Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2024/00185

 

         У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: М овогт Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: А дугаар цэцэрлэгт холбогдох,

         Ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин, амралтын мөнгө нийт 8,173,431 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч: Ц.Б,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Б нь  У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин, амралтын мөнгө нийт 8,173,431 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         1.1. У аймгийн У сумын 10 дугаар багт байрлах А-р цэцэрлэгт харуул ажилтай Ц.Б намайг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр У аймгийн Улаангом сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б хууль бус тушаал гаргаж ажлаас халсан юм. Тиймээс ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудлаар У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 152/ШШ2024/00031 тоот шийдвэр гарч намайг харуулын ажилд эргүүлэн ажилд тогтоосон. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/04 тоот тушаал гарч харуулын ажилдаа орсон билээ. Миний 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах олговор, мөн 2023 оны биеэр эдлэх ёстой ээлжийн амралтын мөнгө зэрэг нийлээд нийт 8,173,431 төгрөг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

        2. Хариуцагч Б.Х шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б-ийн нэхэмжилсэн 8,173,431 төгрөгийг гаргуулах болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл дараах тайлбар хүсэлт гаргаж байна. А дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Х миний бие 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус цэцэрлэгт эрхлэгчээр томилогдож ажилласан. Манай байгууллагын цалингийн сангаас 26 албан хаагчийн цалин гардаг тул Ц.Бийн 8,173,431 төгрөгийг цалингийн сангаас олгох боломжгүй байна. Тухайн үеийн эрхлэгч Б.Б-ийн буруу шийдвэрийн улмаас Ц.Б-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул цалин 8,173,431 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг алдангитай нь цэцэрлэгийн данс руу шилжүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжтой байгаа тул хамтран хариуцагчаар Б.Б-гтогтоож өгнө үү гэжээ.

          3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын цалингийн сангаас 26 албан хаагчийн цалин гардаг тул Ц.Бийн 8,173,431 төгрөгийг цалингийн сангаас олгох боломжгүй байна. Тухайн үеийн эрхлэгч Б.Б-ийнбуруу шийдвэрийн улмаас Ц.Бийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул цалин 8,173,431 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг алдангитай нь цэцэрлэгийн данс руу шилжүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжтой байгаа тул Ц.Б-ийг ажлаас халсан Б.Б-д хариуцлага тооцуулж байж төлөх боломжтой. Өнөө маргаашгүй төлөх боломжгүй, учир нь төсөв байхгүй гэжээ.

      4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр Ц.Б-ийг харуулын ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар хөдөлмөрийн гэрээ, У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

           5. Хариуцагчаас У аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/53 дугаар Б.Х-г ажилд томилох тухай тушаал, итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч У аймгийн Улаангом сумын А дугаар цэцэрлэгт холбогдох 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин, амралтын мөнгө нийт 8,173,431 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

         У аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах А-р цэцэрлэгт харуул ажилтай Ц.Б намайг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б хууль бус тушаал гаргаж ажлаас халсан юм. Тиймээс ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудлаар У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 152/ШШ2024/00031 тоот шийдвэр гарч намайг харуулын ажилд эргүүлэн ажилд тогтоосон. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/04 тоот тушаал гарч харуулын ажилдаа орсон билээ. Миний 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах олговор, мөн 2023 оны биеэр эдлэх ёстой ээлжийн амралтын мөнгө зэрэг нийлээд нийт 8,173,431 төгрөг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

           3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

      Ц.Б-ийн нэхэмжилсэн 8,173,431 төгрөгийг гаргуулах болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл дараах тайлбар хүсэлт гаргаж байна. А дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Х миний бие 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус цэцэрлэгт эрхлэгчээр томилогдож ажилласан. Манай байгууллагын цалингийн сангаас 26 албан хаагчийн цалин гардаг тул Ц.Б-ийн 8,173,431 төгрөгийг цалингийн сангаас олгох боломжгүй байна. Тухайн үеийн эрхлэгч Б.Б-ийн буруу шийдвэрийн улмаас Ц.Б-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул цалин 8,173,431 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг алдангитай нь цэцэрлэгийн данс руу шилжүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжтой байгаа тул хамтран хариуцагчаар Б.Б-г тогтоож өгнө үү гэжээ.

         4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       5. У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Ц.Б-ийг тус цэцэрлэгийн харуулын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан харуулын ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

          5.1. Улмаар хариуцагч У аймгийн Улаангом сумын А дугаар цэцэрлэгийн эрхлэгч дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ц.Б-ийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн харуулын ажилд томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

         5.2. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 8,173,431 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд харин төсөв байхгүй тул олгох боломжгүй хэмээн маргасан нь үндэслэлгүй юм.

         6. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цалин 6,897,750 төгрөгийг хариуцагч У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгож, үлдэх 1,275,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         6.1. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Б-ийн ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

         6.2. Нэхэмжлэгч Ц.Б-ийн ээлжийн амралтын мөнгө 1,275,681 төгрөг гаргуулах шаардлагын тухайд ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр улиралд баталдаг ба нэхэмжлэгч нь хэдэн сарын хэднээс хэдэн хүртэл хэд хоног амрах талаар нотлох баримт байхгүй, тухайн байгууллагын ээлжийн амралтын хуваарь байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Иймд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,897,750 төгрөгийг төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,275,681 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 6,897,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 125,314 төгрөгийг хариуцагч У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгээс гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч У аймгийн Улаангом сумын А дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6,897,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,275,681 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ийн ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч У аймгийн Улаангом сумын А дугаар цэцэрлэгт даалгасугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 6,897,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 125,314 төгрөгийг хариуцагч У аймгийн У сумын А дугаар цэцэрлэгээс гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР