Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/59

 

 

 

 

 

 

    2022            01              11                                         2022/ДШМ/59

 

                                                   

Ж.Э, Ш.Б, Г.Д нарт

                                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

хохирогч Д.Э М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч Ж.Э-гийн  өмгөөлөгч Т.Даваажав, Я.Баярсайхан,

шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Э М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1809020120526 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овгийн Ж-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .................. мэргэжилтэй, “.................” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, .................... дүүргийн ...... дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../;

2. И овгийн Ш-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, “.................” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүгийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, Дамбадаржаагийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүтгэлтэй, /РД: ................./;

3. Б овгийн Г-ын Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............... аймагт төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: КЮ50011775/;

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Ж.Э нь ганцаараа:

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ч-д ТОСК-аас зарласан Хөвсгөл аймагт орон сууцны барилга барих 6 тэрбумын тендерт шалгарсан, санхүүжилт хэрэгтэй байна. 250.000.000 төгрөг зээлдүүлбэл 300.000.000 төгрөг болгож өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 50.000.000 төгрөг залилан авсан,

2016 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-гийг 1 тэрбум төгрөгийн зээл авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.С-д 10.000.000 төгрөгийг хохирол учруулсан,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “................” ХХК-ийн үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна гэж Н.Н-гийг хуурч, түүний эзэмшлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр байрны 5-60 тоотод орших 3 өрөө орон сууцыг “Манго Капитал” ББСБ-д барьцаанд тавиулж 30.000.000 төгрөг залилан авсан,

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Э М-ээс Ү-2203030968 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамжны 42а байрны 15 тоот орон сууцыг “худалдаж авна, үлдэгдэл 76.000.000 төгрөгийг удахгүй өгнө” гэж хуурч, уг орон сууцыг шилжүүлэн авч 76.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Д.Э М-ээс “Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 2 тэрбум төгрөгийн зээл гаргуулж авахад мөнгө шаардлагатай байна” гэж хуурч, бодит байдлыг зориуд нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бид” ББСБ-д түүний хүү Э.О-ийн Ү-2203029306 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 5 тоот, Э.О-гийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 6 тоот орон сууцыг барьцаанд тавиулж, 45.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Э М-ээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “2 тэрбум төгрөгийн зээл бүтсэн, маргааш мөнгө гарахаар болсон, одоо мөнгөний шаардлага гарсан” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Ж.Э, Г.Д, Ш.Б нар бүлэглэн:

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Цагаан хотхон” нэртэй өнчин хүүхдийн асрамжийн газар барих төсөл хэрэгжүүлж байгаа, санхүүжилт орно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Э М-ийг төөрөгдөлд оруулж, Д.Э М, Э.О, Д.О нарын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 426 тоот, Ү-2203032960 улсын бүртгэлийн дугаартай, 000465340 дугаар гэрчилгээтэй 234 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Батмөнхийн гудамж 42а байрны, 16 тоот, Ү-2203030969 улсын бүртгэлийн дугаартай, 000399959 дугаар гэрчилгээтэй 74.47 м2 талбайтай 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол 1 дүгээр байрны 290 тоот Ү-2203003296 улсын бүртгэлийн дугаартай, 000465224 дугаар гэрчилгээтэй 30 м2, 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол Батмөнхийн гудамж 42а байрны 29 тоот, Ү-2203031243 улсын бүртгэлийн дугаартай, 000400022 дугаар гэрчилгээтэй 67.42 м2 талбайтай 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай 000399962 дугаар гэрчилгээтэй 47,08 м2 талбайтай 1 өрөө орон сууц зэргийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Илланай” ББСБ-д барьцаанд тавиулж, 230.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 466.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Э-гийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Ш.Б, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1497 дугаартай захирамжийн удиртгал хэсэгт “... Д.Э М...”, гэж өөрчилж, захирамжлах хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон...” гэж 1.3 дахь заалтыг хасаж, мөн “...“Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. ...” гэж нэмэлт заалт оруулж, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай шийтгэх тогтоолд залруулга оруулах тухай захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай шийтгэх тогтоолд “залруулга” биш “...“Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай ...” гэж нэмэлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулж болно...” гэж заасан байхад үг, үсэг, тоо, тооцооны шинжтэй алдаа биш буюу орхигдуулсан заалтаа нэмж оруулсан. Мөрдөгчийн тогтоолыг ямар хуулийн, ямар заалтыг үндэслэж хүчингүй болгож байгаагаа дурдаагүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч би энэ талаар маргаж, мэтгэлцсэн байхад “маргаагүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүх “Илланай ББСБ”-ыг иргэний нэхэмжлэгчээр татах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгтээ зааж өгөөгүй. Хүчингүй болгох үндэслэл ч байхгүй. Энэ талаар өмгөөлөгч би маргасан байхад “маргаагүй” гэж дүгнэж бичсэн талаар давж заалдах гомдолдоо бичсэн. Үүнээс санаа авч өмгөөлөгч миний гаргасан гомдлыг албан тоотоор буцааж, залруулга оруулах тухай хуралдааныг хийсэн.

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан атлаа, буцаасан захирамж дотроо мөнгөтэй газар буюу банк бус санхүүгийн байгууллагад илт давуу тал олгож, иргэний нэхэмжлэгч байсныг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. 476.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн миний үйлчлүүлэгч хохирогч Д.Э М-ийг “өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоно” гэж удаа дараа хүсэлт өгөөд байхад түүнийг оролцуулалгүй, шүүх хуралдааныг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

 

Мөн прокурор прокурор яллах дүгнэлтэндээ хохирогч Д.Э М-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 476.000.000  төгрөг байхад 376.000.000 төгрөг гэж дутуу оруулсан. Сүүлд 20.000.000 төгрөг Ж.Э авсан байсан. Бүхэл бүтэн 100.000.000 төгрөгийн хохирлыг оруулж тооцоогүй. Шүүх харин энэ тооцооны алдаан дээр залруулга оруулж өгөх боломжтой байсан. Гэтэл нэмэлт оруулж орхигдуулсан заалтаа залруулга гэж үзсэн.

 

Иймд 2021/ШЗ/1654 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн “... “Илланай ББСБ”-ын иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай...” гэснийг хасч өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Э М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж байсан. Гэвч шүүх хуралдаан болох үед би хавдрын эмнэлэгт хэвтэж, химийн эмчилгээ хийлгэж байсан учир шүүх хуралдаанд оролцуулаагүй, миний эрхийг хассан. Намайг байхгүйд шүүх хуралдааныг явуулахдаа үнэн бодитой зүйл байхгүй, намайг худал гүтгэсэн. Миний хүүхдүүд болсон явдлын талаар хэлсэн ч хүлээж аваагүй. Хэрэв шүүх хуралдаанд намайг оролцуулсан бол үнэн зөв шийдвэр гарах байсан гэж үзэж байна. “Илланай” ББСБ-тай иргэний журмаар маргах гэж байсан ч эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн. Тиймээс “Илланай” ББСБ-тай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар биш иргэний журмаар шийдвэрлүүлэхээр болсон бол сүүлд гарсан шүүгчийн захирамжаар “Илланай ББСБ”-ыг иргэний нэхэмжлэгчээр татах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон байна. Түүнчлэн миний овгийг буруу бичиж “Б.Э” гэж бичсэн байсан. Прокуророос Ж.Э, Ш.Б нарыг энэ хэрэгт холбоотой гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас “Илланай” ББСБ-ын зээлийн гэрээг хүчингүй болгуулах саналтай байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, намайг шүүх хуралдаанд оролцуулж, “Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, надад учирсан хохирлыг үнэн зөвөөр гаргаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Э-гийн  өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Э-гийн  өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Санал байхгүй. ...” гэв.   

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Э, Ш.Б, Г.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/1497 дугаартай шүүгчийн захирамжаар “...Ж.Э-т 1805055751754 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн 180503410687 дугаартай эрүүгийн хэрэгт 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм хэрэгт тус тус яллагдагчаар татсан байх тул хэргийг нэмж шалган шүүгдэгч Ж.Э-гийн  эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх, мөн нэг бүлэг, зүйлд  заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэх, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтоох нь зүйтэй, мөн хэрэгт “Илланай” ББСБ иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлт, шаардлага гаргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоогоогүй, үндэслэлгүйгээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, энэ талаар улсын яллагч мөн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох талаар дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан, маргаагүй тул шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн...” дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад “...Шүүгдэгч Ж.Э, Ш.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн 1809020120526 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай...” гэж, 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ш.Б, Ж.Э нарт урьд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй...” гэж, 3 дахь заалтад “...Энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор Ж.Э-гийн  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 42а байрны 15 тоот 42.3 мкв улсын бүртгэлийн Ү-2203030968 дугаартай орон сууц битүүмжилснийг хэвээр үлдээсүгэй...” гэж дурдаж шийдвэрлэсэн байна.  

Харин 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх өөрийн санаачлагаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1497 дугаартай захирамжид залруулга хийж, удиртгал хэсэгт “... Д.Э М...”, гэж өөрчилж, захирамжлах хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон...” гэж 1.3 дахь заалтыг хасаж, мөн “...“Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. ...” гэж нэмэлт заалт оруулж, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай “Шийтгэх тогтоолд залруулга оруулах тухай” шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын “Илланай ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосныг хасаж өгнө үү” гэж бичсэн хохирогч Д.Э М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Эрх бүхий албан тушаалтан, прокурор, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ягштал хэрэглэж хэвших шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг удирдлага болгож, тухайн хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлээгүй атлаа “Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа “Илланай ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон” алдаатай шийдвэр гэж үзлээ.

          Иймд хохирогч Д.Э М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн “Шийтгэх тогтоолд залруулга оруулах тухай” шүүгчийн захирамжийн 1 дэх заалт “Илланай ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон”-ыг хасаж шийдвэрлэлээ.

            Тус шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолд бус шүүгчийн захирамжинд залруулга хийсэн бөгөөд уг гарчиг нь буруу бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн: 

1 дэх заалтын “...“Илланай” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсан хэсгийг хүчингүй болгож, захирамжийн захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                                  ЕРӨНХИЙ

                                       ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

 

                            ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ