Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0453

Улаанбаатар хот

Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Байгалмаа нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Байгалмааг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 7.112.460 /Долоон сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Байгалмаад олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан “1.509.500 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Уг хуулийн заалт нь төрийн албан хаагчийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад, албан ажлын шаардлагаар, өөртэй нь тохиролцсон гэсэн 3 шаардлагыг хангасан байх ёстой гэжээ.

а/. Д.Байгалмаа нь 2013 оны 03 дугаар сарын 01-нээс Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажилласан. Ажиллах хугацаандаа боловсрол соёлын байгууллагын үйл ажиллагааг бодлогоор зохицуулах ажлыг хангалтгүй гүйцэтгэж ирсэн гэж үзээд ажил албан тушаалаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөхдөө аймгийн Засаг даргатай:

1. Тэтгэвэрт гарах хүртэлх хугацаандаа урьд авч байсан цалинг бууруулахгүй байх

2. Боловсрол, соёл, урлагийн газарт үргэлжлүүлэн ажиллах гэсэн 2 нөхцөлөөр тохиролцсон.

Иймд дээрх нөхцөлөөр Засаг даргатай харилцан тохиролцсон тул албан ёсоор бичгээр баталгаажуулаагүй бөгөөд Д.Байгалмааг ажлаас чөлөөлж Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн. Аймгийн Засаг даргатай тохиролцсоны дагуу Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дүгээр сарын 07 ны өдрөөс Д.Байгалмааг “Соёлын өв хариуцсан мэргэжилтэн” ээр томилсон байна. Тухайн үед оны сүүлч болсон Боловсрол, соёл, урлагийн газрын хувьд нэмэгдүүлсэн цалингийн эх үүсвэр байгаагүй тул 2017 он гаргаад цалингийн зөрүүг олгох талаар зохицуулж эхний удаад ажлаар хангасан. Байгалмаа нь 2016 оны 11 дүгээр сард Боловсрол, соёл, урлагийн газрын даргад ажилд орох тухай өргөдөл гаргаж байсан ба энэ Засаг даргатай тохиролцсоны нотолгоо юм. /Өргөдөл нь хэргийн материалд авагдсан/Д.Байгалмаа нь анхан шатны шүүх дээр хэрэг хянан хэлэлцэж байх хугацаанд эвлэрэх санал тавьсан ба үүнээс бид өмгөөллийн үйлчилгээ авсны 1.500.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж бусад нөхцөлийг зөвшөөрсөн. Харин Д.Байгалмаа өмгөөллийн үйлчилгээний хөлсийг төлөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ гээд шүүх хуралдаанд орсон. Тэгэхээр анх Засаг даргатай тохиролцсон гэдэг нь ч давхар батлагдаж байгаа.

б/. Д.Байгалмаатай Захиргааны актыг гаргахаас өмнөх сонсох ажиллагааг аймгийн Засаг даргыг төлөөлж Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 89991587 дугаартай утсаар холбогдон ярилцаж сонсох ажиллагааг хийсэн болно.

Энэ үед тэтгэвэрт гарахдаа Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан үеийн цалингаар тооцож төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахаар тохиролцсон.

Д.Байгалмаа нь 2018 оны 03 дугаар сард 55 нас буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэх юм. Гэтэл 2016 оны 06 дугаар сард өргөдлөө гаргаснаар Төрийн жинхэнэ албан хаагчид олгох тэтгэвэр нь 2017 оны төсөвт суугдаж ирсэн байгаа. Иймээс бид нэгэнт төсөвт төлөвлөгдөөд ирсэн тэтгэмжийг нь олгохоор тохирсон.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Д.Байгалмаатай тохиролцон өөр ажилд шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуульд өөр зохицуулсан заалт байхгүй тул хуулийн шаардлагад нийцүүлсэн гэж үзэж байгаа

Д.Байгалмаа нь Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж хэрэгжүүлэхдээ удирдлагын хэмжээнд удирдаж оролцдоггүйг байгууллагын албан хаагч нарын хандлагаар тодорхойлж болно.

Мөн 2013-2016 онуудад аймгийн хэмжээний сургалтын амжилт чанар тогтоох, сайжруулах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээ аваагүй бөгөөд амжилт, чанар ахисан мэтээр худал тайлбар хийсэн байдаг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад тус аймаг нь 15-аас хойш байранд орж байсан бөгөөд 2016 онд 20 дугаар байранд орсон байх жишээтэй. 2016 оны 10 дугаар сард аймгийн хэмжээний багш нарыг түвшин тогтоох шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн нь Боловсрол, соёлын газраас багш нарын мэргэжил дээшлүүлэх тэднийг чадавхжуулах талаар бодлого төлөвлөлтгүй байсны нотолгоо юм.

Дээрх асуудлыг удирдлагын зүгээс үнэн зөвөөр мэдээлэх, байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгаж иргэдэд хүргэх төрийн байгууллагын тэр дундаа боловсролын байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг хангаж ажиллах чадваргүй гэж үзэн Д.Байгалмааг ажлаас нь чөлөөлсөн.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Байгалмаагаас “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх, тухайн захирамжийн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 9500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.500.000 төгрөг, нийт 1.509.500 төгрөгийг төрөөс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Д.Байгалмааг үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулдаг журамтай.

Хэдийгээр хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамжид хуулийн дээрх заалтыг үндэслэсэн боловч хэрэгт цугларсан болон хариуцагчийн тайлбараар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, ажлын зайлшгүй шаардлага үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн энэ талаар Д.Байгалмаатай тохиролцоогүй нь тогтоогдсон байна.

Иймд энэ талаар “тэтгэвэрт гарах хүртэлх хугацаандаа урьд авч байсан цалинг бууруулахгүй, тус газарт үргэлжлүүлэн ажиллах нөхцөлүүдээр тохиролцсон” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үүнээс гадна хариуцагч албан тушаалтан Д.Байгалмааг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах/-д зааснаар түүнд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах ёстой бөгөөд маргаан бүхий 2016 оны Б/688 дугаар захирамжийн 5 дахь заалтад “Д.Байгалмаатай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн болохыг дурдсан” атлаа тэрээр анхан шатны шүүх хуралдаанд тухайн ажиллагааг хийгээгүй болохоо мэдүүлсэн, Д.Байгалмаатай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 /утсаар санал авах/-д заасан утсаар санал авах ажиллагааг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг хийсэн гэх боловч тухайн ажиллагаанд захиргааны шийдвэр гаргах эрх бүхий этгээд оролцоогүйгээс үзвэл сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 /хуульд үндэслэсэн байх/ зарчимд нийцээгүй, тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө/ дэх хэсгийг баримталсан бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй, мөн энэ нь дангаараа шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн “хариуцагчийн маргаан бүхий захирамжийн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 9.500, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1.500.000, нийт 1.509.000 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР