Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 1 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90070536, Ц овогтой Б-гийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Н э-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Нэгдсэн эмнэлэгийн хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ маш сайн биелүүлж, бүх шатны шалгалт шүүлгэнд маш сайн үнэлгээтэй байсан. Мөн хувь хүний харилцаа хандлагын хувьд төлөвшсөн, хамт олны дунд эвсэг найрсаг, нэр хүндтэйгээр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сард намайг ээлжийн амралттай байхад шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргасан. Би уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, шүүхэд хандаж давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан. Томилогдсон өдрөөс хойш ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан. Миний бие энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ажилтан Б.Б нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэжээ. Тэрээр 2013 оны 5 дугаар сараас эхлэн Нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сард чөлөөлөгдсөн боловч 2018 оны 10 дугаар сараас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг ажилтантай хугацаагүй байгуулдаг ба тухайн ажилтан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл хэвээр байх ба хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтантай шинэчлэн байгуулах үндэслэл болохгүй. Иймээс энэ тохиолдолд Б.Бгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагатай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн №296 дугаартай гэрээний 4.3-ын “В” дахь хэсэгт ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан байдаг ба энэ хуулийн 23.2.2-т заасны дагуу Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хэдий боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлийн дагуу энэхүү гэрээ нь шийдвэр гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдох, тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгг авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний гаргасан гэх зөрчил хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад нотлох баримтын шаардлага хангаагүй 2 удаагийн хурлын тэмдэглэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн материалд авагдсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол наториатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заажээ. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг гэх байгууллага нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хувиар оролцож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болгож буй нотлох баримтаа хөндлөнгийн этгээдээр буюу нотариатчаар гэрчлүүлэх, эсхүл уг нотлох баримтад зохигчдын хүсэлтээр шүүхээс үзлэг хийж баталгаажуулж байж сая нотлох баримтын шаардлага хангах боломжтой гэж үзэж байна. Хариуцагч нь энэ хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй этгээдийн хувиар нотлох баримт гаргаж өгч байгаа биш. харин өөрийн шаардлага татгалзлын үндэслэлийг нотлох өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа, энэ хэрэгт хувийн ашиг сонирхол бүхий этгээд юм. Гэтэл шүүх хариуцагчийн гаргаж өгсөн 2 удаагийн хурлын тэмдэглэл гэх баримтыг тухайн хариуцагч байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг дарсныг ямар нэгэн эргэлзээгүйгээр үнэн гэж үзэж үнэлсэн нь шүүхийн төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн дээрх хурлын тэмдэглэлүүдийг засаж янзлах бүрэн боломжтой гэдгийг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг хурлын тэмдэглэлүүдийг хөндлөнгийн этгээд гэрчлээгүй тул нотлох чадвараа алдсаныг шүүх анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, дүгнэж чадаагүйг харуулж байна. Түүнчлэн аливаа сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж. Уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн эмнэлгийн дарга шийдвэр гаргадаг ба сахилгын зөрчлийн асуудлыг тасгийн хурал, захиргааны тасгийн чанарын хурлаар авч хэлэлцдэггүй. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралд нэхэмжлэгч Б.Б миний бие огт оролцоогүй байхад намайг оролцож, үг хэлсэн мэтээр миний нэрийг сүүлд нөхөж бичсэн байдаг. Шүүх Д.Золжаргал. Б.Дариймаа. Б.Дамжид нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн ба дээрх гэрчүүд нь хариуцагч байгууллагын даргын Д.Дын нөлөөнд автаж мэдүүлэг өгсөн нь гэрч А.Ц. А.Сайнбуян нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Гэтэл шүүх А.Ц. А.Сайнбуян нарын мэдүүлгийг үнэлээгүй нь хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, иөн хуулийн 43.1.8-д “Үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авч болохгүй” гэж заасан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гэрч А.Ц нь иргэний хэргийн зохигч, нөгөө талаар А.Цын мэдүүлэг нь гэрч Д.Золжаргал. Б.Д. Б.Д нарын мэдүүлгээр няцаагдаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч А.Ц нь Б.Б миний нэхэмжлэлтэй иргэний хэргийн хувьд зохигч биш учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.1.8-д заасан гэрчээр мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй, түүний мэдүүлэг нь Б.Дариймаа. Б.Дамжид, Д.Золжаргал нар нь хариуцагчийн нөлөөнд автаж гэрчээр мэдүүлэг өгснийг нотолж байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Энэ хэргийн зохигч нь Б.Б миний бие болон хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д нар болохоос бус А.Ц хэргийн зохигч биш. шүүх А.Цаас хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан тул А.Цын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Тухайн өдөр миний бие ажлын байранд архидан согтуураагүй. намайг согтуу байхыг үзэж харсан хөндлөнгийн гэрч байхгүй. ялангуяа гэрч Ц.Заяа. Ж.Оюунгэрэл нар нь намайг согтуу байсныг үзэж харсан шууд гэрч биш. нөгөө талаар Ц.Заяа. Ж.Оюунгэрэл нарын мэдүүлгийн эх сурвалж нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн болох нь тодорхой байгаа. Гэтэл зөвхөн эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан миний гаргасан гэх зөрчлийг нотлогдсон гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болсон байна. Хариуцагч Д.Д нь миний гаргасан гэх зөрчлийн талаар надаас ямарч тайлбар авахгүйгээр хүмүүсийн ам дамжсан үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг үндэслэн намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 2 сарын 14-ний өдөр би ажлын шүгамаар их эмч Мөнхсоёлын өрөөнд намайг зөрчил гаргасан гэх цаг хугацаанд нилээн олон удаа орж гарч. албан бичиг дээр гарын үсэг зуруулж тамга даруулсан. Хэрэв намайг согтуу байсан бол Мөнхсоёл эмч анзаарах байсан ба би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь гэрч Монхсоёлын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Гэхдээ миний гаргасан гэх зөрчлийг зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан хангалттай хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Учир нь гэрчид объектив. субъектив байдлаар ямарч үед гадны нөлөөлөл хамгийн ихээр орж ирэх боломжтой байдаг тул гэрчийн мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үзэж дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Намайг архи уусан гэдгийг нотлох эрх бүхий этгээдийн зүгээс миний согтуурлын зэргийг хөдөлбөргүй тогтоосон баримт хэрэгт байхгүй. Мөн түүнчлэн намайг ажлаас чөлөөлсөн тушаалд миний зөрчил гаргасан гэх цаг хугацаа тодорхойгүй байгаа нь тушаал үндэслэлгүй болохыг харуулж байна. Ажлын байранд архи уусан гэж бичсэн болохоос хэзээ гаргасан зөрчилд арга хэмжээ аваад байгаа нь тодорхойгүй байдаг. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг. мөн хөдөлмөрийн гэрээний 4.2 В гэх заалтыг баримталсан боловч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 4.2 В гэх заалт байхгүй. Мөн ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэх хэсэгт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасныг баримталсан байх ба хариуцагч талаас тушаал гаргахдаа үндэслэсэн дотоод журмыг буюу Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А\29 тоот тушаалаар батлагдсан шинэ дотоод жүрмыг нотлох баримтаар гаогаж өгсөн байдаг. Уг хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөгдөж эхлэх үед миний бие ээлжийн амралттай байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас ундэслэлгүй халагдсан учраас шинэ хөдөлмөрийн дотоод журамтай албан ёсоор танилцаагүй, мэдээгүй байхад уг журмын заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 1-д “ажил олгогч нь ажи.тны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж заасан. Хариуцагч Д.Д нь өмнөх дотоод журмыг хүчингүй болгож. шинээр дотоод журам батлан мөрдүүлэхдээ хамт олны хурлаар хэлэлцүүлж. тэдний саналыг авч. албан ёсоор танилцуулаагүй болох нь туүний тайлбараар нотлогдсон. Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч дотоод журмын заалтьг өөрчлөн шинэчилж мөрдүүлэхдээ мөн хамт олны хурлаар хэлэлцүүлж. тэдний саналыг авахгүйгээр дангаараа шийдвэрлэх эрхтэй гэх агуулга үгүй байгаа нь шинээр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам хүчингүй болохыг харуүлж байна. Байгууллагын дотоод журмыг шинэчилж мөрдүүлэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 1 0 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн, өмнө нь мөрдөгдөж байсан журам хэрэгт хамааралгүй. ач холбогдолгүй байхад шүүх нэг талыг барьж тэдгээрийг харьцуулан үнэлж дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 6.4.4-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож. энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна”. 6.4.5-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тасгийн эрхлэгч. албадын даргын санал болон холбогдох нотлох баримтыг хянан үзэж эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон ёс зүйн хорооны дүрэмд заасан шийтгэлийн аль нэгийг ногдуулж тушаал гаргана гэж заасан. Энэ бол сахилгын зөрчлийн үндэслэлийг заавал шалган тогтоосон байх дотоод журмын маш тодорхой заалт. Надад хөдөлмөрийн хуулийн 131-г үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ дотоод журмын дээрх заалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байх шаардлагатай нь тодорхой байна. Зөрчлийг шалган тогтоосныхоо дараа зөрчил гаргагчид урьдчилан танилцуулсан байна гэж дотоод журамд заасан. Гэтэл ажил олгогчийн тушаалаас үзэхэд миний бие архи уусан гэх зөрчлийг хэдийд гаргасан нь тодорхойгүй. зөрчлийг хангалттай хөдөлбөргүй шалгаж материал байхгүй. надаас албан ёсоор ямарч тайлбар аваагүй. тайлбар гаргах боломжоор хангаагүй. миний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоогоод надад урьдчилан танилцуулсан талаарх ач холбогдол бүхий нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй. Үнэхээр намайг архи уусан гэж үзсэн бол гэрчүүдийн мэдүүлгээр биш албан ёсоор шалган тогтоох эрх бүхий этгээд болох цагдаа дуудаж. драгер үлээлгэн. намайг архи уусан эсэхийг тогтоох бүрэн боломжтой байсан. Эмнэлгийн зүгээс сахилгын зөрчлийг шалгах ямар ч ажиллагаа явуулаагүй байхад нотлох баримтын шаардлага хангаагүй 2. удаагийн хурлын тэмдэглэл. ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний гаргасан гэх зерчил хангалттай. хөдөлбөргүй нотлох баримтаар нотлогдоогүй тул ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

             Шүүх нэхэмжлэгч Б.Б-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.                                  

             Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Б.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хувьд хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд “ гэдэгт хамаарахгүй болно.

              Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага хэргийн оролцогчоор оролцож байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд эхээр нь гаргаж өгөх, боломжгүй тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, эсвэл нотлох баримтын эх хувьд үзлэг хийлгэх хүсэлт гаргах зэргээр нотлох баримт цуглуулах үүрэгтэй.

              Гэтэл хэргийн 116-117, 119-120 дугаар хуудсанд авагдсан, хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тасгийн хурлын тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны тасгийн чанарын хурлын протокол /Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан/ гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

             Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй, бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судлаж болно” гэсэн заалтыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

               Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хууль хэрэглээний талаар болон хэргийн үйл баримтанд үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй юм.

            Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугээр сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.АЛТАН

 

               ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЖАМБАЛСҮРЭН