Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2024/02551/И |
Дугаар | 184/ШШ2024/02192 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02192
2024 оны өдөр | 4 сар 24 р 184/ШШ2024/02192 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “****” ХК /РД: ****/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, ****, өөрийн байр
Хариуцагч: ** ***/РД: ****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ***-р гудамж, *** тоот
Хариуцагч: *** *** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, Өнөр хороолол, ***-р байр, *** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 17,008,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** хариуцагч ***,***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ***,**** нар 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 103800466030 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 7,500,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8 хувь, 36 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103800466030 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөөс нийт 1231 хоног хугацаа хэтрүүлэн зөрчил гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,021,874.78 төгрөг, зээлийн хүүнд 5,915,322.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 113.01 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрд өгч, уулзалт хийн, зээлийн үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 103800466030 тоот цалингийн нэмэлт зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 10,478,125 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,922,409 төгрөг, нийт 16,973,453 төгрөг гаргуулах мөн нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 35,500 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч нараас нийт 16,973,453 төгрөгийг гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчдийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх шүүхийн шийдвэрт тусгайлан заан өгч банкийг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч **** тайлбарын агуулга: Миний бие **** нь**** банкнаас байшин барих зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 7,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг авснаас хойш сар бүр төлөлтөө хуваарийн дагуу хийж, 2018 оны 12 дугаар сард тухайн зээлийн үлдэгдэл 4,113,729.41 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуучин зээлийн гэрээн дээр 10,000,000 төгрөгийн зээлийг нэмж, гэрээ хийж цалингийн 14,113,729.41 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг авах үедээ би **** хүрээлэнд харуулаар ажилладаг байсан. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал төлөлтөө хийж, үндсэн зээлийн төлбөр 10,478,125 төгрөг үлдсэн байсан. Энэ хугацаанд манай байгууллагын харуулын алба татан буугдсантай холбогдуулан цомхотголд орж, ажлаасаа 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/** тоот тушаалаар чөлөөлөгдсөн.
Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлийн эргэн төлөлтийг боломжоороо хийж байсан боловч ажил олдохгүй, ковид-19 цар тахал гарсан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр банкнаас холбогдож шүүхэд шилжүүлэхээр болсон гэж хэлсэн. Намайг очиход 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/25 дугаар мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/07 дугаар мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 22/21 дугаар зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдэд гарын үсэг зуруулсан. Тухайн мэдэгдлийг унших боломж олгохгүй, шаардаж байж зуруулсан. Зээлийн гэрээг цуцалсан тул шүүхээр шийдвэрлүүлэх хариу хүлээж байсан. Гэрээг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цуцалсан ч өнөөдрийг хүртэлх зээлийн хүүг нэмж бодсон байгаа тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөр болох 10,478,125 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103800466030 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 103800466030 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн анкет, өргөдөл, зардлын хураангуй мэдээллийн хуулбар, гар бичмэлийн хуулбар, *** банкны дансны хуулга, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/25 дугаар мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/07 дугаар мэдэгдлийн хуулбарууд, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 22/21 дугаар зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбар,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: **** банкны дансны хуулга, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч ***,***нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,973,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хамтран хариуцагч **** холбогдох шаардлагаас татгалзсан.
Хариуцагч нь нэхэмжлэгч **** банктай 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 103800466030 тоот барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан 7,500,000 төгрөгийг сарын 1.8 хувь, 36 сарын хугацаатай байгуулжээ. /хх-ийн 11/
Талууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103800466030 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан хариуцагч 10,000,000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл 4,113,729 төгрөг дээр нэмж нийт 14,113,729 төгрөг байх, жилийн 16,8 /сарын 1,4/ хувийн хүүтэй, 60 сарын сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 14/
Дээр дурдсан зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хариуцагч М.Баяржаргал, хамтран зээлдэгчээр **** нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд хариуцагч маргахгүй, харин ажлаас чөлөөлөгдсөн, төлбөрийн чадваргүй болсон тул 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон, гэрээг цуцлах мэдэгдлийг надад гардуулсан гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ үнийг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,478,125 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,922,,409 төгрөг, нэмэгдүүлсэн 572,918, нийт 16,973,452 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдийн гэрээ цуцлах мэдэгдэл, хариуцагчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч банк гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шаардсан нь тогтоогдож байна. /хх-ийн 32-34/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.
Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж цалин орлогогүй болсон тухайд нэхэмжлэгч мэдэж байсан, мөн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд “зээлийн гэрээ цуцалсан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 10,478,125 төгрөг, зээлийн хүү 2,768,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,824 төгрөг, нийт 13,357,242 төгрөг” байгаа талаар дурдсан байна.
Нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан байх тул хариуцагчаас гэрээ цуцлах өдрийг хүртэл хугацааны төлөгдөөгүй зээл, хүү болох 13,246,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,727,035 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч ****д холбогдох шаардлагаас татгалзсан тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч ****ас 13,246,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****” ХК-д олгож, нэхэмжлэлээс 3,727,035 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “***к” ХК нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч **** холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ