Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 204

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Д.Чинзориг, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Н.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн 2016 2501 4387 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 10 оныдүгээр сарын-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, 3-н эгч нарын хамт Дорнг Баянголд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хуасай овогтой Нээрэнсайханы Ганбалт /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Н.Га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” зочид буудлын 2 тоот өрөөнд дуудлагын дагуу очсон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Азбаярыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж хохирогч М.Азбаярын толгойн тус газар шаазан аягаар цохиж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганбалт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр архи зардаггүй өдөр байсан юм. Манай хоёр найз хөдөөнөөс ирээд бид уулзаж өдөржин архи уусан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэр өдрийн орой нь хохирогч болох цагдаа дуудлагын дагуу ирсэн. Би тэр цагдаагийн толгой руу аягаар цохиж хагалсан. Тэгээд би баригдсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Азбаярын өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 8 цаг 30 минутаас 12 дугаар сарын 2-ны өдрийн 8 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 19 болон 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 116-р чиглэлд машинд эргүүлийн үүргийг тус хэлтсийн офицер цагдаагийн дэслэгч А.Алтангэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12 дугаар сарын 1-ний 22-оос 23 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Цайз” зочид буудалд согтуу хүн агсам тавиад байна гэх мэдээлэл аваад замаараа 1 дуудлага шалгаад дараа нь “Цайз” зочид буудалд А.Алтангэрэлийн хамт очсон. Тэгээд А.Алтангэрэл түрүүлээд орсон. Харин би дахин дуудлага хүлээж аваад араас нь орсон. Гэтэл А.Алтангэрэл дуудлага өгсөн гэх Хонгорзул гэх эмэгтэйтэй уулзаж байсан. Тэр эмэгтэйн амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд уг эмэгтэйг зодсон гэх залуу уг буудлын 2 дугаартай өрөөнд байгаа гэсний дагуу 2 тоот өрөөнд ороход хоёр залуу согтуу байж байсан. Ингээд өрөөний дотор ороод орчин тойронг ажихад ширээн дээр 0.75 литрийн архины шил байсан. Тэгээд би сар болгоны 1-ний өдөр архи зардаггүй өдөр хаанаас архи авсан талаар асуусан. Тэгтэл намайг цохьсон Ганбалт нь Баянзүрхээс авсан гэж хариулсан. Тэгэхээр нь яг хаанаас авсан талаар дахин тодруулахад Ганбалт нь шууд босож ирээд намайг цохих гэхээр нь би арагшаа бултахад түүний гар миний хамар шүргээд өнгөрсөн. Тэгсэнээ нөгөө гараараа цохих гээд дайрхаар нь би түүний гарыг барьж аваад хуульд заасан өчиг гэх мэх хийн уг хүнийг орны өмнө шалан дээр хэвтүүлж байгаад гарыг нь гавлах гээд зүүн гарт гав зүүж байхад Ганбалт нь нөгөө гараараа миний толгой руу цохисон. Тухайн үед би гараараа цохиж байна гэж бодоод гартай нь ноцолдож байтал дахин миний толгой руу цохисон. Тэгтэл шаазан аяга хагарсан. Тэр үед миний толгой руу шаазан аягаар цохисон гэдгийг мэдсэн. Тэгээд миний  толгойноос цус гарч эхэлсэн ба Алтангэрэл надад тусалж Гг уг өрөөнөөс авч гарч ирээд цагдаагийн хэлтэст аваачиж эрүүлжүүлсэн /хх13/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч А.Алтангэрэлийн өгсөн: “... Цайз зочид буудалд согтуу хүн агсам тавиад байна гэх мэдээлэл Улиастай 10-аас ирсэн. …буудлын үйлчлэгч эмэгтэй хоногоор авсан өрөөний хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн. …өрөөнд ортол хоёр согтуу залуу байж байсан. Тэгээд би сар бүрийн 1-ний өдөр яагаад согтууруулах ундаа уусан байдаг билээ гээд “...хаанаас болон аль дэлгүүрээс авсан юм бэ” гэж асуусан. Тэгтэл нэг согтуу залуу буюу Ганбалт нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авсан гэсэн. Тэгэхдээ та нарт хэлэхгүй гэж хэлсэн. Тэгээд манай цагдаа М.Азбаяр нь Ганбалт гэх залууг за явъя гэж хэлээд нэг гараас нь барих гэтэл нөгөө Ганбалт гэх залуу гараараа цохих гэхэд нь М.Азбаяр хойшоо болж бултаж, нэг гарыг нь барьж аваад цагдаагийн хууль дүрэмд заасан өчих мэх хийж доошоо дараад гавлах гэж байсан. Тэр үед би одоо гайгүй байлгүйдээ гэж бодоод байж байтал нөгөө Ганбалт нь хаанаас аяга авсан юм мэдэхгүй манай цагдаа М.Азбаярын толгойн хэсэгт аягаар цохиж толгойг нь хагалсан ба М.Азбаярын нүүрэн хэсэг нилэнхүйдээ цус гоожиж байсан. Тэгэхлээр нь би яасан юм бэ гээд очиход М.Азбаяр нь гараараа цохиж байна гэж бодсон чинь аягаар цохиод байсан байна ш дээ гээд гарыг нь гавлах гэж байсан. Намайг очиход цагаан өнгийн шаазан аяга 2-3-н хэсэг болчихсон байсан. Ингээд Ганбалтыг босгоод ирсэн чинь дахин зодох гээд дайраад байсан…” /хх26/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Наранцэцэгийн өгсөн: “...эмэгтэй нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх гаднаас цагдаагийн хоёр хүн орж ирээд юу болсон талаар нөгөө халамцуу эмэгтэйгээс асуугаад байсан. Тэгээд 2 тоотод цагдаагийн албан хаагчид орсон. Тэгтэл нэг өндөр биетэй залуу нь цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд цагдаа нартай зодолдоод байсан. Тэгтэл нэг цагдаагийн толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд толгой хагалчихлаа гэж байсан. …тэр цагдаа гаднаас орж ирэхдээ зүгээр байсан...” /хх24-25/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16312 дугаар:

   1. М.Азбаярын биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхад цус хуралт, тархи доргилт гэмтэл тоготоогдлоо,

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх31/ гэх дүгнэлт,

          Хэрэг учрал болсон гэх газраас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шаазан аяганы хагархайг эд мөрийн баримтаар хураан авсан тухай баримтууд /хх10-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх46/, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх80/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх81/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Ганбалт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” зочид буудлын 2 тоот өрөөнд дуудлагын дагуу очсон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Азбаярыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж хохирогч М.Азбаярын толгойн тус газар шааван аягаар цохиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Г нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Азбаяр нь “...хохиролд 300.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Харин хохирогч гомдол саналгүй гэсэн тайлбар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Азбаярт 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяганы 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.