Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00088

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, Нарийн бичгийн дарга Б.Одончимэг, Улсын яллагч П.Шижиртуяа, Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Нарантуяа, Шүүгдэгч Ц.Цогбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэндсүрэнгийн Цогбадрахад холбогдох эрүүгийн 201706000047 дугаартай 132/2017/0057/Э индэкстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт амьдардаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархан овогт Цэндсүрэнгийн Цогбадрах /РД: ГД86010813/. Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Цогбадрах нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар баг “Хулст” гэх газарт өөрийн гэртээ согтуугаар хохирогч Ц.Гүррагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Ц.Гүррагчаагийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цогбадрахын өгсөн: 2017 оны 1 дүгээр сарын 23-ны орой Гүррагчаа ах манайд 1 шил архитай орж ирсэн. Бид хоёр энэ архийг ууж дуусаад дахин нэг шил архи авч уусан. Энэ архийг ууж байхад Гүррагчаа ах надруу дайраад хэл амаар доромжилсон. Урьд нь ч бас ингэж дайрдаг байсан. Түүнээс болж бид хоёр маргалдаад, би хутгаар хатгасан нь үнэн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг, 201706000047 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: 2 Хохирогч Ц.Гүррагчаагийн өгсөн: 2017 оны 1 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед би Цогбадрахын гэрт очсон. Цогбадрахын гэрт 2 шил архи уугаад нилээн согтсон, тэгээд Цогбадрах бид 2 хэрэлдээд байсан, юунаас болсон гэдгийг би санахгүй байна. Нэг харсан Цогбадрах баруун гартаа хутга барьсан байхаар нь би гэрээс гарах гээд хаалгаа онгойлготол Цогбадрах миний араас хутгалах шиг болсон. Би гэрийн хаалгаар дөнгөж гарангуутаа сөхөрч унаад боссон, тэр үед миний араас Цогбадрахыг гарч ирэхээр нь би хоёр гарынх нь булчин хэсгээс барьсан. Тэгтэл миний зүүн гарын булчин хэсэг рүү хатгахаар нь би цааш нь түлхчихээд зугтаасан. ...Надад гомдол санал байхгүй, хохирлын мөнгө гэж 2350000 төгрөгийг Цогбадрах өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, Гэрч Б.Ичинхорлооцэвэлмаагийн өгсөн: 2017 оны 1 дүгээр сарын 23-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Гурванбулаг сумын төвд нөхөр хүүхдүүдтэйгээ гэртээ байхад гаднаас Гүррагчаа ах согтуу орж ирсэн...өврөөсөө 0.5 летрийн Ерөөл архи гаргаж ирээд ... манай нөхөр Цогбадрахтай хувааж уусан. Архиа ууж дуусаад манай нөхөр Цогбадрах, Гүррагчаа ах нар гараад явсан. Удалгүй буцаад орж ирэхдээ Улаанбаатар нэртэй, 0.5 летрийн архи аваад ороод ирсэн. .Тэгээд тэр хоёр ...архиа ууж байхад Гүррагчаа ах манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь манай нөхөр Гүррагчаа ахтай маргалдаад эхэлсэн. ...Цогбадрах, Гүррагчаа нарыг ноцолдоод эхлэхээр нь ...боссон, манай нөхөр Цогбадрах баруун гартаа хутга бариад зогсож байсан. Гүррагчаа ах гараад яваад өгсөн, Тэгэхээр нь би Гүррагчаа ахын араас... яваад очиход Гүррагчаа ах гэртээ нуруугаа даавуугаар боочихсон байсан. Тэгээд би Гүррагчаа ахаас “та яасан бэ?” гэхэд “хутгалчихлаа” гэж хэлсэн тэгээд би эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, Гэрч Б.Доржравдангийн өгсөн: ...Манай найз Цогбадрах бол их томоотой тамхи татдаггүй, хааяа нэг архи уудаг, дуу цөөтэй, элдэв муухай зан ааш байхгүй. Сайн аав, сайн хань ижил байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Гэрч О.Содномын өгсөн: ...Цогбадрах ах их төлөв даруу, малын мөр хөөсөн, дуугай томоотой хүн байгаа юм. Хааяа нэг архи уудаг, тамхи татдаггүй, хүнтэй муудалцдаггүй л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №2211 тоот

1. Ц.Гүррагчаагийн биед нурууны баруун талд сээрний 11-12-р нугалмын түвшин дэх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөр, баруун уушгийг хатгаж гэмтээсэн гүн хутгалагдсан шарх, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн бугалганы хутгалагдсан шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи нурууны баруун талд сээрний 11-12-р нугалмын түвшин дэх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөр, баруун уушгийг хатгаж гэмтээсэн гүн хутгалагдсан шарх, зүүн бугалганы хутгалагдсан шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтэл нь мохой зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-р тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 3-р тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх-ийн 4-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10-р тал/, сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-32-р тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33-34-р тал/, яллагдагчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 35-43-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 46-57-р тал/, хохирогчид хохирлын төлбөр төлсөн баримт /хх-ийн 59-61-р тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн “Хулст” гэх газарт өөрийн гэртээ иргэн Ц.Гүррагчаатай маргалдаж, түүнийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хутгалж, Ц.Гүррагчаагийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.Гүррагчаа, гэрч Б.Ичинхорлооцэвэлмаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Шүүгдэгч Ц.Цогбадрахын бусдын бие махбодийг гэмтээж, амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 4 Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цогбадрахын бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Ц.Цогбадрахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь өөрийн гэм буруутай үйлдлийнхээ улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хавтаст хэргийн 13-14 дүгээр талд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч Ц.Цогбадрахад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, шүүгдэгч Ц.Цогбадрахын хөрөнгө орлогын байдал, торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай санал хүсэлтийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Цогбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал номдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан овогт Цэндсүрэнгийн Цогбадрахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахыг 10800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10800000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахын 10800000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 600000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Цогбадрах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтын хувийг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст /шүүгчийн туслах Б.Цогзолмаад/ даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цогбадрахын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД