| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 168/2021/0228/Э |
| Дугаар | 2021/ДШМ/44 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/44
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Прокурор С.Алтай
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцэл, хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2121000100211 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ******* овогт *******ын *******. Урьд:
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, ******* овогт *******ийн *******. Урьд:
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бүлэглэн “Тоёота Приус-30” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13 500 000 төгрөгөөр *******д худалдахдаа манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирдэг хүмүүс юм аа, бид хоёр гаднаас банк бусаар дамжуулж олон машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больчихсон зэргээр төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, бусдыг төөрөгдөлд оруулж залиласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаар цагаатгах тогтоолоор:
- Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******, Н.******* нарыг цагаатгаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч *******гийн 9 000 000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, ******* нь дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, *******д 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц *******, ******* нарт буцаан олгож, ... шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Эрүүгийн хэрэгт хохирогч *******гийн “2019.12.11-ний өдөр ******* гэдэг эмэгтэй надад зарах гэж байгаа Приус-30 маркийн ДОА улсын дугаартай хар өнгийн машинтай ирсэн юм. Машинд нь орж суугаад машин чинь надад таалагдаж байна. Авмаар байна гэж хэлээд удаагүй байхад нөхөр *******ыг утсаараа дуудсан юм. Тэрээр “Бид хоёр машины ченж хийдэг юм. Японоос машин оруулж ирдэг, манай ах гаалийн байцаагч хийдэг. Гааль дээр хоёр машин буучихсан байгаа. Тэр хоёр машины татварыг төлөх гэсэн мөнгө дутаад байна. Энэ машинаа хувь лизингээр зарах гэж байгаа юм. Та 5,0 сая төгрөгийг бэлэн өгчих, үлдэгдэл мөнгөнд нь хувь лизинг хийе” гэж хэлсэн. ******* надтай уулзаж байхад гар утас нь зогсоо зайгүй дугарч, утсаар хүнтэй ярихдаа одоохон эгчээ гэх мэтээр хариулж байсныг санахад өрнүүд нь нэхэгдээд байсан гэж одоо бодоод байгаа юм. Тухайн үед гадаа нар жаргаж байсан болохоор маргааш өдөр машиныг нь худалдаж авахаар болоод салсан юм. Тухайн үед Приус-11 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон болохоор үлдэгдэл мөнгөний зөрүүнд буюу 5 сая төгрөгөөр бодоод авчих гэж хэлсэн чинь ******* 4 500 000 төгрөгөнд бодож авна гэсэн. ******* ярихдаа бид хоёр машины ченж учраас таны машиныг Улаанбаатар хотод очоод зарчихна. Үлдэгдэг 3 500 000 төгрөгөнд хувь лизинг хийхээр болж салсан юм. Ингээд маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед гар утсаар ярилцаж байгаад Ган хэрлэн зочид буудлын кофе шопт орж машин авах талаараа ярилцаж тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тэр хоёр надтай уулзахдаа танд машин зарахаас өмнө Приус-20, аква машин хоёр зарсан гэж хэлж олон бичигт баримт, гэрээнүүд харуулаад байсан болохоор үнэнгээсээ л машины ченжүүд юм байна гэж ойлгосон юм. Тэгээд би *******ын Хаан банкны данс руу 5 сая төгрөг шилжүүлж, өөрийнхөө приус-11 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн *******ын нэр дээр 51 дүгээр байрны нотариатаар бусдад худалдах итгэмжлэл хийж өгсөн. Худалдаж авсан машинаа өөрийнхөө нэр дээр яаж шилжүүлж авах юм бэ гэж хэлсэн. Машин худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь сайн шалгаагүй бөгөөд надад хэлэхдээ энэ машиныг сая Японоос оруулж ирсэн. Гаднаас оруулж ирж байгаа машинууд бүгдээрээ банк бусаар дамжиж орж ирдэг юм гэж хэлэхээр нь тийм л юм байлгүй гэж бодоод тоогоогүй юм. Хоёр хоногийн дараа машинаа цэвэрлэж байхдаа тээврийн хэрэгслийн даатгалыг харсан чинь ийн гэдэг хүний нэр дээр байсан болохоор шууд ******* руу залгаад энэ машин чинь та хоёрын нэр дээр байдаггүй юм байна. гэдэг хүний нэр дээр байна шүү дээ гэж хэлсэн чинь та санаа зовсоны хэрэггүй наад асуудлыг чинь 7 хоногийн дараа шийдээд таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний өөрийн Приус-11 маркийн машиныг фейсбүүк дээр хувь лизингээр зарна гэж тавьсан байсан. Энэ өдрөө Матад сумын буюу гэдэг хүнд 5 200 000 төгрөгөөр зарсан болохыг нь сүүлд худалдаж авсан хүнээс нь сонссон юм. Ингээд хугацаа заасан 7 хоног нь өнгөрсөн учраас ******* руу залгаж асуусан чинь “эгчээ удахгүй. Ажил амжихгүй байна. Та санаа зоволтгүй унаад байж бай” гэдэг байсан. Тэр хоёр төлбөрөө хийгээгүй болохоор банк бусаас бүр хурааж аваад зарчихсан юм. Машин хурааж авч байх үед *******, ******* хоёр утсаа авахгүй байсан. Ингээд машингүй болсон. Хүний нэр дээр уг машин байсан болохоор үлдэгдэл мөнгийг чинь төлөхгүй. Миний нэр дээр шилжүүлэх юм бол бүх мөнгийг чинь бэлнээр өгнө гэж хэлж байсан. Сүүлдээ бүр аргаа бараад та хоёр банк бусад үлдэгдэл мөнгийг нь төлөөд дуусгачих. Би та хоёрын мөнгийг бүрэн төлж дуусгана гэж хэлсэн боловч төлөхгүй байсаар машиныг хураалгуулсан. Би хохирол болох 9 500 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч ийн “2019 оны 12 сард ******* гэх хүн нь хувь лизингээр приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зарна 5 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрийг нь та гэрээ хийгээд сар сардаа өгч болно гэхээр нь сонирхсон. Тухайн үед нөхөртэйгээ хамт очиж машиныг нь үзэж байсан. Тэгэхэд ******* нь нөхөртэйгөө хамт ирж байсан ба машиныг нь үзээд өглөө гэрээ хийхээр болсон. Уг машин нь банк бус дээр байсан ба нэрийг нь санахгүй байна. Уг банк бус нь Сити центрийн барилга дотор байсан. Тэгсэн ******* нь би өнөөдөр 500 000 төгрөг зээл хийх гээд байна, түр өгөөч та маргааш төлбөрөөсөө хасчих гэхээр нь манай нөхөр за ах нь та хоёрыг сайн танихгүй 500 000 төгрөгийн араас хөөцөлдөхөөс 5 000 000 төгрөгийн араас хөөцөлдье гээд би өөрийнхөө 542 010 4563, 542 033 3468 гэсэн дансны аль нэгээс нь 4 700 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 10-даар байх *******тай утсаар ярихад ******* буяны ажил гараад Хэнтий аймаг явахаар боллоо 3 хоног яваад ирье тэгээд машинаа шилжүүлье гэсэн. Тэгээд 3 хоног нь өнгөрөөд ярихад ажил арай болоогүй байна, очоод найдвартай гээд байсан. Тэгсэн манай нөхөр манай авсан Приус-30 Сити центрийн гадаа байна чи авах гэж байгаа хүн рүүгээ ярь гэхэд нь би ******* руу ярихад би Улаанбаатар хотод гааль дээрээс машин авах гэж байна, оны сүүл болоод банк бусаар авах болохоор оочер ихтэй байна та хүлээж бай гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Сити центрийн банк бус руу ороод тухайн Приус-30 маркийн машиныг танай дээр банк бус дээр байгаа юм байна, авах боломжтой юу гэхэд тухайн банк бусын ажилтан нь манай дээр банк бус дээр байгаа машиныг давхар дахин өөр иргэн дээр шилжүүлж болохгүй гэж хэлсэн. Уг машин нь *******ын нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан. ******* нь өөрийгөө хувь лизингээр машин зардаг мөн өдөр болгон 2000 төгрөгөөр мөнгө хийх юм бол түрээсээр машин зардаг гэж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Г.ын “Би Тоёота приус-11 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* гэдэг залуугаас 5 200 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед фэйсбүүкээрээ уг машиныг зарна гэсэн байсан болохоор зарын дагуу худалдаж авсан бөгөөд эхлээд 2 500 000 төгрөгийг бэлнээр шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь сар болгон 500 000 төгрөгөөр өгөхөөр болсон. Тухайн үед надад зарахдаа манай эгчийн машин байгаа юмаа ямар нэг асуудал байхгүй. Мөнгө шилжүүлж дуусах юм бол гэрчилгээг нь шилжүүлээд өгчихнө. Би өөрөө унадаг хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулж, гурилаа тараахад ашигладаг машин, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл мөнгийг шилжүүлж дуусгаад гэрчилгээгээ нэр дээр шилжүүлэх гэж *******ын гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан болохоор машины даатгалын дэвтрийн ард гэдэг хүний гар утасны дугаар байсан учраас залгаж машинаа шилжүүлэх гэсэн юмаа. Та хаана байнаа гэж хэлсэн чинь наад машин чинь асуудалтай. Би шилжүүлэхгүй гэж хэлсэн. Ингээд гэдэг эмэгтэйтэй очиж уулзсан чинь миний машин машинаа авмаар байна гэж хэлэхээр нь би машинаа авчраагүй. Мөнгийг нь төлөөд дуусчихсан. Би өгөхгүй ээ. Үнэхээр авмаар байгаа юм бол миний мөнгийг өгөөд ав. Та нотариатаар *******ын нэр дээр шилжүүлчих болохоор өгөхгүй. Би ******* гэдэг хүнтэй л ярина гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг,
Гэрч ий “2020 оны 07 дугаар сарын төлөлтөөс хойш сарын төлөлтийн хугацаа хоцорсон тул тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзсан чинь ******* гэдэг хүнээс гэдэг эмэгтэй худалдаад авчихсан байсан. гэдэг хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарсан болохыг огт мэдээгүй байсан бөгөөд машин хурааж авах үед мэдсэн байсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан болохоор манай захирал хураан авсан байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч ын “Тоёота приус-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сард манай байгууллагын зээлээр 12 250 000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд 2020 оны 08 дугаар сард үндсэн зээлдэгч миний машиныг зарчихсан байна. Би зарсан хүнийг нь хайж ольё гэж хэлсэн юм. Энэ өдрөө надтай яриад гэдэг хүнтэй Бумбат хорооллын урд байна. Хүрээд ирэх үү гэж хэлсэн болохоор менежер ий хамтаар очиж гэдэг хүнтэй уулзахад “би энэ машиныг мөнгөө төлж авсан шүү дээ. Юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхээр нь хэн гэдэг хүнээс авсан талаар асуухад ******* гэдэг хүнээс худалдаж авсан гэсэн.” гэх мэдүүлэг зэрэг болон бичгийн бусад нотлох баримтууд цугларчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Мөн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийвэл залилах гэмт хэргийн бүрдэл хангагддаг.
Шүүгдэгч *******, ******* нар нь “ ” Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан иргэн Р.гийн өмчлөлийн ДОА дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Р.гаас зээлээр худалдан авахаар тохиролцсон байна. Улмаар өөрт нь худалдан борлуулах эрх олгогдоогүй, өөрсдийн өмчлөлийнх биш байхад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн т “өөрийгөө гаалиас машин авч хувь лизингээр зардаг” гэж огт байхгүй зүйлийг бодит мэтээр төөрөгдөлд оруулж тус тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцоод 4 700 000 төгрөгийг өөрийн 5959 124 827 дугаарын дансаар шилжүүлэн авсан байдаг.
Мөн өдрөө *******тай уулзаж “манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирдэг хүмүүс, бид хоёр гаднаас банк бусаар дамжуулж олон машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больсон, танд машин зарахаас өмнө Приус-20, Акуа хоёр машин зарсан гэж хэлж олон бичиг, гэрээнүүд харуулж машины ченж гэж итгүүлж, гаднаас орж ирж байгаа машинууд бүгд банк бусаар дамжиж орж ирдэг гэх мэтээр зохиомол байдлыг бий болгож, төөрөгдөлд оруулж уг машины урьдчилгаа болгож 5,0 сая төгрөг, гийн өмчлөлийн ДОА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг авсан зэрэг үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Түүнчлэн хохирогч гаас авсан урьдчилгаа 5,0 сая төгрөг, ДОА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан мөнгийг Р.д төлж, хохирогчийн өмчлөлд уг машиныг шилжүүлэх боломжтой байхад т машин борлуулах нэрээр авсан урьдчилгаа 4 700 000 төгрөгийг буцаан өгсөн үйлдэл нь анхнаасаа өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх сэдэлттэй байсныг илтгэн харуулж байхад шүүх эдгээр нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр “шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзвэл шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд залилах гэмт хэргийн дээрх үндсэн шинж тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Нөгөөтэйгүүр Улсын дээд шүүхийн 2017.12.08-ны өдрийн 306 дугаартай тогтоолд “Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгодог. Зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй үйлдэл нь дээрх шинжийг агуулж байгаа тул бусдын итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.” гэснээс харахад залилах гэмт хэргийн шинж нь “шүүгдэгчийн хувьд заавал гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа сэдэлттэй” байх явдал биш юм.
Мөн шүүхийн цагаатгах тогтоолд “яллах дүгнэлт үйлдсэн нь яллах үндэслэл болсон нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж няцаагдаж байна гэж шүүх үзлээ.” гэж дүгнэсэн байх боловч хэргийн ямар нотлох баримт эргэлзээ төрүүлж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гадаад улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирж худалдан борлуулдаг үйл ажиллагаа огт эрхэлдэггүй атлаа “Р.гаас уг машиныг зээлээр худалдан авч байгаа, уг машин нь Р.гийн нэр дээр байдаг ба Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа” гэх бодит байдлыг нуун дарагдуулж, харин уг машиныг “Японоос банк бусаар дамжуулж оруулж ирсэн, манай ах гаалийн улсын байцаагч хийдэг, бид хоёр машины ченж хийдэг” зэрэг зохиомол байдлыг бий болгож төөрөгдөлд оруулсан энэ үйлдэлд шүүх дүгнэлт хийлгүйгээр “шүүдэгч *******, ******* нарт хохирогч Б.г залилах санаа сэдэлт зорилго байгаагүй” гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг Иргэний эрх зүйн маргаантай зүйрлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэмт хэрэгтэнд ял завшуулсан нь уг цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Харин тус хэрэгт бичсэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/182 дугаартай прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй, уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорын газарт буцааж хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зөвтгүүлсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорын газарт буцаалгахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогч ******* 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдолдоо: “...Шүүх миний хэлсэн мэдүүлэгт огт дүгнэлт хийгээгүй. *******ын хувьд өмнө нь залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлж байсан хүний хувьд мөн өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хүний хувьд хэрхэн мэдүүлэг өгөхөө сайн мэдэж байгаа байх. Шүүгдэгч нарын хувьд надаас гадна олон хүний мөнгө, эд хөрөнгийг янз бүрийн аргаар аваад сурчихсан, олон хүнд өртэй юм байна лээ. Би энэ хоёрт мөнгө машинаа залилуулчихаад өөрийн хэмжээнд судалж, сураглаж үзэхэд айхтар хүмүүс гэдгийг олон хүмүүс хэлж байсан.
Шүүх “залилангийн гэмт хэрэг гэдэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэх мэт идэвхитэй үйлдэл хийдэг” гэж бичсэн байна. Анх зарын дагуу шүүгдэгч нартай уулзахад өөрсдийгөө машины ценж, олон машин зарж байгаа, гаалиар машин оруулж ирдэг, ах маань гаальд ажилладаг гэх мэтээр намайг үнэмштэл ярьж байсан. Тэр ярианаас би энэ хүмүүсийг машин зардаг юм байна гэж ойлгосон. Надад баахан олон гэрээ харуулаад ийм гэрээ хийдэг юм гээд надтай гэрээ байгуулж байсан. Гэтэл шүүгдэгч нар шүүх хурал дээр ярихдаа өмнө нь машин зарж үзээгүй сайн мэдэхгүй гэх мэтээр ярьж хэлж байсан. Би бодохдоо надад өөрсдийгөө машины ченж гэж хэлж ярьсныг зориудаар зохиомол байдлыг бий болгосон гэж үзэж байна.
Машин зарахдаа банк бус дээр байдаг, гаалиар орж ирдэг бүх машинууд банк бусаар дамждаг гэж хэлж байсан. Түүнээс бус гэдэг хүнээс авсан юм, өдөр бүр бид нар төлж байгаа, төлөлт дуусаад машиныг нь өөрсдийн нэр дээр болгоно, төчнөөн төгрөгний үлдэгдэлтэй, хэдэн сард дуусна, надаас авсан 9 500 000 төгрөгийг төлөөд төд үлдэнэ, тэгээд үлдэгдэл мөнгийг ийм аргаар олж төлсөн гэж үзэж байгаа юм уу. Үгүй шүү дээ Приус-30 машин нь *******, ******* хоёрын өмчийн машин биш шүү дээ.
Би энгийн хүний хувьд ойлгохдоо залилангийн хэрэг нь хүнд итгэсэн итгэл дээр нь тоглож, мөнгө, эд хөрөнгийг нь авчихаад дараа нь хүнийг хайрлах, өрөвдөх сэтгэлгүйгээр хандах явдал гэж ойлгодог. *******, ******* хоёрыг Бумбат хотхоны ард супермаркет ажиллуулдаг гэдгийг олж мэдсэн. Тэр хоёр үнэхээр миний мөнгө, машиныг залилая гэж бодоогүй бол энэ 2 жил гаруйн хугацаанд бага багаар ч хамаагүй миний хохирлыг барагдуулах боломж маш их байсан шүү дээ. Зун 8 сард 500 000 төгрөг өгөөд өөр мөнгө огт өгөөгүй. Гэтэл өөрсдөө дэлгүүр ажиллуулаад, машин унаад дутагдах гачигдах юмгүй яваад л байдаг.
Дахин хэлэхэд шүүгч үнэхээр хайнга хандаж энэ хэргийг дэнсэлсэн. Намайг зээлийн гэрээ хийсэн, өмнө нь шүүхэд хандаж байгаад цагдаад хандсан. Одоо мөнгөө авахын тулд худал зүйл ярьж нэг ёсондоо *******, ******* хоёрыг гүтгэж байгаа мэтээр хандаж байгаад маш их гомдолтой байна. Тэр хоёрын ярьсан бүхнийг л би шүүх цагдаагийн байгууллагад хэлсэн.
Миний хувьд өөрийн хэдэн халтар мөнгийг авахын тулд хүний хэлээгүй зүйлийг ярьсан болгож, хийгээгүй юмыг хийсэн болгож явдаг хүн биш. Би харин ч энэ хоёрыг өрөвдөөд эхлээд цагдаад мэдэгдэхгүйгээр иргэний шүүхэд хандсан. Гэтэл энэ хоёрт намайг гэсэн сэтгэл байгаагүй, миний мөнгийг өгье гэж огт хичээгээгүй. Хүн намайг хайрлаагүй байхад би хүнийг хайрлаж, өрөвдмөөргүй санагдаад Цагдаагийн байгууллагад хандсан юм. Би хууль, шүүх, цагдаад хандахаас өмнө энэ хоёрт хандаж миний мөнгийг өгчих гэж зөндөө л гуйж байсан. Даанч энэ хоёр өчүүхэн ч сэтгэл гаргаагүй. Би түүнд нь маш их гомдож явдаг. Өөрийн унах унаагаа өгчихөөд, арай гэж цуглуулсан хэдэн төгрөгөө дээрээс нь нэмж өгчихөөд 2 жил гаруйн хугацаанд хохироод явж байна. Гэр бүлдээ загнуулж, хүнд итгэмтгий, гэнэн, тэнэгээрээ гайхагдаж, сэтгэл санаагаар шаналж, зовж, эд хөрөнгөөрөө хохирч явна.
*******, ******* хоёр нь Приус-30 машиныг надад өгснийхөө дараа хүртэл гэдэг хүнд зарна гэж хэлээд мөнгө авсан байсан. нь намайг бодвол хашир хүн байсан учраас банк бусаас асууж өөрсдийнх нь машин биш гэдгийг мэдээд тэдэнд өгсөн мөнгөө буцааж авсан байсан.
Тухайн үед машины бичиг баримтыг авахад банк бусын нэр дээр байгаа болохоос гэдэг хүний нэр дээр байгаагүй. Машиныг авснаас хойш 2 хоногийн дараа машиныг угааж цэвэрлэж байхад тус машины урд хайрцагнаас даатгалын бичиг баримт гарч ирсэн бөгөөд түүн дээр гэдэг хүний нэр байсан. Ингээд ******* руу яриад асуухад наад хүн чинь манай дүү гэж хэлсэн. Би түүнд хандаж нэг бол машины нэрийг нэн даруй хурдан шилжүүлж өг, үгүй бол миний мөнгө, Приус-11 машиныг буцааж өг гэж хэлсэн. Гэтэл 7 хоногийн дараа машины нэрийг шилжүүлж өгнө, та санаа зовох юмгүй унаад явж бай гэсэн. Тэгээд түүнээс хойш ярих болгонд худлаа ярьж, цээж амрааж ирсэн. Би түүнд хандаж машины нэрийг шилжүүлж өгөхгүй бол би үлдэгдэл мөнгийг сар бүр хийхгүй гэдгээ хэлсэн. Машины нэрийг шилжүүлж өгсний дараа 3 500 000 төгрөгийг бүтнээр нь өгнө гэж хэлсэн. Гэвч машины нэрийг над дээр шилжүүлж өгөх талаар ямарч зүйл хийгээгүй. Энэ байдлууд нь бодит байдлыг буюу гийн нэрээр барьцаанд байсан машин гэдгийг нууж байна гэж үзэхгүй гэж үү.
Шүүгч үнэхээр өнгөцхөн дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх мөн шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ хийхээс өмнө бусдын хөрөнгийг буцааж төлөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэ гэмт хэргийн шинж хангагдана. Гэтэл *******, ******* нарын үйлдэлд залилах гэмт хэргийн дээрх үндсэн шинж тогтоодохгүй байна гэж бичсэн байсан. *******, ******* хоёр надаас Приус-11 маркийн машин, 5 000 000 төгрөг авсан. Ингэж авахдаа ДОА Приус-30 маркийн машиныг өөрсдийн машин гэж өгсөн. Гэтэл тэр машин нь тэд нарын машин биш банк бусын барьцаанд байсан машин болох нь тодорхой болж надаас хурааж авсан. Тэр хоёр миний мөнгө, машиныг авахдаа надад ямар хариу төлбөр төлсөн юм бэ. Ямар хариу төлбөр төлсөн гэж шүүх үзсэн юм бэ. Би маш их гайхаж байна. Банк бусын барьцаанд байсан гийн машиныг надад өгсөн асуудлыг хариу төлбөр төлөөд, хэдэн сар гээд машиныг банк бусаас чөлөөлнө гэх мэтээр нэг ч үг хэлээгүй, нэг ч юм танилцуулаагүй. Машиныг өөрсдийнхөө машин л гэж хэлж байсан.
Тухайн үед Приус-30 машиныг гэдэг хүнийх бөгөөд банк бусад барьцаанд тавьсан гэдгийг би мэдсэн бол хэзээ ч тэдэнд өөрийн Приус-11 машин, 5,0 сая төгрөгөө өгөхгүй байсан. Даанч надад үнэн байдлыг нууж өөрсдийнхөө машин гэдгийг итгүүлж, гаднаас орж ирдэг машин болгон банк бусаар дамжиж ирдэг гэж итгүүлж миний мөнгийг авсан юм.
Анхан шатны шүүх хэргийг өнгөц дүгнэж *******, ******* хоёрыг цагаатгасныг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******, ******* хоёрыг намайг залиласан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч *******, ******* нар нь жирийн л нэг бизнес эрхэлж амжиргаагаа хэний ч хараат бусаар авч явах гэж зээл хийж үйлдвэрлэл үйлчилгээ хийж алдаж, онож, тэмцэж яваа хүүхдүүд юм. Банк санхүүгийн системийн өндөр хүүтэй зээл хүнд суртлаас болж хүний өндөр хүүтэй зээл ч төлдөг. Гурил зуурч, хэрчиж, бууз банш хийж, өглөө оройгүй цөхрөлтгүй ажиллаж амжиргаагаа авч явдаг хүмүүс хохирогч гэх эхэндээ авсан машинаа хураагдангуут л яаж мөнгөө олж авах талаар шүүх цагдаад хандахдаа залиласан гэдэг санааг хуульчаас зөвлөгөө авч гаргаж ирсэн байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхэд д ах гаальд ажилладаг, ченж хийдэг, гааль дээр машин буусан гэж огт яриагүй гэж холбогдогч нар тууштай мэдүүлж тайлбарласан. Өөрсдийнхөө машинаа зарж сайжруулж машин авсан талаар ярьсан ийнхүү төсөөлөн худлаа хэлж байна гэдэг.
Энэ хэргийг шалгахад мөрдөгч бас хэт нэг талыг барьж гийн мэдүүлгийг нотлох баримтыг зүйл бүрээр оролдсон атлаа ******* би эгчтэй нотариат дээр очиход банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа машинд худалдах худалдан авах гэрээг нотариат баталдаггүй гээд гэрээ хийгээгүй гэдэг. Иргэд хоорондоо хувь лизингээр хийсэн гэрээг батална гээд гэрээ хийсэн асуудлыг шалгаагүй. ч нотариат дээр очсоноо үгүйсгэдэггүй. Очсон тухайгаа хэлсэн атлаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг мэдээгүй гэж ярьж зүтгэдэг. Огт худлаа хэлдэг. Цагдаа дээр нэлээн удсаны дараа хэний мэдээллээр гэдэг нь ойлгомжтой гаас эх сурвалж авсан байх, Ууганцэцэг гэгч хүн яг гийн адил, гааль, ченж, хилээр машин оруулдаг гэх мэт огт яриагүй зүйлийн талаар мэдүүлсэн байдаг.
*******, ******* огт тийм зүйл хэлээгүй байхад гийн адил зүйл зохиож хэлж байна гэдэг бол үгсэж хуйвалдсан ойлгомжтой асуудал юм. *******, ******* нар гийн тавьсан зарын дагуу уг машиныг авсан. Тэгэхэд ББСБ г бидэнд хувь хүмүүсийн хооронд гэрээ хийгээд худалдахад хориг тавиагүй. ББСБ-д байгаа машиныхаа зээлийг төлж чадахаа болилоо миний гэрээ жилийн хугацаатай үүнийг үргэлжлүүлээд төлөөд явахад болно гэхэд гаас машиныг авч урьдчилгааг төлөөд сард төлөх мөнгөө төлөх *******, ******* нар д өдөр бүр 30 000 төгрөг төлөөд явахаар тохирч үүргээ гүйцэтгэж байхад *******аас авсан мөнгөө ББСБ-таа төлөхгүй байснаас анх ББСБ дээр очиж гийн машиныг авсан тул ******* нар ББСБ-даа төлж байхаар болж төлж байсан.
Анх гаас 2019 оны 9 сард машин авч байх үед корона өвчин гараагүй байсан ба ******* нар хувиараа бууз баншаа хийж борлуулаад болж байсан учир машинаа дээшлүүлж л гийн машиныг авч байсан тэгээд ч 3 жилийн хугацаад төлөх боломжтой гэж тооцоолсон байсан. Гэтэл борлуулалт муу сард их мөнгө төлж чадахгүй учир Дорнодын ээжүүд сүлжээ группд машин зарна гэхэд , нар холбогдсон. нөхөртэйгөө хөдөөнөөс ирсэн учир авна гээд урьдчилгаагаа хийсэн энэ үед Хэнтий, Улаанбаатар явах ажил гарч энэ хооронд шууд өөрсдийнх нь нэр дээр шилжих боломжгүйг мэдээд наймаа хийхээ болилоо гэхэд авья гэсэн болохоор машинаа өгч гийн өгсөн, өгч авсан урьдчилгааг төлсөн.
бол ББСБ-ын барьцаанд байсныг мэдэж байсан 5 сая төгрөг приус-11 машин үнэ тохирч өгөөд зөрүү мөнгийг нь төлөх гэрээ хийгээд авсан. Машиныг тэр цагаас хойш бүрэн өөрийн эзэмшилд авч унаж, ашиглаж байсан. Даатгалд ч өөрөө даатгуулсан. Энэ хооронд ******* ББСБ-ын зээлийг графикийн дагуу төлж байсан. 2020 оны 07 сард 625 000 төгрөг төлөхөөс 400 000 төгрөг төлөөд 225 000 төгрөг арай төлж амжаагүй байхад ББСБ-ынхан гийн машиныг 2020.08.09-нд саатуулсан. учраа хэлж ******* нар ч ББСБ-д очиж байдлыг хэлсэн тэгээд д машиныг буцааж өгөөд машинаа унаж байсан. Энэ үед гэрээний хугацаа дуусах болоогүй байхад машиныг хурааж ав, би зээлгүй болох хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг ББСБ-д гаргаж, тэнд ажилладаг найз тэй нийлж гаас 2020 оны 09 дүгээр сарын 18-нд машиныг хурааж аваад д өгч заруулсан. гийн эрх ашгийн төлөө ББСБ үйлчилсэн нь тодорхой ба гийн нэр дээрх зээлийг төлөөд явж байсан *******, машиныг авсан нарыг хохироосон асуудал эндээс үүссэн. Ийм асуудлыг гаргаагүй бол хохирохгүй, *******, ******* нар ч ийм асуудалд холбогдохгүй байсан.
“гаас урьдчилгаа 5,0 сая төгрөг, Приус-11 машиныг худалдсан мөнгөө д төлж хохирогчийн өмчлөлд машиныг шилжүүлэх боломжтой байхад т машин борлуулсан нэрээр авсан урьдчилгаа 4 700 000 төгрөгийг буцаан өгсөн үйлдэл нь анхнаасаа өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх сэдэлтэй байсныг илтгэн харуулж байна.” гээд шүүхээс хэрэглэж байсан практикийг ишлэл болгон бичжээ. Энд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөлийн итгэлийг эвдсэн асуудал огт байхгүй хэрэг, асуудал бүхэн адилгүй *******, ******* нарт залилах санаа сэдэл огт байгаагүй гэрээгээр гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Хугацааны хувьд 20 хоногийн зөрчилтэй хугацаа хэтэрсний алдангиа ББСБ зээлдэгчээс авчихна. Асуудал үүсэхээргүй байтал , ББСБ хоёр л үүсгэсэн.
машинаа зарж ББСБ-ын зээлийн үлдэгдлийг төлсөн атлаа зарсан мөнгөнийхөө зөрүүг эсэргүүцэлд бичсэн шиг *******аар төлүүлсэн, *******аас авсан мөнгөнүүдээ төлөх байсан. Энэ гийн залилан мэхэлсэн үйлдэлд мөрдөгч, прокурорын зүгээс залилчихлаа, энэ хүнийг шалгаж өгөөч гээд байхад шалгаагүй. Харин анхан шатны шүүх энэ асуудлыг шалтгаан, цаг хугацаа, хэзээ юунаас болоод ийм байдал үүссэн бэ гэдэгт ул үндэстэй анхаарч шийдсэн гэж үзэж байна. Мөн прокурор прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, хэргийг прокурорын газарт буцаан процессын ажиллагааг зөвтгөхийг хүсжээ. *******гийн гомдол болон прокурорын яллах дүгнэлтийн 1 дэх заалт бол процессын алдаа биш харин үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдсэн явдал юм.
Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх фэйсбүүк дээрээс зар харсан. Урьдчилгаа 5 сая төгрөг аваад приус 30 маркийн машин зарна гэсэн байсан. Би очиж үзээд авахаар тохиролцсон. Маргааш өглөө нь уулзахаар болсон. 5 000 000 төгрөгийг *******ын нэр дээрх банкны данс руу шилжүүлсэн. 51 дүгээр байрны нотариат дээр гэрээгээ баталгаажуулах гэхэд боломжгүй гэж хэлсэн. Ингээд дараа нь машинаа угааж байгаад даатгалын дэвтэр олсон. Тэгэхэд өөр хүний нэр дээр байсан. Би “юун хүн юм бэ” гэж асуухад “манай дүүгийн нэр дээрх машин юм. Олон машин оруулж ирэхэд ингэдэг” гэж тайлбарласан. Би нэг бол машинаа ав, эсвэл нэрээ шилжүүлж өг гэж хэлсэн. Тэгэхэд маргааш, нөгөөдөр, хэдэн хоногийн дараа, сарын дараа гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн байна. Би гийн нэр дээр байгааг мэдсэн бол яагаад ч тухайн машиныг авахгүй байсан. Одоо 2 жилийн хугацаанд намайг хохироож байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Энэ хэргийг шийдвэрлэхдээ гол анхаарах ёстой байсан зүйлсийг орхигдуулсан гэж үзэж байна. *******, ******* нар нь яаж энэ машиныг өөрсөд рүүгээ шилжүүлсэн гэдгийг тогтоох ёстой. Приус 30 маркийн машин нь *******, ******* нарын өмч биш юм. Бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулсан. Өнөөдрийг хүртэл приус 11 маркийн машин ын нэр дээр шилжүүлж чадахгүй байна. Яагаад гэвэл нь гэрээгээ буцаагаад авсан байгаа. Өөрсдийгөө машины ченж гэж худал хэлсэн. Гааль дээр машин хүлээгдэж байна гэж худал хэлсэн. Хуурамч олон гэрээ, гэрчилгээ үзүүлсэн. Энэ бүхэн анхнаасаа илтэд худал, санаатайгаар үйлдсэн үйлдэл гэдэг нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэж хүн фэйсбүүк дээрх зар хараад уулзах хүсэлт тавьсан. Маргааш нь эгчтэй уулзаж учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Ингээд ярилцаж тохиролцоод худалдаж авахаар болсон. Нотариат дээр гэрээ хийх гэсэн боловч ББСБ-ын нэр дээр байгаа машин дээр гэрээ хийх боломжгүй гэж хэлсэн. Гараад Ган Хэрлэн зочид буудлын кофе шопд ярилцаж байгаад приус-11 маркийн машиныг өгөхөөр тохирсон. ББСБ-ын нэр дээр байгааг мэдээгүй гэж хэлж байгаа нь худал юм. Би эгчтэй уулзахдаа “гааль дээр машин байгаа” гэж хэлээгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэдгээ ч хэлсэн. Даатгалын талаар эгч өөрөө сайн мэдэж байгаа. Өөр хүний нэр дээр байсан гэдгийг. Ярьж байгаа зүйлс нь худал юм. Приус 11 машиныг урьдчилгаанд өгсөн нь үнэн. Гэхдээ эгчийн нэр дээр байгаа. Тэр машинаа өөрийн болсон гэж бодож бусдад борлуулсан нь үнэн. Би эгчид 2 сая орчим төгрөг өгсөн. Би өөрөө цаашаа болон ББСБ-аас мөнгөө авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Ямартай ч шүүхэд өгсөн байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн өөрийгөө ченж хүн, гааль дээр шинэ машин байгаа гэж хэлээгүй. *******, ******* нар нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нар юм. Өөрт тулгарсан нөхцөл байдлаа тайлбарлаж хэлсэн. гийн хувьд ББСБ-ын нэр дээр байгаа гэдгээ нотариатын газарт байхдаа мэдсэн. Шууд зээлийг өөрийн нэр дээр болгох хүсэлт гаргасан ч тэр нь боломжгүй болохоор наймаагаа буцаая гэдэг зүйлийг ярьсан байгаа. гийн хувьд сар бүр 280 000 төгрөг төлөхөөр тохирсон. нь өөрөө гэрээнд заасны дагуу төлбөрөө сар бүр төлж явсан бол ямар ч асуудал үүсэхгүй байсан. Ингээд хэвийн төлж яваад 7 дугаар сард 10 хоног хугацаа хэтрүүлсэн чинь гийн унаж байсан машиныг хурааж авсан байгаа. Ингээд нөхцөл байдлаа бүрэн тайлбарлаж хэлсэн. Ингээд 10 дугаар сард нь дахин гийн унаж явсан машиныг нь хурааж авсан. Яасан гэхээр нь би зээлтэй харагдаад байгаа тул бусад газар надад зээл гаргаж өгөхгүй байна. Тиймээс би машинаа зараад танай зээлийг төлмөөр байна гэдэг хүсэлтээ илэрхийлсэн. Энэ дунд ******* илүү хохирсон байдал харагдаж байна. Хувиасаа нийт 9 сая орчим төгрөг төлсөн байдаг. Иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь иргэн гийн нэр дээрх машиныг бусдад худалдах гэж оролдсон. т илтэд худал хэлсэн байсан. Нэг өдөр нэг машиныг хоёр өөр хүнд худалдахаар тохирч мөнгийг нь авч болохгүй биздээ? Яг т хэлсэн зүйлсээ д хэлсэн байдаг. Би машины ченж, манай ах гаалийн байцаагч гэдэг зүйлсийг , нар хэлж мэдүүлдэг шүү дээ. Мөн гийн хувьд 50 сая төгрөгийн асуудлыг маш тодорхой ярьсан. Энэ асуудал өнгөрөөд 2 жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл гаас өгсөн 5 000 000 төгрөг, приус 11 маркийн машин хаана байгаа юм бэ? д байхгүй байна шүү дээ. Үнэхээр эрүүгийн хэрэг үүсч, хэрэг нь шүүхэд шилжсэн учраас сар бүр 500 000 төгрөг өгч эхэлсэн. Хоёр танихгүй хүмүүсийн яриа ингэж нийлнэ гэж байхгүй. гийн өмчлөлийн машин тул ч өмчлөлийн машинаа бусдад худалдсан. Худал хэлсэн нь үнэн. Энэ бол гэрээний эрх зүйн маргаан биш. *******, ******* нарын үйлдэл бүрэн дүүрэн тогтоогдсон. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж чанарыг бүрэн агуулсан байна. Тиймээс шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.
Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/182 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч *******ын *******, *******ийн ******* нарыг бүлэглэн “Тоёота приус-30” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13 500 000 төгрөгөөр *******д худалдахдаа манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирдэг хүмүүс юм аа. Бид хоёр гаднаас банк бусаар дамжуулж олон машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больчихсон зэргээр төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. / 2 дахь хх-ийн 61-67хуудсууд/
Гэвч Прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга ...учруулсан хохирол, ...”-ыг тусгана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч *******д 9 500 000 төгрөгийн хохирол учруулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1 мөн зүйлийн 3, 4 дэх заалттай нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******д хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгагдаагүй байхад шүүх хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн байна.
Иймд Дорнод аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоол үндэслэлтэй эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, 2121000100211 дугаартай *******, ******* нарт холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
З.ЭНХЦЭЦЭГ