Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0570

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... овогт ... ******* /РД: *******/,

Нэхэмжлэгч: ...  овогт ... Д******* /РД: *******/,

            Нэхэмжлэгч: ... овогт ... М  /РД: /,

            Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл,

Гуравдагч этгээд: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэгч нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.Ж /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Т.Д*******, Т.*******, Б.М нараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын урьдчилсан судалгааг анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хийсэн ба улмаар 2008 онд MCS групп, Японы Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж байсан.

Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг “Дөргөний” УЦС-аас авдаг бөгөөд ОХУ-ын импортын 1кВт.цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс даруй 6-7 дахин өндөр үнэтэй байдаг тул импортын эрчим хүчний үнийн зөрүүг хаахын тулд жил бүр улсын төсвөөс 7-8 тэрбум төгрөгийн татаасыг Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог.

Ойрын жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8-10 орчим хувь байх төлөвтэй байгаагаас шалтгаалан баруун бүсийн эрчим хүчний системийн эрэлт хэрэгцээг хангах, хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх, цахилгаан эрчим хүчний импортыг орлох, өвөл, зуны улиралд оргил ачааллын горимын тохируулга хийх усан цахилгаан станцыг Ховд гол дээр барьж байгуулах талаар 2010 онд УИХ-ын 24-р тогтоолоор баталсан Ус үндэсний хөтөлбөрийн 3.3.2-т “Ховд гол дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгааг хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, барьж байгуулах ажлыг эхлүүлэх”, 3.3.20-т “Эрдэнэбүрэнгийн 64МВт усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж, боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх”;

2015 онд УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого /2015-2030/-ын 4.1.1.4-т “Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх”;

 Монгол улсын Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6.3-т “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах”-аар болжээ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаар тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр 64МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих зураг төсөл боловсруулах, барьж байгуулах ажлыг эхлүүлэх шийдвэр гарч, улмаар Эрчим хүчний сайдын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 72 тоот тушаалаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн аж[1].

Уг төсөл нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Увс аймгийн Өмнөговь,  Баян-Өлгий аймгийн Баяннуур  сумдын нутгаар дамнан хэрэгжих тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчид 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг гаргасан[2] бол 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг зарлахад гүйцэтгэгчээр “Нг******* п” ХХК  болон “Е*******” ХХК-ний түншлэл шалгарч төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан[3] 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тодорхой нөхцөлтэйгөөр батлуулжээ[4].

Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдийн нийтийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “...иргэдийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчихөөс сэргийлэх, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох талаар багийн эрх нь зөрчигдөж буй нийт иргэдийн төлөөлөн холбогдох байгууллагад уламжлан ажиллах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эдлэх эрхийг эдэлж, үүрэг хүлээн оролцох эрхийг иргэн Т.Д*******, Т.*******, Б.М нарт итгэмжлэл олгон томилжээ[5].

Улмаар иргэн Т.Д*******, Т.*******, Б.М нараас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах“-аар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандахад[6], 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/1169 албан бичгээр “...хүсэлтийн дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгох боломжгүйг...” мэдэгдсэн тул дээрх нэр бүхий иргэд уг асуудлаар шүүхэд  нэхэмжлэл[7] гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд бид Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц барих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох журмуудыг зөрчин баталснаас бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл нь 2021 оны 05 дугаар сарын 21-нд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталжээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан. Гэтэл төслийн нарийвчилсан үнэлгээ хийсэн гэх “Н г******* п” ХХК, “Е*******” ХХК нь манай багийн иргэдээс албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулахгүйгээр боловсруулсан тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл нь баталсан байна.

Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалын хавсралт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам-ын 1.2. Олон нийтийн оролцоог хангахад дараах зарчмыг баримтална:

1.2.4 оролцогч талууд үнэлгээний үйл явцад хариуцлагатай хандах

2.5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

2.5.1.үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангана.

2.5.4.нөлөөллийн үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог зөвлөгөөн, хэлэлцүүлэг, санал асуулга явуулах замаар төслийн шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, иргэдийн амьжиргаа, нийгмийн асуудлыг тусгахад анхаарах.

2.7.      Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна.

2.8.Хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авна" гэснийг тус тус зөрчсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдлоо өгөхөд хариу ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/1169 албан бичигт "... Улиаст багийн иргэдэд ... үнэлгээний үр дүнг танилцуулах 2 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад ... төслийг хэрэгжүүлэхийг 100 хувь эсэргүүцэж байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг сонсох шаардлагагүй гэж үзсэн" гэжээ.

Бодит нөхцөлд төсөл хэрэгжүүлэгч болон үнэлгээний компанийн гэх хүмүүс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр багийн иргэдийг 6 цаг хүлээлгэсний эцэст согтуу ирцгээсэн. Бид согтуу, архи үнэртүүлсэн хүмүүсээс нарийвчилсан үнэлгээний тайлангийн талаар сонсох ямар ч боломжгүй байсан. Иймээс манай багийн иргэд бид эсэргүүцсэн. Үнэлгээ хийсэн компанийн захирал гэх С******* нь согтуу машиндаа унтаад гарч ирээгүй. Иймээс төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлгийг бодитоор Улиаст багийн иргэдэд зохион байгуулаагүй, бидний саналыг *******гүй, мөн Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-д танилцуулж санал *******гүй байхад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан нь хууль бус юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.7-д “Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана" гэж заасан.

Гэтэл мэргэжлийн зөвлөлөөр баталсан гэх Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн салшгүй хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц барих” Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Засгийн газраас нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал нь батлагдаагүй байхад ямар аргачлалыг баримтлан нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговортой холбоотой нийгмийн нөлөөллийн арга хэмжээг төлөвлөсөн нь тодорхойгүй байна. Тухайлбал: Баян-Өлгий аймгийн Баян нуур сумын 145 өрхөд олгох нөхөн олговор нь 4.4 тэрбум төгрөг буюу 1 өрхөд дунджаар 30.3 сая, харин Увс аймгийн Улиаст багийн 125 өрхөд олгох олговор нь 741.7 сая төгрөг буюу 1 өрхөд дунджаар 5.9 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор байна. Ямар үндэслэлээр Ховд голын 2 эргээр зэрэгцэн нутагладаг хил залгаа сумдын иргэдэд ийнхүү ялгаатай нөхөн олговор олгохоор болсныг бид мэдэхгүй байна.

Манай багийн иргэдтэй төслийг хэрэгжүүлснээр учрах хохирол, нөхөн олговор, ирээдүйд үүсэх нийгэм, эдийн засгийн бусад эрсдэл хохирлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлыг огт танилцуулаагүй хэрнээ нүүлгэн шилжүүлэлт түүнтэй холбоотой нөхөн олговорт 741.7 сая төгрөг өгөхөөр төлөвлөсөн нь ойлгомжгүй байна.

Үнэлгээ хийсэн компанийн хүмүүс нөхөх олговрын асуудлыг зөвшилцөж шийдвэрлэнэ гэсэн боловч багийн 125 өрхтэй уг асуудлаар огт зөвшилцөөгүй, зарим айлын иргэдтэй огт уулзахгүйгээр хашаа хороо, гэрийн зургийг гаднаас нь *******д явсан гэсэн мэдээлэл байдаг.

Иймээс БОАЖЯ-ны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Манай 2 иргэнд 15,200,000 төгрөгийг өгөөгүй. Манай 2 иргэний эрхийг сэргээж олон нийтийн оролцоог хангах ажиллагааг хийгээгүй. Тийм учраас хууль тогтоомжийг зөрчиж байна...” гэв.

3.3.Хариуцагч хариу тайлбартаа: “...1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх/ ажиллана" гэж, 4.3-д “Мэргэжлийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна” гэж тус тус заасан.

Энэ хуулийн дагуу сайдын тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн зөвлөл 2021 оны 05 сарын 21-ний өдөр хуралдаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэн олонхын саналаар дэмжсэн учраас тус яамны ерөнхий шинжээч, шинжээч нар тайланг баталсан.

2. Дээрх тайланг баталсан шинжээч нарыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Үнэлгээний шинжээч болон тэдгээрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах ерөнхий шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно” гэж заасны дагуу сайд томилдог болно.

Ерөнхий шинжээчээр тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э******* ажиллаж байгаа бөгөөд тус тайланд шинжээчээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ш******* ажилласан.

3. Нэхэмжлэгч нар тайлан боловсруулсан үнэлгээний компаниуд манай багийн иргэдээс санал *******гүй, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, олон нийтийн оролцоог хангаагүй, Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-аас санал *******гүй баталсан нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна, хууль бус гарсан тайлан гэж үзэж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан шаардлагуудыг хангуулж баталсан ба 8.4.8 “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл"-ыг тайланд хавсаргана гэж заасныг хэрэгжүүлж ажилласан.

Тухайлбал: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн ИНХ-ын тогтоол, тэмдэглэл зэрэг болно.

Тайланд төсөл хэрэгжих багийн ИНХ-ын санал, тэмдэглэлийг тусгаагүй бол тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэггүй болно.

4.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд шүүхэд нэхэмжлэл ямар тохиолдолд, хэн нэхэмжлэл гаргахыг заасан.

Тухайлбал: Хуулийн 4 дүгээр зүйлд "Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараах эрхийг эдэлнэ” гэж заасан ба 4.2-д "байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж,

17 дугаар зүйлийн 2-д “Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасан ба 17.9-д “энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх”,

32 дугаар зүйлийн Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцоог зохицуулсан ба 32.1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах"

57 дугаар зүйлд Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар заасан ба 57.2-д ‘Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана' гэж тус тус заасан.

5.Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад байгаль сум, дүүргийн Засаг дарга нар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бол иргэд хууль тогтоомжийн зөрчил болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэвч дээрх иргэдийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан нь хууль тогтоомжийг зөрчсөн, баримталсан хууль нь хууль тогтоомжтой зөрчилдсөн, тайлангаас шалтгаалж байгаль орчинд хортой нөлөөлсөн асуудал огт байхгүй юм. Энэ талаар холбогдох байгууллагын дүгнэлт, шийдвэр, шинжилгээ байхгүй бөгөөд энэ талаар маргаан байхгүй юм.

Хууль тогтоомжид зааснаар эдгээр иргэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлантай холбоотой асуудлаар гомдол гаргах эрхгүй байна, мөн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэдийг төлөөлөх эрх байхгүй, холбогдох Засаг дарга, ИНХ-аас эдгээр иргэдэд итгэмжлэл олгоогүй, эрх, ашиг сонирхол нь хэрхэн хохироод байгаа нь тодорхойгүй байна.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төсөл нь Увс, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумыг нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Үндсэн хуульд заасан нийт иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, аж амьдралыг дээшлүүлэх, улс орны хөгжил, эрчим хүчний тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэх улсын хэмжээний томоохон төсөл юм.

Төслийг УИХ, Засгийн газар, асуудал хариуцсан яамд эхлүүлэхээр олон жил ажиллаж байсан бөгөөд холбогдох бодлого, шийдвэрийг гаргаж үр дүнтэй ажиллаж ирснээр төсөл хэрэгжихээр ажил нь эхлээд байна.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Хэлэлцүүлэг зохион байгуулагдсан учраас яам мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг баталсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай уулзсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний 08 тоот тэмдэглэл байгаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдээс санал авсан.

...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тайлан үнэлгээг ерөнхий шинжээч болон шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Тухайн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх дүрэм журам болон зөвлөл хэрхэн байгуулагддаг, ерөнхий шинжээчийг хэн томилох талаар хуульд тусгайлан заасан. Бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн зөвлөл ерөнхий шинжээч болон шинжээчийг томилж хурлаар тухайн асуудлыг хэлэлцээд олонхын саналаар дэмжиж шийдсэн ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр тухайн гаргасан хүсэлт тайлбар тайланд бол хавсаргаж өгөх материалын бүрдэл хангагдаад хурлаар хэлэлцүүлээд дэмжсэн тохиолдолд үнэлгээг баталдаг. Тухайн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцтай холбоотой тайланд ирүүлсэн материалыг гуравдагчаар оролцож байгаа этгээдүүд  бүрдүүлсэн. Хуульд заасны дагуу тайланг бүрдүүлж өгсөн. Иргэдийн хурлаар дэмжигдсэн байх гэдэг дээр хурлаар хэлэлцэх үед ирүүлсэн тайлан дотор иргэдээс авсан зөвшөөрөл баг, аймгийн Засаг даргын хүсэлт албан бичгүүд хавсаргагдсан байсан. Тэгэхээр тухайн үеийн ерөнхий шинжээчээр ажиллаж байсан Үнэлгээ аудитын хэлтсийн дарга Э*******, шинжээч Ш******* нарын бүрэлдэхүүнтэй тухайн асуудлыг хэлэлцээд дэмжээд баталсан ийм үйл баримт байна. Тухайн тайланд дурдагдсан асуудлаар арга хэмжээ авах зүйлийг яриад байна. Гэтэл тэр нь тайлант нөхцөл байдлыг дурдаад өгүүлнэ. Дараа нь залруулах болон холбогдох арга хэмжээ авах нь тухайн төслийг хэрэгжүүлэгч этгээдийн үүрэгт хамаарах учиртай. Хариуцагч байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуульд заасны дагуу тухайн тайланг баталж мөрдсөн. Үүнд ямар нэгэн хууль эрх зүйн зөрчил байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл үндэслэлгүй байна...” гэв.

3.5.Гуравдагч этгээд хариу тайлбартаа: “...Төсөл хэрэгжүүлэх нэгж болон БОННҮ-г хийсэн Н г******* п ХХК, Е******* ХХК-н түншлэлтэй хамтран БОННҮ-ний тайлан болон БОМТ-г нөлөөллийн бүсийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол баг, Мянгад сумын Чацарганат баг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдээр нийт 2 удаа хэлэлцүүлж санал авсан. Эдгээр уулзалт хэлэлцүүлгүүдийг нийт 19 хоногийн хугацаанд 400 хүний оролцоотой 2021 оны хавар болон намар гүйцэтгэсэн. Энэ дотроос Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдтэй хийсэн 2 уулзалтыг хийсэн.

1.Эхний удаа Төсөл хэрэгжүүлэх нэгж болон гүйцэтгэгч компанийн түншлэлийн 6 хүн, Өмнөговь сумын Засаг дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн засаг дарга болон нөлөөллийн бүсэд оршин суух 92 өрхийг төлөөлсөн иргэд оролцсон хэлэлцүүлгийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19:00 цагаас 03 дугаар сарын 06-ны өдрийн 02:30 цаг хүртэл хийсэн. Энэ хурлаар нутгийн иргэдийн төлөөлөл нутаг бэлчээргүй болж байгаа, хадлангийн талбайгүй болж байгаа, нөхөн олговрын хэмжээ ямар байх зэрэг асуудлуудыг тавьж байсан. Нутгийн иргэд энэ хэлэлцүүлгийг хийлгэхгүй эсэргүүцэх, зориуд буруу ташаа ойлголт төрүүлэх, сурталчлах, хэлэлцүүлгийн багийг замаас нь буцаах оролдлого хийж байсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт бүрд үнэлгээг хийсэн компанийн эрдэмтэн, доктор, зөвлөх инженерүүд зохих хариултыг өгч байсан.

Хоёр дахь удаа БОННҮ болон БОМТ-ний хэлэлцүүлгийг Өмнөговь сумын Улиаст багийн төвд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн хөгжлийн бодлогын дарга, газар зохион байгуулалтын мэргэжилтэн, Цагдаагийн газрын дэд хурандаа болон Өмнөговь сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн засаг дарга болон нөлөөллийн бүсэд оршин суух 80 орчим иргэд оролцож орон нутгийн цагаар 17:00 цагаас эхэлж 10:30 цаг хүртэл үргэлжлэв.

Зөвлөх үйлчилгээний багийн зүгээс БОННҮ-ний эцсийн тайлан танилцуулж төсөл хэрэгжих явцад үүс ч болох сөрөг нөлөөлөл, бууруулах арга хэмжээний талаар, нөлөөллийн бүсэд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын судалгааны тоон мэдээг танилцуулан хэлэлцүүлсэн. Энэ уулзалтыг өмнөх уулзалтын адил эсэргүүцэж, хүлээж *******гүй, БОМТ-д санал өгөөгүй, хэлэлцүүлгийн багийн зорилго биелээгүй. Хэлэлцүүлэгт оролцогчдын асуусан асуулт бүрд хариуцсан салбарын эрдэмтэн, доктор, зөвлөх инженер болон судлаачид тохирох хариултыг өгч, зөвлөгөө, таниулгыг хийж ажилласан.

2. Улиаст багийн иргэдийн эд хөрөнгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн иргэдтэй харьцуулахад нүүдлийн ахуйтай байшинд амьдардаггүй гэрт амьдардаг, малын хашаа хороо нь бургасан, байнгын бус шинжтэй байснаас хуулийн дагуу үнэлгээ хийхэд бага гарсан.

3. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нүүн суурьших шинэ газар, авч нүүх малын тоо толгойг тухайлан судалгаа авч байсан.

4. Одоогийн байдлаар иргэн Т.Д******* БОННҮ-ийн нийгэм эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч 36.900.800 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээний зөвшилцлийн хуудас, гэрээнд гарын үсэг зурж төлбөрөө бүрэн хүлээн авсан мөн нэг удаагийн нөхөн олговрын 15.200.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хүлээн авсан. Иргэн Т.******* үнэлгээнд хамрагдаагүй, төсөл хэрэгжүүлэх нэгжид үүнд хамрагдах тухай хүсэлт, өргөдөл гаргаагүй байна. Иргэн Б.М үнэлгээнд хамрагдаж 3.603.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй гарсан, гэрээ хийгээгүй эсэргүүцсэн хэвээр байна...” гэжээ.

3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Олон нийтийн оролцоог хангах журмын дагуу үнэлгээ хийх төсөл хэрэгжүүлэгчтэй хамт байх ёстой. Энэ заалтын дагуу баг болон очсон. Согтуу очсон зүйл байхгүй...” гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслөөс зарласан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох  тендерийн гүйцэтгэгчээр “Нг******* п” ХХК  болон “Е*******” ХХК-ний түншлэл шалгарч, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нарын  төлөөлөгч Б.Бгийн “...Т.******* манайд хүн ирж уулзаагүй бөгөөд гаднаас нь зураг авсан байж магадгүй гэж хэлсэн...”, 2 удаагийн хуралд Т.Д*******, Б.М очсон..., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Өмнөговь сумын Улиаст баг дээр 2 удаа хийгдсэн. Эхнийх нь 2021 оны 03 сарын 05-нд хийсэн. Энд нийт 92 өрхийг төлөөлсөн иргэд оролцсон. Аймгийн болон сумын багийн Иргэдийн хурлын дарга багийн Засаг дарга болон бусад албан тушаалтнууд байлцсан. Үүнтэй холбоотой видео бичлэгийг өгсөн. Харамсалтай нь хурлын үр дүн гараагүй. Яагаад гэвэл энэ хурал дээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх ёстой байсан ч ямар ч санал *******гүй. Энэ хуралд бүтэн эсэргүүцэж янз бүрийн явуулга хийж, янз бүрийн байдлаар дарамт үүсгэх хурал болж, бүтэн хэрүүл болоод дууссан. Хоёр дахь хурал нь 2021 оны 09 дүгээр сарын 29-нд болсон. Үүнд аймгийн Засаг дарга, аймгийн хөгжлийн бодлогын дарга, Газар зохион байгуулалтын мэргэжилтэн, Цагдаагийн газрын дэд хурандаа болон Өмнөговь сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга болон нөлөөллийн бүсэд оршин суух 80 орчим иргэд оролцсон. Орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас эхэлж орой 10 цаг 30 минутад дууссан. Үр дүн гараагүй ба янз бүрийн явуулга хийсэн ба эсэргүүцээд сонсохыг ч хүсээгүй. Ийм л үр дүн гарсан...” гэх мэдүүлэг, нотлох баримтаар хавсаргасан 3 хавтас баримт болон дүрсжүүлсэн бичлэг бүхий баримтаар тогтоогдож байна[8].

4.3.Үүнээс үзвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийнхэн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдтэй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн зүйлийн 8.4.8-д “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл”-ийг авах ажиллагааг хийж хэрэгжүүлсэн, улмаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд  “эсэргүүцсэн болохыг” тусгасан байна.

 4.4.Дээрх үйл ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид ...тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-ээр заасны дагуу Увс Өмнөговь сумын Улиаст багийн нийт иргэд тэр дундаа нэхэмжлэгч Т.Д*******, Т.*******, Б.М нарт урьдчилан мэдэгдсэн гэж үзлээ.

4.5.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасан төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, олон нийтийн оролцоог хангах заалтыг зөрчсөн материалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.6.Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Ховд голын цаад эрэг дээр байгаа Баян-өлгий аймгийн Баян нуур сумын иргэдэд 30 сая төгрөгийн, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 1 өрхөд дунджаар 5.9 сая төгрөгийн нөхөн олговрыг  ялгаатай олгохоор болсон... Бидний эд хөрөнгө, нийгэмд учрах хадлан тэжээл, өвөлжөө хаваржааны нутаг, нөлөөлөл зэргээр бид нартай харилцан ярилцаагүй. Т.*******ийн эд хөрөнгийг 3 сая гаруй төгрөгөөр үнэлсэн...” учраас нэхэмжлэгч нар гомдоод байгаа талаар тайлбарлан маргасан.

4.7.Харин нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргахтай зэрэгцэн дээрх асуудлыг Засгийн газар хэлэлцээд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 146 тогтоолоор Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 1 өрхөд 15,200,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Т.Д*******гийн хувьд дээрх нөхөн олговрыг авсан[9] бол нэхэмжлэгч Т.*******, Б.М өнөөг хүртэл *******гүй.

4.8.Төрийн захиргааны байгууллага болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нэгжээс нэхэмжлэгч Т.*******, Б.М нарт нөхөн олговрыг олгохгүй, татгалзсан, хориглосон ямар нэг үйл ажиллагаа зүйлгүй.

4.9.Нөгөөтээгүүр “...согтуу, архи үнэртүүлсэн хүмүүсээс нарийвчилсан үнэлгээний тайлангийн талаар сонсох ямар ч боломжгүй байсан. Цагдаа дуудахыг шаардсан. Цагдаа ирээгүй...” үйл баримтын талаар нотлох баримт байхгүй тул энэ үндэслэлийг үнэн зөв хэмээн хүлээн авах боломжгүй юм.

4.10.Эцэст нь хариуцагчаас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тодорхой нөхцөлтэйгөөр дэмжсэн хэдий ч онцгойлон анхаарах асуудлын тухайд  тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа болох нь гуравдагч этгээдийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримттай нийцэж байгаагаас үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

4.11.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримтлан иргэн Т.Д*******, Т.*******, Б.М нараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах“ гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

 

[2] Хавтас хэргийн 56-61 хуудас

[3] Хавтас хэргийн 62-63 хуудас

[4] Хавтас хэргийн 91-92 хуудас

[5] Хавтас хэргийн 100 хуудас

[6] Хавтас хэргийн 9-13 хуудас

[7] Хавтас хэргийн 1-3, 22-25 хуудас

[8] Нотлох баримт бүхий CD, флаш диск үзнэ үү.

[9] 1Хавтас хэргийн 223 хуудас