Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0866/З |
Дугаар | 128/ШШ2023/0592 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Р******* и******* М*******” ХХК /РД:/,
Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яам нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Э.Ч, гэрч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаалын Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргасан.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. “Р******* и******* М*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол улсад 2006 оноос англи хэлний сургалт, гадаадад суралцах зөвлөгөө өгөх, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.[1]
Түүнчлэн Р******* олон улсын институтын салбарт 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2006/11 дугаар бүхий “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг[2] таван жилийн хугацаатай олгожээ.
2.2. Мөн Р******* олон улсын институтын салбар сургууль нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №2019/16 тоот магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан[3] бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс уг гэрээг цуцалсан талаар Р******* олон улсын институтын салбар сургуулийн захирал д мэдэгдсэн[4] байна.
2.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/197 дугаар тушаалаар, мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлагдсантай холбоотойгоор их, дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж[5], улмаар 2022 оны 07 дугаар сарын 01, 19-ний өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлан Р******* олон улсын дээд сургуульд сонсох ажиллагаа[6] хийжээ.
2.4. Дээрх тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаас үзвэл[7], “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, бусад сургуулиудтай нэгтгэн хөтөлбөрийн давхардал, багшлах бүрэлдэхүүний дутагдалтай байдлыг арилгах шаардлагатай сургуулиуд” гэх хэсгийн 6 дугаарт “Р******* олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургууль”[8] гэжээ.
2.5. Ингээд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6/3834 тоот албан бичгээр Р******* олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургуульд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн сонсох ажиллагааг бичгээр явуулж буй талаар мэдэгдэж, ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор санал ирүүлэх боломжтой талаар дурджээ.[9]
2.6. Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 тоот тушаалаар Р******* олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.7. Нэхэмжлэгчээс “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8026 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2022/8248 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл.
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р******* и******* сургууль нь дэлхийн 11 улсын 16 хотын 16 салбар сургуультай улсад 2006 оноос Англи хэлний сургалт, гадаадад суралцах зөвлөгөө өгөх, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш толгой сургуулийн боловсруулан баталсан хөтөлбөрүүдээ нэгэн ижил стандартаар бух салбарууддаа хэрэгжүүлэн явуулж, эх орондоо бусад салбар сургуулиудтай ижил чанартай боловсролыг англи хэл дээр суралцахын сацуу бүх салбар сургуулиудын хооронд ямар нэгэн кредит, хичээл хөтөлбөрийн зөрүүгүйгээр шилжин суралцах боломжоор хангаж ажилладаг.
2020 оноос дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол гарсан. Мөн багшлах боловсон хүчний нөөцийг гадаадаас хангахад хилийн хориг болоод бусад зүйлс ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн. Гэвч манай Р******* Олон Улсын институтын Улаанбаатар дахь салбар сургуулийн зүгээс 2.5 жилийн хугацаанд цар тахлын улмаас учирсан эдийн засаг болоод бусад хүчин зүйлийг арилгахаар ажилласаар байгаа ба Боловсрол, шинжлэх ухааны яам нь дээрх байдлаар асуудалд хандаж сонсох, мэдэх, танилцах эрхээр хангахгүй байгаад манай сургуулийн үйл ажиллагаа болоод суралцагчдын суралцах эрхэд ноцтойгоор халдаж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаад доорх үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Нэгдүгээрт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Энэ Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон захирамжлалын баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй. Захиргааны актыг бичгээр гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан, жишээлбэл, 40.2.3, 40.2.5, 40.3, 40.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2, 4.2.1, 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тус тус үзэж байна.
Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4-ды заасан сонсох ажиллагаа огт явуулалгүй, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болгосон. Манай сургууль Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тус тус заасан зөрчлийг гаргаж байгаагүй, сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг зөрчиж байгаагүй. Түүнчлэн ямар зөрчил гаргасан талаар бидэнд огт мэдэгдэлгүйгээр дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг гаргасан.
А/296 дугаар тушаал нь манай сургуулийн багш нарын хөдөлмөрлөх эрх болон нийт оюутны суралцах эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан заалтыг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тушаалын үндэслэл нь Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заалтыг үндэслэж гаргасан. Бусад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтууд нь эрх бүхий этгээдийн эрх хэмжээтэй холбоотой заалтууд байдаг.
Хяналт шалгалт хэрэгжүүлж байгаа эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтээр стандарт зөрчсөн эсхүл сургалт эхлэх зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангагдаагүй гэх үндэслэлээр чөлөөлсөн. Манай сургуулийн зүгээс хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага сургууль дээр ирж ажиллаагүй гэж үзэж байгаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг нь тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор сайдын журам, тушаал дээр ажиллаж байгаа ажлын хэсэг гэдэг байдлаар ажиллаж байсан болохоос биш манай сургуулийн стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар энэ үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийгээгүй, зориулагдаж ажиллаагүй хяналт шалгалт гэж үздэг.
Сургалт эрхлэх зөвшөөрлийг удаа дараа зөрчсөн гэх боловч манайхыг удаа дараа, өмнө нь ямар нэгэн байдлаар зөрчил гарсан шүү, үүнийг арилгаарай гэдэг байдлаар ирүүлж байсан шаардлага байхгүй. Харин тусгай зөвшөөрлийг шинэчлэхтэй холбоотой ажлын хэсэг ажиллаж байна гэдэг 07 дугаар сарын 01-ний өдөр болон 19 ний өдрүүдэд манайхаас тайлбар авсан. Уг тайлбар авсныгаа тусгай зөвшөөрлийг чинь цуцалж, хүчингүй болгож байгаа гэдэг сонсох ажиллагаа байсан юм гэж тайлбарладаг. Энэ тушаалтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явагдаагүй.
Яагаад магадлан итгэмжлэлийг хийлгэж чадаагүй вэ гэдэг дээр тайлбар хэлэхэд манайх өөрөө Монгол улсын Боловсролын тухай хуульд заасан 4 жилийн хугацаагаар бакалаврын кредит цагийг эзэмшүүлэх боломжгүй. Энэ нь Умард Ирландын орнуудын системд багтдаг учраас энэ талаар байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ байдаггүй. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яам өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
Мөн магистр, доктор зэрэгтэй багш байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, доктор, магистр зэрэгтэй багш нар онлайнаар хичээлээ орж байсан. Ерөнхий эрдмийн хичээлийн зарим чиглэлийн багш байдаггүй гэж байна. Манайх ерөнхий эрдмийн хичээл ордоггүй. Үүгээрээ Умард Ирландын сургууль 2.5 жилээр сургалтаа явуулдаг. Монгол Улс ерөнхий эрдмийн хичээл ордог тул 4 жил байдаг. Үүнд хууль тогтоомжийн хүрээнд ч тэр зөрчилдөж байсан зүйл байгаа. Бид ажлын хэсгийн дүгнэлтийн хавсралтад зааж ирүүлсэн зөрчлийг гаргаагүй. Магадлан итгэмжлэл хийлгээгүй байсан нь үнэн. Гэхдээ энэ нь манай Монголын хууль тогтоомжид болон олон улсын гэрээ байхгүй учраас хийж чадаагүй байж байсан юм.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р******* и******* М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/296 дугаар тушаалын хавсралтад заасан тус сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонсох ажиллагааг хийгээгүй талаар хэлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/197 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан удирдамжид заасан хяналт шалгалт хийж, шаардлага хангаж буй их дээд сургуулийн сургалтын байгууллагуудын мэргэжлийн индексийг шинэчлээд, шаардлага хангахгүй байгааг нь цуцалсан.
Энэ хүрээнд Р******* олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургуулийн сургалтын албаны ажилтантай мэргэжлийн чиглэл индекс шинэчлэн баталсантай холбоотойгоор 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус тус уулзалт хийсэн. Холбогдох тайлбаруудыг авч, зөрчигдөж байгаа, шаардлага хангахгүй байгаа шаардлагуудын талаар ярьсан. Энэ сонсох ажиллагаанд тэмдэглэл үйлдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулагдсан.
Мөн хяналт, шалгалтаар тусгай шаардлагын нөхцөл шаардлагыг зөрчсөн, ноцтойгоор зөрчсөн гэх зөрчлүүд илэрсэн. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ гэж заасан байдаг. Ийм маягаар сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг гол үндсэн шаардлага нь магадлан итгэмжлэл хийлгэлгүйгээр дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх ямар ч эрх байхгүй.
Хоёрдугаарт, тус сургуулийн багшлах бүрэлдэхүүн нь Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана гэсэн заалтыг зөрчсөн.
Хяналт, шалгалтын үед мэдээллийн бааз, удирдлага мэдээллийн системээс үзэхэд 12 багшийн мэдээлэлтэй, 10 багш нь бакалаврын зэрэгтэй байсан. Ирүүлсэн багшийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд мэргэжлийн хөтөлбөрт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах 2 багш байсан. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд их, дээд сургуульд багшлах боломжтой хоёр багш байгаагаас нэг нь тус сургуулийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдтэй мэргэжлийн чиглэл таарахгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Иймд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшгүй гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг.
Гуравдугаарт, бакалаврын боловсролын түвшинд менежмент 48, интерьер дизайн 32, график дизайн 20, санхүү 16, маркетинг 13 оюутан гэх мэт нийт 124 оюутан суралцаж байгаа боловч мэргэжлийн багшгүй байдал нь суралцаж байгаа нийт оюутны сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж ажлын хэсэг үзсэн.
Ерөнхий эрдмийн хичээлийн зарим хичээлийн багшгүй Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын 2.3.2, 3.3 дахь заалтыг зөрчсөн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан тус сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг сургуулиас 12 багшийн мэдээлэл, сургалтын хөтөлбөр, тусгай зөвшөөрөл зэргийг ирүүлж байсан. Энэ мэдээллийг багшийн мэдээллийн сангаас шүүлгэж, боловсролын зэрэг дэвийг нягталж үзэхэд бакалаврын зэрэгтэй багш нартай гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан. Сонсох ажиллагааны үеэр гэрч Г.С ирж ийм багшгүй, 8 бакалаврын зэргийн багштай, ковидын улмаас ерөнхий эрдмийн багшгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна гэдэг талаар хэлсэн байдаг.
Одоогоор 8 бакалаврын зэрэгтэй багштай, нийт 12 багштай, доктор багшгүй гэж дурдаж байсан нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ бүгд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, сүүлд ирсэн багш нарын мэдээллүүдээс харагдана.
Зарим багш буюу жишээлбэл, О.О*******, W, Т.Ө, A гэх багш нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, А багш нь дипломын зэргийн боловсролтой зэрэг олон төрлийн зөрчлүүд гарч ирдэг. Шалгалтаар тогтоогдож байгаа 12 багшийн 2 багш нь дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, нэг багш нь явуулж байгаа хөтөлбөрүүдийн чиглэлүүдэд таардаггүй, ганц багш нь чиглэл таарч байгаа. Иймд суралцаж байгаа 124 оюутны эрх ашгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд Боловсрол, шинжлэх ухааны яам өөрт өгөгдсөн эрх, үүргийнхээ хүрээнд гаргасан үйл ажиллагаа юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтас хэрэгт цугларсан баримт болох Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “тусгай зөвшөөрлийн хавсралтыг шинжлэн ажлын хэсэг”[10] их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох ажлын хэсгийн гүйцэтгэсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тайланд Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургууль нь “...Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 “Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ” заасныг зөрчсөн. Байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй..., нийт 124 оюутантай Нийт 12 багшийн 10 нь бакалаврын зэрэгтэй байгаа нь дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зүйлийн 13.1 “Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана. Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг коллежид мэргэшсэн инженер зааж болно” гэснийг зөрчсөн, ...их дээд сургуульд багшлах боломжтой хоёр багшийн нэг нь тус сургууль дээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй мэргэжлийн чиглэл нь таарахгүй байна..., Ерөнхий эрдмийн хичээлийн зарим чиглэлийн багшгүй байгаа нь Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчиж байна....” гэх зэрэг зөрчлийг тогтоосон байна[11].
Харин шүүхээс дээрх шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэхэд Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургууль нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Сургалтын ажил эрхлэх тус зөвшөөрөл” 2006/11 дугаар гэрчилгээ авахаас өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар[12] урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгээгүй, хожим магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь сургалтын байгууллага, суралцагч, дэмжигч байгууллага, төр ба олон нийт, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан Монгол Улсын боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилго бүхий Боловсролын магадлан итгэмжлэл үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар “гэрээ цуцлах тухай” албан бичгээр тогтоогдож байна[13].
Түүнчлэн Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуулиас өөрийн багш нарын мэдээллийг 2020-2022 он[14], 2022-2023 оны[15] байдлаарх үндсэн багш нарын мэдээллийг шүүхэд ирүүлснийг нягтлахад багш Лгийн С[16], Л З[17], Тийн Ө[18] нар интерьер дизайны бакалавр, Х Л У Б де М[19] нь Гадаад худалдааны бакалавр, Гын Н[20], Д У Х К[21] нар “График дизайны” бакалавр, М М[22], У ******* Б[23], Д К[24] нар “Англи хэлийг гадаад хэл болгон заах” гэрчилгээтэй, А С[25] нь “Хувцасны жижиглэн худалдааны менежментийн” чиглэлээр 2007-2009 онд суралцсан гэрчилгээтэй.
Зөвхөн П Р Вс Бизнесийн удирдлагын[26], О*******гийн О нь “Санхүүгийн шинжлэх ухааны”[27], С В К нь “Архитекторын” магистр зэрэг цолтой[28] байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул тус сургуулийг Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зүйлийн 13.1 “Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана. Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг коллежид мэргэшсэн инженер зааж болно” заасан хуулийн шаардлагыг хангахгүй хэмээх хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна”, 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, ...багц цагаас тус тус доошгүй байна” заасан.
Гэтэл тус сургуулийн төгсөгч Д******* ******* нь 54 кредит цагийн хичээлийн үзэж судлан интерьер дизайны бакалавр[29], С******* С******* 345 кредит цагийн хичээлийн үзэж судлан интерьер дизайны бакалавр[30] зэрэгтэй төгссөн байх ба шүүхээс Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуулийн бичиг баримт, цахим сүлжээнд үзлэг хийхэд ерөнхий эрдмийн хичээлийн зарим чиглэлийн багшгүй, мэргэжил олгох хичээл зааж буй багш нарын хичээлд энэ талаар тусгагдаагүй байсан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч Г.С ”...бид Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд сунгах хүсэлтээ өгч байсан санагдаж байна. Манай сургуулийг магадлан итгэмжлэлд ороогүй гэдэг үндэслэлээр яам руу тусгай зөвшөөрлийг цуцал гэсэн бичиг хүргүүлсэн гэсэн мэдээллийг авч байсан...,2 улсын магадлан итгэмжлэл, процессын зөрчилдөөн явагдаж байсан...Р******* и******* олон улсын сургуулийн үндсэн цөм хөтөлбөр нь АППАК буюу толгой компаниас бэлтгэгдсэн программын дагуу явагдана. Тийм учраас толгой компаниас дипломыг гардуулж өгдөг. Толгой компаниас ирүүлж буй хөтөлбөрийг онлайнаар ч бай, танхимаар ч бай заадаг юм...” гэх мэдүүлгээс үзвэл тус сургууль хэдийгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тэдний сургалтын цөм хөтөлбөр, үйл ажиллагаа нь Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд заасан дээд боловсрол олгохтой холбогдох харилцаатай нийцэж уялдахгүй байна.
Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаалаар Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заасан зарчимтай болон Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон” бүрэн нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаалын Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуульд холбогдох хэсгийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг” , 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана“ шаардлагыг хангасан гэж шүүх үзсэн болно.
Харин нэхэмжлэгчээс “...манай Р******* Олон Улсын институтын Улаанбаатар дахь салбар сургуулийн зүгээс 2.5 жилийн хугацаанд цар тахлын улмаас учирсан эдийн засаг болоод бусад хүчин зүйлийг арилгахаар ажилласаар байгаа ба Боловсрол, шинжлэх ухааны яам нь ...сонсох, мэдэх, танилцах эрхээр хангахгүй байгаад манай сургуулийн үйл ажиллагаа болоод суралцагчдын суралцах эрхэд ноцтойгоор халдаж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон...” хэмээн тайлбарлан маргах боловч тус сургуульд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ олгоогүй, маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан мэдээлэл солилцож байсан болохыг хэн аль нь үгүйсгээгүй болно.
Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид ...тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх-ээр заасан ажиллагааг зохих журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй хэдий ч энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.
Эцэст нь маргааны бүхий актын 3 болон 4 дэх заалтаар Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагч оюутныг ижил мэргэжлийн чиглэлийн хөтөлбөртэй их, дээд сургуульд шилжин суралцах, холбогдох арга хэмжээг авахыг дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргад даалгасан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. /2002 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 13 дугаар зүйлийн 13.1, /2002 оны/ Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тус тус заасныг баримтлан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаалын Р******* Олон Улсын институтийн Улаанбаатар дахь салбар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1-р хавтаст хэргийн 6-р хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 7-8-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар албан бичгээс үзнэ үү.
[4] 1-р хавтаст хэргийн 133-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 43-46-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 31-33-р хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 47-97-р хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 57-р хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 14-р хуудас
[10] 1 Хавтас хэргийн 43-46 хуудас
[11] 1 хавтас хэргийн 47-57, 119-121 хуудас
[13] 1 Хавтас хэргийн 133 хуудас,
[14] 1 хавтас хэргийн 138, 2 хавтас хэргийн 213-250 хуудас, 3 Хавтас хэргийн 1-2-р хуудас
[15] 1 Хавтас хэргийн 136-137-р хуудас
[16] 2 Хавтас хэргийн 215-р хуудас
[17] 2 Хавтас хэргийн 217-р хуудас
[18] 2 Хавтас хэргийн 244-р хуудас
[19] 2 Хавтас хэргийн 235-240-р хуудас
[20] 2 Хавтас хэргийн 242-р хуудас
[21] 3 Хавтас хэргийн 2-р хуудас
[22] 2 Хавтас хэргийн 219-р хуудас
[23] 2 Хавтас хэргийн 246-р хуудас
[24] 2 Хавтас хэргийн 248-р хуудас
[25] 2 Хавтас хэргийн 223-231-р хуудас
[26] 2 Хавтас хэргийн 221-р хуудас
[27] 2 Хавтас хэргийн 233-р хуудас
[28] 2 Хавтас хэргийн 250-р хуудас
[29] 1Хавтас хэргийн 174-175 хуудас
[30] 1 хавтас хэргийн 176-177 хуудас