Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0528

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Г.Урангуа, А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “И******* тур” ХХК /РД:*******/,

            Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, иргэдийн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “И******* тур“ ХХК-иас “Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И******* тур” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Нэхэмжлэгч И******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 0160746 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2017/083 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучин нэрээр/ хандан хүсэлт гаргасан дагуу Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр И******* ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын МЗХ2017/14-31 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[1], Барилгажих талбайн схем /эскиз/ зураг[2], 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0001392 060/2018 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[3] тус тус баталсан байна.

Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Т.Наас “цэвэр ундны усны дээр барилга барих зөвшөөрөл авсан. Тийм учраас хяналт шалгалт хийж өгнө үү” хэмээх гомдлыг[4] Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргажээ.

Дээрх гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан ...дээрх байршилд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж... хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч, хариуг 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ[5].

Харин Хот байгуулалт, хөгжлийн газраас “И******* тур” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/445 дугаар албан бичгээр “...“И*******” ХХК-д аялал жуулчлалын  цогцолборын зориулалттай барилга барихаар олгосон 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлаар сонсох ажиллагаа хийхээр болсон талаар мэдэгдэн[6], улмаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны 19 дэх асуудлаар И******* ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн, хүчингүй болгосон дүгнэлтийг гаргаж[7], энэ талаарх мэдэгдлийг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 09/535 дугаар албан бичгээр И******* ХХК-нд хүргүүлсэн болно[8].

Энэхүү шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “И*******” ХХК-иас Улаанбаатар хотын Захирагч С.А******* даргад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 03/3 тоот албан бичгээр[9] гомдол гаргахад Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр маргаан бүхий актын талаарх тайлбарыг гомдол гаргагчид хүргүүлжээ.[10]

Улмаар нэхэмжлэгч “И*******” ХХК-иас дээрх шийдвэр болон үйл ажиллагааг эс зөвшөөрч “Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И******* тур” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан.

2.10.Тус шүүхээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4435 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “..."И*******" ХХК нь 2009 оноос хойш Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг стандарт төвтэй болгохын тулд 2015 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажилласан. “Аялал жуулчлалын хөгжлийн төв” барих төслөө тус яаманд танилцуулж, төслийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүрэг, 11 дугаар хороо, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалттай 0.44 га газар ашиглах зөвшөөрлийг 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан. Тус зөвшөөрлийг үндэслэж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан ба архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж барилгын эскиз зураг, барилгын ажил эхлүүлэх зураг зэрэг холбогдох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас гаргуулж авсан.

Төслийг эхлүүлэх явцад Т.Н гэх иргэнээс "И*******" ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар эх зургийг шалгаж хүчингүй болгож өгнө үү. Тухайн газар нь түүх соёлын дурсгалт газарт хамаарч байгаа газар гэх агу******* бүхий гомдлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт ирүүлсэн байдаг.

Уг гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03/405 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байдаг. 

Тус албан бичигт үндэслэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтээр манай компанийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон.

Уг шийдвэрийг бид эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэгдүгээрт, Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын зөвлөл нь маргаан бүхий асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох эрх хэмжээгүй. Учир нь “архитектур төлөвлөлтийн даалгавар” нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахын өмнө эрх бүхий байгууллагаас олгодог шаардлага бөгөөд барилгын зураг төслийн талаар тусгайлсан харилцааг Барилгын тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралт “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ээр тус тус зохицуулж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “зураг төсөл, хайгуул, шинжилгээний актыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах” гэж зааснаар уг чиг үүргийг Улаанбаатар хотын ерөнхий архитектурт олгосон.

Бүр тодруулбал, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.1-д “... нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна” гэж, 3.4-д”Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектур батална” гэж тус тус зааснаар архитектор болох Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга баталж олгодог.

Харин эдгээр эрх зүйн актуудад архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг тусгайлан зохицуулаагүй байх бөгөөд хууль болон хэм хэмжээний актаар Хот байгуулалт, хөгжлийн газрын “Газар, барилгажилт мэргэжлийн зөвлөл”-д ийм чиг үүрэг олгогдоогүй байна.

Тусгайлан зохицуулаагүй байгаа үед аливаа захиргааны актын эрх зүйн үр дагаврыг /хүчингүй болгох эсэх асуудлыг/ түүнийг баталсан байгууллага, албан тушаалтан хариуцдаг байтал “зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр хурлын дүгнэлт нь “И*******” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан эцсийн шийдвэр болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09/535, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дугаар албан бичгүүдээс тодорхой ойлгогдож байна.

Гэтэл тус зөвлөлийн үйл ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны “Дүрэм шинэчлэх, бүрэлдэхүүн батлах тухай” А/609 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ээр зохицуулагдаж байх ба дүрмийн 1.1-д “ ... зөвлөл нь ... асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган, ... Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг  хангахад оршино” гэж, 2.1.3-д “хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж, тохижилтын асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл “зөвлөл” нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш болох нь мөн илэрхий байна.

Иймд зөвлөлийн 2020 оны 04 дүгээр хурлын дүгнэлт нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан “, мөн хуулийн 47.1.6-д ”иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна.

Хоёрдугаарт, Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын дүгнэлт нь ямар ч хууль тогтоомж, холбогдох хэм хэмжээнд үндэслэн гараагүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

Хуульд үндэслэх зарчмын дагуу хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд болон шууд бусаар хөндөж буй аливаа шийдвэр нь  ямагт эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргахад заавал өөрт нь хуулиар эрх олгосон зохицуулалтыг  бичгээр гаргасан шийдвэрт үндэслэх /зайлшгүй тусгах/ ёстой байтал энэ зарчмыг хэрэгжүүлээгүй.

Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-д “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллагын захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” буюу захиргааны үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах тусгай зарчмыг тодорхой заасан. Гэтэл захиргаа дээрх маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа “И*******” ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд шийдвэр нь мөн үр нөлөөтэй байж чадаагүй.

“И*******” ХХК нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг барьж байгуулах, улмаар холбогдох захиргааны байгууллагад хүлээлгэн өгч, хамтарч ажиллах, туйлын тодорхой ашиг сонирхолтойгоор 2017 оноос төслийг хэрэгжүүлж “аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлэх хүртэл холбогдох бүхий л зөвшөөрлийг хууль ёсны дагуу авч байсан.

Үүний дагуу манай компани нийтдээ 1,289,751,000 төгрөгийн зардал гаргасан байгаа бөгөөд одоо ч маргаантай асуудал эцэслэн шийдэгдсэний дараа “энэхүү төслийг хэрэгжүүлнэ” гэсэн хууль ёсны ашиг сонирхол дуусгавар болоогүй. Иймээс захиргааны байгууллага “И*******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол, түүнийгээ хэрэгжүүлнэ гэсэн итгэлд хууль бусаар халдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн “зөвлөл” нь 2020 оны 04 дүгээр хурлаар нийтдээ 63 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс “И*******” ХХК-ийн асуудлыг дүгнэлтийн 19-д шийдэж “зөвшөөрсөн” тэмдэглэгээтэй дүгнэлт гарсан. Дүгнэлтээр “И*******” ХХК-ийн зүгээс өөрсдөө “архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд төслийг хэрэгжүүлж “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн барилгыг барих ашиг сонирхол үргэлжилсээр байгаа болно.

Бид тухайн газраа ашиглах хүсэл зориг одоог хүртэл хэвээрээ байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноор үүнд үндэслэж батлагдсан барилгын эх загвар зураг, техникийн нөхцөл, барилга эхлүүлэх ажлын тусгай зөвшөөрөл зэрэг алдагдаж байгаа учраас барилгын ажлаа эхлүүлэх боломжгүй  болж, бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг нөлөөл бүхий захиргааны акт гэж үзсэн.

Иймд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д "И*******" ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хязгаарлана гэх зохицуулалт байгаа.

Мөн шүүчгийн асууснаар дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т олгосон газарт зориулалтын бусаар барилга барих нөхцөлийг үндэслээд А даалгаврыг цуцалсан гэх тайлбарыг хэлж байна. Тэгэхээр хариуцагч тал болсон үйл явдалд дүгнэлт хийгээгүй юм болов уу гэх нөхцөл байдал үүсэж байна.

Одоог хүртэл нэг ч барилга бариагүй, газар ухаагүй, энх ямар газар байсан тэр хэвээрээ байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсантай холбоотой нийт 5, 6 жил болж байна. Газраа хашаалах гэтэл гоё хашаагаар солиод өгье гэдэг саналыг Хот байгуулалт хөгжлийн газраас тавьж, хашаагаа сольсон.

Одоогийн хашаа нь манай хийсэн хашаа бөгөөд өөрөөр нэг ч хадаас хатгаж үзээгүй. Тэгэхээр ашигласан эрх зүйн хэм хэмжээнүүд нь өнгөрсөн үйл явдалд ашиглагддаг буюу барилга байгууламж барьсан тохиолдолд ашиглагдах хууль юм. Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд үйл ажиллагааг хязгаарлана гэсэн. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.

Гэтэл энд хот байгуулалтын үйл ажиллагаа явагдаагүй, нэгж барилгын тухай яригдсан. Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт олгосон газартаа зориулалтын дагуу барилга барих, архитектур төлөвлөлтийн даалгаварт цогцолбор, төв нэртэй анх газар ашиглах эрх олгосон. Гэтэл газрын нэр дээр нь Зайсан вилла 2, Будда виста 2 зэрэг барилгууд баригдвал энэ нь цуцлах үндэслэл болно. Гэтэл уг нөхцөл байдал болоогүй байхад цуцалсан байна, тиймээс Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“И*******” ХХК 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх тухай албан бичиг тус газарт өгснийг судлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын 0,44 га талбайд аялал жуулчлалын зориулалтайгаар ашиглахыг зөвшөөрсөн №0160746 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн “И*******” ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож.загвар зургийг баталж өгсөн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам, Бурхантай хөшөө орчмын ногоон байгууламж бүхий газарт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь /энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга барих/ , “Хот байгуулалтын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх /түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаартай албан бичгээр тус газарт мэдэгдсэн тул “И*******” ХХК-д аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга барихаар олгосон 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлаар сонсох ажиллагаа хийхээр болж уг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасны дагуу тайлбарыг албан бичгээр авах мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09/445 дугаартай албан бичгээр хүргүүлсэн,

Уг компанийн хариу тайлбар болон холбогдох материалыг тус газрын газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 04 дүгээр хурлаар хэлэлцүүлэн хурлаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон дүгнэлт гарсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хурлын дүгнэлт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-03/405 дугаартай албан бичгийг үндэслэсэн.  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг сунгах, хүчингүй болгох асуудлыг мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэж хуулийн хэрэгжилтийг хангах тухай хугацаа заасан албан бичгийг үндэслэж хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 609 дугаар захирамжаар мэргэжлийн зөвлөлийн хурлыг өөр адил чиглэлийн захирамжид мөн адил хүчингүй болгох гэсэн заалтууд байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* болон Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Интернешнл тур ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг хариуцагчаар татсан захиргааны хэргийн материалтай танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлагад Хот байгуулалт хөгжлийн газрын Газар, I барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И*******” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай газарт 2020 оны 01 дүгээр сард хандсан иргэний гомдлын дагуу улсын /ахлах/ байцаагч үндсэн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг хийж “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь /энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих/, “Хот байгуулалтын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх /түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана/ заалтуудын хэрэгжилтийг хангуулах утга бүхий 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 тоот албан бичгээр хандсан болно.

Уг албан бичгийн дагуу авсан арга хэмжээ нь тухайн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэр бөгөөд уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эсэхийг шүүх байгууллага тогтоох үүрэгтэй. Уг албан бичигт цуцал гэсэн зүйл байхгүй, хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авах гэж байсан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь иргэний гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын дагуу зөвшөөрөл олгосон байгууллагад гаргасан шийдвэрээ эргэн харж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хариу мэдэгдэх агу******* бүхий бөгөөд дээрх шийдвэрийг хүчингүй болгох эсэх нь Хот байгуулалт хөгжлийн газрын бүрэн эрхийн асуудал байна...” гэжээ.

3.5. Иргэдийн төлөөлөгч Б.У******* бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...“И*******” ХХК-д анх аялал жуулчлалын үндэсний төв барих зориулалттай газар өгсөн одоо цуцалсан эрхийг нь сэргээгээд барилга байгууламжийг хэвийн үйл ажиллагаанд оруулж өгвөл зүгээр юм байна...”[11] гэжээ.

     ҮНДЭСЛЭХ НЬ:

            Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар Магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

4.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг тус зөвлөлийн дээд шатны байгууллага болох Хот байгуулалтын хөгжлийн газраас “эрх хэмжээгүй” этгээд гэж үзээгүйгээр гадна зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар нэгэн эрхийн акт гаргасан эсэх,...архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох процессын талаар, шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэн болох, одоогийн хариуцагч Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл ямар эрх хэмжээтэй оролцдог болох, энэ талаарх практик үйл ажиллагааг тодруулах шаардлагатай гэж заасны дагуу шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх...”,32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/6326, 1/6325, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/7670 албан бичгээр холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандахад Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Т******* 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08/2691 албан бичгээр “...архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг тус газрын тухайн үеийн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууг******* хүчингүй болгосон. Газар барилгажилт мэргэжлийн зөвлөлийн дүрэмд зөвлөл нь уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу ”...Ерөнхий архитекторын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангах” чиг үүрэгтэй гэж заасан...” тайлбарыг ирүүлсэн.

4.3.Харин Хот байгуулалт хөгжлийн газраас дахин ямар нэгэн эрхийн акт гаргасан болон маргаан бүхий актыг хүчингүй болгох эрх бүхий этгээд хэн болох талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...архитектур төлөвлөлтийн даалгаврыг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэгддэг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур баталдаг хэдий ч хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй...”[12], “...маргаан бүхийн актын дээд талд Ц.Т******* гэж хүн одоо манай дарга болсон,...Ц.Т******* даргын өөрийнх нь гарын үсэгтэй албан бичиг байсан бөгөөд тэр албан бичигт сунгах боломжтой талаар дурдаагүй...”[13] гэх тайлбарыг өгсөн.

4.4.Дээрх хариу тайлбарууд болон хэрэгт авагдсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 04 дүгээр сарын хурлын дүгнэлт зэргээс үзвэл маргааны үйл баримтад дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн улмаар акт боловсруулан гаргасан эрх бүхий албан тушаалтан Ц.Т******* байх бөгөөд одоо Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албанд тушаалд томилогдон ажиллаж байгаа аж.

4.5.Гэтэл Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д ”...нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “...энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, ...хүчингүй болгох үндэслэл болно...” хуульчилсан бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм[14]-ийн 3.4-т Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална хэмээн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/609 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм-ийн 2.1-т Зөвлөл нь... дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 2.1.3-т хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж, тохижилтын асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх хэмээн тус тус заажээ.

4.6.Эдгээр хуулийн заалтаас үзвэл түүнд газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж баталсан шийдвэрийг хянан баталгаажуулах эсхүл хуульд нийцээгүй гэж үзвэл хүчингүй болгох эрх олгогдсон байх ба тэрээр маргаан бүхий актыг гаргасан мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, өөрт нь  хуулиар олгосон эрх хэмжээнд халдсан эсэхээр маргаагүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодорхой тайлбар өгөөгүй болно.

4.7.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн барилгажих талбай нь Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гээд дархан цаазат газарт зөвхөн энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д  “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулж болно.

4.8.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”; 6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”,...11-д “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах” -ыг хориглоно.

4.9.Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд”  хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно гэжээ.

            4.10.Дээрх хуулийн зохицуулалт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр  “Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И******* тур” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.

4.11.Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулаагүй буюу тухайн маргааны үйл баримттай холбоотой асуудлын талаар эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх алдаа зүйлгүй байна.

4.12.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр хууль бус гэж үзэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “И******* тур” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

4.13.Эцэст нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр  няцаалт өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И*******” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай “И*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА

                                     ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ

 

 

 

 

[1] 1-р хавтаст  хэргийн 14-р хуудас

[2] 1-р хавтаст  хэргийн 15-р хуудас

[3] 1-р хавтаст  хэргийн 25-р хуудас

[4] 1 хавтас хэргийн 174-177 хуудас

[5] 1 хавтас хэргийн 77 хуудас

[6] 1 хавтас хэргийн 71 хуудас

[7] 1 хавтас хэргийн 33-39, 64 хуудас

[8] 1 хавтас хэргийн 40, 70 хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 41-р хуудас

[10] 1 хавтас хэргийн 42 хуудас

[11] 2 Хавтас хэргийн 109 хуудас

[12] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 хуудас

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 хуудас