Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

П.Т-өд холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

яллагдагч П.Т-,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2740 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлээр П.Т-өд холбогдох эрүүгийн 2106 02762 2186 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             П.Т-, 1996 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл ганцаараа, оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            П.Т- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ***  тоотод 2021 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын үед Э.Б-тэй “гар утасны бичлэг устгах” шалтгаанаар харилцан ноцолдох, газарт унагаах, дээрээс нь дарж унах, өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн 5 дугаар хавирганы хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйл, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 7261 дугаартай дүгнэлтээс үзэхэд, хохирогч Э.Б-гийн бие анатоми бүтцэд өөрчлөлт орсон, зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл гарсан байхад энэ талаар шинжээч эмчээс тодруулж мэдүүлэг аваагүй байх тул энэ ажиллагааг хийх,

2. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохдоо хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан талаар дурдах ёстой байтал шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсхүл дүгнэлт гаргасан шинжээч эмчээс тодруулах ажиллагааг хийх,

            3. Хохирогч Э.Б- нь “гомдол саналтай, хэрэг болсон гэх цаг хугацаанд байсан дөрвөн залуу нийлж намайг зодсон” гэж мэдүүлжээ. Иймд П.Т- ямар шалтгаанаар өөрийн гурван найзаа дуудсан талаар гүйцэд тодруулах,

            4. П.Т- нь хохирогч Э.Б-гийн гар утсыг булаан авч Б.Т-д дамжуулан өгч байгаа, мөн Б.М, Н.Д нар нь харж зогсож байгаад аваад хамт гарсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалгах,

            5. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд П.Т-ийн найзууд болох Б.М, Н.Д, н.Э нар ирсэн гэх боловч н.Э-с гэрчийн мэдүүлэг аваагүй байна.

            6. Хэрэг учрал болсон гэх бусдын орон байранд хүч нэмэгдүүлэн орж ирж бусдын эрх чөлөөнд халдаж, эд зүйлийг авсан эдгээр хүмүүсийн хэрэгт оролцсон оролцоог тодруулж, хуулийн ямар арга хэмжээ оногдуулсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байх тул түүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргах,

            7. Хохирогч Э.Б-гийн эд зүйл болох гар утсыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх,

            8. П.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч яллагдагчаар “Э.Б-гийн дээрээс нь дараад уначихсан юм. Тэгээд тэр залууг гэмтээчихсэн байх. Түүнээс биш би тэр залууг санаатай гэмтээгээгүй” гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд П.Т- нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирол буюу гар утсыг буцаан өгснөөр хохиролгүй гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдлоо. ...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.  

            Прокурор Б.Батцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон нь хэт ерөнхий, ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэвэл зохих 17 асуудлыг зааж өгсөн байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн чухам аль асуудлаар хэргийг хянан хэлэлцсэн нь тодорхой бус байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байна” гэснийг зөрчсөн.

2. Прокуророос яллагдагч П.Т-өд холбогдох эрүүгийн “2106027622186” дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн атал захирамжийн удиртгал хэсэгт хэргийн дугаарыг “2106002762218” гэж бүхэлд нь зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан. Шүүгчийн захирамжид “...хохирогчийн анатоми бүтцэд орсон зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл гарсан байхад энэ талаар дүгнэлт гаргасан шинжээч эмчээс тодруулж мэдүүлэг аваагүй” гэж бичсэнээс өөрөөр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:/-ийн 1.6-д “...шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт”, 2 дахь хэсэгт “Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй байсан ч дүгнэлтэд заана” гэж заасан. Шинжээч нь дээрх хуулийн заалтуудын хүрээнд шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.2-д “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасан байх бөгөөд хохирогчид “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 5-10 хувь алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно.

Хэрэв шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой тул үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэхгүй.

5. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээр П.Т- нь Э.Б-гийн гар утсыг дээрэмдэх санаа зорилгыг агуулаагүй, гар утаснаас өөрийн бие бичлэгийг устгах зорилгоор аваад хохирогчийн эхнэр болох Б.Т-д өгсөн үйл баримт тогтоогдож тул хүч хэрэгдэхгүйгээр, илээр, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

6. Хэрэг учралын газарт байсан дөрвөн гэрчийн гурваас нь мэдүүлэг авсан бөгөөд н.Э-с гэрчийн мэдүүлэг аваагүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан. Яллагдагч нь прокурорын хяналтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулах хүсэлт гаргасан байхад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь хуульд заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.М, Н.Д, н.Э нарын үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гэж үзсэн, тэдгээрийн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй атлаа “...хүмүүсийн хэрэгт оролцсон оролцоог тодруулж, хуулийн ямар арга хэмжээ оногдуулсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байх тул түүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргах” гэж заасан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч П.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангаагүй дараах зөрчил тогтоогдов.

            Прокуророос П.Т-ийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ***  тоотод 2021 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын үед Э.Б-тэй “гар утасны бичлэг устгах” шалтгаанаар харилцан ноцолдох, газарт унагаах, дээрээс нь дарж унах, өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн 5 дугаар хавирганы хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйл, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд ирүүлжээ.

            Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулсны эцэст шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хэд хэдэн үндэслэлийг заасан ба эдгээрээс “...хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангаагүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.                 

            Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч П.Т- нь “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Б-гээс уучлалт гуйж, хохирлыг барагдуулах гэсэн боловч хүлээж авсангүй.” /хх 57/ гэсэн хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр  хүлээн авч хянаад хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол /хх 58-59/ гаргасан байх ба уг тогтоолдоо “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргээр Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. ...” гэжээ.

            Улмаар мөн өдрөө яллагдагч П.Т-өд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай...” /хх 60/ саналыг танилцуулахад яллагдагчаас хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журмыг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана:” гэсний 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 1.2-т “...6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх;”, 2 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.”, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:” гэсний 4.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;”, 6 дахь хэсэгт “... энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж, мөн хуулийн Гучин гуравдугаар бүлэг /Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа/-ийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэсний 6.7-д “яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;” 7 дахь хэсэгт “...6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно.” гэж тус тус заажээ. 

            Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримтыг, хэрэв тийм баримтгүй бол хохирогчтой сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтийг хавсаргах шаардлагатай бөгөөд прокурор эдгээр нөхцөл шаардлагууд хангагдсан эсэхийг хянасны эцэст яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэх учиртай.  

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч П.Т- “...Б-гийн дээрээс дараад унахдаа гэмтээчихсэн, түүнээс биш санаатай гэмтээгээгүй...” /хх 39-40/ гэж гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж мэдүүлснээс гадна, урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирогч Э.Б- “...хохирол төлбөр төлөөгүй, миний гар утсыг өгөөгүй байхдаа хүртэл цагдаад өгсөн гэж мэдүүлэг өгсөн байсан...” /хх 79/ гэж мэдүүлсэн зэргээр гомдол санал арилаагүй, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг асуудлыг прокуророос хянаж үзэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай шалган, шийдвэрлэх үйл явц болохын хувьд нэг талаас яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ялыг хөнгөрүүлэх, нөгөө талаас хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээхэд нэн чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан найман жил хүртэлх хорих ял шийтгэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргавал “plea bargain буюу “ял тохиролцох” боломж нээгддэг бөгөөд шүүх прокурорын хяналтын шатанд тохиролцсон ялын төрөл, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр тухайн шүүгдэгчийн хувьд илүү ашигтай нөхцөл байдал бий болгодог.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үзвэл зохих асуудлын нэг нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байх явдал бөгөөд хэрэв хохирогч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үүнтэй санал зөрсөн эсхүл хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд  прокурор хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх, эсхүл шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Иймээс дээрх үндэслэлийг нэгэн адил дурдсан шүүгчийн захирамжийн заалтыг хэвээр үлдээж, эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин П.Т-өд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн бусад үндэслэл болох “...хохирогч Э.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тодруулах зорилгоор давтан шинжилгээ хийлгэх, шинжээчээс мэдүүлэг авах, яллагдагч П.Т-ийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэх, уг үйлдэлд хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн үйлдэл оролцоог тогтоох, үүнтэй холбогдуулан зарим этгээдээс гэрчийн мэдүүлэг авах, хохирогч эд хөрөнгө болох гар утасны үнэлгээг хийлгэх...” зэрэг асуудлаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авлаа.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч П.Т- нь хохирогч Э.Б-гийн биед халдах болсон шалтгаан нөхцөл, санаа зорилгынхоо талаар мэдүүлсэн байх бөгөөд энэхүү мэдүүлэг нь хохирогч, бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй ноцтой зөрүүгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Дээрэмдэх” болон өөр бусад гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул үүнтэй холбогдуулан өөр этгээдүүдийн үйлдэл оролцоог шалгах, гэрчээр мэдүүлэг авах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэг ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж заасныг баримтлан өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, улмаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримталсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, харин уг шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт П.Т-өд холбогдох эрүүгийн хэргийн дугаарыг “210 600 276 2218” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхааруулж тэмдэглэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, П.Т-өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2740 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийн 1, 2, 7 дахь заалтуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН