Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1790

 

Ю.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01746 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ю.Ч-ийн хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ю.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А.М-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан 53 000 000 төгрөг зээлүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ дахин байгуулсан боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх үүргээ биелүүлээгүй. А.М одоохон өгнө гэж хуурсаар өдийг хүрсэн, түүнтэй утсаар болон биечлэн уулзахад өнөө, маргаашгүй хүүтэй нь төлнө гэсэн ч өгөөгүй тул гэрээнд заасан 73 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ю.Ч-ээс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг зээлж аваад барилгын ажилд хэрэглэсэн ба уг мөнгийг авахдаа 20 000 000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Түүнчлэн нэмж 3 000 000 төгрөг аваад нийт 53 000 000 төгрөг авснаас 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг /эхнэр Х-д/ бүгд 31 000 000 төгрөг төлсөн, одоо 22 000 000 төгрөг төлөх дутуу байгаа. Өнгөрсөн хугацаанд би хорт хавдартай жил гаруй эмнэлгээр явсан ба дараа нь эхнэрээ 2 жил асарч энэ хугацаанд ямар ч орлогогүй, ажилгүй байсан ба өөрийн байгаа гэр хорооллын хашаагаа зарж төлөх гэсэн боловч хүн авахгүй байсаар өдий хүрсэн. Би энэ хашаагаа зарж Ю.Ч-д 22 000 000 төгрөг төлнө. Харин амласан 20 000 000 төгрөгийг өгч чадахгүй болоод байгаа, санхүүгийн хувьд маш хүнд байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

               Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүрд овогтой А.М-аас /РД:ХВ49052511/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 000 000 /далан гурван сая/ төгрөг гаргуулан Өөлд дээд овогтой Ю.Ч-д /РД:ХЕ52102672/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 522 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 522 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч А.М давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Мөнгө зээлсэн зээлийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхөн байгуулахдаа зээлийг хүүгүй гэж бичсэн байхад төлсөн 31 000 000 төгрөгийг хүү гэж тооцсон. Би 53 000 000 төгрөг дансаар авсан ба энэ гэрээнд зээлийг өгсөн ба төлсөн баримтыг гарын үсэг болон банкны бичгээр баталгаажуулах гэсэн байхад 20 000 000 төгрөг авснаар тооцож 73 000 000 төгрөг өгөх шийдвэр гаргасан /дансны хуулга алга/. 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр эгчийн хүүхэд нас баран хөдөө яваад оролцоогүй байхад шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Ю.Ч-д 22 000 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа тул зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч Ю.Ч нь хариуцагч А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч А.М нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг болон дараа нь нэмж 3 000 000 төгрөг Ю.Ч-ээс авснаа зөвшөөрсөн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг Ю.Ч-ийнХаан банкны 5020840428 тоот дансанд тус тус төлсөн баримтууд хэрэгт авагджээ. /хх12,13,14/

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөг нь өмнөх зээлийн төлбөр гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн ч гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдах бөгөөд үндсэн зээл 53 000 000 төгрөгөөс 31 000 000 төгрөгийг төлөгдсөн, үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөг болсон гэж үзнэ.

 

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээг нөхөн байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор 73 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцохдоо үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг 53 000 000 төгрөг гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт нийцэхгүй тул 22 000 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл дээр хариуцагчийн зөвшөөрсөн 20 000 000 төгрөгийг нэмж төлбөрийн үлдэгдлийг тооцох нь зүйтэй. /хх3-5/

 

            Хариуцагч А.М-ын “... 31 000 000 төгрөгийг төлсөн, 22 000 000 төгрөг төлөх дутуу гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд нэгэнт 20 000 000 төгрөгийг төлөхөөр амлаж баталгаа гаргасан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Ч-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Анхан шатны шүүх талуудад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаатай болсныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01746 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... А.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Чүлтэмд олгосугай” гэснийг “... А.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 000 000 төгрөг гаргуулан Ю.Ч-д олгож, үлдэх 31 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 522 950 төгрөг ...” гэснийг “ ... 367 950 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                 ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ