Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

Ж.Б-өд холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/2343 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлээр Ж.Б-өд холбогдох эрүүгийн 1806015281910 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.Б-, 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар оршин суух хаягийн бүртгэлтэй

            - Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1107 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            - Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Дархан хотын ардын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 хоногийн хорих ялаар тогтоосон,

            - Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж,  мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 18 хоногийн хорих ялаар тогтоосон ба 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Дархан аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах, заримыг нэмж нэгтгэх замаар биечлэн эдлэх ялыг 11 жилийн хорих ялаар тогтоосон,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялыг 11 жил 1 сарын хорих ялаар тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаартай магадлалаар 10 жил 1 сар болгон өөрчилсөн ба Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 169 дугаартай захирамжаар ял нийцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 9 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосон бөгөөд одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 433 дугаар ангид уг ялаа эдэлж байгаа,

            Ж.Б- нь ганцаараа 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас нийт 21.655.760 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Үүнд;

            1. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух иргэн Ж.Ба-гийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “Haier” загварын 32 инчийн зурагт, савхин хүрэм зэргийг хулгайлан авч, 298.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын *** тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Sharp” загварын 32 инчийн LCD зурагт, эрэгтэй савхин хүрэм, эмэгтэй хагас нэхий дээл зэргийг хулгайлан авч, 684.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн *** хэсгийн *** тоотод оршин суух иргэн Ж.З-гийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “Haier” загварын 32 инчийн LCD зурагт, хүүхдийн пүүз зэргийг хулгайлан авч, 254.760 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн *** дүгээр хэсгийн *** тоотод оршин суух иргэн Б.Б-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн LCD зурагт, ус буцалгагч, индүү, хүүхдийн эмэгтэй пүүз, эрэгтэй өмд, эрэгтэй юүдэнтэй цамц, сахлын машин, бугуйн цаг, виски 2 ширхэг, шар чемодан, ноосон цамц, гаанс, чихэр 2 кг, үнэртэй ус, цамц, алтан ээмэг, мөнгөн бугуйвч, монетон кулон, бөгж хос, гоо сайхны иж бүрдэл, гудас, ширээний бүтээлэг, ноосон цамц, том машины аккумулятор зэргийг хулгайлан авч, 2.405.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын *** тоотод оршин суух иргэн П.Э-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Dell” загварын хяналтын камерын төхөөрөмж, “Gold Master” алт металл хайгч, хурганы арьс 35 ширхэг, түлээний мод 20 шуудай, байгалийн өнгөт чулуу 30 кг, чононы арьс 2 ширхэг, бугын эвэр 3.5 кг зэргийг хулгайлан авч, 5.885.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны *** тоотод оршин суух иргэн Б.М-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “TCL” загварын 39 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн *** тоотод оршин суух иргэн Б.Б-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 48 инчийн зурагт, 2 ширхэг булган шуба, эрэгтэй булган захтай савхин куртик, 2016 онд худалдаж авсан эрэгтэй савхин куртик, мөн хавар намрын эрэгтэй савхин куртик, мөнгө тоногтой эрэгтэй мөнгөн бүс, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, алтан нуухтай, даваа топгойтой хөөрөг 1 ширхэг, жижиг халтар манан хөөрөг 1 ширхэг, хүрэн өнгийн толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй пүүз 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 6.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны *** тоотод оршин суух иргэн Д.Б-ын эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, модны түрдэг хөрөө, уртасгагч, бэлэн 40.000 төгрөг зэргийг хулгайлан авч, 115.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны *** тоотод оршин суух иргэн Г.Б-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, “LG” загварын 32 инчийн зурагт, эмэгтэй загвартай урт булган шуба, “Nikon” загварын зургийн аппарат, “DVD” тоглуулагч, “Кеn” загварын дрилл, цохилттой дрилл, уртасгагч, дунд гарын мөнгөн аяга, “Sky” загварын гар утас, хувцас зайлагч, хайрцагтай шинэ гоёлын зүүлт 25 ширхэг, шампунь 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 2.476.700 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** тоотод оршин суух иргэн Д.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн LED зурагт, монетон хос ээмэг, хувцас, хэрэгслүүд зэргийг хулгайлан авч, 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн *** дугаар гудамжны *** тоотод иргэн А.Б-ын биед хүч хэрэглэн “Samsung” загварын зурагт, зөөврийн компьютер зэрэг 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Шүүгдэгч Ж.Б-өд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 215 дугаартай захирамжид заасан зарим ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Тухайлбал:

а/ “Шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлсэнчлэн хамтран оролцсон гэх хүмүүсийг олж тогтоон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх болон өөр бусад хүний оролцоо бий эсэхийг шалгах, мөн гэмт үйлдэлдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн эсэх, машин механизм ашигласан эсэхийг нэг мөр шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн шаардлагыг хэрхэн, яаж биелүүлсэн нь тодорхойгүй, дутуу хийж гүйцэтгэжээ.

б/ Мөн захирамжийн дүгнэлт хэсгийн “4.а”-д заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу шүүгдэгч Ж.Б- өмнө нь шийтгэгдэж байсан гэх шийтгэх тогтоолуудад овог, нэр, төрсөн он, сар, өдөр зөрүүтэй тусгагдсан, эргэлзээ бүхий байдлыг арилгаж ирүүлээгүй.

2. Д.М нь Ж.Б-тэй бүлэглэн хохирогч Б.Б-ын гэрээс эд хөрөнгө хулгайлж, худалдан борлуулсан тухайгаа мэдүүлсэн /3хх-149/ байхад холбогдох ажиллагааг явуулж тухайн асуудлыг шалгалгүйгээр, уг хэргийг Ж.Б- ганцаараа үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байна.

3. Хохирогч А.Б-ын “Ж.Б- нь миний араас цохисон. Тэгээд би тухайн үед хүзүүний хойд хэсэг рүү цохиулаад ухаан алдаад унасан байсан. Нэг сэрэхэд хажуу айлын эмэгтэй цагдаа дуудсан байсан” /5хх 56-58, 6хх 88/ гэх мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй байна. Иймд Ж.Б-ийн “А.Б-ын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэх үйлдлийг зөв зүйлчилж ирүүлэх шаардлагатай.

4. Хохирогч Ж.Ю-с “2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо, *** тоотод байсан чингэлгээс 80 кг ноолуур алдсан” талаараа 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн /6хх 149-152/ ба шүүгдэгч Ж.Б- нь энэ хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /6хх 104-106/ тул уг үйлдлийг бусад үйлдэлтэй нь нэгтгэн шалгаж ирүүлэх шаардлагатай байна.

5. Шүүгдэгч Ж.Б- өмнө нь удаа дараа, олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, одоо 10 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгт холбогдсон, амьжиргааны эх үүсвэр, орлогын байдал тодорхойгүй байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний хууль зүйн үндэслэлийг баримтаар нотолж ирүүлэх шаардлагатай байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүхэд бичсэн эсэргүүцэлд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. а/ Хохирогч Б.Б-ын гэрээс эд хөрөнгө алдагдсан гэх хэрэгт яллагдагч Ж.Б-ийн мэдүүлэгт дурдсаны дагуу Б.Б-г хамтран оролцсон эсэхийг тогтоох зорилгоор түүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Яллагдагч Ж.Б- нь хулгайлсан эд зүйлээ хаана, хэзээ, хэнд, хэрхэн яаж борлуулж, хэдий хэмжээний ашиг олсон талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогчийн гэрийн орчим хяналтын камер байдаггүй, алдагдсан эд зүйлсээс нь барьцаанд тавьсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хамааралтай байж болох аливаа баримт, мэдээлэл тогтоогдоогүй болно.

Хохирогч П.Э-ийн гэрээс эд хөрөнгө алдагдсан гэх хэргийн тухайд алдагдсан эд зүйлсийн шинж байдлаас үзвэл овор хэмжээ бага, яллагдагч нь тодорхой хугацаанд ганцаараа зөөвөрлөх бүрэн боломжтой. Хохирогч П.Э- нь “...2018 оны 2 дугаар сарын 2-ноос 4-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, *** дугаар хэсэг, Төмөр замын *** тоот гэртээ байгаагүй, эзэнгүй байсан...” талаар мэдүүлсэн. Энэ хугацаанд яллагдагч нь хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлсийг нь 3 өдрийн турш ганцаараа зөөж, зөөвөрлөсөн байхыг үгүйсгэхгүй юм.

Иймд яллагдагч Ж.Б-ийн өөрийнх нь “...гурвуулаа үйлдсэн, Баатарчулуун нь машин механизм ашигласан...” гэж мэдүүлсний дагуу дээрх гэмт хэргүүдийг хамтран бүлэглэсэн эсэхийг мухарлан шалгахад бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

б/ Шүүгдэгчийн овог нэр, төрсөн он, сар, өдөр зөрсөн асуудлаар зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагааг гаргуулан авахаар албан бичиг хүргүүлэхэд төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн. Улмаар дээрх хэрэгт Дархад овогтой Жавзангийн Б- /РД:/-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан яллагдагчийн иргэний бүртгэлийн талаарх лавлагаа нь түүнд холбогдох шүүхийн шийтгэх тогтоолуудад дурдсан иргэний бүртгэлийн мэдээллүүдтэй тохирдог.

2. Хохирогч Б.Б-ын гэрээс эд хөрөнгө алдагдсан гэх хэргийг хамтран оролцоог мухарласан бөгөөд тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б- ганцаараа үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэ хэргийн хувьд чухам хэнтэй бүлэглэсэн талаар эх сурвалжаа зааж чаддаггүй. Иймд түүний “бусадтай бүлэглэн үйлдсэн” гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь учир дутагдалтай ба хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй удах, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй байна.

3. Хохирогч А.Б-ыг дээрэмдсэн гэх хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалган тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүх уг үйлдлийг тухайн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-д тусгана гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шийдвэрлэх боломжтой.

4. Багануур дүүргийн прокурорын газраас Ж.Б-ийг холбогдуулан шалгаж буй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг байгаа эсэх талаар лавлагаа авахаар албан бичиг хүргүүлэхэд түүнд холбогдуулан ямар нэгэн хэрэг, материал шалгагдаагүй талаарх хариуг ирүүлсэн болно.

5. Ж.Б-өд холбогдох хэргийн үргэлжилсэн хугацаа, үйлдлийн тоо, хор уршиг зэрэг шинж байдалд үнэлэлт, дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. 1991 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан асуудал байдаг. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой эсэхийг нь тогтоох гэхээр “Т.Б-” нэрээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байгаа. “Ж.Б-”, “Ж.Ба” гэх зэргээр овог, нэр нь өөрчлөгдөөд байдаг. Багануур дүүрэгт шалгагдаж байгаа гэх хэргийг нь нэгтгээд нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөө хэрхэн хулгай хийсэн гэдгээ мэдүүлсэн учраас түүнийг мухарлаж шалгах ёстой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ж.Б-ийг 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас нэр бүхий 10 иргэнд нийт 21.655.760 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, А.Б-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний үр дүнд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хэд хэдэн үндэслэлийг заасан ба эдгээрээс “...шүүгдэгч Ж.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг цуглуулж, урьд ял шийтгүүлсэн гэх шүүхийн шийдвэрүүд дэх овог, нэр, төрсөн он, сар, өдрийн зөрүүтэй байдлыг арилгах, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх хулгайн үйлдлийг энэ хэрэгт нэгтгэн шалгах, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн хувийн байдал, одоо холбогдсон 10 удаагийн хулгайн үйлдлүүдэд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан онцлон хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь,         

Шүүгдэгч Ж.Б- нь урьд 1990-2019 оны хооронд 9 удаа ял шийтгүүлж байсан гэх бөгөөд хэрэгт цугларсан шүүхийн шийдвэрийн хуулбаруудад түүний овог нэр, төрсөн он, сар, өдөр зөрүүтэй бичигджээ.

Анхан шатны шүүх дээрх эргэлзээ бүхий байдлыг арилгах зорилгоор холбогдох баримт, мэдээллийг цуглуулах ажиллагааг хийлгэхээр 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байх боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны үед энэхүү заалтыг бүрэн биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам”-ыг багтаасан цогц ойлголтыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан.

Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг сайтар судалж, хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, оновчтой байх учиртай.

Иймээс шүүгдэгч Ж.Б-ийн хувийн байдалтай холбоотой дээрх эргэлзээ бүхий асуудлыг бичгийн нотлох баримтуудад тулгуурлан тодруулсны эцэст шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх асуудалд дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Л.Алтансүх нь иргэн Ж.Ю-с ирүүлсэн “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны  Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн *** тоот хашаанд байх чингэлгээс 80 кг ноолуур хулгайд алдсан...” гэх мэдээллийг хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 180400087 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн /6хх 148/ байх бөгөөд шүүгдэгч Ж.Б- нь мөрдөн байцаалтын үед яллагдагчаар мэдүүлэхдээ /6хх 104-106/ энэ хэргийг нь бусадтай бүлэглэн үйлдсэн тухайгаа ярьж байжээ.

            Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Багануур дүүргийн прокурорын газарт Ж.Б-ийг холбогдуулан шалгаж буй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг байгаа эсэхийг лавлахаар албан бичиг хүргүүлэхэд түүнд холбогдох ямар нэгэн хэрэг, материал шалгагдаагүй гэсэн хариу ирүүлсэн...” хэмээн маргадаг боловч хэрэгт энэ талаарх баримт, мэдээлэл авагдаагүй болно.

            Шүүгдэгч Ж.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Хулгайлах” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон ба ингэхдээ зарим үйлдлүүдэд тусдаа өөр газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь дээрх баримтаар тодорхойлогдож байна.            

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Гэвч шүүгдэгч Ж.Б- нь одоогоор дээрх хулгайн үйлдлүүдийнхээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарагдахгүй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгдэгч Ж.Б-ийн холбогдсон нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онцлон хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзвэл зохилтой.

Иймээс шүүгдэгч Ж.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг бүрэн гүйцэд цуглуулж, холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүхэлд нь нэгтгэж, түүний үйлдэлд хулгайлах гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж /байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон/ байгаа эсэхийг шалгасны эцэст нэг яллах дүгнэлтийн хүрээнд, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Харин анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжид заасан бусад заалтын дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хулгайлах гэмт хэргүүдэд өөр бусад этгээдээс хамтран оролцсон оролцоо, тухайн гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, машин механизм ашигласан эсэх талаар тодорхой ажиллагааг явуулсан байх тул уг асуудлыг дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч А.Б-ыг дээрэмдсэн гэх хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн тухайн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээтэй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсан болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/2343 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийн 1, 4, 5 дахь заалтуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН