| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03677/И |
| Дугаар | 184/ШШ2024/02353 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02353
2024 04 30 184/ШШ2024/02353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* *******” ХХК нь иргэн *******/*******/-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №-6MLK-RD-XG-22-124 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 06/MLT-EBGH-22-124 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Худалдааны төлөөлөгч нарын борлуулалтыг хянах, бүтээгдэхүүний тооллогын сар бүрийн сүүлийн өдөр Санхүү бүртгэлийн албанаас хийдэг бөгөөд *******ын хувьд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогод 8,146,150 төгрөгийн төлбөрийг хоорондын тооцоогоор хүлээн зөвшөөрч, санхүүгийн баримт үйлдсэн. Мөн уг өдрийн тооллогоор 276,100 төгрөгийн авлага баталгаажаагүй тул цалингаас суутгах хүсэлт гаргасан. Улмаар ******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******ын тооцоог тулгахад 2,200,000 төгрөгийн тооцооны дутагдал үүссэн. Уг асуудлыг *******ын хүсэлтээр өөрийн бодогдсон цалин, хуримтлал, ажилласан сард ногдох ээлжийн амралтаас суутгах хүсэлт гаргасны дагуу суутгасан ч 895,350 төгрөгийн тооцоо үлдсэн. Уг асуудлаар *******ад мэдэгдэж уг тооцоог дуусгавар болох нэмэлт хугацааг олгож, тойрох хуудсыг бүрэн дуусгахыг сануулсан ч хүндэтгэн үзэх шалтгаан хэлэгүй, тойрох хуудсаа зуруулалгүй ажилдаа огт ирээгүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзаж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. .. Улмаар *******аас 895,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд болон 2024 онд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж байсан. Дээрх шүүхийн шүүгчийн захирамжаар *******ын хаяг тодорхойгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч ******* овогтой *******/*******/-ын оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Миний бие Гантулга овогтой Оюунтунгалаг нь “******* *******” ХХК/РД:5284201/-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Уг хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл, 53/2 тоот хаягт оршин байдаг болох нь түүний гаргасан хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогтой *******/*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №-6MLK-RD-XG-22-124 тоот түүний нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/ХХ 4-8 тал/, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамж/ХХ 9 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогтой *******/*******/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой *******/*******/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогтой *******/*******/-ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***