Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2023/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б, гуравдагч этгээд Р.Ц нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Дүгнэлт гаргагч Б.Г тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн ............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн ............дугаартай шийтгэлийн хуудсаар Р.Ц-ийг (...............) улсын дугаартай тээврийн хэрэгслээр  Улаанбаатар хотоос Ховд, Баян-Өлгий чиглэлд явж байхдаа жин, тонн хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын  газар  2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч бүртгэсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн ............дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.Б нь “...Р.Ц-д 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ачаа тээвэрлэхдээ ачааны даац тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаж тээвэрлэлт эрхлээгүй...” гэх 011 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Р.Ц-д 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ............дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны  явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Р.Ц-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд материалд цугларчээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд Р.Ц нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ачаа тээвэрлэхдээ ачааны даац хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл 6 тэнхлэгтэй ачааны машины бүх жин 44000 тонн жинтэй байх атал холбогдогчийн ачаа ачсан машины бүх жин 56800 тонн байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дахь хэсэгт заасан 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэх хуулийн зохицуулалт байх ба холбогдогч энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил нь Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх зөрчил ба энэ хуулийн зохицуулалт нь тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагатай холбогдуулан оногдуулах хуулийн зохицуулалт байх тул хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх зөрчилд тохироогүй шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үндэслэлгүй оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Авто тээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.Б-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив .

3.2 Хяналтын прокурор Б.Г-ийг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Хариуцагчийн гаргаж байгаа тайлбартай танилцлаа. MNS4598:2020 гэдэг стандарт байна. Тухайн зөрчил үйлдсэн Р.Ц даац хэтрүүлж 56800 тн ачаа ачиж замын хөдөлгөөнд оролцсон. Энэ байдал нь тогтоогдож зөрчлийн шинжийг хангаж байна. Замын нөхцөл байдлыг үндэслээд стандарт тогтоосон гэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ачааны жин болон ачааны тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэж стандарттай уялдаж замын хөдөлгөөний заалт байгаа. Нормоор тогтоосон хэмжээг зөрчсөн нь тогтоогдож байгаа. Үүнд маргахгүй. Харин эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-т зааснаар техникийн шаардлага хангасан гэдэг үгэнд ач холбогдол өгч энэ агуулгыг тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглээд байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг хууль тогтоогчид хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн Р.Ц-ийн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46-д заасан зөрчлийн шинжийг хангаж байгаа. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д зааснаар Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх харьяаллын асуудал байсан боловч харьяалал зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт тавигдсан авто замын даац хавар намартаа авто зам хэв гажилтад ордог учраас жин тонн бариулах ажил зохион байгуулагддаг. Замын даац нь 44 тонн даадаг учраас Автотээврээс энэ стандартыг тогтоосон байдаг.  Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

  3.3. Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ачаа тээвэрлэж явсан Р.Ц нь даац хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явсан  Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага  МNS4598:2020 стандартыг зөрчсөн гэж үзсэн. Тус стандартад 6 тэнхлэгтэй ачааны авто машины бүх жин 44000 тонн жингээс хэтрэхгүй байна гэж заасан байх атал холбогдогчийн ачсан авто машиныг Есөнбулаг төлбөр хураах цэгт байх авто пүүнд гаргаж үзэхэд бүх жин нь 56800 тонн байсан. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээвэрлэгч нь ачаа зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-т заанаар түгээмэл гардаг зөрчил нь хот хоорондын автобусны жолооч хүнгүй үед ачаа тээвэрлэдэг. Тэр үед энэ заалтаар хариуцлага тооцож арга хэмжээ авдаг. Тэгэхээр хуульд энэ зөрчилтэй холбоотой зориулалт гэж ганц үг хамаарч байгаа. Бүх жингээ хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлд ачаа зорчигчийн тээвэрлэлтийн хэрэгсэл, техникийн шаардлага гэж байгаа.

Стандарт нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн ерөнхий шаардлага, техникийн шаардлага гэдэг үгэнд ерөнхий гэсэн үг нэмэгдсэн байгаа. Ачааны тээврийн хэрэгсэлд ачаа хэтрүүлж ачсан байхад би зориулалт гэдэг үг хэрэглээгүй. Хамгийн гол нь техникийн шаардлага хангаагүй.

 Ачаа зорчигч тээвэрлэх дүрэмд овор ихтэй хүнд болон хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд тус тусын стандартыг зааж өсөн байгаа. Тэгэхээр зориулалтын гэдэг 1 үгээр автобусанд 150,000 төгрөгөөр торгодог бол ачаа хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлд техникийн шаардлага хангаагүй гэж үздэг. Тухайн норд бенз авто машин нь үйлдвэрээсээ 80 тонн тээвэрлэх боломжтой гэж гарсан боловч Монгол улсад замын хөдөлгөөнд оролцохдоо 44 тонноос хэтрүүлэхгүй явах ёстой. Тиймээс энэ зүйл заалтаар хариуцлага тооцсон гэв.

3.3.Гуравдагч этгээд Р.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Р.Ц нь Ховд аймгийн .......... сумын ............ багт ажиллаж амьдардаг. Шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 44 дугаар дүгнэлтийг хангаж, аймгийн Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ............дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Р.Ц-д 150000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан

4. Хавтаст хэргийн материалд “2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, торгуулийн 150000 төгрөгийг төрийн санд тушаасан баримт,  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ............дугаар шийтгэлийн хуудас, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 0450074 дугаартай тээврийн хэрэгслийн бүх жин тогтоосон авто пүүний баримт, холбогдогч Р.Цийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг” гэсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал нотлох баримтаар авагдсан байна.

 

5.Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Автотээврийн хэрэгслээр ачаа, тээвэрлэх дүрэм”-ийг баталсан байна.

6. Автотээврийн хэрэгслээр ачаа, тээвэрлэх дүрмийн  2.5-т “Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг энэхүү дүрэм болон “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын дагуу тээвэрлэнэ”, дүрмийн 2.7-д “Автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартаар тогтоосноос хэтэрсэн тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн замын цагдаагийн алба болон авто зам хариуцагч байгууллагатай тээврийн замнал, цагийн хуваарийг тохиролцож баталгаажуулсан байх бөгөөд “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандарт болон бусад эрх зүйн баримт бичгийн дагуу тээвэрлэнэ”, дүрмийн 2.15-д “Задрах боломжгүй ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгслийн бүх жин нь “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартаар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр уг стандартын 14.7-д заасан тэнхлэг дээрх ачааллыг хэтрүүлэхгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж болно. Тээвэрлэлтэд Автотээврийн хяналтын улсын байцаагч тухайн чиглэлийн авто зам хариуцагч байгууллагатай хамтран хяналт тавина” гэсэн байдлаар тухай бүрт нь стандарт тогтоож, тусгайлан журмаар зохицуулсан байх бөгөөд дүрмийн 13.2-т энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу эрх бүхий этгээд хариуцлага тооцохоор зохицуулсан байна.

7.Дээрх зөрчлийн тухайд холбогдогч Р.Ц нь ......... улсын дугаартай норд бенз /........../ маркын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхдээ “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартын 5.8.1.1-т зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөх хамгийн их жин 44000 тонн байхад 56800 буюу 12800 тонноор хэтрүүлэн ачаа ачсан байгаа нь зөрчийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй, холбогдогч этгээд нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн.

8.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзвэл прокуорор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар прокурорын дүгнэлтэд: “...Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...хуулийн зохицуулалт нь тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагатай холбогдуулан оногдуулах хуулийн зохицуулалт байх тул хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх зөрчилд тохироогүй шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй”, хариуцагч Д.Б “автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага  МNS4598:2020 стандартыг зөрчсөн ...тус стандартад 6 тэнхлэгтэй ачааны авто машины бүх жин 44000 тонн жингээс хэтрэхгүй байна гэж заасан байх ...56800 тонн байсан. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээвэрлэгч нь ачаа зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй” гэсэн зөрчилд хамаарах талаар маргасан байна.

9. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "автотээврийн хэрэгсэл" гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг, 3.1.4-т "тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг, 3.1.6-т "тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хэлнэ, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан

10. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь ачаа, зорчигчийг тээвэрлэхэд зориулсан, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын автотээврийн хэрэгслээр тээвэрлээгүй байхыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл зорчигч тээвэрлэхэд зориулсан, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан /хүн тээврийн суудлын автобус/ зориулалтын автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн эсхүл ачаа тээвэрлэх зориулалтай тэвштэй ачааны автотээвэрийн хэрэгслэлээр зорчигч тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн заалтаар Автотээврийн хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулахаар байна.

11. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн улсын байцаагч Д.Б-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ............дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.35... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэлээ.

12. Харин Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэг “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчилд авто замын хяналтын улсын байцаагч, 14.7 дугаар зүйлийн 46 дахь хэсэг “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчилд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч шийтгэл оногдуулахаар байгааг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн улсын байцаагч Д.Б-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын 44 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ