Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Сүрмандах /Баянзүрх дүүргийн прокурорын газар/,

Шүүгдэгч Г.С*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т******* овогт Г*******ын С*******ид холбогдох эрүүгийн 2510000001836 дугаартай хэргийг хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т******* овогт Г*******ын С******* /регистрийн дугаар *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Г.Э*******ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.С*******  нь хохирогч Г.Э*******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Э*******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13/-р тал,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/-р тал ,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.С*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62/-р тал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.С*******ийн бусдын биед халдан гэмтэл учруулсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Э******* руу шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэн залгахад ”...шүүх хурлын тов мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.С*******ийн хүлээн зөвшөөрсөн 450,000 төгрөгийн торгох ял нь түүний гэм бурууд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.С*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******ид оногдуулсан торгох  ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох  ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулах нь зүйтэй. 

Хохирогч нь  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан  144.000 / нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг /хх-ийн 73/ шүүгдэгч Г.С*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт Г*******ын С*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******ид оногдуулсан 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******оос 144.000 / нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч  Г.С*******  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ДАРЬСҮРЭН