Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2023/0051

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.М

              Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н нарын хоорондын Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын  2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох тухай маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            1. Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторт  холбогдуулан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж  маргасан байна.

            2. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн талаар Үндэсний аудитын газарт гомдол гаргасан байх ба Монгол Улсын ерөнхий аудитораас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 848 дугаартай бичгээр гомдлыг хангаагүй тухай ирүүлсэн хариуг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч,  тус  шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

            3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            3.1. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас тухайн үеийн улс төрийн байдлаас болоод Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд шилжин томилогдсон. Тухайн үед аймгийн Засаг даргатай хэлцэл хийхэд, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу цалин хөлсийг аль болох бууруулахгүй байхын тулд болон тус сургууль нь дотуур байртай тул ажлын ачаалалтай, түүнчлэн миний мэдлэг, боловсрол, туршлагыг тус тус үндэслэн ур чадварын нэмэгдлийг  аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/683 дугаар захирамжаар 25 хувиар тогтоож өгсөн билээ. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/182 дугаар захирамжаар аймгийн хэмжээний захирлуудын ур чадварын нэмэгдлийг шинэчлэн тогтооход миний ур чадварын нэмэгдлийг хоёр дахь удаа 25 хувиар дахин тогтоож өгсөн. 

            3.2. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35, А/10/9 тоот тушаалаар шинэчлэн баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн дагуу дээрх тушаалын 2-р заалтад зааснаар “...шалгуур үзүүлэлтийн дагуу жилийн батлагдсан төсвийн хүрээнд ур чадварын нэмэгдлийн санд багтаан багш, зарим албан тушаалтанд нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай” гэж заасан байдаг. Энэ үүргээ Д.Е дарга биелүүлэх ёстой. Би заавал ур чадварын нэмэгдэл олгох тухай хүсэлт гаргаж шаардах албагүй. Д.Е хариуцлагагүй байдлаас болж, Төрийн аудитын газраас бидэнд акт тогтоосон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү заалт ёсоор Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулах ажлыг 2021, 2022 онд хийгээгүйгээс болоод миний ур чадварын нэмэгдэл болох 1,816,000 төгрөгийг төлүүлэхээс акт тавьсныг зөвшөөрөхгүй байна.

3.3.  Би ажлаа хангалттай биелүүлж байна, жил бүрийн аудитын шалгалтаар зөрчилгүй дүгнэлт авч байгаа. Ямар нэгэн ёс зүйн болон сахилгын шийтгэл авч байгаагүй.  Төрийн албанд 38 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарт 30 жил, захирлын албан тушаалд 22 дахь жилдээ ажиллаж байна. Ур чадварын нэмэгдэл авах бүрэн эрхтэй. Тийм учраас эрхээ хамгаалж Үндэсний аудитын газарт гомдлоо гаргасан. Дараа нь захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж байна. Д.Е даргад улирал болгон тайлангаа өгөхдөө бидэнд тулгамдсан асуудлыг мөн бичиж өгдөг байсан. Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас Өлгий сумын 6 дугаар сургууль тайлан өгөөгүй гэсэн үндэслэл ярьж байгаа нь буруу. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.4. Боловсролын тухай хуулийн өөрчлөлтөөр Өлгий сумын Засаг дарга сургуулийн захирлуудыг томилж, чөлөөлөх болсонтой холбогдуулан Өлгий сумын Засаг дарга Д.Е 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахад уг гэрээний 2.6 дахь заалтад “...ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан нь би ур чадварын нэмэгдэл авч болохыг баталгаажуулсан албан ёсны эрх зүйн акт юм.

            3.5. Би улирал бүр болон хагас бүтэн жилээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Боловсрол, шинжлэх ухааны газарт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт өгч, бүтэн жилийн тайланг А болон В үнэлгээгээр үнэлүүлж байсан бөгөөд жил бүрийн санхүүд хийсэн аудитын дүгнэлтээр зөрчилгүй гэсэн гэрчилгээ авч байсан. Ямар нэгэн ёс зүйн болон бусад зөрчил, дутагдал гаргаагүй, мэдлэг, туршлага, чадварын хувьд захирлын ажилдаа тэнцэж, ажлаа хэвийн явуулж байгаагийн хувьд урьд авч байсан ур чадварын нэмэгдлийг би үргэлжлүүлэн тасралтгүй авч байсан. Хамгийн сүүлд ур чадварын нэмэгдэл тогтоосон аймгийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамжид уг ур чадварын нэмэгдлийг олгох хугацааг хязгаарлаагүй бөгөөд тус захирамж одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа тул бид үүний дагуу ур чадварын нэмэгдлийг авч байгаа юм.

            3.6. Аудитын актад дээрх гурван яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу захирлын ур чадварыг дүгнээгүй байхад ур чадварын нэмэгдэл авсан байна гэжээ. Би улирал бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Боловсрол, шинжлэх ухааны газар болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт өгч ажлаа дүгнүүлж байсан. Дээрх тогтоолын 2-р заалтад ур чадварын нэмэгдэл олгох ажлыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулахаар заасан. Тэд миний улирал бүр хүргүүлсэн ажлын гүйцэтгэлийн тайлантай танилцаж байсан боловч ур чадварын нэмэгдлийг олгох захирамж гаргаагүйгээс намайг хохироож байгаа нь шударга бус явдал гэж үзэж байна. Ур чадварын нэмэгдлийг холбогдох эрх зүйн актад нийцүүлэн тогтоох нь миний дээд удирдлагуудын үүрэг, хариуцлага болохоос миний буруу огтхон ч биш юм. Хэрэв Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас дээрх ажлыг зохион байгуулаад би холбогдох шалгуур үзүүлэлтийг хангаагүй боловч ур чадварын нэмэгдлийг үргэлжлүүлэн авч байсан бол миний буруу үйлдэл болох ёстой.

            3.7. Улирал бүр Өлгий сумын Засаг даргаас миний ажлыг дүгнэсний үндсэн дээр үр дүнгийн урамшуулал олгож байсан юм. Энэ нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас миний ажлын үр дүнгийн талаар хангалттай мэдээлэлтэй тул ур чадварын нэмэгдлийг олгох талаар шийдвэр гаргах үндэслэлүүд байсан юм.

             3.8. 2022 онд ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсэг байгуулаагүй гэсэн байна. Гэтэл бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт 2022 онд ур чадварын нэмэгдэл өгсөн байна. Тэгвэл цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлын хэсэг байгуулсан юм уу. Хэрэв цэцэрлэгийн эрхлэгч нарт ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсэг байгуулсан бол яагаад захирлуудад ур чадварын нэмэгдэл олгоогүй вэ. Улс төрийн шинжтэй байж магадгүй гэж би хардаж байна. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор бидний ажлыг дүгнэхдээ Өлгий сум байтугай аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Э бидний ажлыг дүгнэхэд, хамтад нь оруулж үнэлдэг байсан. Бидний тайланг байнга авдаг байсан. Гэтэл бид тайлан аваагүй, дүгнээгүй гэж худлаа гүтгэсэн тайлбар өгсөнд харамсаж байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын биелэлтийг 2022 онд Төрийн аудитын газраас шалгахдаа яагаад бидэнд акт тавиагүй юм вэ. 2 жилийн дараа буюу 2023 онд акт тавьж байгаа нь эргэлзээтэй. Боловсролын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар захирлуудын 2021 оны гүйцэтгэлийн тайланг дүгнэж, үнэлэх үнэлгээг гаргах ажлын хэсэг байгуулсан тухай нотлох баримтууд байна. Бидний ажлыг байнга үнэлж дүгнэж байгаа. Ажлаа үнэлж, дүгнүүлсэн  талаар баримтаа Өлгий сумд хүргүүлсэн. Хэн нэгний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бид хохирох ёсгүй.

            Иймд, надад ур чадварын нэмэгдлийг төлүүлэхээр гаргасан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

            4. Хариуцагчаас ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

4.1. Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу баталгаажуулах аудит хийсэн.

4.2. Аудитаар сургуулийн захирал нь Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2021 оны 02 дугаар 01-ны өдрийн А/35, А/10/9 дүгээр хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн дагуу захирлын ур чадварыг үнэлж дүгнээгүй байхад аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/182 тоот захирамжаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны хүчингүй болсон 362/112/183 дугаар хамтарсан тушаалыг үндэслэж 2022 оны санхүүгийн жилд 1,816,000 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүй авсан нь тогтоогдож төлбөрийн акт тогтоосон.

4.3. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн 41.2.3-т “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35, А/10/9 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийн 9, 9.1-9.4, 10, 11-д заасныг зөрчсөн байна.

4.4. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын 4.2.3-д “Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана” гэж заасныг үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ур чадварыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг зөрчиж авсан 1,816,000 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг сургуулийн захирал Т.М нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

4.5. Тус сургуулийн 2022 оны санхүүгийн тайланг баталгаажуулах аудитыг “Анализ старт аудит” ХХК хийж гүйцэтгэсэн ба тогтоосон актыг тус аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер, дарга тэргүүлэх аудитор нар албан шаардлага, төлбөрийн актын төсөл бэлтгэж, баталгаажуулах үеийн бүртгэл, хяналтын хуудсаар хянаж чанарын хяналтаар санал зөвлөмж өгч ажилласан.

4.6. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-т “ Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ”, 4-д “Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно” гэж заасан байна. Гэтэл Өлгий сумын Засаг даргаас 2022 онд сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг Өлгий сумын ЗДТГ-ын '2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3/156 дугаар албан бичгээр манайд хариу ирүүлсэн болно.

4.7. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35/А10/9 тоот хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 1 дэх заалтад “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах цэцэрлэгийн багш, туслах багш, арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирал, нарт ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү заалтыг мөрдөнө”, 2 дахь заалтад “Ур чадварын нэмэгдлийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг, багшлахуй, суралцахуйн үйлийг бүтээлчээр хэрэгжүүлж онцгой амжилт гаргасан, шинийг санаачлан хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлсэн багш, ажилтанд энэхүү баримт бичгийн 3, 4, 5-д заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан олгоно” гэж заасан.

4.8. Харин шалгуур үзүүлэлтийн 6 дахь заалтад “Багш, ажилтны ур чадварыг хагас жил тутамд үнэлж, нэмэгдлийг сар бүр олгоно”, 9 дэх заалтад “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ур чадварыг үнэлж дүгнэх ажлын хэсэг 5- аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ” гэж тодорхой заасан. Гэтэл тус сургуулийн захирлын ур чадварыг 2022 онд хагас жил тутамд үнэлээгүй, сумын Засаг даргаас ур чадварын нэмэгдэл олгох талаар ямар нэг шийдвэр гараагүй байхад дур мэдэн ур чадварын нэмэгдэл авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

4.9. Сургуулийн захирал Т.М нь аудитын газраас тогтоосон төлбөрийн актыг хүчингүй болгуулах талаар Үндэсний аудитын газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 848 дугаар албан бичгээр төлбөрийн акт үндэслэлтэй талаар хариу хүргүүлсэн байна. Дээрх байдлыг үндэслэн тус аудитын газраас 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актаар тогтоосон 1,816,000 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын   2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй байна.

2. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-т “төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх”, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”,  8 дугаар зүйлийн 8.1-т  “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж тус тус заасныг болон   Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/70 дугаар “Заавар, аргачлал батлах тухай” тушаал[1], Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Санхүүгийн 2022 оны тайланд аудит хийх тухай” 529 дүгээр албан бичиг[2] зэргийг үндэслэн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд  “Анализ старт Аудит” ХХК нь санхүүгийн тайланг  баталгаажуулах аудит хийж, уг аудитаар нэхэмжлэгчид олгогдсон ур чадварын нэмэгдэл 1.816.000  төгрөгийг “... сургуулийн захирлын  ур чадварыг үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг зөрчиж олгогдсон” үндэслэлээр  Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын  2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг[3] үйлдэж, уг актад нэхэмжлэгчээр 1.816.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.

3. Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

4. Харин нэхэмжлэгч нь түүнд төлбөр тогтоосон маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрсөн  үндэслэлээ “... Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/182 дугаар захирамжаар миний ур чадварын нэмэгдлийг 25 %-аар тогтоосон, уг захирамжид хугацаа тогтоогоогүй тул хүчинтэй, захирлын ажлаа хангалттай сайн биелүүлж ирсэн, ёс зүйн болон сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, жил бүр аудитын дүгнэлтээр “зөрчилгүй” гэрчилгээ авдаг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил, хагас жил тутам   гурван хувь үйлдэж, нэг хувийг аймгийн Боловсролын газарт, нэг хувийг Өлгий сумын Тамгын газарт хугацаандаа хүргүүлдэг, жилийн тайланг “А”, “В” үнэлгээгээр үнэлүүлж байсан, захирлуудын ур чадвар олгох шийдвэр гаргах үүргийг Өлгий сумын Засаг дарга биелүүлээгүй тул бид хохирох ёсгүй,  ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.6-д “... ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээс бүрдэнэ” гэж тусгасан тул ур чадварын нэмэгдлээ авах ёстой” гэж тайлбарлажээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар “Журам батлах тухай “ тогтоолын 4 дүгээр хавсалтын “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын  1-т “ Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө”, 2-т “ Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ”, 3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно”, 4-т “Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно” гэж тус тус заасан.

6. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35/А/10/9 дугаартай “Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 3-т  захирал, багш, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоход нийтлэг шалгууруудыг,  4-т захирлуудад тавигдах тусгай шалгуур үзүүлэлтүүдийг, 6-д ур чадварыг хагас жил тутам үнэлж, нэмэгдлийг сар бүр олгохоор, 7-д шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр 60,0 болон түүнээс дээш хувийг хангасан багш, ажилтанд тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан ур чадварын нэмэгдэл олгох талаар, 8-д багш, ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн холбогдох төсвийн захирагч шийдвэрлэхээр, 9-д ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ур чадварыг үнэлж дүгнэх ажлын хэсэг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар, мөн бүрэлдэхүүний төлөөллийн талаар тус тус  заажээ.

7. Дээрх журам, шалгуур үзүүлэлтүүдийн агуулгаас үзэхэд,  захирлын ур чадварыг үнэлж дүгнэх асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг нь шалгуур үзүүлэлт бүрээр  хагас жил тутамд үнэлж дүгнэх ба уг дүгнэлтийг үндэслэж төсвийн ерөнхийлөн захирагч нь  ур чадварын нэмэгдэл олгох, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх, улмаар нэмэгдлийг сар бүр олгох асуудлуудыг нарийвчлан зохицуулжээ.

8. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн”  гэж зааснаар сумын ерөнхий боловсролын сургуулийн төсвийн ерөнхийлөн захирагчийг сумын Засаг дарга байхаар хуульчилжээ.

9. Сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлын ур чадварыг үнэлж дүгнэх ажлын хэсгийг сумын Засаг даргын шийдвэрээр байгуулж, улмаар ажлын хэсгийн үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх ба энэ маргааны хувьд Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр захирлуудын ур чадварыг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаагүй болох нь, нэхэмжлэгчийн ур чадварыг 2021, 2022 онуудад үнэлж дүгнээгүй болох нь, тухайн жилд ур чадварын нэмэгдэл олгох талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан гэрч сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Е,  сургуулийн нягтлан бодогч Д.Ж нарын мэдүүлгүүдээр[4], нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  “... аймгийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамжид хугацаа заагаагүй тул хүчинтэй, уг захирамжийн дагуу ур чадварын нэмэгдлээ авч байсан, ... Өлгий сумын Засаг дарга шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбараар  тус тус тогтоогдож байна.

10.  Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд, захирлын ур чадварыг  тогтоосон шалгуур үзүүлэлтээр нь ажлын хэсэг үнэлж дүгнээгүй байхад,  эрх бүхий этгээдээс зохих шийдвэр гараагүй байхад  ур чадварын нэмэгдэл гэж сургуулийн захиралд  2022 онд нийт 1.816.000 төгрөг  олгогдсон  нь хууль бус, энэ нь Төсвийн тухай 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг тус тус зөрчсөн байх   бөгөөд хариуцагчийн үйлдсэн маргаан бүхий акт нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэсэнтэй нийцсэн хууль ёсны шийдвэр тул уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

11. Нэхэмжлэгчээс төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Өлгий сумын Засаг дарга нь захирлуудын ур чадварыг үнэлэх, дүгнэх ажлын хэсэг байгуулаагүй, ур чадварын нэмэгдлийг  олгох талаар журамд заасан үүргээ биелүүлээгүй талаар маргасан нь үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй,  хэрэв нэхэмжлэгч нь ур чадвараа үнэлүүлэх  дүгнүүлэх, шийдвэр гаргуулах, ур чадварын  нэмэгдэл авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдсөн гэж үзвэл мэдсэнээс хойш эрх бүхий этгээдийн  хууль бус эс үйлдэхүйн талаар хуульд заасан хугацаанд зохих байгууллагуудад хандаж  эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.  

12. Нэхэмжлэгчийн   “... аймгийн Засаг даргын 2020 онд ур чадварын нэмэгдэл олгосон А/182 дугаар шийдвэрт хугацаа заагаагүй” гэх үндэслэлд заасан шийдвэр нь зөвхөн тухайн жилд хамааралтай болох нь дээрх шалгуур үзүүлэлтийн 6-д зааснаар үгүйсгэгдэж байгаагаас гадна   нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар Хөдөлмөрийн гэрээний[5] 2.6-д заасан “Нэмэгдэл хөлс: Ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээс бүрдэнэ” гэсэн заалт нь  ур чадварын нэмэгдлийг шууд олгох заалт биш, нэмэгдэл хөлсний бүрдэл хэсгийг заасан ерөнхий заалт учир энэ үндэслэлээр нэмэгдэл авах ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

13. Иймээс нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын   2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.8, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Т.М Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Х холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын   2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/БӨА-2023/127/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 156 дугаар хуудас

[2] Хэргийн 157 дугаар хуудас

[3] Хэргийн 104 дүгээр хуудас

[4] Хэргийн 161, 165 дугаар хуудас

[5] Хэргийн 114 дүгээр хуудас