Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0591

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Г******* х******* *******” ХХК /РД:*******/,

            Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

            Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахим/, Г.Ж /цахим/, Ц.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Г******* х******* *******” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах,

1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. “Г******* х******* *******” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр MV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөө[1] 2032 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуусах хүртэл хугацаагаар авсан байна.

2.2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тоот тушаалаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, Орхон голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, томилолтоор ажиллах удирдамжийг баталжээ.[2]

Тус ажлын хэсгийнхэн Архангай аймагт 2022 оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд томилолтоор ажилласан тухай илтгэх хуудсыг хийж гүйцэтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, Ой, ус тусгай хамгаалалтай газрын кадастрын хэлтсийн дарга нарт танилцуулсан байна[3].

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2022/04дугаар дүгнэлтийг[4]  гарган, энэхүү дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаар албан бичгээр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад хүргүүлжээ.[5]

2.3. Улмаар дээрх дүгнэлт, албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэрээр[6] “Г******* х******* *******“ ХХК-ийн MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тус шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/761 дугаар албан бичгээр[7] “Г******* х******* *******” ХХК-д хүргүүлсэн байхаас гадна энэхүү шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох[8] ажиллагааг хийж хэрэгжүүлсэн байна.

2.5 “Г******* х******* *******” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 23/01 дугаар албан бичгээр[9] Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б*******д гомдол гаргажээ.

2.6. Уг гомдолд Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 1/1432 дугаар албан бичгээр “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд танай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23/01 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг мэдэгдье” гэжээ.

2.7. Иймээс “Г******* х******* *******” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан аж.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийн талаар:Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;" тусгай зөвшөөрлийг цуцлахаар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг дүгнэлт нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч зөрчил гаргасан болохыг тогтоосон захиргааны акт байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтээр "Г******* хайрхан *******" ХХК-ийн эзэмшдэг МУ-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна. Манай компанийн тусгай зөвшөөрлийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/06 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу мөн цуцалж байсан болно. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21- ний өдрийн 420 дугаар шийдвэр хүчингүй болгож, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг маань сэргээж байсан.

Ийнхүү хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн тусгай зөвшөөрлийг ижил үндэслэлээр, дахин дахин цуцлуулах дүгнэлт гаргаж, түүнийг нь үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг маань цуцалж байгаа нь манай компанийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, хохироож байна. Өмнө нь дээрх тусгай зөвшөөрлийг "Далайн гүнж" ХХК, "Алтан дорнод Монгол" ХХК, "Монгол газар" ХХК зэрэг компаниуд эзэмшиж байсан бөгөөд бид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр "Далайн гүнж" ХХК-аас шилжүүлж аваад дөнгөж жил гаруй хугацаа болж байхад тусгай зөвшөөрлийг маань цуцалсан. Одоо бас шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл маань сэргээд хоёр жил гаруй хугацаа болж байхад, мөн үйл ажиллагаагаа ч явуулж эхлээгүй байхад тусгай зөвшөөрлийг маань дахин цуцалсанд туйлын гомдолтой байна. 7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар “Г******* х******* *******" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр МѴ-******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас олборлолт огт явуулаагүй, байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй" гэдгийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тодорхой дүгнэж, тогтоосон байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг маань сэргээснээс хойшхи хугацаанд ч манай компани огт үйл ажиллагаа явуулаагүй. Бид бүхний мэдэж байгаачлан 2021 онд Ковид-19 цар тахлын үе байсан тул манай компани энэ хугацаанд ажиллаж чадаагүй, түүнчлэн 2022 онд ч мөн олборлолт явуулаагүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн талаар:

 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэхүү дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсноор Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт болох бие даасан захиргааны актыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа бөгөөд уг дүгнэлт хүчингүй болсноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэр мөн адил хүчингүй болохоор байна. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5769 тоот албан бичгээр манай компанид "сонсох ажиллагаа явуулах талаар" мэдэгдсэн ба үүндээ танай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт гарсан талаар дурдаж сонсох ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явуулах"-ыг мэдэгдсэн. Үүний дагуу бид сонсох ажиллагаанд оролцож, шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үйл ажиллагаа явуулаагүй талаарх баримт материалуудаа гаргаж өгсөн. Мөн 2019 онд 14 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 онд 6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус "Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт" үйлдэж баталгаажуулагдсан баримтаа ч өгсөн болно. Сонсох ажиллагаа дууссанаас хойш Ашигт малтмал газрын тосны газраас юу болж байгаа талаар асуухад танай тусгай зөвшөөрлийг цуцлахааргүй болсон, энэ талаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу албан бичиг явуулсан гэж хэлсэн. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/761 тоот албан бичгээр манай компанийн MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нутгийн захиргааны байгууллагын саналыг авах шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс энэ хуулийн заалтыг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нутгийн захиргааны байгууллагын саналыг заавал авна, тэр саналыг заавал Байгаль орчин, аялал жуулчлалын яам үндэслэх албагүй, тухайн саналын дагуу шийдвэрлэх албагүй гэж ойлгогдож байна. Түүнээс биш нутгийн захиргааны байгууллага нь дуртай үедээ авна, дургүй үедээ авахгүй гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд саналыг авна, тэр санал нь цуцалъя гэвэл саналын дагуу ч цуцлахгүй байж болно, цуцлах дүгнэлтээ гаргаж болно гэсэн ийм л агуулгатай хуулийн заалт гэж ойлгогдож, хэрэглэгдэж байгаа гэж ойлгож байна. Урт нэртэй хуулиараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлтэй, давхцалтай гэж ярьж байна. Тийм ойлголт байхгүй, зарим хэсэгтээ давхцалтай гэж харагдаж байгаа. 5 талт гэрээ байгуулаад, гол мөрөн, ай савтай давхцалгүй хэсэг дээр компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэдгийг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Илтгэх хуудсанд давхцалтай хэсэгт байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаад байгаа талаар дурдсан зүйл байхгүй. Маргаан бүхий захиргааны акт маань гарахдаа давхцалтай байгаа учраас цуцалж байна гэсэн хууль зүйн үндэслэлтэй гараагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг үндэслэж гарсан байгаа. Энэ түүхийг яривал Г******* х******* ******* ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2018 онд Далайн гүнж компаниас шилжүүлж авч байсан. Далайн гүнж компаниас өмнө Монгол газар компани энэ газрыг эзэмшиж байсан. Тэгэхээр тэр үедээ л давхцалтай явж байсан бөгөөд хариуцагч байгууллага үүнийг мэдэж байсан мөртлөө тусгай зөвшөөрлийг компани хооронд шилжүүлэхийг зөвшөөрөөд явж байгаа. Гэхдээ үүнд огт үйл ажиллагаа явуулж болохгүй юм шиг яриад байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ болохгүй байсан бол тэр үедээ яагаад энэ тусгай зөвшөөрлийг компаниудад шилжүүлэхийг зөвшөөрөөд байсан юм. Г******* х******* ******* ХХК нь тэр давхцалтай хэсэг дээр үйл ажиллагаа явуулахгүй. Харин давхцалгүй хэсэгт цаашдаа зохих журмын дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Давхцалтай хэсгийг бүсээс гаргаад солбицолд өөрчлөлт оруулах асуудал хийгддэг юм билээ. Гэхдээ тэр асуудал ирээдүйд яригдах байх. Одоо үүнд шууд яригдах боломжгүй байгаа юм гэв.

   

3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших "Өлийн голын адаг" нэртэй 539.59 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгожээ. Дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539.85 га, ойн сантай 86.75 га, 2015 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га давхцалтай байна.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаартай албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дугаар бүхий "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ. Уг дүгнэлтэд "Г******* х******* *******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэр гарсан. Уг дүгнэлтийн дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн сонсох ажиллагаа явуулахаар "Г******* х******* *******" ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5769 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байна. Иймд "Г******* х******* *******" ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа хууль зүйн үндэслэлийн хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 12 дугаар зүйлийн 12.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслээд нэхэмжлэгч Г******* х******* ******* ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн, нөхөн сэргээлтийн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа захиргааны байгууллага өөрсдөө бодит нөхцөл байдлыг тогтоосон. Ямар үндэслэл шалтгаанаар тухайн дүгнэлтийг гаргах болсон бэ гэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон тухайн лиценз буюу ашигт малтмалын талбай дээрх бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийсэн. Ерөнхийдөө бол ажлын хэсгийн тушаал байна. Уг тушаалаараа ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудас зэргийг баримтууд хавсаргасан байгаа. Тухайн нөхцөл байдлыг бүрэлдэхүүн очиж шалгасан, газар дээр очиж үзсэн, зургаар баталгаажуулсан ийм баримтууд авагдсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4449 дүгээр албан бичиг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд ирсэн. Тухайн нөхцөл байдлаар юу харагдаж байна вэ гэхээр лицензийн эрхийг олгож буй эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь өөрсдөө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тухайн нөхцөл байдал, үйл баримттай холбоотой асуудлуудыг дурдсан албан бичиг ирүүлсэн.

Төрийн захиргааны төв байгууллага бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн гэж ойлгосон. Тийм учраас төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол тухайн дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэгч тал нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан дүгнэлт гаргана. Энэ бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д төрийн захиргааны төв байгууллага бол Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгосон эрх юм. Тэгэхээр яам бол тухайн нутгийн захиргааны байгууллагын эрхийг харгалзахгүйгээр дүгнэлт гаргах эрх нь нээлттэй. Яагаад гэвэл хуульд өөрөө харгалзан гэж заасан. Тэгэхээр зайлшгүй нутгийн захиргааны төв байгууллагын саналыг авсны үндсэн дээр тус дүгнэлтийг гаргах утга агуулга байхгүй. Тухайн саналыг үгүйсгэж, харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 дүгээр тоот албан бичиг буюу саналыг үндэслэж дүгнэлтийг гаргасан.

Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д бол дараах үндэслэл байгаа тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байгаа. Гэхдээ төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гарснаар энэ өөрөө эцсийн шийдвэр биш. Тус дүгнэлтийг болбол эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлдэг. Тухайн дүгнэлтийг үндэслэж цуцлах, цуцлахгүй гэх асуудлыг бол лиценз олгосон эрх бүхий этгээд буюу тухайн байгууллага өөрөө шийддэг. Манайхаас явуулсан дүгнэлтүүдээс бол заримыг цуцалж, заримыг нь цуцлаагүй байгаа гэх нөхцөл байдлууд байгаа. Ямар ч байсан төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дүгнэлт шийдвэрийг гаргаж хүргүүлсэн. Тэгэхээр бодит нөхцөл байдлыг тогтоосон тухайн байгууллага бол ашиглалтын талбай дээрээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нөхцөл байдалтай байсан нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан баримтаар хангагдаж байгаа.

Энэ нь өөрөө байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, нөхөн сэргээлтийг хийгээгүй нь улмаас бусад талбай ойр орчимд хор уршиг учирч байна. Дээрээс нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг яаманд хуульчилсан. Бид урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа үүднээс тус дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед ажлын хэсэг ажилласан байгаа. Бид хамгийн гол нь Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсгийн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн учраас төрийн захиргааны байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслээд цуцлах дүгнэлтээ гаргасан.” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539,85 га, ойн сантай 86.75 га, 2015 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га талбай давхцалтай. Дээр нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ нь өөрөө нөхөн сэргэшгүй газар учраас төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 болон Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй. Мөн байгаль орчинд хортой нөлөөлөхөөр мөн бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хор уршиг учруулахаар бол энэ тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсхүл тусгай зөвшөөрөл олгохгүй байх” эрх нь өөрөө төрийн эрх юм.

Ийм учраас усан сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байгаа энэ тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслээд төрийн захиргааны байгууллага цуцалсан. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

   

  ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгнэлтийн тухайд:

4.1.2.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэлээ болгожээ.

4.1.3.Хавтас хэрэгт авагдсан баримт болох 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №4[10] актаар нэхэмжлэгч “Г******* х******* *******” ХХК-ийн MV-******* тоот ашиглалтын талбай дээр нөхөн сэргээлт хийсэн,  тус нөхөн сэргээлт хийсэн талбайг Архангай аймгийн байгаль орчны газар хүлээлгэн өгч байсан болох нь тогтоогдож байна.

4.1.4.Харин 2020 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20149/06 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/06 дугаар шийдвэр гарсантай холбогдуулан шүүхээр маргаан үүсгэсэн[11] болон улс орон даяар Ковид-19 вирустай тэмцэж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан болно.

4.1.5.Гэтэл маргаан бүхий 2022/04 дүгнэлтийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Архангай аймагт томилолтоор ажилласан тухай илтгэх хуудаст “...”Г******* х******* *******” ХХК нь  MV-******* дугаар ашиглалтын зөвшөөрөлтэй, талбайн хэмжээ 539,59 га, газрын нэр Өлийн голын адаг, эвдэрсэн газрын хэмжээ 35 га, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 19 га, зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбай 16 га, биологийн нөхөн сэргээлт хийх талбай 0 га гэж[12], ...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ”Г******* х******* *******” ХХК ирүүлсэн, нөхөн сэргээлтийн барьцаанд 2018 онд 200,000 төгрөг байршуулсан...” хэмээн тэмдэглэгдсэн бол нөхөн сэргээлтийн яаралтай хийлгэх, нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талаар огт дурдагдаагүй.

4.1.6.Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 дүгээр “мэдээлэл хүргүүлэх тухай”[13] албан бичигт дурдсан Ашигт малтмал газрын тосны газрын ахлах мэргэжилтнээр удирдуулсан 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Архангай аймгийн Цэнхэр суманд томилолтоор ажилласан тухай илтгэх хуудаст “... “Г******* х******* ******* ХХК-ийн эзэмшил MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай газар дээр нь танилцахад нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ирж усаг бууг лацдаж, нөхөн сэргээлтийн ажлыг зогсоон байдалтай байв. Иргэн н.Алтанбагана түрээсээр ажиллаж байгаа,...уурхайн дарга н.Бямбажаргал 2022 оны 05 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ны хүртэл 5.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн, одоогоор шүүрлийн усаа соруулж байна...,уурхайн талбайд бичиг баримт байхгүй, эксковатор-3ш, бульдозер-3ш, хүнд даацын машин-8ш, бензиний машин 1ш, усан буу 1-ш байв. Тус компанийн кемп, олборлолт явагдсан хэсэг, нөхөн сэргээлт хийсэн талбай, усан буу, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лац зэргийг харуулав...[14] гэж тэмдэглэн, тус компанийг “Бичиг баримтын бүрдэл хангаагүй”, 1 ширхэг усан бууг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас лацдан үйл ажиллагааг хязгаарласан ...” дүгнэлтэд тусгажээ[15].

4.1.7. Илтгэх хуудас, түүнд өгсөн дүгнэлтээр хариуцагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “...нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” заасан үүргээ хэрэгжүүлж байгаа мэт боловч бодит байдал дээр нэхэмжлэгч “Г******* х******* *******” ХХК өөрийн  MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дээрээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл хийсэн, байгаль орчинд хортой нөлөөллийг бий болгосон гэж буруутгасан зүйлгүй, цаашид ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4.1.8.Түүнчлэн дээрх үйл баримтаас гадна “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаар албан бичгээр хүргүүлсэн маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийн тухай Ашигт малтмал, Газрын тосны газраас “...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтэд нутгийн захиргааны байгууллагын саналын талаар тодорхой дурдаагүй,... MV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан нутгийн захиргааны байгууллагын саналгүйгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн цуцлах хууль зүйн боломжгүй байгаа,...Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргаж ирүүлэхийг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний 1/457 дугаар албан бичгээр[16] Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүсч байсан.

4.1.9.Энэ албан бичигт дурдсан асуудал үндэслэлтэй болох нь ”...MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй...” гэх Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/370[17], Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дүгээр албан бичгээр[18] тогтоогдож байна.

4.1.10.Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах”, 3-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалыг батлах” зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ерөнхий чиг үүргийн байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэдэг болохын хувьд орон нутгийн дээрх байгууллагуудын саналыг харгалзан үзэлгүйгээр шууд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.1.11.Улмаар тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд цаашид хэн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх нь тодорхойгүй байдлыг хүргэж байгаа нь зүйд нийцэхгүй.

4.1.12.Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэгч “Г******* х******* *******” ХХК-ийг байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай бүрэн тогтоогоогүй, тусгай зөвшөөрөл цуцлахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй атлаа маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 тоот дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

4.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн тухайд:

4.2.1.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/6227 дугаар албан бичгээр ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгнэлтийг тус тус үндэслэсэн байна.

4.2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан.

4.2.3.Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; эрхтэй болохын хувьд MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах ямарваа нэг саналыг гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон.

4.2.4.Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хувьд “Г******* х******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бодитоор тогтоогдсон эсэхийг нягталж шалгалгүй, маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийг зохих хууль тогтоомжид нийцэхгүй, эрх зүйн зөрчилтэй болохыг мэдсээр атлаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг гаргасан байх тул шүүхээс түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

4.2.5.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй актуудыг хариуцагчаас гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэн хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

4.3.Бусад:

4.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянана” гэжээ.

4.3.2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539,85 га, ойн сантай 86.75 га, 2015 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га талбай давхцалтай...” талаар тайлбар гаргах боловч энэ тухай маргаан бүхий актууд дурдагдаагүй, үүнтэй холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  эрх хэмжээнд халдаж тэдгээрийн дүгнээгүй асуудлын талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

4.3.4.Харин хариуцагч нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дурдсан үйл баримт үндэслэлтэй гэж үзвэл өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд дахин акт гарган шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г******* х******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[2] Хавтас хэргийн 114 хуудас

[3] Хавтас хэргийн 116-121 хуудас

[4] хавтаст хэргийн 30  хуудас,

[5] Хавтас хэргийн 83 хуудас

[6] хавтаст хэргийн 76 хуудас,

[7] Хавтаст хэргийн 89 хуудас,

[8] Хавтас хэргийн 79-82 хуудас

[9] Хавтаст хэргийн 24 хуудас,

[10] Хавтас хэргийн 126-128 хуудас

[11] 128/2019/853/3 индекстэй захиргааны 2 хавтас хэрэг

[12] Хавтас хэргийн 119 хуудасны ар тал

[13] Хавтас хэргийн 90 хуудас

[14] Хавтас хэргийн 109-110 хуудас

[15] Хавтас хэргийн 113 хуудас

[16] Хавтас хэргийн 137 хуудас

[17] Хавтас хэргийн 129 хуудас

[18] Хавтас хэргийн 130 хуудас