Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2024/00193

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2024/00193

Архангай аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г овогт С.Д-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, алданги, нийт 34,074,689.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,074,689.91 төгрөгийг хариуцагч С.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... М ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Д-д холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр 13,563,601 төгрөг, хүү 9,152,858 төгрөг, алданги 11,358,229 төгрөг, нийт 34,074,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Миний бие М ХХК-иас 14,500,000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээний хугацаанд сард 870,000 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд 2022 оны өвөл байгаль, цаг уурын нөхцөл байдал болон дэлхий нийтэд тархсан Ковид-19 халдварт өвчнөөс шалтгаалж зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон бөгөөд энэ талаараа тухайн үед нэхэмжлэгч байгууллагад утсаар мэдэгдэж байсан. Түүнээс хойш бид нартай огт холбоо барихгүй сураг тасарсан, тэгэхэд нь дээрх нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан юм байна гэж ойлгосон. Гэтэл шүүхэд маш өндөр дүнтэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие үндсэн зээл болон түүний хүүг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч С.Д нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нийт нэхэмжилсэн 34,074,689.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 11,358,229.97 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч С.Д нь зээлийн гэрээний төлбөр болох үндсэн зээлийн төлбөрт 13,563,601.56 төгрөг, хүүгийн төлбөрт 9,152,858.38 төгрөг, нийт 22,716,459.94 төгрөгийг 2 хувааж буюу эхний төлбөр 8,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 14,716,459.94 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус багтаан нэхэмжлэгч М ХХК-д бүрэн төлж барагдуулахаар, уг төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын ХААН банкны ........ тоот дансанд шилжүүлэхээр, харилцан тохиролцож зохигчид эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги, нийт 34,074,689.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж, 34,074,689.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахуулахаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 129/ШЗ2024/00840 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн.

 

          Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, үүний үр дүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 11,358,229.97 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Д нь 22,716,459.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 8,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 14,716,459.94 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “М” ХХК-ийн ХААН банкны ........... тоот дансанд шилжүүлж, бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

          Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,323.45 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.Д-аас 164,162 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 741 дүгээр зүйлийн 741.6-т заасныг удирдлага болгон 

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох 34,074,689.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал 11,358,229.97 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Д нь 22,716,459.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 8,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 14,716,459.94 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “М” ХХК-ийн ХААН банкны......... тоот дансанд шилжүүлж, бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,323.45 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 164,162 төгрөг, хариуцагч С.Д-аас 164,162 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Д сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                  Д.ЭЛБЭГЗАЯА