| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/06337/И |
| Дугаар | 102/ШШ2024/01198 |
| Огноо | 2024-03-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/01198
2024 оны 03 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2024/01198 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ю ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны зөрүү нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Л.У, гэрч Н.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь хариуцагч компанид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, угсрагчаар ажилд орсон. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэрийн даргаар томилсон. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэвч ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар угсралтын ажилтнаар томилсон. Энэхүү тушаал нь үндэслэлгүй бөгөөд ажилтны эрх ашгийг дордуулсан байна. Тухайн тушаал нь ажилтантай тохиролцсон зүйлгүй гарсан бөгөөд албан тушаал бууруулсан байна. Нэхэмжлэгч анх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны зөрүү нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ю ХХК-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, үйлдвэрийн даргын албан тушаалыг ерөнхий инженер хариуцдаг болсон. Ингээд үйлдвэрийн даргын албан тушаал байхгүй болж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай компаниас Б.Д ажлын байрны бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Э ХХК-д ажиллах ажлын байрны саналыг хүргүүлсэн. Хэрэв уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс манай компани дээр угсралтын албан тушаалд ажиллах ажлын байр санал болгосон. Гэтэл Б.Д нь Э ХХК нь хотоос зайдуу байдаг учраас ажиллахаас татгалзсан байдаг. Харин угсралтын ажлын байрыг хүлээж аваад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/119 тоот захирлын тушаал гарсан. Энэ тушаалтай нэхэмжлэгч маргаагүй. Харин 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт авъя гэдэг санал тавьсан ба одоог хүртэл ээлжийн амралтаа аваад ажилдаа ирээгүй байгаа. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах санал гаргасан боловч ямар нэг байдлаар татгалзаагүй. Үйлдвэрийн даргын орон тоо байхгүй болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байсан боловч манай компани ажилтны эрх ашгийг хамгаалах үүднээс өрсөлдөхүйц хэмжээний цалин урамшуулалттай, ажлын байраар хангасан. Үйлдвэрийн даргын үндсэн цалин 2,500,000 төгрөг, харин угсралтын ажилтан нь 2,500,000-4,000,000 төгрөг тэрнээс дээшээ ч нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хийснээрээ цалинжиж, өндөр цалин авах боломжтой. Үйлдвэрийн даргын албан тушаал нь сайн ажилласан ч 2,500,000 төгрөгийн цалингаа л авна. Харин угсралтын ажилтан нь сайн ажиллавал хэдийг ч авах боломжтой. Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа зүйл биш юм. Харин ч хөдөлмөрийг нь үнэлж, илүү ашиг орлого олох боломжоор нь хангаж өгсөн. Нэхэмжлэгч Б.Д нь манай компанид угсралтын ажил хийж байсан, ур чадвартай хүний хувьд туршлагыг нь үндэслэж угсралтын албан тушаал санал болгосон. Нэхэмжлэгчийн ажлын байрыг өнөөдрийг хүртэл хадгалж байгаа. Өнөөдөр ажлаа хийгээд цалингаа авах бүрэн боломжтой учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 3/, хөдөлмөрийн гэрээ /хх 4-9/, Юмэко дизайн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/83 дугаар тушаал /хх 10/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 48 дугаар тэмдэглэл/шийдвэр /хх 12-15/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 17, 83/, итгэмжлэл /хх 18/, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/036 дугаар тушаал /хх 40-42/, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/107 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай тушаал /хх 43/, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 дугаар ээлжийн амралтын мөнгөн олговрыг тооцож олгох тухай тушаал /хх 44/, нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжийн амралтаа эдлэх тухай хүсэлт /хх 45/, Цалингийн хүснэгт /хх 47/, Ю ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх 50-59/, Ю ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх 63-71/, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/042 дугаар хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай тушаал /хх 72-73/ тус тус гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/83 дугаар тушаал /хх 39/, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/119 дугаар ажилд томилох тухай тушаал /хх 46/ бүрдүүлж, гэрчийг шүүх хуралдаанд асуужээ. ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Б.Д нь Ю ХХК-ийн үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Надтай зөвшилцөхгүйгээр албан тушаал бууруулсан, өөр ажилд дур мэдэн шилжүүлэхдээ ажлын байрыг дордуулсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тул урьдчилан мэдэгдэж, өөр ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй учир илүү таатай нөхцөлтэй, цалин хөлстэй ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын байрыг хүлээн зөвшөөрөөд ээлжийн амралт авах хүсэлтээ гаргаад явж байсан гэж маргажээ.
6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Б.Д нь Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/83 дугаартай албан тушаал өөрчлөх тухай тушаалаар үйлдвэрийн даргаар, сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/119 дугаар ажилд томилох тухай тушаалаар 550,000 төгрөгийн цалинтай, угсралтын ажилтан болсон нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон тушаалаар тогтоогдож байна.
Ажил олгогч Ю ХХК нь ажилтан Б.Д хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч Н.М хөдөлмөрийн гэрээ хүргүүлсэн боловч гарын үсэг зурж ирүүлээгүй гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсхүл Б.Доржпүрэв гэрээ байгуулахаас татгалзсан, угсралтын ажилтнаар ажиллахыг зөвшөөрсөн, үйлдвэрийн даргын орон тоо хасагдсан, ажлын нөхцөлийг дээрдүүлсэн болохыг баримтаар нотлоогүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, тэмдэглэлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.
8. Ю ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/119 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 52, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/107 дугаар албан бичгийг тус тус үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна., 52 дугаар зүйлийн 52.1 талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна., 58 дугаар зүйлийн 58.1.6-д ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлж болно, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна тус тус зааснаар ажил олгогч орон тоо цөөлсөн, эсхүл хассан бол адил чанарын өөр ажилд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр зохицуулжээ.
Гэтэл Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/107 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай тушаал, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 дугаар ээлжийн амралтын мөнгөн олговрыг тооцож олгох тухай тушаал, нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжийн амралтаа эдлэх тухай хүсэлт, Цалингийн хүснэгт, Ю ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг нь нэхэмжлэгч Б.Д харилцан тохиролцсон, угсралтын ажилтнаар ажиллахыг хүлээн зөвшөөрсөн, адил чанарын өөр ажилд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тухайлбал Ю ХХК нь Б.Д гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/107 дугаар мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогчид эрх тэгш байх боломж хязгаарлагдмал бөгөөд эс үйлдэхүйгээр тохиролцоонд хүрсэн гэж үзэж болохгүй.
Мөн нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэхээс өмнө Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 дугаар ээлжийн амралтын мөнгөн олговрыг тооцож олгох тухай тушаал гарсан бөгөөд нэхэмжлэгч шинэ ажлын байранд ажиллахгүй байх зорилгоор ажилласан хугацааныхаа амралтыг эдлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гаргасныг угсралтын ажилтнаар ажиллахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа зарим сард 5,236,340 төгрөгийн цалин авч байсан бөгөөд хариуцагчийн тогтмол 2,500,000 төгрөгийн цалин авахаас илүү өндөр цалинтай ажилтай болгосон гэсэн тайлбар үгүйсгэгджээ.
Дээрхээс гадна Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/036 дугаар бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/042 дугаар хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай тушаалаар үйлдвэрийн даргын албан тушаалыг нэгтгэн ерөнхий менежер болгосон гэх боловч Ю ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.4-д Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн дарга удирдан зохион байгуулж, ажлаа гүйцэтгэх захиралд шууд тайлагнана... зааснаар компанийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д, Ю ХХК-ийн үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Д ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүүг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Б.Д цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 2,090,000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 95,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан Б.Д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Б.Д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2023 оны 8, 9, 10 дүгээр саруудын цалингаас тооцсон болно. 1 сарын дундаж цалин 2,750,000 төгрөг болох бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авсан 550,000 төгрөгийн цалинг тооцвол 2,200,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл авсан 660,000 төгрөгийн цалин тооцвол 2,090,000 төгрөг байна.
Иймд Б.Д ажилгүй байсан нөхөн олговрын зөрүүг 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 9,245,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу Юм ХХК-д нэхэмжлэгч Б.Д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,070 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д, Ю ХХК-ийн үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,245,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Б.Д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ю ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ю ХХК-иас 233,070 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ