| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/03969/И |
| Дугаар | 102/ШШ2024/00452 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/00452
| 2024 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/00452 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ар ХХК,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Авто машины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 14,480,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах болон 13,388,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гэрч П.Ог, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б миний бие А ХХК-д барилгын засалчнаар ажилладаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус компанитай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаатай, хүүгүйгээр зээлсэн. Зээлийн барьцаа болгож Соната-6 маркийн 79-67 УНЕ улсын дугаартай, цагаан өнгөтэй автомашиныг тус компанийн захирал болох Б.Б нэр дээр шилжүүлсэн. Миний бие зээлийн гэрээний дагуу сар бүр цалингийн 80 хувийг суутгуулан төлж нийт 7,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн төлбөрөө төлсөн учир тооцоо дуусгаж өөрийн эзэмшлийн автомашинаа өөрийн нэр дээр буцаан авах хүсэлтийг хариуцагч компанид гаргасан хэдий ч төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг үндэслэлээр автомашиныг миний нэр дээр буцаан шилжүүлж өгөхгүй байгаагаас миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч байна. Иймд Соната-6 маркийн 79-67 УНЕ улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй суудлын автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд П.О хамтран нэхэмжлэгчээр тогтоогоогүй учир 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дээрх шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Хариуцагч Ариун ур ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл П.О нь туслах ажилтнаар тогоочийн хамт өдрийн 60,000 төгрөгөөр, Б.Б нь мэргэжлийн ажилтнаар буюу өдрийн 100,000 төгрөгөөр тус тус ажиллахаар харилцан тохиролцсон. Улмаар дээрх хугацаанд тус бүр нийт 126 хоног тасралтгүй ажиллаж Б.Б 12,600,000 төгрөг, П.О 7,560,000 төгрөг нийт 20,160,000 төгрөгийн цалин хөлс авах байсан. Анх ажилд орохонд цалингаа өдөр өдөрт нь өгнө гэсэн боловч хэдэн хоногоор бөөнд нь өгөх, заримдаа цалингаа өгөхгүй зээл гэх утгаар мөнгө шилжүүлж, сүүлд нь цалингаас суутгадаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс барилгын ажил зогсоход хариуцагч нь харваас ажил эхэлтэл оффис дээр жижүүр, үйлчлэгч хийх ажлын санал тавихад бид хүлээн зөвшөөрч, П.О үйлчлэгчээр ажилласны хөлсөө байрны түрээсэнд суутгуулж, түрээсийн гэрээ байгуулсан. Б.Б нь жижүүрээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоногийн 45,000 төгрөгөөр 15 удаа гарч 675,000 төгрөгийн хөлс авахаар болсон. 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс барилгын ажил эхэлж, Б.Б нь өмнө ажиллаж байснаараа тохиролцож, ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 135 хоног тасралтгүй ажилласан. П.О нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 73 хоног тогооч болон барилгын туслах ажилтнаар өдрийн 85,000 төгрөгөөр ажилласан. Дээрх хугацаанд нийт Б.Б 26,775,000 төгрөг, П.О13,765,000 төгрөг нийт 40,540,000 төгрөгийн цалин хөлс авах ажил гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч нь дансаар 18,559,200 төгрөг шилжүүлсний 13,765,000 төгрөг нь П.О цалин тул Б.Б нь 26,775,000 төгрөгийн цалин хөлс авах байснаас 4,794,200 төгрөгийг дансаар авч, 7,500,000 төгрөгийг машин худалдан авахдаа зээлж цалингаасаа суутгуулж төлж барагдуулсан бөгөөд нийт 12,294,200 төгрөгийн цалин хөлсөө авч, үлдэх 14,480,800 төгрөгийн цалин хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй, хохирсоор байна. Учир нь ажил олгогч буюу А ХХК, Б.Б нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу олгож буй цалин хөлснийхөө талаарх мэдээллийг ажилтанд тогтмол өгч байх ёстой байтал Б.Б, П.О нарын хэнд хэдэн төгрөгийн цалин олгосон талаарх мэдээллийг ажилтанд тогтмол өгч байх ёстой байтал Б.Б, П.О нарын хэнд хэдэн төгрөгийн цалин олгосон талаарх мэдээллийг өгөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нийт дансаар олгосон 18,559,200 төгрөгийн 13,765,000 төгрөг нь П.О цалин хөлс байсан гэж тодорхойлж байна. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгч Б.Б дээр дурдсан хугацааны цалин хөлс 4,794,200 төгрөг, машины зээлд суутгуулсан 7,500,000 төгрөг нийт 12,294,200 төгрөгийг өгсөн гэж үзэж байгаа тул олгогдоогүй үлдэх 14,480,800 төгрөгийн цалинг хариуцагч нараас гаргуулж, 7967 УНЕ улсын дугаартай соната маркийн автомашиныг Б.Б нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Б.Б тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулан цалингийн үлдэгдэл 14,480,000 төгрөг гаргуулах, Соната маркийн автомашинийг Б.Б нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай Ар ХХК-д Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан. Б.Б нь барилгын ажлын туршлагагүй, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддагүй байсан учир манай компанид туслах ажилчнаар ажиллуулж, цалин нь туслахаар бодогдон 1 өдрийн 70,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс манай компаний гүйцэтгэж байсан ажил дуусаж, өвлийн цагт Б.Б нь манай оффис болох Б дүүргийн .. дугаар хороо А.А гудамж 2/24 байр А төвийн манаачаар ажиллуулсан. Ингэхдээ Б.Б нь би очих газаргүй амьдрах байргүй болчихлоо хавар ажил эхэлтэл оффисийн тань 1 өрөөнд би эхнэр П.О хамт амьдраад оронд нь бид хоёр манаач, үйлчлэгч хийж өгье гэж гуйгаад байхаар нь өөрсдийн объектынхоо 302 тоотод түрээсийн гэрээ хийн суулгаж байсан. Ажил эхлэхээр цалин дээрээсээ хасуулья гэж мөнгө зээлж авдаг байсан. Цагаан сарын шинийн 1-ний өглөө оффисийн байрыг харж байх ёстой ээлжийн харуул хийж байсан Б.Б нь ажлын байраа хаяад хөдөө явсан учир ажлаас халсан. Б.Б нь ирж ажлаа хийе биднийг уучлаарай захирлуудаа гэж гуйсаар байгаад ажилдаа эргэн үлдэж байсан. Энэ хугацаанд Б.Б нь машиныхаа газны мөнгө, хоолны мөнгө жижиг сажиг 50, 100, 200 мянган төгрөгөөр зээлэн авдаг байсан. Манай компани нь барилгын ажилчдын цалинг ажилласан өдрөөр тооцон олгодог бөгөөд Б нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байранд өрөө хөлсөлж суусны хөлсөнд манаачаар ажилласан. 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 10 хоног автовишк жолоодсон, буулгалт хийсэн. 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 5 хоног, 6 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдөр болтол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 42 хоног ажилласан. Б.Б нь нийт 57 хоног ажилласан бөгөөд ажилласан хугацааны цалин нь 3,990,000 төгрөг болсон. Бид Б.Б цаашид тогтвортой ажиллана гэж итгэж, аль болох дэмжихийг хүсэж байсан учир дараа дараагийн цалингаас нь суутгана гэж тооцоолж мөнгө зээлж байсан боловч Б.Б нь манай компаний дүрмийг зөрчиж ажлаа хаяж явах, архи уух зэрэг зохисгүй үйлдэл гаргасаар байсан учир ажлаас халсан юм. Б.Б нь цалингаас хасуулья гэж 13,738,000 төгрөг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа, мөн гар утас 450,000 төгрөгөөр авхуулсан, компанийн машин болох Бонго-3 маркийн автомашиныг унаж яваад эвдэлсэн түүний зардал 350,000 төгрөг, портер-2 маркийн автомашин унаж яваад бас эвдэлсэн түүний зардал 300 000 төгрөгийг төлөөгүй өдий хүрч байна.Бид өр төлбөргүй болсон тохиолдолд Б.Б унаж хэрэглэж байсан машиныг нэр дээр шилжүүлэхээр тохирсон боловч Б.Б нь авсан зээлээ төлж барагдуулаагүй, ажлаас гарахдаа миний автомашиныг хүлээлгэж өгөлгүй дураар аашилж авч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.Б манай компанид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс туслах ажилтнаар орсон. Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12,938,000 төгрөг зээлж авсан. Мөн Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өөрсдийн NOAH гэх машинаа ББСБ-д хураалгачихлаа би цалингийн зээлээр машин авмаар байна гэсэн хүсэлт тавин дахин дахин гуйж байсан тул Б.Б миний бие 7,500,000 төгрөгөөр Соната-6 маркийн цагаан өнгийн 79-67 УНЕ улсын дугаартай автомашин худалдан авч, Б.Б ажиллаж байх хугацаандаа худалдан авсан автомашиныг унаж ашиглах эрхийг өгсөн. Харин ямар нэгэн өр төлбөргүй болсон тохиолдолд Б.Б нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл Б.Б нь авсан зээлээ төлж барагдуулаагүй атлаа ажлаас гарахдаа миний автомашиныг буцааж хүлээлгэж өгөөгүй дураар аашилж авч явсан. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт 12,938,000 төгрөг, мөн гар утас 450,000 төгрөгөөр авхуулсан нийт 13,388,000 төгрөг гаргуулж, Соната-6 маркийн цагаан Өнгийн 79-67 УНЕ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Б.Б, П.О нар нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл А ХХК-д ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэг авагдсан талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасантай нийцэж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан. Мөн хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний хэмжээг тусгана гэж заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болон хуулийн зүйл заалтуудыг биелүүлээгүй буруутай үйлдэл нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах үндсэн эрхтэй гэж заасан. Б.Б дансны хуулгаас харахад тэгш тоотой мөнгө гүйлгээнд орж ирсэн нь өдрийн 100,000 төгрөгийн цалин авсан нь батлагдаж байгаа. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэгт дагалдан ажилтан 3 сарын хугацаанд ажиллах ёстой гэж зааснаас үзвэл хариуцагч нэг жил дагалдан ажилтан хийсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой баримтуудаар нотлогдохгүй байгаа учраас хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 26,000,000 төгрөг өгсөн гэж хэллээ. 13,000,000 төгрөгөө нотлоогүй. гэсэн тайлбарыг гаргаж байна.
5. Нэхэмжлэгчээс 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 4/, Компанийн дотоод ажилчдын цалингийн зээлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ /хх 5-7/, Б.Б, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-68/, /хх 179-244/, хариуцагчаас итгэмжлэл /хх 78/, А ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/002 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /хх 98-99/, Б.Б х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100-131/, / 2хх 19-20/, /2хх 37-64/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /2хх 132-133/, Спорт заалны дээврийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 21-27/, Нийтийн эзэмшлийн байрнуудын засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 28-29/, Соёлын төвийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 30-36/, Гадна фасад болон сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 131-135/, Н.П, М.Э нарын мэргэжлийн үнэмлэх /хх 209-210/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэргийн 80-84 дүгээр хуудаст авагдсан П.О түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг гэрч П.Оюунчимэгийг хамтран нэхэмжлэгчээр оруулахтай холбоотой гарган өгсөн гэсэн бөгөөд 1 дүгээр хавтастай хэргийн 144-155 баримтыг нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй гэсэн учир шинжлэн судлаагүй болно.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 7-17/, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 68-79/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 169-199/ үйлдэж, гэрчээр М.Э /2хх-89-92/, Н.П /2хх 142-143/, шүүх хуралдаанд П.О нарыг асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Д.Т хэлтсээс А ХХК-ийн татварын тайлан /2хх 94-122/ гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нь үлдэгдэл цалин 14,480,800 төгрөг гаргуулж, 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг Б.Б даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, машины зээлийг төлж барагдуулаагүй, ажилласан хугацаанд нь тохиролцсон цалин, хөлсийг өгсөн гэжээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн бодит эзэмшлийг шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэгт 12,938,000 төгрөг, гар утасны үнэ 450,000 төгрөг, нийт 13,388,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, машины төлбөрийг төлсөн учир буцаан өгөхгүй, мөнгө зээлээгүй учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ариун-Ур ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нь 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, Б.Б хөдөлмөрийн хөлснөөс тээврийн хэрэгслийн үнийг суутган авах нөхцөлөөр нэхэмжлэгчид автомашины эзэмшлийг шилжүүлсэн болох нь 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ариун-Ур ХХК-ийн дотоод ажилчдын цалингийн зээлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд А ХХК-д ажиллаж байсан бөгөөд хариуцагч А ХХК-аас Б.Б дансаар 20,367,700 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргасангүй. Энэхүү үйл баримт нь Б.Б Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-68/, /хх 179-244/, Б.Булнайн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100-131/, / 2хх 19-20/, /2хх 37-64/ тус тус тогтоогджээ.
Мөн талууд Б.Б жижүүрээр 15 удаа ажилласны хөлсийг 675,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй ба ажилласан хоног болон тохиролцсон цалингийн хэмжээний талаар маргажээ. Ажилласан хоног болон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч автомашины төлбөр төлөгдсөн эсэхийг тодорхойлно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн төлбөрт 7,500,000 төгрөг төлсөн, 261 хоног барилга дээр ажилласан, П.О цалинд 13,765,000 төгрөг шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчид шилжүүлсэн 20,367,700 төгрөгийн 1,808,500 төгрөгийг түүний цалин, хөлсөнд шилжүүлсэн, Б.Б барилгын ажлын 1 өдрийн цалинг 70,000 төгрөгөөр тохиролцсон, Б.Б 151 хоног барилга дээр ажилласан гэснээ тус тус баримтаар нотлоогүй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 42.1.5-д хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан тус тус зааснаар шүүх Б.Б нэмэгдүүлсэн шаардлагадаа тусгасан цалин, хөлс гаргуулах хөдөлмөрийн эрхийн маргааныг шууд хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч Б.Б нь 182 хоногийн хугацаанд барилгын ажил хийсэн ба 1 хоногийн хөдөлмөрийн хөлсийг 100,000 төгрөгөөр тохиролцсон гэж шүүхээс үзлээ.
Хариуцагч нар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 230,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг Б.Батжавт шилжүүлж, түүнийг 1 өдрийн 100,000 төгрөгөөр ажиллуулж байсан болох нь зохигчийн дансны хуулгаар тогтоогдох бөгөөд үүнээс хойш цалинг 70,000 төгрөг болгон өөрчилсөн, дагалднаар ажиллуулж байсан гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Ердийн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сар хүртэл байна. Талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. зааснаар хариуцагч нар Б.Б дагалднаар ажиллах гэрээ байгуулаагүй, дагалднаар ажиллуулж байсан болохоо нотлоогүй байна.
Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбараа нотолж чадаагүй ба ажилтантай гэрээ байгуулан хөдөлмөрийн хөлсийг тохироогүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй байхаас гадна гэрч М.Э, Н.П, П.О нарын мэдүүлгээр Б.Б 1 хоног барилгын ажил хийх хөлсийг тогтоохгүй юм.
Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 18,559,200 төгрөгөөс жижүүрээр ажилласан хугацааны 675,000 төгрөгийг хасвал 17,884,200 төгрөг болох ба нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг 100,000 төгрөгөөр бодоход 179 хоног ажилласан гэж үзэхээр байна. Энэ нь 2 дугаар хавтастай хэргийн 167 дугаар хуудасны ар хэсэгт бичигдсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажилласан хугацааг 182 хоногоор тооцож байсантай дүйцэж байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Б нь А ХХК-д 182 хоногийн хугацаанд өдрийн 100,000 төгрөгийн хөлстэй барилгын ажил хийжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр Б.Б ажилласан хугацааг тогтоох боломжгүйг дурдах нь зүйтэй.
10. Зохигчид хөдөлмөрийн харилцаатай байсан талаар маргаагүй бөгөөд Хариуцагч А ХХК нь 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч Б.Б нь автомашины төлбөрийг цалингаасаа суутгуулан төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зээлээр худалдах худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг шаардаагүй, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаан гаргаагүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ хариуцагч нар биелүүлсэн, нэхэмжлэгч хариу 7,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч 182 хоног барилгын ажил хийж, 15 хоног жижүүрээр ажиллахдаа хөдөлмөрийн хөлсөнд 18,559,200 төгрөг авсан тул ажил олгогч тохиролцсон хөлсийг шилжүүлж, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлжээ.
Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг шилжүүлээгүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх нэр шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд машины тооцоо 100 хувь дууссан гэсэн бичвэр бичсэнээ үгүйсгээгүй боловч төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарлажээ. Энэ талаар хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад машины төлбөрт 7,500,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсонгүй.
11. Нэхэмжлэгч мөн үлдэгдэл цалин, хөлсөнд 14,480,800 төгрөг гаргуулахаар шаардсан боловч П.О цалинд 13,765,000 төгрөг шилжүүлсэн болохоо, 261 хоног барилгын ажил хийсэн болохоо нотолж чадаагүй тул шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан автомашины бодит эзэмшлийг шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэгт 12,938,000 төгрөг, гар утасны үнэ 450,000 төгрөг, нийт 13,388,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь 7,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
Хариуцагчийн Б.Б дансаар шилжүүлсэн 20,367,700 төгрөгөөс ажилчдын хоол, автомашины шатахуунд зарцуулсан 1,808,500 төгрөгийг хасаад үлдэх 18,559,200 төгрөг нь түүнд олгох хөдөлмөрийн хөлстэй дүйцэж байх тул илүү 13,388,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ.
13. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлаас 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн бодит эзэмшлийг шилжүүлэх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй боловч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. зааснаар үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй, талууд тооцооллын хувьд маргаантай байжээ.
Иймд хариуцагч А ХХК нь үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нэхэмжлэгч шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй байхад шүүхээс талууд гэрээнээс татгалзсан гэж үзээд үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй юм.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225,1, 262 дугаар зүйлийн 262.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т тус тус зааснаар хариуцагч А ХХК, Б.Б нарт холбогдох нэхэмжлэгч Б.Б 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх нэрийг шилжүүлэхийг даалгах, цалин 14,480,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.Б холбогдох хариуцагч А ХХК, Б.Б нарын 7967 УНЕ улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах болон 13,388,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,555 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ