Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

О.П-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч О.П-, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Батзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч О.П-д холбогдох эрүүгийн 1805013521280 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

О.П-, 1999 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 29 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ХМШЗ/180 дугаартай захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллагдсан,

О.П- нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөрТехник технологийн дээд сургууль”-ийн дотуур байрны *** тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Ц.Г-ын эд зүйлийг хулгайлж 4.942.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.П-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 хоногийн хорих ялаар шийтгэж, түүний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан О.П-д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ХМШЗ/180 дугаартай захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 1 жил 3 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 5 хоногоор тогтоож, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, О.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байна. Гэтэл шүүгдэгч О.П-г Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ХМШЗ/180  дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байхад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.П-д 1 жил 4 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2 удаа хэрэглэжээ. Иймд уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.П-н өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн тул шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгч О.П- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...холбогдсон хэргээ хянан шалгуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна гэдгээ хүмүүжиж байсан хорих ангийн захиргаанд хандаж байсан...” талаараа мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шүүрхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан нь эрх зүйт төртэй Монгол Улсын төр нь иргэний эрх ашгийг хамгаалах, хуулийн биелэлтийг хангаж ажиллаж буй албан хаагч нь хуулийн хэм хэмжээг сахин биелүүлэх нь чухал байдаг билээ. Шүүгдэгч О.П- өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй ба хохирлоо нөхөн төлж барагдуулсан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны болоод хууль зүйн үүднээс хамаарна гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “3өрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж заасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө. ...” гэв.

Шүүгдэгч О.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн. Миний бие цагдан хоригдох хугацаандаа уг хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Мөн  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд энэ хэргээ хамт шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

             Шүүгдэгч О.П- нь урьд 2018, 2020, 2021 онуудад хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, дээрэмдэх гэмт хэргүүдэд тус тус хорих ял шийтгүүлж байсан гэх бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ХМШЗ/180 дугаартай захирамж /хх 147-150/-аар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноор суллагдаж байжээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас О.П-г 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Техник технологийн дээд сургууль”-ийн дотуур байрны ***  тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Ц.Г-ын эд зүйлийг хулгайлж 4.942.660 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус дүүргийн шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар хорих ял шийтгэж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа “...өмнөх шийтгэх тогтоол болон энэ шийтгэх тогтоолоор хянан хэлэлцсэн хэргийн үйл баримтыг нэг яллах дүгнэлтийн хүрээнд эцэслэн шийдвэрлүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бүрэн боломжтой байсан...” хэмээн дүгнэж, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна.” гэж тус тус зааснаас үзвэл яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялыг солихдоо түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулахаар байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулиар ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг хасах, солих, яллагдагч, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд эдлэх ялыг нь өршөөсөн хүнийг дахин өршөөлд хамруулах үндэслэлгүй. 

Түүнчлэн, энэ хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчлахдаа 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тусгайлан зохицуулжээ.

Хэдийгээр шүүгдэгч О.П- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний холбогдсон “Хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн төрөлд багтах боловч энэ зүйл, хэсэгт заасан үндэслэлээр түүнийг дахин өршөөлд хамруулах нь мөн хуулийн зорилт, үзэл баримтлалд нийцэхгүй.

Нөгөөтэйгүүр, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 126/-т О.П-г Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хорих ял шийтгүүлж байсан талаар тэмдэглэсэн байх боловч эдгээр шийтгэх тогтоолууд хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам”-ыг багтаасан цогц ойлголтыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний арга, давтамж, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, оновчтой байх учиртай. 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад, шүүгдэгч О.П-н урьд ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбаруудыг талуудаас гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь үндэслэлтэй болсон эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон О.П-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.П-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл О.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН