Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/01860

 

 

 

 

 

 

 

 

 

                               2024           04            09

                               184/ШШ2024/01860

              

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, ХААИС *****-р гудамж, **** тоот хаягт оршин суух, *********** овогт ************** **************** /РД:***************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, Баянхошуу ***-р гудамж, ***** тоот хаягт оршин суух, ****** овогт *********ын **************** /РД:*********/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***** дугаар хороо, ********, *****-р байр, ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ********* **************** /РД:*******/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт барьцааны 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн хохиролд 2,162,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагч Б.****************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.****************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нэхэмжлэл, тайлбартаа:

“...Бидний зүгээс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж 3 сарын хөлс 3,900,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийн хамт 4,900,000 төгрөгийг төлсөн болно. Гэвч тухайн байр халаалт маш муу байсан тул бага насны хүүхэдтэй байхад ихээхэн хүндрэлтэй, мөн нойлын суултуур байнга бөглөрч энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд огт арга хэмжээ авахгүй байсан тул бид харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 cap 9 хоногийн дараа орон сууцыг чөлөөлж гэрээг цуцалсан болно.

Үүний дагуу хариуцагч 3 сарын хөлснөөс байсан хугацааг хасан зөрүү 2,166,000 төгрөгийг надад буцаан төлсөн ч барьцаа 1,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй, одоо миний дуудлагыг авахаа больсон болно. Ажиллагааны явцад ашиглалтын зардлын дэлгэрэнгүй баримтууд ирсэн. СӨХ-ны төлбөргүй. 2023 оны 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 30,765 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 44,324 төгрөг нийт 65,089 төгрөгийг төлөөгүй нь үнэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 934,911 төгрөг болгож багасгаж байна” гэжээ.  

 

2. Хариуцагч, хариуцагч Б.****************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**************** тайлбартаа:

“...Хөлслөгчтэй 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр №2801 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, нотариат дээр гэрчлүүлсэн. Тус гэрээгээр төлбөрийн хэлбэр, хэмжээ, хугацааг 2023.08.31-ний өдрөөс 2024.08.30-ны өдрийг хүртэл 1 жилээр, 1 сарын түрээсийн төлбөрийг 1,300,000 төгрөгийг 3,3 сараар бөөнд нь төлж, хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг хөлслөгч бид авахаар тохиролцсон буюу 2023.08.31-ний өдөр эхний 3 сарын төлбөр 3,900,000 төгрөг болон дэнчингийн 1,000,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн.

Гэрээн дээр нэмэлтээр тусгагдаагүй нөхцөл болох хөлслөгч талын санаачилгаар гэрээний хугацаанаас өмнө түрүүлж гарвал дэнчинд байршуулсан мөнгийг буцаан авахгүй байх зэргээр тохиролцож, 2023.08.31-ний өдөр гэрээний зүйл болох байрны түлхүүрийг гардан авч, байрыг хүлээлцэж, тус Баянзүрх дүүрэг, ****-р хороо, ******* хороолол /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ***** байр, *****тоотын 3 өрөө орон сууцыг түрээслэж эхэлсэн. Гэвч хөлслөгч Ц.**************** нь төрсөн ээжийнх бие хүнд байж байгаад нас нөгчлөө мөн түүний нөхөр нь БНХАУ руу явах болсон тул цаашид танай байрыг түрээслэх боломжгүй болсон гэдэг шалтгааныг ярих болж 2023.10.09-ний өдөр амьдарч байсан манай байрнаас бүх эд хогшил, эд зүйлээ авч орхин гарсан.

Явах үед нь бид амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг нь суутган авч, үлдсэн зөрүү дүн болох 2,166,000 төгрөгийг нь Ц.****************д шилжүүлсэн. Үүн дээр **************** маргадаггүй. Нэхэмжлэгчийг амьдарч байх хугацаанд түүний ээж нь нас барсан. Тухайн байранд ажил явдлыг зохион байгуулсан байсан. Энэ талаар СӨХ-оос надад хэлсэн. Олон хүн цугларч нойлын почкиг эвдэлсэн байсан. Түүнтэй холбоотой ус алдсан бөгөөд дахин дахин сангийн дуудлага өгсөн байсан. Нэхэмжлэгч энэ төлбөрүүдээ төлөөгүй, түлхүүр хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгчийг явсны дараа хаалганы бариул сольж нойлын почки шинээр суурилуулсан. Нийтдээ 1,100,000 төгрөгийн төлбөр надаас гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

3. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Түрээслэгчийг амьдарч байх хугацаандаа төлөөгүй үлдээсэн төлбөрүүдийг би өөрөө Төрийн банкинд төлсөн. Амьдран суух хугацаанд 215,842.44 төгрөгийн байр, СӨХ, тогны мөнгө гарсан. Тухайн байрны почки, суултуурыг эвдэлж шинээр солихоос аргагүйд хүргэсэн, хаалганы цоож сольсон. Энэ төлбөр болон ашиглалтын зардлууд нь нийтдээ 1,100,000 төгрөг болсон. Нэхэмжлэгчид манай байрыг түрээслэх эсэхээ сайн бодоод шийдээрэй гэхэд сар гаран үзэж явж байгаад манай байрыг түрээсэлсэн. Танай байранд засвар хийгээд өөрсдөө оръё. Хугацаанаасаа өмнө гарвал барьцаанд өгсөн мөнгийг буцааж авахгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч бид хоёр зуучлагчаар дамжуулан харилцсан. Нийтдээ төлөгдөөгүй төлбөрүүд болон ашиглалтын зардалд 1,100,000 төгрөг дээр дэнчингийн мөнгө гээд нийт 2,060,944 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа:

“...Уг байр нь хуучин байр байсан учраас мараалын элэгдэлд орсон байсан. Нэхэмжлэгч энэ байранд 1 сар 9 хоногийн хугацаанд амьдарсан. Тиймээс мараалын элэгдэлд орлоо гэж хариуцагч дэгсдүүлсэн зүйл ярьсан байдаг. Талуудын хооронд шүүхэд санаатайгаар худал мэдүүлэг, нотлох баримт өгөх нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Хариуцагч тал сөрөг шаардлагаа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд.

5.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц хөлслөх гэрээний хуулбар, Итгэмжлэл, Хариу тайлбар.

 

5.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, хариу тайлбар, Төрийн банкны баримт, Дансны хуулга, фото зургууд, Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 47,923 төгрөг төлсөн баримт, Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны дансны хуулга, орлогын баримт,

 

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт – Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын албан бичиг, төлбөрийн тооцооны дэлгэрэнгүй тайлан, Мөнх хаан СӨХ-ны албан бичиг, Дансны хуулга, УБЦТС-ний хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.****************ос хариуцагч Б.****************, Б.**************** нарт холбогдуулан гаргасан 1,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,162,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Түрээсийн байр нь халаалт муу, нойлын асуудалтай байсан учраас хугацанаасаа өмнө байраа сулалж өгсөн. Барьцаа төлбөр 1,000,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэгч тайлбарласан, тухайн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ашиглалтын төлбөрийг төлөөгүй, хугацаанаас өмнө гэрээгээ цуцалсан, зарим эд хогшилыг эвдэлсэн учраас өөр эд зүйлээр сольсон төлбөрийг нэхэмжилнэ” гэж хариуцагч тал тайлбарлан сөрөг шаардлага гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг судлахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2801 дугаартай “орон сууц хөлслөх” гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд “...хөлслүүлэгч тал өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *****р хороо, ******* хороолол /13374/ Манлайбаатар дамдинсүрэн гудамж ***** байр, ***** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 70.63 м.кв талбайтай, 3 өрөө гал тогооны тавилгатай орон сууцыг хөлслөгчид орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, сарын 1,300,000 төгрөгийн хөлс төлөхөөр, эхний 3 сарын төлбөр 3,900,00 төгрөгийг, дэнчингийн 1,000,000 төгрөгийг төлсөн, орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлнэ” гэж харилцан тохиролцсон байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүсчээ..

 

Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох Б.****************, Б.**************** нар өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ****-р хороо, ******-р хороолол /13374/ Манлайбаатар дамдинсүрэн гудамж **** байр, ******тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 70.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хөлслөгчид орон сууцны зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох Ц.**************** эхний 3 сарын түрээсийн төлбөрт 3,900,000 төгрөг төлсөн, барьцаанд байршуулсан 1,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.

 

5. Түүнчлэн нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзсан хүсэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд орон сууц хөлслүүлэгч нь хөлсөлсөн хугацааны төлбөрийг суутган үлдэх төлбөрийг буцаан өгсөн, орон сууц хөлслөгч нь орон сууцыг чөлөөлж өгсөн байх бөгөөд талуудын маргааны зүйл нь дэнчингийн 1,000,000 төгрөг, хөлсөлж байх хугацаанд эд хогшил эвдсэн, хэрэглээний зардал төлөөгүй хохирол учруулсан гэх асуудал байна.

 

Орон сууц хөлслөгч нь гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний талууд нэгэн зэрэг орон сууцыг чөлөөлж өгөх, төлбөрийг буцаах үүргийг гүйцэтгэх учиртай. Мөн хуулийн, зүйлийн 205.2.3-т “үүргийн зүйлийн ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу орон сууц хөлслөгч нь гэрээний зүйлийг муутгасан, гэмтээсэн гэх мэт асуудал үүсгэсэн бол мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хөлсөлж суусан орон сууцны доголдлоос болж гэрээнээс татгалзаж байгаа бол, хөлслүүлэгчийн буруугаас гэрээний зүйл гэмтсэн, муудсан, дутсан, устсан бол орон сууц хөлслөгч нь нөхөн төлбөр төлөхгүй байхаар хууль тогтоогч зохицуулсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-т хуульд заасан бусад үндэслэлээр талууд гэрээг цуцалж дуусгавар болгохоор заасан бөгөөд дээрх үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж дуусгавар болжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас ...нойл асуудалтай байсан, ус алддаг байсан, цоож бас эвдэрхий байсныг сольж өгсөн, байр хүйтэн, амьдрахад тухгүй байсан тул гэрээнээс татгалзах саналыг тавьсан, хариуцагч хүлээн зөвшөөрч хөлсөлж суусан хугацааны төлбөрийг 3 сарын төлбөрөөс суутгаад үлдэгдлийг буцааж өгсөн байдаг. Орон сууц хөлслөн сууж байх хугацаанд ажил явдал болсон, тэр үед нойл эвдэрсэн зүйл байхгүй, СӨХ-ны төлбөрийг төлсөн, цахилгааны төлбөрийн үлдэгдэл байна, түүнийг нэхэмжлэлийг шаардлагаас хасч тооцоод шаардлагаа багасгаж байна гэсэн тайлбарыг гаргадаг.

 

Гэтэл хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ...зуучлагчаар дамжуулаад доголдолгүй хөрөнгө буюу орон сууц хөлслүүлсэн, зуучлагч үүнийг гэрчилж мэдүүлдэг, орон сууцыг хүлээлгэж өгөлгүй түлхүүр орхиод явсан байсан, орон сууцны хэрэглээний зардлыг төлөөгүй, эд зүйлийг эвдэж гэмтээсэн гэх тайлбарыг нэхэжмлэгч тал баримтаар үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсний хөлсийг, дэнчингийн мөнгөтэй хариуцагч руу шилжүүлсэн, орон сууцыг 2023 оны 9 сарын 01-ний өдрөөс хөлслөн амьдарч эхэлсэн үйл баримт тодорхой байна. Орон сууцанд ороход доголдол байсан, засаж янзлуулах тухай хүсэлт бичгээр гаргаж байгаагүй үйл баримт тодорхой байна. Тодруулбал, гэрээний зүйл болох орон сууц доголдолтой байсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй болно

 

7. Талуудын хооронд зуучилсан, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх үйл явцыг гэрчлэн мэдүүлсэн гэрч *************** “...************* нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын газар ажилладаг. ****************тэй гэрээ байгуулсан, миний үүрэг бол байранд түрээслэгч олж өгөх. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг холбон зуучилсан, анх гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрийг 1,400,000 төгрөг гэж байсан, ****************о байртай танилцаад ханын обой таалагдахгүй байна, би өөрөө сольё, түрээсээ 1,300,000 төгрөгөө тохиръё гээд орсон, барьцаа төлбөрийг гэрээний хугацаанаас өмнө байрнаас гарвал буцааж авахгүй гэдэг нэмэлт нөхцөл оруулна гэж ярьж байсан. Барьцаа мөнгө өгөхгүй байна гэсэн. Нойлын почкины таг, усны мөнгө, хаалганы бариул зэргийг эвдсэн байна, янзалчихвал таны барьцаа мөнгийг шилжүүлж болно гэсэн. Гэтэл **************** нь янзалж өгөлгүй явсан, байрны эзэн нь эвдэрсэн эд хогшлыг засаж, тог, ус, СӨХ төлбөрийг төлж дараагийн түрээслэгчийг оруулсан. Байр хүлээж авахад ханын обой, нойлын суултуур эвдэрсэн, урагдсан, гал тогооны хэсэг, хаалганы бариул эвдэрсэн байдалтай, байр муухай болсон, хүлээлцэхэд хүндрэлтэй байсан, **************** нь байрны түлхүүрийг жижүүрт үлдээгээд явчихсан, тэдний эд зүйлсийг нэг өрөөнд хурааж дараагийн түрээслэгчийг оруулсан. Дараагийн түрээслэгчийг оруулахад би тэнд байсан юм. Анх гэрээ байгуулагдаад Солонгыг байранд ороход эвдрэл гэмтэл байгаагүй” гэх мэдүүлгээс харахад талууд харилцан тохиролцож Орон сууц хөлслөх гэрээний дагуу нэг талаас хөлслүүлэх орон сууцыг эзэмшилд шилжүүлсэн, нөгөө тал хүлээн авсан, эзэмшиж байсан, гэрээний зүйл доголдолгүй байсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

Тодруулбал, хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлсэн байх ба хөлслөгч нь мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасны дагуу эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээсэн байна.    

 

8. Дээр дүгнэсэнчлэн доголдолгүй эд хөрөнгө буюу орон сууцыг хөлсөлсөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа ердийн элэгдэл, хорогдлыг тооцохгүйгээр тухайн гэрээний зүйл буюу орон сууцыг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, хариуцагч нь төлбөр мөнгийг буюу барьцааны 1,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй болно. Энэ үүргийн хүрээнд хэн аль нь шаардах эрхтэй.

 

Дээрх шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч тал барьцааны 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч ...бүрэн бүтэн орон сууц хөлслүүлэхээр шилжүүлсэн, гарахдаа нойлын суултуур, хаалганы бариул эвдсэн, тог, ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй тул барьцааны мөнгийг буцаан өгөх боломжгүй, нэмэлт зардал ч гарсан, шинээр нойлын суултуур худалдан авч тавьсан, хаалганы бариул сольсон, хэрэглээний зардлыг төлсөн тул 2,060,842.44 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн сөрөг шаардлага гаргасан.

 

9. Хариуцагч тал сөрөг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч амьдран суух хугацааны байр, СӨХ, тог, ус, дулааны төлбөр 215,842.44 төгрөгийг төлөөгүй байсныг би төлсөн, нойлын почки, суултуур эвдсэн, шинээр сольсоны зардал төлбөр 665,000 төгрөг, хаалганы цоож гол солиулсны зардал төлбөр 180,000 төгрөг, байрнаас хугацаанаас өмнө гарвал 1,000,000 төгрөгийн барьцаа, дэнчин бидэнд төлөх ёстой гэсэн үүргийн хүрээнд нэхэмжилж байгаа гэдэг.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 сарын 31-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний 3.4-т “...хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна” гэж, 5.3-т “...Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэргийн төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч нь ...хэрэглээний зардлаас 65,089 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч баримтаар нотлоогүй. Харин хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн Төрийн банкны БЗД-ийн *****-р хороо, ******-р хороолол, ***** байр,***** тоотын цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр, байрны төлбөр нийт 295,842 төгрөгийн төлбөрийн тооцоо 2023 оны 10 сарын 10-нд хийгдсэн баримтаар нэхэмжлэгч Ц.**************** байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Талууд 1 сар 9 хоногийн хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрийг суутгаж зөрүүг буцаан олгосон талаар маргаагүй бөгөөд хариуцагч мөн энэ хугацааны хэрэглээний зардлыг тооцон 215,842.44 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлж барагдуулан хохирсон гэх шаардлага, мөн нэхэмжлэгч талаас ...орон сууцыг, эд хогшлын бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэх тайлбараа болон хариуцагч талын ...эвдэрсэн эд зүйлийг сольсон, худалдаж авсан гэх тайлбар, холбогдох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож үгүйсгээгүй тул эд хогшлын үнэ шаардсан шаардлага тус тус үндэслэл бүхий хэдий ч дэнчингийн мөнгөөр хохирлоо барагдуулсан тул давхардуулан шаардсан нь,

 

Мөн орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болговол барьцаа 1,000,000 төгрөг өгнө гэх, эсхүл дэнчин 1,000,000 төгрөгийг буцаан авахгүй гэх үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрээгээр нотлогдогүй байх тул нэмэлт барьцаа төлбөр шаардсан нь тус тус үндэслэлгүй.

 

10. Эцэст нь дүгнэхэд хариуцагч талын сөрөг шаардлагас 1,000,000 төгрөгийн хувьд орон сууц хөлслөх гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал үүргээ зөрчсөн үндэслэлээр хохирол, төлбөрт тооцогдох бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгч дэнчингийн 1,000,000 төгрөгийг шаардсан шаардлага үндэслэлгүй болно. Түүнчлэн хариуцагч талын сөрөг шаардлагын хувьд өөрт учирсан хохирлоо дэнчингийн мөнгөнөөс тооцон буцаан өгөх боломжгүй гэх тайлбар, үндэслэл нь хууль болон гэрээнд заасны дагуу байх тул дахин давхардуулан хохирол шаардсан нь, нэмэлт барьцаа төлбөр шаардсан нь хуулийн үндэслэлгүй, шаардах эрхгүй гэж үзлээ.   

 

11. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй, мөн шаардах эрхгүй үндэслэлээр Ц.****************ос Б.****************, Б.**************** нарт холбогдуулан гаргасан, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож, тэдний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.****************ос хариуцагч Б.****************, Б.**************** нарт холбогдуулан гаргасан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,060,842.44 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 47,923 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ