Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/00898

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/00898

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х. Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т.Э холбогдох,

10,506,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Т.Э манай бараа бүтээгдэхүүнийг авч борлуулдаг хүний санал болгосноор тооцоо мөнгө нь дээр нягт нямбай гэж манай эхнэр Нарантуул зах дээр худалдагч авахаар болсон. Манай компани нь монгол гэрийн эсгий, цагаан бүрээс, хөшиг, өрх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдан борлуулдаг. Тодорхой хэмжээний барааг лангуун дээр хүлээлгэж өгөөд худалдагч зарж борлуулдаг. Бараа бүтээгдэхүүн аваачиж өгөхдөө байнга зарлагын баримт үйлдэж өгдөг. Манайх сар бүр худалдагчтайгаа тооцоо нийлдэг. Гэтэл Т.Э нь тооцоо нийлэхгүй янз янзын шалтгаан хэлж тооцоо нийлдэггүй байсан. Тооцоо нийлэхдээ байгаа бараа болон Т.Э шилжүүлсэн мөнгө, зарлагын падан зэргийг тооцож гаргадаг. Ингээд тооцоо нийлэхэд Т.Э 10,689,249 төгрөгийг дутагдалтай гарсан. Энийгээ ч хариуцагч Т.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Бид Т.Э боломж олгож дутаасан мөнгөө гүйцээж өгөөрэй гэж үргэлжлүүлэн ажиллуулахад дахин мөнгөний дутагдал гаргаад байсан учир ажлаас нь халсан. Иймд дутаасан 10,689,249 төгрөгийг хариуцагч Т.Э гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Э гэх хүнийг өнөөдөр л шүүх хуралдаан дээр харж байна. Би Х.Э ажиллаж байгаагүй түүний эхнэр н.Э танилцаж ажилд орсон. Надтай харьцаж байгаагүй байж худлаа ярихаа болимоор байна. Надад тооцоо нийлье гэж хэлдэг байсан боловч өөрсдөө тооцоо нийлж байгаагүй. Түүнээс би тооцоо нийлэхгүй гэх шалтгаан хэлж байсан удаа байхгүй. Над руу бараа явуулдаг, ирээгүй барааг ч хүртэл ирсэн гэж бич гэж шаарддаг байсан. Би энэ газраас цалин авдаггүй. Бараа нь дээр нь тодорхой хэмжээний мөнгө нэмж ашиг олдог байсан. Орсон орлогуудаа тухай бүрд нь шилжүүлдэг байсан. Сүүлд надтай тооцоо нийлэхдээ н.Э өөрөө байгаагүй, өөр хүнтэй тооцоо нийлсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлага болох 10,689,249 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

  3. Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт /хх 6/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт /хх 9/, хариуцагчаас Т.Э,  Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 37-86/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь бараа, материал дутаасны төлбөрт 10,506,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эхнэртэй тохиролцсон тул нөхөр нь нэхэмжлэх эрхгүй, хурдан хугацаанд буцааж төлөхийн тулд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Т.Э нь Х.Э эхнэр Н.Э харилцан тохиролцож, бөөний үнээр бараа, материал авч, өөрийн ашгийг нэмж зараад, тохирсон хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, Т.Э Х дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч хэдийгээр Х.Э тохиролцоогүй гэх боловч Н.Э нөхөр гэдгийг мэднэ гэжээ.

Мөн талууд тооцоо нийлж, хариуцагч нийтдээ 10,506,200 төгрөгийн бараа дутаасан болох нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Т.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, тооцоо нийлсэн баримтыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

7. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн тогтоосон байршилд монгол гэр, гэрийн зөөлөн эдлэлийг худалдан борлуулж, өөрийн ашгаас үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлж байхаар харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд уг үүргийг хэрхэн гүйцэтгэх арга журмыг талууд амаар тохиролцжээ.

 

8. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. зааснаар нэхэмжлэгч Х.Э хамтран өмчлөлийн зүйлээ дутаасны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй болно. Хариуцагч нь Х.Э болон Н.Э нарыг гэр бүлийн гишүүд гэдгийг мэднэ гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагч 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн болон 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурснаа үгүйсгээгүйгээс гадна хурдан бараагаа зараад төлөх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж, дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурж, үр дагаврыг нь өөрөө ухамсарласны үндсэн дээр тооцоо нийлсэн үйлдэл хийжээ.

Иймд нэхэмжлэгч нь үүргээ биелүүлсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариуцагчаас 10,506,200 төгрөгийг шаардах эрхтэй юм.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хариуцагч Т.Э 10,506,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Т.Э улсын тэмдэгтийн хураамжид 183,049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ