Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/01378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Г

Хариуцагч: Ж.Д

Гэм хор учруулсны хохиролд 33,318,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагч Ж.Д, түүний өмгөөлөгч В.О, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.Удвал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МТ шатахуун түгээх газрын замын ард явж байтал араас Ж.Д мөргөсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 12 сарын хугацаагаар тогтоогдсон. Би ам бүл дөрвүүл, ганц ажил хийдэг хүн нь байсан. Осолд орох үед Т ХХК-ийн зүүн үйлдвэрийн 2 дугаар цехэд хатаах зуухны машинчаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг, урамшуулал, нэмэгдэл ороод 2,961,632 төгрөгийн цалин авдаг байсан. Дээрх авто осолд орсноос хойш эмнэлгийн магадалгаатай байсан үеийн цалингийн зөрүү 33,318,360 төгрөгийг хариуцагч Ж.Д гаргуулж өгнө үү гэсэн боловч шүүх хуралдаан дээр шаардлагаа 4,487,985 төгрөгөөр багасгаж, 28,830,375 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Р.Г нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний зардалд 121,900 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Зайлгүй гарах зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... Ж.Д нь Р.Г нэхсэн мөнгөн дүнгээс арай бага мөнгө төлж, гомдлыг барагдуулах нь зүйтэй. гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол /хх 3-8/, Т ХХК-ийн тодорхойлолт /хх 9/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр /хх 10/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0572941 акт /хх 81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 13/, Р.Г Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 13-26, 90-102/, Ариун тун ЗБН эмийн сангийн баримт, Гандан уул байгууллагын баримт, эрдэс налайх байгууллагын баримт /хх 27/, оршин суугаа газрын лавлагаа /хх 28/ шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 70/, Р.Г ажилд томилсон, чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг /хх 80, 82/ холбогдох байгууллагаас гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь эрүүл мэнддээ гэм хор учирснаас олох ёстой байсан орлого 28,208,775 төгрөг, эмчилгээний зардал 121,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 28,830,375 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эмчилгээний зардлаас бусад хохирол үндэслэлгүй гэж маргажээ.

  7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Д Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Р.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ.

Нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хийгээгүй гэсэн тайлбарын зарим хэсэг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Р.Г ажилд томилсон, чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар үгүйсгэгджээ.

Харин нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсны улмаас 2023 оны 1 болон 2 дугаар сард цалин аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

8. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.

Хариуцагч Ж.Д нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Р.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р.Г гэмтэл учирсны улмаас 2023 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хийгээгүйгээс орлого олоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Р.Г ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1857 дугаар тушаалаас харахад нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Т ХХК-д ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч гэм хорыг нөхөн арилгах үүргийг нөхцөлдүүлж байгаа тэр үйл явдал болоогүй бол уг ашиг орлого өөрт нь шилжин очих байсныг болон тогтмол ажиллаж байсан боловч гэм хор учирсны улмаас ажиллах боломжгүй болсныг баримтаар нотолж чадсангүй.

Түүнчлэн өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотойг нэхэмжлэгч нотлоогүй байна.

10. Харин шүүхээс Р.Г 2023 оны 1 болон 2 дугаар сард гэмтэл учирсны улмаас орлого олоогүй гэж үзлээ. Түүний хаан банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2023 оны 1 болон 2 дугаар сард орлого олсон үйл баримт тогтоогдсонгүй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Р.Г цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 2,084,353 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч дундаж цалингийн хэмжээний талаар маргаагүй болно. Иймээс нэхэмжлэгчийн 2023 оны 1 болон 2 дугаар сард олох ёстой байсан 4,168,407 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн эмчилгээний зардал 121,900 төгрөг шаардсантай холбоотой хариуцагч маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэмж 121,900 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно.

11. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 4,290,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

12. Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/19 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Б.Г Ж.Д нь Р.Г нэхсэн мөнгөн дүнгээс арай бага мөнгө төлж, гомдлыг барагдуулах нь зүйтэй. гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 83.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Д 4,290,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г олгож, нэхэмжлэлийн үлдэх 24,539,769 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Р.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Д 83,600 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ А.САРАНТУЯА