Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 125/ШШ2023/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н ,

Хариуцагч: Ховд аймгийн .........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ................ сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагч Ховд аймгийн ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Ц , хариуцагч Ховд аймгийн ................сумын Засаг дарга Ж.Д ,  гуравдагч этгээд Ховд аймгийн ................. сум дахь Цагдаагийн хэлтсийн дарга Ц.А , гуравдагч этгээд Ховд аймгийн ................ сум дахь сум дундын Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , гуравдагч этгээд Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , гуравдагч этгээд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Ж.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гуравдагч этгээд Ховд аймгийн ............. сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Ганзориг нар гэрч Э.Цогтсайхан болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э анх 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн .......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсэг, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.  Улмаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Ховд аймгийн ............. сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгахаар,

1.3. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар,

1.4. 2021 оны 11 сарын 12-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар,

1.5. 2021 оны 12 сарын 23-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,

1.6. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг, 2016 оны 3 дугаар сарын 04-ний А/16 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсэг, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж,

1.7. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

1.8. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар “Дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор Гаалийн ерөнхий газрын харъяа, Ховд аймгийн ...........дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 нэр төрлийн 12 объектийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

2.2. Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдаанд 3 иргэн оролцсоноос 38600000 төгрөгийн үнийн саналаар Б.Н  ялагчаар шалгарч, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4-2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор Ховд аймгийн ...........дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Н-д шилжүүлж, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00539 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

2.3 Нэхэмжлэгч Б.Н  нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргад хандан дуудлага худалдаагаар худалдан авсан объектод хамаарах газрыг зохих журмын дагуу эзэмших тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 157 дугаар албан бичгээр хариу өгсөн, улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1047 дугаар албан бичгээр хариу авснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

        

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ...........сумын Засаг даргад холбогдуулан ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, ...........сумын Засаг даргын холбогдох захирамжуудыг хүчингүй болгуулах, 6.2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгасан агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно.

            Нэхэмжлэгч Б.Н  нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож ...........дахь Гаалийн газрын хөрөнгөд бүртгэлтэй агуулах 1,2,3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3 ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам талбай хашааг 38.600.000 төгрөгөөр худалдан авч тус өдрийн 06/4-2015 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ байгуулж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 5 сарын 08-ны өдрийн 00539 дугаартай гэрчилгээ олгож, Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/311 дүгээр “Хөрөнгө данснаас хасах тухай” тушаалаар Б.Н-ийн худалдан авсан гэх үл хөдлөх хөрөнгийг ...........дахь Гаалийн газрын балансаас хассан байдаг. Мөн Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 2/3170 дугаартай албан бичгээр төрийн өмчийн хорооны тогтоолоор өмчилж авсан гэх үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарах газрын эзэмших эрхийг өмчлөгч Б.Н-д шилжүүлэхийг хүссэн байдаг. Нэхэмжлэгч Б.Н нь тус газраа өөрийн эзэмшилд авахаар 2015 оноос хойш ........... сумын үе үеийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа хүсэл гаргасан боловч газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй.

Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжаар ...........дахь Гаалийн газар нь ...........сумын Бүрэнхайрхан багийн нутагт гаалийн хяналт хийх албан байр, складын зориулалтаар 6.2 га газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх 9 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт 6.2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй хэрнээ Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 сарын 17-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Б.Н-ийн худалдан авсан Гаалийн хашааны хойд хаалганаас урагшаа 7 метрийн өргөнтэй гэрэлтүүлэгт гудамж гаргахаар шийдвэрлэж, үүнийг үндэслэн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар Гаалийн газрын хуучин хашааг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Б.Н-ийн Үндсэн хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэд халсан, хувийн өмчид хууль бусаар халдах, дайчлан авахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн.

            Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар ...........дахь Гаалийн газрын эзэмшилд байсан 9.2 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон ба ингэхдээ Б.Н-д мэдэгдээгүй.

            Б.Н-ийн эзэмшил, өмчлөлийн 6.2 га газраас Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар ...........сум дахь Цагдаагийн хэлтэст 1.7 га газар эзэмшүүлсэн, Цагдаагийн хэлтэс нь тус газраа хашаалж, цементэн зам талбайг эвдэж граж барьсан нь Б.Н-ийн өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл юм.

             Мөн Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн ...........сум дахь сум дундын Прокурорын газарт 180 кв метр газар, Шүүхийн шинжилгээний албаны ...........сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 кв метр газар, Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 кв метр газар, 2016 оны 3 дугаар сарын 04-ний А/16 дугаар захирамжийн Т.Б-д 2784 кв метр газар, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Б.О  2784 кв метр газрыг тус тус эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Б.Н-ийн эзэмшлийн 6.2 га газартай давхцуулан олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

           

            3.2. Хариуцагч Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Ц  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Н-ийн газартай бид оролдоогүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар ...........сумын Засаг даргаас санал ирүүлснийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн 2021 оны 4 сарын 07-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор Иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Н-ийн өмчилж авсан гэх 9 нэр төрлийн объект болон зөвхөн тухайн объектийн доорх газрыг дуудлага худалдаагаар авсан, бусад газар нь төрийн мэдлийн газар гэж үзсэн юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

            3.3. Ховд аймгийн ...........сумын Засаг дарга Ж.Д  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2023 оны 12 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан. ...........суманд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь газрын асуудал байсан. Үүнтэй холбоотой аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран ...........сумын газар зохион байгуулалтын байдалд цогц арга хэмжээ авахаар бодлого боловсруулж ажиллаж эхэлсэн. Уг арга хэмжээний гол зорилго нь хууль бусаар хашаалсан газрыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг бүрдүүлэх явдал байсан ба үүний нэг нь хуучнаар Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй гэрэлт гудамж гаргаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан.Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор гэрэлтүүлэгт гудамж гаргах ажлын зохион байгуулах үүргийг надад өгсөн.

Б.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус газрыг эзэмших хүсэлт гаргасан ба ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 62 дугаар тогтоолоор 7 метр өргөнтэй гэрэлтүүлэг гудамж гаргахаар шийдвэрлэсэн тул газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгсөн.

Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор Б.Н  нь ...........дахь Гаалийн газрын 9 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болсон хэдий ч түүнд Гаалийн газрын хашаа гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус газар нь ...........дахь Гаалийн газрын эзэмшилд байсан ба ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар ...........дахь Гаалийн газрын 0235700 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2021 оны 4 сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлж, ...........сумын Засаг даргын 2021 оны 6 сарын 04-ний өдрийн А/111 дүгээр  захирамжаар ...........дахь Гаалийн газарт Ярантын хилийн боомтод 3 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Төрийн өмчийн хороо нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдах эрхтэй болохоос бус төрийн мэдлийн газрыг худалдах эрхгүй юм.

Ингээд тус газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэнтэй холбоотой сум орон нутгийн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж гаалийн хашааны ар талын хэсгийг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын гудамж байгуулах зорилгоор тус сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн ...........сум дахь сум дундын Прокурорын газар, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...........сум дахь шүүхийн шинжилгээний хэсэгт, 2021 оны 7 сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Намайг засаг дарга болохоос өмнө 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Иргэн Т.Б  насаараа тус хашаанд амьдарч байсан ба 2016 онд газар эзэмших эрхтэй болж улмаар хүү Б.О  тус газраа шилжүүлсэн байсан.

Гаалийн хашаан дотор байрлах 200  метр урттай, 12 метр өргөнтэй, түүний урд байрлах 65 метр урттай, 55 метр өргөнтэй цементэн талбайг боомтын зам талбайд хамаарч байна гэж үзэж болох юм. Цаашид орон сууцны хотхон байгуулах боломжтой гэж харж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3.4. Гуравдагч этгээд Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн газрын дарга Ц.Анхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 03 дугаар сард тухайн үеийн Сангийн яам, Барилга хот байгуулалт хөдөлмөрийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг Ховд аймгийн ...........суманд ажиллаж улмаар Гаалийн газрын конторын барилга буюу Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэс нь одоо ашиглаж буй 2 давхар объектийг  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 сарын 09-ны өдрийн 292 дугаар тогтоол, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2013 оны 09 сарын 19-ны өдрийн 486 тогтоолоор Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтсийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Уг тогтоолд Гаалийн газрын харьяа Ховд аймгийн ...........сум дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 56,699,963 төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 2 давхар барилгыг Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст балансаас баланст шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

Үүнтэй холбоотой Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 10-ны өдрийн 112 дугаар захирамжаар ...........дахь Гаалийн газрын эзэмшлийн Ховд аймгийн ...........сумын Бүрэн хайрхан багийн Эрчмийн  01 “А” тоотод байрлалтай 51745 кв метр  газраас 17542 кв метр газрыг Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж, өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, авто граж, жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн агуулах, тээврийн хэрэгслийн түр хадгалах хашааны зориулалтаар эзэмшүүлсэн.

Мөн Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталж, уг төлөвлөгөөнд тусгасныг үндэслэн ...........сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар 1.7 га газрыг ...........сум дахь Цагдаагийн хэлтэст эзэмшүүлж уг захирамжийн 3 дахь заалтаар өмнө нь гарсан ...........сумын Засаг даргын 112 дугаартай захирамжийг хүчингүйд болгож шийдвэрлэсэн.

Үүнээс хойш 3 сарын дараа буюу 2015 оны 04 сарын 10-ны өдрийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар иргэн Б.Н Гаалийн газрын өмчлөлд бүртгэлтэй байсан 9 төрийн объект худалдан авсан байдаг. Үүнээс өмнө тус газрыг эзэмших эрх нь Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст байсан ба ...........сум дахь Цагдаагийн газарт газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3.5. Гуравдагч этгээд Ховд аймгийн ...........сум дахь Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ...........сум дахь сум дундын Прокурорын газраас 2020 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж 55 сая төгрөгийн өртөг бүхий прокуроруудын байрлах байрны хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд тус байрыг барих газар шаардлагатай байсан тул 2021 онд ...........сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж, улмаар ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн ...........сумын 6 дугаар багийн Э.Шилэгбаатарын 1-р гудамжны 118/б тоотод 180 кв метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж тус газраа прокурор, ажилчдын орон сууц барьж 2021 оны 12 сарын 17-ны өдөр барилгыг хүлээн авч, үндсэн хөрөнгөд бүртгэж, одоо тус байран прокурор ажилчид амьдарч байгаа юм.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3.6. Гуравдагч этгээд Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус Шүүх шинжилгээний хэлтсийн ...........сум дахь хэсэг нь 2016 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өөрийн эзэмшлийн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан.

            Хэсгийн албан хаагчид хэргийн газрын үзлэг, шүүх эмнэлэг, криминалистикийн шинжилгээг хараат бусаар хийж гүйцэтгэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад ажлын байр зайлшгүй шаардлагатай болсон.

            Ингээд хэсгийн ажлын байр барих газар хүссэн хүсэлтийг 2021 оны 1 сарын 13-ны өдөр Ховд аймгийн ...........сумын Засаг даргад гаргаж,  ...........сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 150 кв метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гарсныг үндсэн дээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 75513693 төгрөгийн өртөг бүхий хэсгийн ажлын байр барьж ашиглалтад оруулсан.

            Манай байгууллага хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан хүсэлт гаргаж, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон тул манай байгууллагатай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.7. Гуравдагч этгээд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Ховд аймгийн ...........суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг байгуулахаар төлөвлөгдөж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа явуулах албан конторын газар хүссэн хүсэлтээ ...........сумын Засаг даргад гаргасан.

...........сумын Засаг даргаас 2021 оны 07 сарын 29-ний өдрийн А/151 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж манай байгууллагад 150 кв метр газар эзэмшүүлсэн. Тухайн газрыг анх эзэмшихэд тус газрыг өөр бусад этгээд эзэмшдэггүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.8. Гуравдагч этгээд Т.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2784 кв метр талбай бүхий ...........сумын Бүрэнхайрхан багийн Эрчмийн 1-5а тоотод миний бие болон манай гэр бүл 2007 оноос эхлэн амьдарч эхэлсэн. Ингээд 2016 оны 3 сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхтэй болж улмаар 2016 оны 4 сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар өөрийн хүү Б.О-д шилжүүлж, надад газар эзэмшүүлсэн А/16 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага надад хамаагүй гэж үзэж байна гэжээ.

 

3.9. Гуравдагч этгээд Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай нөхөр Т.Б  нь 1990 оноос эхлэн Гаалийн газрын манаачаар ажиллаж байгаад одоо цахилгаанчнаар ажиллаж байгаа. Манайх тухайн газарт 1990 оноос эхлэн ажиллаж амьдарч байна. Б.О нь тус газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж, 2016 оны 4 сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар тус газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ба 2018 онд тус хашааны газраа өмчилж авсан.

Иймд Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн Б.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.10. Хариуцагч Ховд аймгийн ...........сумын Засаг дарга Ж.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 сарын 7-ны өдрийн 62 дугаар тогтоолыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, олонхын саналаар иргэдийнхээ аюулгүй амьдрах зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн байгууллагын хашааны хойд талын хаалганаас нэвт урагшаа 7м өргөнтэй гэрэлтүүлэгтэй гудамж гаргахаар тус газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэж, уг ажлыг зохион байгуулж ажиллахыг ...........сумын Засаг даргад үүрэг болгосон.

Иймээс Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тус газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх захирамж гаргасан тул энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй юм. Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Н нь Гаалийн газрын хөрөнгөд бүртгэлтэй нэр бүхий 9 төрлийн 12 объектыг төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар худалдаж авсан гэж тайлбарладаг. Газрын тухай хуульд зааснаар газрыг өмчлүүлэхээс бусад тохиолдолд газрыг худалдахгүй гэж заасан. Төрийн өмчийн хороо нь төрийн мэдлийн газрыг худалдах эрхгүй ба Төрийн өмчийн хорооны 277 дугаар тогтоолоор худалдан авсан гэх 12 объектийн доор газрыг Б.Н эзэмших эрхтэй байх. Учир нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид тухайн газар дээрх объект нь газраасаа салмагц зориулалтаа алдана гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 6.2 га газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6.2 га газар эзэмшүүлэхийг даалгах гэж дурдсан. Тус 6.2 га газар дотор Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын эзэмшлийн газар хамаарч байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт газар эзэмшүүлсэн ...........сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэрнээ 6.2 га газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6.2 га газар эзэмшүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан төрийн байгууллага болон иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас хариуцагчаас Б.Н-тай эвлэрэх асуудлаар ярилцсан боловч нэхэмжлэгч нь эвлэрэхгүй гэсэн байдаг.

Иймд Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.11. Гуравдагч этгээд Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэс нь өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулах байргүй байсан ба хүн амын нягтаршил ихэссэнтэй холбоотой Цагдаагийн хэлтсийн байр, мөн жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн байр хэрэгтэй болсон учир ...........сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж анх ...........сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаар захирамжаар Гаалийн газрын эзэмшлийн газраас 17932.6 кв метр газрыг Б.Н тус хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан авахаас 2 жилийн өмнө шилжүүлэн авсан байдаг. Дараа нь ...........сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар 1.7 га газрыг эзэмших эрхтэй болсон.

Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхэд нэр мөр зөв хэрэглэх тухай зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжид “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 –д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын даамалтай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа юм...” гэж дурдсан. Үүнтэй холбогдуулан Б.Н-ийн газар эзэмших эрх нь баталгаажсан уу гэвэл газар эзэмших эрхийг баталгаажуулсан нэг ч баримт байхгүй. Хэдийгээр Төрийн өмчийн хорооны тогтоолоор үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэдий ч дээр дурдсанаар Б.Н-ийн газар эзэмших эрх баталгаажаагүй, газар эзэмших хүсэлтээ өгч шийдвэрлүүлсэн зүйл байхгүй юм.

 Мөн Б.Н-ийн худалдан авсан гэх 9 нэр төрлийн объект нь ...........сумын дахь Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн газарт байрлаагүй ба Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн гэх газар нь бүхэлдээ хамааралгүй байхад Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлсэн ...........сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Н  нь Төрийн өмчийн хорооны тогтоолоор 9 нэр төрлийн объектийн өмчлөгч болсон нь Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/05 дугаар захирамжаар эзэмшүүлсэн ...........дахь Гаалийн газрын эзэмшлийн 6.2 га газрын эзэмшигч гэж үзэхгүй юм.

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж зааснаар ...........сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх шилжих ба ийм захирамж гараагүй байдаг.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. 1. Хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.1.1. Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;

Тогтоолын агуулга: Иргэдийн амар тайван, аюулгүй зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах ажлыг зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосон.

2.1.2. Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах;

Захирамжийн агуулга: Сумын хэмжээнд хийсэн газрын тооллого, үзлэг бүртгэл, хэмжилтээр эзэмшил, өмчлөл газраасаа илүү газар зөвшөөрөлгүй дур мэдэн ашиглаж байсан, нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хаасан, бэлчээрийн газрын дэр мэдэн хашиж торлосон газрын албадан чөлөөлөх, уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан хэдий ч шүүх хуралдаанд татгалзлаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул хэлэлцсэн болно.

  2.1.3. Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах;

Захирамжийн агуулга: Тус сум дахь Гаалийн газрын албан хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан 9.2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

   2.1.4. Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

Захирамжийн агуулга: Сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн зорчих эрхийг хангах, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас шууд урагшаа 7 м өргөнтэй гэрэлтүүлэгтэй нийтийн эзэмшлийн зам хийхээр төлөвлөгдсөн тул уг газрын хуучин хашааг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

            2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилтоос үзвэл Захиргааны хэргийн шүүхэд хүлээн авах нэхэмжлэл нь иргэний хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас “субъектив эрх” нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах агуулгатай байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үйлчлэл нь түүнд шууд чиглэсэн агуулгатай, Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг хязгаарласан, хориглосон шинжтэй байх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно. 

 2.3. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлд хавсаргасан маргаан бүхий актуудаас үзвэл нэхэмжлэгч уг асуудлаар маргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

2.4. Учир нь сумын Хурлын 62 дугаар тогтоол болон Засаг даргын А/54, А/60 дугаар захирамжаар сумын хэмжээнд газрын зөрчлийг арилгах, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, гудамж гаргах зэрэг зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн субъектив эрхэд шууд чиглэсэн агуулгагүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэв.

2.5. ...........сум дахь Гаалийн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/59 дүгээр захирамжийн тухайд нэхэмжлэгч нь тус газар эзэмшиж байгаагүй учир маргах эрхгүй бөгөөд уг захирамжийн улмаас ямар нэг эрх зөрчигдөх эсхүл сэргэх үндэслэлгүй.

2.6. Иймд дээрх 4 захиргааны актын хувьд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-дШүүгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана..., 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/54 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/59 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” А/60 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах зүйтэй байна.

3. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд холбогдох газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд уг газарт бусдад газар эзэмшүүлсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна.

4. Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж өгснөөр газар эзэмших эрх үүссэн байхад хариуцагчаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах үед газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт шилжүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй, харин эргэн тойрны бүх газрыг эзэмших эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлана.

5. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын хавсралтын 1-д зааснаар Ховд аймгийн ...........сум дахь Гаалийн газрын өмчлөлийн агуулах, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, хүнсний захын барилга, уурын зуухны барилга, харуулын 4 байр, үрийн фондын агуулах, уурхайн худаг, боомтын зам талбай гэсэн 9 нэр төрлийн 12 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ.

6. Уг тогтоолын 4 дүгээр заалтад “Нээлттэй дуудлагын худалдаагаар үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоог хөгжлийн сайд С.Оюун, нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай” гэж заасныг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолоор  хүчингүй болгосон байна.

7. Уг тогтоолд Ховд аймгийн ...........сум дахь Гаалийн газрын 9 нэр төрлийн 12 үл хөдлөх хөрөнгийг нэрчлэн заасныг Төрийн өмчийн хорооны 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор 8 нэр төрлийн 13ш болгож, тодруулбал, хүнсний захын барилга гэснийг хасч, агуулах гэснийг агуулах 1,2,3, харуулын байр 4ш гэснийг 3ш, уурхайн худаг гэснийг худаг 2ш гэж өөрчилж худалджээ.

8.  2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээнд дээрх үл хөдлөх хөрөнгийн нэршил, тоо ширхгээр туссан байх ч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай хөрөнгө хүлээлцсэн акт болон Гаалийн ерөнхий газрыг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/311 дугаар тушаалаар Ховд аймгийн ...........сум дахь Гаалийн газрын нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан үл хөдлөх хөрөнгийг данснаас хассан жагсаалтад  худаг 1ш гэснийг дурдах нь зүйтэй байна.

9. Нэхэмжлэгч нь  нээлттэй дуудлага худалдаагаар 9 нэр төрлийн 12 үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх боловч Төрийн өмчийн хорооны 117 дугаар тогтоол болон хөрөнгө хүлээлцсэн актад үл хөдлөх хөрөнгийн нэрсийн жагсаалтын дугаарлалтын алдааны улмаас /4 гэсэн дугаарлалтыг орхиж дугаарласан/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 277 дугаар тогтоол, өмчлөх эрхийн 00539 дугаар гэрчилгээнд 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө гэж бичигдсэн байх ч 8 нэр төрлийн 12  үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан болох нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

10. Үл хөдлөх хөрөнгийн нэр төрөл, тоо ширхэг болон байршлыг тодруулахаар маргаан бүхий газарт үзлэг хийх талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч ирээгүй тул шүүхээс хэргийн оролцогчдын төлөөлөл болон мэргэжлийн байгууллагын туслалцаа авч 2 удаа үзлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 67-74 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 131-137 дахь талд/ хийж, газрын хэмжээ талбайн талаар шинжээч томилон ажиллуулж дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 217-237 дахь талд/  гаргуулсан.

11. Шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлтээр гаргасан үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээний талаар нэхэмжлэгч тухайлан маргаагүй.

12. Харин шинжээчийн тодорхойлох боломжгүй гэж үзсэн боомтын зам, талбай гэх үл хөдлөх хөрөнгийн тухайд шүүхээс хийсэн үзлэгээр тус хашаалсан газрын гол хэсгээр байрлалтай тусгайлан зассан цементэн зам талбайг хамааруулж болохоор гэж үзсэн. 

13. Учир нь Гаалийн тухай хуульд боомтын зам, талбай гэх нэр томъёоны тайлбар байхгүй ч хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15."хилийн гаалийн байгууллага" гэж хилийн боомт болон олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг; 3.1.16."гүний гаалийн байгууллага" гэж энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад гаалийн байгууллагыг; 3.1.10."гаалийн зам" гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хил, хилийн гаалийн байгууллагын, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэхээр гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг; 3.1.18."гаалийн хяналтын бүс" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгоно гэж тус тус зааснаас үзвэл ...........сумын төвд үйл ажиллагаа явуулж байсан Гаалийн газар нь гүний гаалийн байгууллагад хамаарч байх тул хашаалсан газарт тусгайлан зассан зам талбай нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байна.

14. Энэ талаар хариуцагч сумын Засаг дарга Ж.Д-ын “Гаалийн хашаан дотор байрлалтай боомтын зам талбай гэх газар нь 200 м урттай 12 м өргөнтэй буюу 2400 мкв талбай бүхий цементэн зам байна.” гэх тайлбар Гаалийн газарт манаачаар олон жил ажилласан, одоо ч тус хашаанд амьдарч байгаа Х.Б  түүний эхнэр О тайлбарлахдаа” уг талбай дээр ачааны машин зогсоож шалгадаг байсан учраас боомтын зам талбай гэж нэрлэсэн байх” гэх тайлбар, Гаалийн газрын газар эзэмшүүлэх гэрээний 2.1-д эзэмших зориулалт гэх хэсгийн 1-д “Ярант боомт”, 3-д “хяналтын талбай” гэж бичсэнээс үзвэл уг хашаанд боомтын зам талбай бус хяналтын талбай хамаарч байсан гэж үзэх үндэслэлтэй. 

15. Нэхэмжлэгч нь өөрөө үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан гэх боловч “боомтын зам, талбай” гэдгийг тухайлан нэрлэж заахгүйгээр Гаалийн газрын үйл ажиллагаа явуулж байсан хашаалсан хэлбэрээр тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

16. ...........дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтгүй байгаа нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай Төрийн өмчийн хорооны 117 дугаар тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, 06/4-2015 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө хүлээлцсэн акт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 277 дугаар тогтоолоос тус тус үзвэл газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг тусгаагүй байна.

17. Харин Төрийн өмчийн хорооноос сумын Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/23150 албан бичигт “... үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарах газрын эзэмших эрхийг шинэ өмчлөгч Б.Н д шилжүүлэн өгөхийг хүсье.” гэсэн байна.

18. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.” гэж, тодорхойлж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэн, хуулийн этгээд, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргахаар заажээ.  

19. Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдаагаар худалдах үед уг газрыг ...........дахь Гаалийн газар эзэмшиж байсан болох нь 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 094 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0235700 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээгээр тогтоогдоно.

20. Уг гэрээ, гэрчилгээнд зааснаар Гаалийн газрын албаны зориулалтаар Ярант боомт буюу хилийн боомтод 3 га, ...........сумын төв Эрчмийн 1 дүгээр гудамжинд байрлах хяналтын талбай 5.9га, контор 690 кв метр, агуулах 1930кв метр гэсэн хэмжээ бүхий 6.2га, нийт 9.2га газар эзэмшиж байжээ.   

21. Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдаж авснаар шинээр газар эзэмших эрхтэй болсон биш харин Гаалийн газраас газар эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар газар эзэмшил үүсэхээр байна.

22. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана...” 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасан.

23. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар газар эзэмшигчтэй ярилцаж, хамтарч хүсэлт гаргаж байсан эсэх талаар тайлбарлаагүй, ...........дахь Гаалийн газрын дарга мэдүүлэхдээ /2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь талд/  “газар эзэмшлийн талаар Г.Н-тай уулзаж байгаагүй.” гэжээ.

 24. Харин газар эзэмшүүлэх талаар сумын эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан талаар тайлбарласан ба шүүхээс ...........сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа 2015 оноос 2021 онуудын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр 2016-2019 онуудад Г.Н-аас өргөдөл ирүүлсэн талаар бүртгэгдээгүй. 2015, 2020 оны бүртгэлийн дэвтэр байхгүй. 2021 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 1195 дугаарт Г.Н-гаас 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Засаг даргад гаргасан  газар эзэмшүүлэх агуулга бүхий өргөдөл бүртгэгдсэн байсан.

25. Уг өргөдөлд “Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3170 дугаар тоот албан бичиг ирүүлсэн. Иймд уг объектод хамаарах газрыг зохих журмын дагуу шилжүүлэн эзэмшүүлж өгөхийг хүсье” гэжээ. Өргөдлийн хариуг Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 157 дугаартай албан бичгээр “...........дахь Гаалийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож нийтийн эзэмшилд шилжүүлсэн тул газар эзэмшүүлэх боломжгүй байна.” гэжээ.

 26. Маргаан бүхий газар буюу сумын төв дэх Гаалийн газрын хашаалсан хэлбэр өөрчлөгдөөгүй ба тус хашаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс гадна Сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар болон иргэн Б.О-ы эзэмшлийн газар, объект байрлаж байна.

27. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газрын нийт талбай 64104.0 кв.метр, үүнээс гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар 31699.0 кв.метр ба үлдэх 32405.0 кв. метр газар бусдын эзмшилд шилжээгүй байна гэж дүгнэсэн.

28. Мөн шинжээчийн хэмжилтээр нэхэмжлэгчийн худалдаж авсан боомтын зам талбай гэхээс бусад үл хөдлөх хөрөнгийн доорх газар нийт 2341кв метр байна. Шүүхийн үзлэгээр боомтын зам талбай гэх газарт хамааруулж хэмжилт хийсэн талбай 14706кв метр байсан болно.

29. Хашааны эхлэл хэсэг буюу дээд талд Цагдаагийн хэлтсийн конторын барилга бүхий хашаалсан газар байрлана. Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 09-нйи өдрийн 292 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 09 сарын 19-ны өдрийн 486 дугаар тогтоолоор ...........сум дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 давхар конторын барилгыг Цагдаагийн хэлтэст балансаас баланст шилжүүлж өгчээ. Улмаар сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 10-ны өдрийн 112 захирамжаар 17542 кв метр газрыг шилжүүлэн эзэмшүүлсэнийг 2015 оны 01 сарын 12-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар хүчингүй болгож, 1.7 га болгон эзэмшүүлж 000436343 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээ олгосон. 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар хаягийн өөрчлөлт оруулж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

30. Эндээс үзвэл нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгө өмчилж авахаас өмнө Гаалийн газрын хашаалсан газраас 1.7 га газрыг Цагдаагийн хэлтэс нь хууль ёсоор эзэмшиж байсан байх тул уг газрыг эзэмших эрхтэй гэж маргах нь үндэслэлгүй.

31. Хашааны төгсгөл хэсэг буюу доод талд Онцгой байдлын хэлтсийн барилга байгууламж бүхий хашаалсан газар байх ба сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 15-ны өдрийн А/161 дүгээр захирамжаар 11821 кв метр газрыг эзэмшүүлжээ.  Нэхэмжлэгч тус байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар захирамжаар баталж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ талаар дүгнэлт шаардлагагүй гэж үзлээ.

32. Сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Сум дундын Прокурорын газарт 180 кв метр, Шүүх шинжилгээний хэлтэст 150 кв метр газар, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 150 кв метр газрыг тус тус эзэмшүүлсэн.

33. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан ба Гаалийн газрын эзэмшиж байсан газрын гэрчилгээг хүчингүй болгосноор дээрх газрыг эзэмшүүлсэн нь  бусдын эзэмшилтэй давхцаагүй байна.

34. Иргэн Х.Б сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар 2784 кв метр газар эзэмшүүлснийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/40 дүгээ захирамжаар Б.О-д газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

35. Иргэн Б.О  нь нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгө өмчилж авахаас өмнө маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэх боловч шинжээчийн дүгнэлтээр уг эзэмшлийн газар нь Гаалийн газрын эзэмшил газарт хамаарч байх тул газар  давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Гаалийн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Б.О-ы газар эзэмших эрх хөндөгдсөн байж болзошгүй ч нэхэмжлэгч нь энэ талаар маргах эрхгүй.

36. Нэхэмжлэгч нь Онцгой байдлын хэлтэст холбогдох хэсгээс татгалзсан атлаа хашаалсан газрын нийт хэмжээнээс хасахгүй гэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн гэх үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас өмнө Цагдаагийн хэлтэс газар эзэмшиж байсан гэдгийг мэдсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулахгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.   

37. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг өмчилж авснаас хойш, маргаан бүхий газрын гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргаж байгаагүй атлаа гэрчилгээг хүчингүй болгосны дараа эзэмшүүлэх ёстой байсан газрыг эзэмшүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан, бусдад давхцуулан газар эзэмшүүлсэн  гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.     

38. Иймд нэхэмжлэгчээс Төрийн өмчийн хорооны 277 дугаар тогтоолын дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрыг эзэмшүүлэхгүй байгаа гэж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий газрыг эзэмшүүлэхийг даалгах, бусдад эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

39. Хариуцагчаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйгээр хөрөнгийн доорх газар болон бусдад эзэмшүүлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх боломжтой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

40. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 161 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/54 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/59 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” А/60 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.  

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахгүй байгаа Ховд аймгийн ...........сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт  гаргахыг даалгах,  Ховд аймгийн ...........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжийн ...........сум дахь Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсэг, 2016 оны 3 дугаар сарын 04-ний А/16 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсэг, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 161 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ