуулбар, Өр төлбөрийн баталгааны бичгийн баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн А.Батаагийн барилгад 719.359.337 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэсэн. "Хөх сүлд групп" ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.4, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу барилга барих зөвшөөрөлгүй байна. Үүнээс үзэхэд хэрэв А.Батаагийн барилгыг ашиглалтанд оруулахад гуравдагч этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын гадна талбайн тохижуулалтын ажил, дулаалгын ажил, агааржуулалтын ажил, гадна, дотоод заслын ажил, цонх суулгах ажил, хаалга суулгах ажил, шал тавих ажил, дулааны шугам тавих ажил, лифт суулгах ажил, сантехникийн шугам тавих ажил, цахилгааны шугам тавих ажил, өрөө хоорондын хаана хийх ажил, гадна зам тавих ажил зэрэг ажлуудыг гүйцэтгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан гэх 719.359.337 төгрөгийн хөрөнгө оруулалт нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ тус бүрт заасан гүйцэтгэх ажлын төсвийн задаргаа, "Хөх сүлд групп" ХХК-иас гүйцэтгэгч компанид мөнгө шилжүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдох ёстой. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд хамгийн багадаа 12 туслан гүйцэтгэгч компани байх бөгөөд агааржуулалт, сантехник, цахилгаан, дулаан, лифт суулгах зэрэг ажлууд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 40.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэжээ. 25 дугаар зүйлийн 25.2.2-т "Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" 44 дүгээр зүйлийн 44.2-т "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө" Дээрх хуулийн заалтуудыг Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 сарын 24-ний өдрийн 263 тоот "ИХШХШТХуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолд тодорхой тайлбарласан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийн тухай" 21 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн 2.2.4-т “Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан, шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдсан эсэх, шүүхээс тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг шүүх дүгнэлтэндээ тусгасан байвал зохино" гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.555.442.337 төгрөгийг иргэн А.Батаагийн барилгад хөрөнгө оруулсан, барилгын ажил гүйцэтгэсэн, бусдаар гүйцэтгүүлсэн гэдгийг нотолсон ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр тооцооны анхан шатны санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон санхүүгийн баримт байхгүй, мөн шүүхийн архиваас хэргийг хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн 2008 онд баригдсан барилгын тооцоог 2015 оны барилгын материалын үнэ ханшаар тооцож гаргасан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг туйлын үнэн гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ нотлох баримтгүй, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байхад гэрээ, санхүүгийн баримтаар нотлогдоогүй шинжээчийн дүгнэлтэд хамаарах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн барилгыг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1-1/01 тоот үүсгэн байгуулагчийн шийдвэрээр оршин суугаа хаягийг өөрчлөх шийдвэр гаргаж Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Хөх сүлд билдинг барилга гэж шинэ хаягийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүх түрээсийг 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсон нь нэхэмжлэгч хариуцагчийн байрыг 346 хоног үнэ төлбөргүй ашиглаж, 143.936 ам.доллар буюу 287.073.155,2 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг нэхэмжлэгч талд олгож хариуцагчийг хохироосон. Хэрэв шүүх үүсгэн байгуулагчийн шийдвэрийг нотлох баримтын хэмжээнд зөв үнэлсэн бол нэхэмжлэгч нь иргэн А.Батаад барилга ашигласны төлөө 912.691.188,2 төгрөг төлөхөөр байна. Үүнээс үзэхэд шүүгч нь хэрэгт цугларсан материалыг судлан шинжлэх, шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч 2010 оны 7 сарын 21-ний өдрөөс эхэлж иргэн А.Батаагийн барилгыг түрээсэлснийг нотолсон нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нэхэмжлэгчийн иргэн А.Батаагийн барилгад оруулсан гэх 1.555.442.337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээдээр ажил гүйцэтгүүлсэн гэрээ, төлбөр тооцоо хийсэн тухай санхүүгийн анхан шатны баримт зэрэг нотлох баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хэргийг шударгаар шийдвэрлээгүй, илт нэг талыг баримталсан байна. 2.Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэжээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг хэргийн нотлох баримт хийгээд үйл баримт, түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэхийг хэлнэ. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуульд заасны дагуу хэргийг зөвхөн гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхийн нотлох баримтыг зохих ёсоор үнэлэхгүй орхих, нотлох баримтыг буруу үнэлэх, шинжээчийн дүгнэлтийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж дүгнэх, нотлох баримтгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх зэрэг алдаануудыг засаж залруулахгүй зөвхөн гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь харагдаж байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нотолсон нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар давхар нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан нь тодорхойгүй, шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдаагүй шинжээчийн дүгнэлтэнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгч нотлох баримт гаргаагүй, үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, мөн хэргийг бүхэлд нь хянаагүй буюу зөвхөн давж заалдах шатны гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэжээ.

         ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК нь хариуцагч А.Батаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 067 333 701 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 284 732 699 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 92 219 141 төгрөг, бусад зардал 1 000 000 төгрөг, нийт 1 445 285 542 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Хөх сүлд групп” ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй хохирол учруулсан, зээлийн болон түрээсийн гэрээг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн байна.

Талуудын хооронд 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээгээр А.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 22/2 тоотод байрлах барилгыг барьж дуусгахад бүрэн санхүүжүүлэн мөнгө зээлэхээр, түрээсийн гэрээгээр дээрх барилгыг улсын комисс хүлээн авсан өдрөөс зээлдүүлэгч нь 15 жилийн хугацаанд нэг метр квадратыг 6,5 ам.доллараар бүхэлд нь түрээсэлж, түрээсийн төлбөрөөс барилгын санхүүжилтийн зээлийг  тооцон суутгахаар тохирсон байна. Харин “Хөх сүлд групп” ХХК нь А.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж, 1/1Б тоотын гараашийн зориулалттай, 526 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 800 000 ам.доллараар авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /xx-26-34,39-46/

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Батаад худалдах, худалдан авах гэрээний дагуу 340 000 ам.доллар бэлнээр өгсөн, мөн 8 удаагийн үйлдлээр 157 000 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 449 280 ам.доллар төлсөн талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгчийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, 157 000 000 төгрөгийг барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд зарцуулсан тул буцаан төлөхгүй, түрээсийн төлбөрийг тооцож эхлэх хугацаа, америк долларын ханшны талаар маргасан байна.

А.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 22/2 тоотод байрлах 7 давхар барилгыг барьж дуусгахад нийт 855 868 435 төгрөг зарцуулсан гэсэн нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК-ийн гаргасан тооцоог хариуцагч А.Батаа зөвшөөрөөгүй тул шүүх Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэж нэхэмжлэгчийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг 719 359 337 төгрөг гэж тооцсоныг буруутгах боломжгүй, зохигчдоос дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх оффисын барилгыг улсын комиссын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 114/2011 тоот актаар  ашиглалтад оруулсан, гэрээний 2.1-д түрээсийн гэрээний хугацааг уг барилгыг улсын комисс хүлээн авч ашиглаж эзэмшихийг зөвшөөрсөн өдрөөс эхлэн 15 жил эзэмшихээр тохиролцсон байх тул түрээсийн төлбөрийг 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн. Түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Хөх сүлд групп” ХХК нь А.Батаад 449 280 ам.доллар төлсөн хэмжээнд түрээсийн төлбөрийг тооцож, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

   Нэхэмжлэгчийг 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дээрх барилгыг эзэмшиж түрээсэлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Харин “Хөх сүлд групп” ХХК нь иргэн А.Батаагийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж 1/1б тоот хаягт байрлах барилгыг 800 000 ам.доллараар худалдан авахаар гэрээ хийсэн ч гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт өгсөн 340 000 ам.долларыг А.Батаа буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг  Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч А.Батаа нь нэхэмжлэгчээс бэлнээр авсан 157 970 000 төгрөгийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд зарцуулсан, буцаан төлөх үндэслэлгүй тухайгаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас энэ мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой орлого буюу хохиролд 284 732 699 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 92 219 141 төгрөг, бусад зардал 1 000 000 төгрөг гаргуулах тухай хэсэг нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хуульд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч А.Батаагийн гүйцэтгэх үүрэгт нэхэмжлэгчийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтад 719 359 337 төгрөг, бэлнээр авсан 157 970 000 төгрөг, 340 000 ам.доллар буюу 678 113 000 төгрөгийг тооцож, үүнээс “Хөх сүлд групп” ХХК-ийн түрээсийн төлбөрт төлөх ёстой төлбөр 624 618 033 төгрөгийг хасч, хариуцагчаас 930 824 304 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.Батаагийн давж заалдах журмаар гаргасан“...340 000 ам.долларыг 1994.45 төгрөгөөр тооцсон, харин түрээсийн төлбөрт төлөх 449 280 ам.долларын ханшийг нэхэмжлэгчийн гаргасан тооцоогоор тооцсон” тухай гомдлыг хангаж, 449 280 ам.долларыг 1994.45 ам.доллараар тооцох нь зүйтэй гэж дүгнэн, хариуцагчаас 659 375 841 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 834 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Нэхэмжлэгч “Хөх сүлд групп” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 1.515.200 /нэг сая таван зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч А.Батаагийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 3.455.000 /гурван сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                       ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН