Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 311

 

                                        

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч П.Нархажид, шүүгдэгч С.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Г.Намуун, хохирогч Ж.Бямбалхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овгийн Сүхбаатарын Отгонжаргалд холбогдох эрүүгийн 2016 2501 4397 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, эгч, ах нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наран 8-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хатиган овгийн Сүхбаатарын Отгонжаргал. /РД: СФ88081611/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Отгонжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын урд байрлах Цайз буудлын 3 тоот өрөөнд иргэн Ж.Бямбалхагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг орон дээр түлхэн унагаж хөл дээр нь дарж баруун хөлийн шаант ясыг хугалж түүнд санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Отгонжаргал мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бямбалхагва мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүхэд хүсэлтээ өгөв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Отгонжаргалын өгсөн: “…Намайг Паадий гэж дууддаг. Би тухайн үед Бямбалхагвын хөлийг хугалсан эсэхийг мэдэхгүй, надад түүний хөлийг хугалах санаа зорилго байгаагүй, намайг цохиод байхаар нь болиулах гээд ор руу түлхсэн, энэ үед хөлний шагайн хэсгээр эвгүй болсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-103/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Бямбалхагвын өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр найз Баянхаантай уулзаад 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт худалдааны төвийн хашаанд Баянхааны машин дотор Майнбаярын авч өгсөн архийг уугаад сууж байсан. Тэгэхэд Амарсанаа, Паадий болон түүний эхнэр Ганганаа, Ууганаа гэх манай нутгийн залуучууд ирсэн. …Тэгээд бид нар замын урд буудал руу орсон. …Буудалд нутгийн дүү нар … шорон орон яриад хэгжүүрэхээд өдөөд байсан. …би Паадий буюу Отгонжаргалын хүзүү хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба бид хоёр маргалдаад заамдалцсан. Тэгээд Паадий намайг ор руу шахаж миний толгой хэсэг рүү цохисон. …би орны мухар руу арагшаа суугаад хана руу шигдэхэд миний баруун хөл орон дээр гарч ирэхэд миний хөл хэсэгт Паады дарж хугалсан. Би ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-12-13/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 233 дугаар:

          1. Ж.Бямбалхагвын баруун хөлийн шаант ясны доод булуунд зөрөөгүй далд хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт, салст, дээд доод зовхи, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-33/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтад гэрч С.Баянхааны өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим найз Бямбалхагватай Сансарт уулзаад Майбаярын ажил руу очсон. Тухайн үед би Майнбаяраар машиныхаа сигналыг янзлуулахаар … Асайт худалдааны төвийн хашаанд оруулаад зогссон. Майнбаяр гарч ирээд бид хоёрт 1 шил 0.5 литрийн Сархад нэртэй архи авч өгсөн. Тэгээд уугаад байж байтал Ууганаа, Паадий, эхнэр Алтансүх бас нэг үл таних ах ирсэн. …Тэгээд буудал руу орохоор шийдээд Цайзын 4 замын уулзварын урд талын буудал руу ороод тэнд 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. … Паадий Бямбалхагва хоёр юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Эхлээд Бямбалхагва Паадыгийн нүүр хэсэг рүү гараараа цохисон гэтэл Паадий босож ирээд барьцалдаад ноцолдоод орон дээр дараад унасан. Тухайн үед Бямбалхагва хөлийнхөө шагай хэсгийг бариад орилоод явчихсан. Тэгээд Майнбаяр бид хоёр салгасан. …Майнбаяр бид хоёр Бямбалхагвыг хоёр талаас нь сугадаад гурвуулаа гарсан” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Хохирол төлсөн баримт /хх-164/, хохирогчийн хүсэлт /хх-165/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Отгонжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын урд байрлах Цайз буудлын 3 тоот өрөөнд иргэн Ж.Бямбалхагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг орон дээр түлхэн унагааж хөл дээр нь дарсанаар баруун хөлийн шаант ясыг нь хугалж түүнд хүндэвтэр гэмтэл санаатай учрууласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Отгонжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Бямбалхагва шүүгдэгч С.Отгонжаргалаас хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хохиролд 100.000 төгрөг төлсөн /хх-164/, хохирогч Ж.Бямбалхагва “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч С.Отгонжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.