Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

М.С-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч М.С-,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 705 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Энхтуулын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр М.С-т холбогдох эрүүгийн 2105008111204 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             М.С-, 1991 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр биелүүлсэн.

            М.С- нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хятад” хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тай маргалдан, түүний толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж, эрүү хэсэгт нь шилээр зүсэж, биед нь “тархи доргилт, дух, эрүүнд зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянгол дүүргийн прокурорын газраас: М.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч М.С-ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч М.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Прокурор С.Энхтуул тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан. Дээрх хуулийн зүйл, хэсгийг хэрхэн хэрэглэх талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж журамласан ба 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх ойлголт нь ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх хуулийн зохицуулалт юм. Иймд шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.С-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.С- тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            М.С- нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хятад” хоолны газарт үйлчлүүлж байсан Г.Б-тай маргалдан, түүний толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж, эрүү хэсэгт нь шилээр зүссэний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, эрүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Г.Б- нь: “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр багын найз Т-, М- нартай кафед уулзаж, 2 шил архи уусан. Тэгээд Төмөр замд байрлах Хятад хоолны газарт С-тэй уулзсан. Тэр үед түүнтэй ойлголцохгүй байсан. Цэрэг яриад “Хоолны мөнгө би төлөх үү” гэх санал тавьсан. Би эхэлж түүний дагзны хэсэгт нь шилээр цохисон. Т- намайг авч гараад би тайвшраад буцаж орсон. Тэгээд С-т “Гарч тамхилъя” гэж хэлсэн. Гарах гээд босоход С- пивоны шилээр намайг цохисон. Т- салгах гэхэд Т-ын суган доогуур гар нь гарч ирээд шилээр зүссэн. Би хойшоо болоогүй бол хоолой зүсэх байсан. Би үйлчилгээний салбарт ажилладаг учраас сорвио арилгах хэрэгтэй байна. Хохирлын мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Сорвины эмчилгээ болон хохиролд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн. Баримтаар 766.900 төгрөгийн зардал гарсан. С- энэ мөнгийг өгсөн. Тухайн үед түргэн уур гаргасан нь миний буруу. ...” /хх 152/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - тухайн болсон үйл явдлыг харсан гэрч Т.Т-ын “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн найз болох Б-, М- хоёртой 14 цагийн үед уулзаад уушийн газарт суусан. Тэгээд бид нар хоол идээд сууж байхад С- Б-ыг архины шилээр толгой руу нь цохисон. Тэгэхээр нь бид нар салгаад Б-ыг гадагшаа авч гарсан. Тэгээд Б-ыг дагуулаад хоолны газар луу орсон. Тэр үед С-, Б- хоёр зүгээр сууж байсан. Бид нар 30 минут орчим хоол идээд сууж байсан чинь С-, Б- хоёр муудалцах гээд байсан. Тэгсэн чинь С- ширээн дээр байсан пивоны шилийг аваад Б-ын толгой руу цохисон чинь пивоны шил хагарсан. С- хагарсан шилээр нь Б-ын хоолой хэсэгт зүссэн. Цус их хэмжээгээр гарч байсан. Бид нар тэндээс гарч эмийн сангаас бинт аваад Б-ын толгой, хүзүүг боож өгөөд таксинд суулгаад гэр лүү нь явуулсан. Би Сайнаа дээр очоод “Яаж байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ” гэсэн чинь С- нэлээн согтуу “Уучлаарай” гэж байсан. ...” /хх 28-29/,

            - гэрч М.Н-гийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байсан чинь манай нөхөр Т- 15 цагийн үед утсаар залгаад “М-, Б- хоёртой хамт нэг уушийн газарт сууж байна хүрээд ир” гэсэн. Тэгээд би тэр гурав дээр очсон. Намайг ирэхэд манай нөхрийн найз Ган-Очир ирж байсан. Мөн М-ын эхнэр Оюука ирсэн байсан. Тэгээд тэр уушийн газарт сууж байсан чинь М- “С- утсаар ярьж байна” гээд бид нар С-ийн дуудсан газар луу очихоор болсон. Уушийн газраас гарахад Б- нэлээн согтсон байсан. Тэгээд бид зургаа С-ийн дуудсан газар ирсэн чинь С- Т-тэй хамт байсан. Тэр хоёр бас согтолттой байсан ба бид нар суугаад хоолоо захиалаад идээд сууж байтал Б- С- хоёр муудалцаад байсан. Миний харснаар Б- С-ийг өдөөд “Чи муу бацаан хэзээ ийм болсон юм” гэх зэргээр үгээр идээд байсан. Тэгээд С- ширээн дээр байсан пивоны шилийг аваад Б-ын толгой руу цохиход шил нь хагарсан ба хагархай шилээр хүзүүг нь зүсчихсэн. ...” /хх 31/,

            - гэрч Б.Т-ийн “...2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүкээр найз С-тэй холбогдоод бид хоёр 15 цагийн үед “Модны 2”-т уулзсан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад Төмөр замын тэнд нэг хоолны газар орсон. Тэр үед манай найзууд болох М-, Т-, Оюука, Ган-Очир, Б-, Нямка нар уулзчихсан байна гэхээр нь хоолны газартаа “Хүрээд ир” гээд дуудсан. Тэд нар 18 цагийн үед ирсэн. Тэгээд бид хоол захиалаад гаднаас 1 шил архи, хэдэн пиво оруулаад хоолоо идээд сууж байтал Б-, С- хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгсэн чинь гэнэт Б- ширээн дээрээс архины шил аваад С-ийн толгой руу цохисон. Тэгээд архины шил нь хагарсан. Т- Б-ыг гадагш авч гараад хэсэг юм ярьж суугаад 30 орчим минут болж байтал Б- дахиад С- рүү янз бүрийн юм яриад, үгээр идээд байсан. Тэгсэн чинь С- уурлаад ширээн дээрээс пивоны шил авч Б-ын толгой руу цохиход шил нь хагарсан. Мөн Б-ын толгой бас хагарсан байсан. Тэгээд С- хагарсан шилээрээ Б-ын хүзүүг зүссэн. Б-ын хүзүүн дээр зүсэгдсэн ором гарчихсан, бага зэргийн цус гарсан байсан. ...” /хх 34/,

            - гэрч Ц.Г-гийн “...бид ширээн дээр суугаад хоолоо захиалаад юм яриад сууж байсан чинь С- Б- хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд маргаж байснаа Б- С-ийг “Чи муу бацаан ингэх болоогүй шүү” гээд архины шил аваад толгой руу нь цохиж, хагалсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаад голд нь суугаад хоолоо идэж байгаад би ариун цэврийн өрөө рүү явсан. Эргээд ирэхэд өрөөгөөр дүүрэн цус болчихсон, Б-ын толгой нь хагарчихсан байсан. Тэгээд би Б-ыг авч гараад юу болсон талаар асуухад “Муу бацаан намайг цохичихлоо “гээд орилоод байсан. Тэгээд би эхнэрийгээ аваад Б- Г- хоёртой хамт таксинд суусан. Гэтэл Б- “Та нар намайг харж байгаад зодууллаа, би явахгүй, гэртээ харина” гээд манай эхнэр Г- бид гурвыг буулгаад өөрөө таксигаараа гэр лүүгээ явсан. Тэгээд 23 цагийн үед Б-ын эхнэр над руу залгаад “Цус нь тогтохгүй байна, бид хоёр гэмтэл явлаа” гэж хэлсэн. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

            - хохирогчийн биед халдах болсон шалтгаан, өөрийн гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч М.С-ийн “...би түүнээс 2 насаар дүү учраас намайг дээрэлхэх гээд хэрүүл өдөөд “Шинэ цэрэг, хоолоо бүгдийг ид” гээд байсан. “Хоол идэхгүй” гэхэд архины шилээр цохисон. Намайг эхэлж архины шилээр цохисон учраас дараа нь би түүнийг пивоны шилээр цохисон. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлөөгүй бөгөөд надаас 2.000.000-3.000.000 төгрөг нэхээд байсан учраас төлж чадаагүй. Эмчилгээний төлбөр баримтаар 766.900 төгрөг болсон. Энэ мөнгийг одоо төлнө. Харин цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Хохирогчтой өнөөдөр л уулзаж байна. Хохирогчтой холбогдож, уучлалт гуйх гэж оролдож байсан. Утсаа авахгүй, фэйсбүүкийг маань блоклосон учраас холбогдох боломжгүй байсан. ...” /хх 101-103, 151/ гэх мэдүүлэг,

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №2798, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №380, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №576 дугаартай дүгнэлтүүд /хх 60, 64-65, 78/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

            Гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, хохирогч, шүүгдэгч нар нь өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор дахин болон давтан шинжилгээг удаа дараа хийсэн байх бөгөөд эдгээр дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, компьютер, томографийн шинжилгээ, дүрс оношилгооны хариу зэрэгт үндэслэн гаргажээ.

Дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч Н.Энхцолмон, Г.Ханхүү, Ч.Эрдэмболор, Б.Даваасүрэн, Ц.Нандинцэцэг нарт хууль сануулсан, тэд шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүйгээс гадна, эдгээр дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.С-ийн пивоны шилээр цохих, зүсэх үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

            Шүүгдэгч М.С-ийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

            - мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

            - 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

            Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

            Шүүгдэгч М.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэл нэгэнт бүрдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээс гадна, шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тухайн зүйл, хэсэгт зааснаар өршөөл үзүүлэх болсон шалтгаан үндэслэлээ огт дурдаагүй байна.               

Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 705 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.  

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН