Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Я.Алтаннавч, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        Г.Чинзориг

Прокурор                                                            С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Ө.Батболд

Шүүгдэгч                                                            ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, ******* овогт ******* *******. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан.

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн давтан үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хохирогч *******өд бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нийт 13050.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа шүүгдэгч *******г цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс эд хөрөнгөд учруулсан хохиролд 13050,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13-р хороо 2д-8 тоотод оршин суух ******* /ПЗ83101414/-т олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖЯ79041824 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эрх чөлөө гэдэг ямар зүйл болохыг эрхээ хасуулснаас хойш маш ихээр мэдэрч шаналж байна. Би энэ хэрэгт холбогдсоноо ар гэрийнхэндээ хэнд ч хэлээгүй байсан юм. Би хохирогч *******өөс уучлалт хүсэж байна. Бусдаас хүүтэй мөнгө зээлж аваад хүүний дарамтанд орж ийм харамсалтай хэрэг үйлдсэн юм. Мөн зарим мөнгийг малтай хүмүүсээс мал авна гэж шилжүүлээд авч чадаагүй юм. Манай нөхөр болон ар гэр, хамаатнууд маань мөнгө төгрөг хөөцөлдөж хохирогч *******өд 6 050 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болно. Үлдэх 7 000 000 төгрөгийг 2022 оны 6 сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаа уг гомдлоор илэрхийлж байна. Би ар гэрийнхнээсээ болон хохирогч *******өөс дахин дахин уучлалт гуйж байна. Намайг нөхөр хүүхдийнхээ хамт байх боломж олгож надад оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хавтаст хэргийн материалтай танилцахад *******гийн тухайд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хэргийн зүйлчлэлтэй огт маргаагүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

******* нь 2021.04.08-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар уг ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” тухай хуульчлан заажээ.

*******гийн тухайд 42 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, учруулсан хохирлоос 6 050 000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг 2022.06.25-ны өдрийн дотор нөхөн төлөхөө бичгээр илэрхийлж, хохирогч тал болох *******тэй харилцан тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч ******* 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний хувьд эмэгтэй хүнийг ингэж хорих ялаар шийтгүүлж, шоронд оруулахыг хүссэн зүйл байхгүй. Би зөвхөн хохирлоо л авахыг хүссэн. Анхан шатны шүүхээс миний хохирол болох 13 050 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд яллагдагч *******гийн нөхөр М.Ганбаттай харилцан тохиролцож 6 050 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан болно. Үлдэгдэл төлбөрийг 2022.06.25-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон болно.

Ийм учраас *******гийн хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. Миний хувьд ямар ч гомдол санал байхгүй болно.” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчоос уучлалт гуйж байна. Би ийм хэрэг үйлдэж үр хүүхдүүдийнхээ өмнө маш хэцүү байдалд орлоо. Би гэрийнхэндээ ийм хэрэгт холбогдсоноо эрт хэлэх ёстой байсан. Эмэгтэй хүн, эх хүний хувьд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөөч гэж хүсч байна. Ганцхан намайг хүүхдүүдтэй минь хамт байлгаж өгөөч гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэр бүл нь ийм нөхцөл байдалд орсныг нь мэдээд 6 050 000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сард багтаан өгөхөө илэрхийлсэн. ...Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. ...Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, учруулсан хохирлыг барагдуулах байдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Прокурор С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад санал нийлэхгүй байна. ******* нь нийт 14 удаагийн давтан үйлдлээр хохирогч Батмөнхөд “бяруу авч өгнө” гэж хуурамч, зохиомол байдал үүсгэн нийт 13 050 000 төгрөгийн хохирол учруулсан. ...Анхан шатны шүүхээс эмэгтэй хүн, эх хүн тул хуульд заасан хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулсан гэж бодож байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн давтан үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хохирогч *******өд бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нийт 13,050,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, ХААН банкны депозит дансны хуулга болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ЭНХЦЭЦЭГ

                          ШҮҮГЧИД                                             Я.АЛТАННАВЧ

                                                                                        Ж.ДОЛГОРМАА