Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.Т /РД:/

Нэхэмжлэгч: М.Б /РД:/

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д /РД:/

Хариуцагч: дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б / дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. / дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ч / дүүргийн Газар зохион байгуулалтын Газар зохион байгуулагч/

Гуравдагч этгээд: Ч.Б /РД:/

Гуравдагч этгээд: Г.Б //

Гуравдагч этгээд: Ц.Г //

Гуравдагч этгээд: М.Н //

Гуравдагч этгээд: Д.Х /РД:/

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г., Н.Ч, гуравдагч этгээд Ч.Б, Г.Б, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч В.Т, М.Б нарын 2 иргэнээс дүүргийн Засаг даргад холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамжийн 1-р хавсралтын 80-82 дугаарт орсон иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тоот Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмшүүлэх, эрхийн хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай захирамжийг үндэслэн М.Б нарт 700 м.кв талбай, М.Бид 699 м.кв талбайг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3. дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгах, байршил өөрчлөх тухай дугаар захирамжийг үндэслэн В.Тд 699 м.кв талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

4. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14/1973 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай албан бичгээр ...тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчин бусдын орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах болсныг мэдэгджээ.

5. дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр А/ дугаартай Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай захирамжийг үндэслэн тус хавсралтын 80, 81 дэх хэсэгт заасны дагуу В.Тд дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтын газарт өөрчлөлт оруулан орц, гарц гаргаж 625 м.кв, 75 м.кв талбайг, 82 дахь хэсэгт заасны дагуу М.Б нарт 699 м.кв талбайг тус тус 15 жилийн хугацаатай олгосон.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Иргэн М овогтой Б нь дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот Захирамжийг үндэслэн нэгж талбарын 18 дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай дүүргийн 15-р хороо Шарга морьтод зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх Дугаар 0 тоот гэрчилгээг олгосон.

М.Бын төрсөн эгч М.Б нь дээрх М.Бын эзэмшил газрын зэргэлдээ Дугаар 0213923 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай мөн адил дүүргийн 15-р хороо Шарга морьт зуслангийн газрыг эзэмшиж байгаад өөрийн төрсөн ээж В овогтой Тд 2014 онд шилжүүлэх хүсэлт гаргаснаар 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тоот Засаг даргын захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатай В.Тд эзэмшүүлж Дугаар 000 тоот гэрчилгээ гарч өнөөдрийг хүртэл тасралтгүй эзэмшиж байна.

Дээрх хоёр айлын газрыг анх М.Б, М.Б нарын авга эгч иргэн Ундармаа овогтой М******* болон төрсөн аав Ундармаа овогтой М нар 2003 оноос эхлэн эзэмшиж байсан юм.

2008 оноос уг газартаа байшин барихаар ирэхэд В.Т, М.Б нарын эзэмшил газрын баруун талд П.Д гэх айл, түүний цаад талд Т /Татварын албанд ажилладаг/ болон тэдний гэр бүлийн хоёр айлын газартай айл манай урд талын хошуу газар дээр жорлон бариад цоожилчихсон манай газраар орж, гарч үүнээс болоод бид тэднийг жорлонгоо авах шаардлага тавьж анх хэрүүл маргаан үүсгэж байсан. Олон удаагийн шаардлагаар жорлонгоо авсан боловч Тын эхнэр болон гэр бүлийн ах дүү нар нь ирж манайх танайхаас түрүүлж буусан муусайн сүүлд буусан гуйлгачин царайлсан юмнууд гэх зэргээр элдвээр загнаад арга буюу зам гарган хашаа барьж байсан юм.

2020 онд зуслан дээрээ очиход хажуу айлын Дгийн эзэмшил газар нь н.Б хэмээх хүнд шилжиж, уг газар дээрээ байшин барьж В.Т, М.Б нарын эзэмшил газар дээгүүр байшингийн араар газар ухан цахилгааны кабелаа булж, хашаа унасан байсныг далимдуулан чөлөөтэй орж, гарч сурсан байсан.

Энэ байдлыг харсан ч эхний нэг жил тэвчээртэй хүлээцтэй хандаад 2021 онд хашаагаа шинэчлэн төмөр хашаа барьснаас болж байнгын хэрүүл маргаан эхэлж Тын эхнэр, н.Бын эхнэр хоёр байнга орц, гарц чөлөөлж өг гэж үндэслэлгүй шаардлага тавьж, байнгын хэрүүл маргаан хийх болж, энэ нь даамжран 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шөнө хажуу айлын н.Б, түүний эхнэр, ээж нар орц, гарцаас болж маргалдсанаас иргэн В.Тгийн биед халдан хөнгөн гэмтэл учруулан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очин иргэн н.Б, түүний ээж торгуулийн арга хэмжээ авхуулж байсан.

Үүнээс хоёр хоногийн дараа иргэн М.Б, В.Т нарын хашаанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 07.07/08 тоот Шаардах хуудас газрын албанаас наагаад явсан байна. Утга нь: Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг зөрчин дур мэдэн бусдын эзэмшил газар дээр төрөл бүхийн объект, хашаа, хаалт, шон байрлуулсан нийтийн эдэлбэрийн газар гудамж, зам талбайг хааж зөвшөөрөлгүй хаасан, орц, гарц гаргахаар төлөвлөсөн байршилд хашаа хаалт барьсан байгаа учир энэ тухай танд албан ёсоор анхааруулж 7 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардаж байна.

Зөрчлийг үл тоох буюу давтан үйлдвэл Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох болно.

дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга... Т.М гэсэн байжээ.

Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө н.Т согтуугаар хашаанаасаа тээврийн хэрэгслээ жолоодог гарахдаа манай хашааны урд талаар мод тарьсан шуудуунд машинаараа орж хэдэн мод хугалахдаа эхнэр нь бусдад гай болсон авгай гэх зэргээр В.Тг хараан хашхичин доромжилсон ч тэвчээд өнгөрөөсөн байна.

Үүнтэй зэрэгцэн газрын албаны байцаагч н.М******* хоёр удаа ирж албан бичиг наан орц, гарц гаргаж өг, өгөхгүй бол газрыг чинь чөлөөлнө гэж В.Т, М.Б нарт шаардлага тавьсан. Энэ бүхнээс үүдэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн газрын албанд энэ айлуудад орц, гарц гаргаж өгөх боломжгүй байна. Энэ айлуудыг өөрсдийнх нь зөвшөөрөгдсөн цаад орц, гарцаар нь гаргах арга хэмжээ, авч өгнө үү гэж хүсэлт өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй.

2021 оны 08 дугаар сард Газар зохион байгуулалтын алба дээр ирж дарга н.Мтой уулзахад байцаагч н.М*******гийн хамт та нар энэ орц, гарцад 3 метр газар чөлөөлөөд өгчих танай цаад айлын хүмүүс биднийг ажил хийлгэхгүй байна, байнга хэл ам хийж Авилагтай тэмцэх газраар тэмцэх газраар хүртэл шалгууллаа. Тал талдаа ингэж хэрүүлтэй байж байхаар та орц, гарц зөвшөөрчих би танд зүүн талд чинь 3 метр газар нэмж өгье гэж ятгасан.

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14/1973. Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас гаргасныг хожим газрын хувийн материалаас үзсэн. Агуулга нь: Нийслэлийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай, ...тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчин бусдын орц, гарцыг хаасан байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах болсныг мэдэгдэж байна.

Тэрнээс хойш н.М******* байцаагч та өргөдлөө өг одоо бичиж өгөхгүй бол болохгүй. Яагаад алга болов? гэж утсаар яриад байхаар хөрш айлууд болон Газар зохион байгуулалтын албаны шахалт дарамтад орон В.Т болон охин М.Б нар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр арга буюу өргөдөл бичиж өгсөн байна.

В.Тгийн өргөдөл: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай тус дүүргийн 19 дүгээр хороонд Шарга морьтын зусланд 0.07 га газар эзэмшээд 17 жил болж байна. Гэтэл хажуу хоёр айлын дураараа төрийн албанд ажилладгаараа байнга дарамтлан байнгын хэл ам хийн оршин суух амар тайван байх нөхцөлгүй боллоо. Уг нь 4 айл дамжин орц, гарц заавал гаргах гэж зүтгэж байхаар хажуу талдаа нэг айлын булан дамжин орц, гарц гаргах боломж байсан боловч анх Газар зохион байгуулалтын алба буруу гаргаж өгсөн алдаагаа засахын оронд танайхаар дамжин гаргахгүй бол танай эзэмшил газрын чинь эрхийг цуцална гэж дарамтлан сүрдүүлсэн тул арга буюу энэ өргөдлийг бичлээ.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин В.Тгийн охин М.Б нь: Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай өргөдлүүдийг дарамт, шахалт үзүүлж бичүүлэн авсан байна.

Ийнхүү дүүргийн газрын албанаас иргэн В.Т, М.Б нарын өөрсдийнх нь эрх ашгийн эсрэг, тулган шаардаж, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж өргөдөл бичүүлэн аваад дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн:

-В.Тгийн эзэмшил газрыг дундуур нь таслан хоёр хувааж, хоёр тусдаа гэрчилгээ олгосон байна. Уг тасалсан зургаар В.Тгийн барьсан тоосгон жорлон 75 м.кв газар дээр нь тусдаа салсан. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот 6 дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Улаанбаатар, , 19-р хороо Шарга морьт хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 625 м.кв газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, дугаартай гэрчилгээ олгов/Хавсралт 25 х/. Мөн таслагдсан 75 м.кв талбайтай газарт нь дугаартай гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэсэн /Хавсралт 26 х/.

-М.Бын эзэмшил газрын үзүүрийн хэсгийг орц, гарц гаргах нэрийдлээр мөн хасаж, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, 0000029249 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Иргэн В.Т болон түүний охин М.Б нар нь тус дүүргийн 19-р хороо, Шарга морьт зусланд 0,07 га газар эзэмшээд 17 жил болж байна.

Газрын алба нь орц, гарцын асуудал маргаан үүсэхэд хэл амтай иргэдийн хууль бус шаардлага, хүслийг хангаж, шударга эзэмшигч иргэн В.Т болон М.Б нарын эзэмшил газар руу халдаж, эзэмшил газрыг нь орц, гарц гаргах нэрийдлээр хуваан салган тусгаарлаж, тоосгон жорлон нь тэр салсан талбайд үлдэж, хэмжээг нь багасгаж, уг 75 м.кв жорлонтой газарт эзэмшлийн гэрчилгээ гаргасан хэр нь өмчлүүлбэл энэ 75 м.кв газар танайд өмчлөгдөхгүй гэж Газар зохион байгуулалтын албаныхан тавлаж, хөрш Б нь бүр энэ орц гарцын 3 метр газар чинь багадаж байна машин халтирч байна 5 метр болго, манай нохой чөлөөтэй давхиж чадахгүй байна, хашааны хаалгаа буулга, би ингэж Газар зохион байгуулалтын албанд дахин хүсэлт өгсөн гэж хэлсэн байна.

Тэгэхээр нь В.Т гайхаж 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр кадастрын цэг тогтоолгохоор дуудлага өгч орц, гарцын цэгүүдийг тогтоолгоход газрын албаны байцаагч н.М*******гийн хэлсэн өргөөшөө 3 метр газар нь 5-6 метр болж өргөсгөөд газраас нь хасагдсан байсан байна.

Үүнийг тодруулахаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга З*******той уулзаж, учир байдлыг хэлэхэд хариуцсан байцаагчаа дуудаад энэ айлыг яагаад ингэсэн юм бэ гэж асуухад, байцаагч нь би мэдэхгүй н.М******* эгч ноднин ингэж шийдсэн байна лээ. Эдний хажуу айлын хүүхэн аймар хэл амтай юм байна лээ гэж хэлсэн. Гэтэл дарга З******* нь Та орц, гарцаа энүүгээрээ орхичих, зүүн талд чинь дахиад нэмээд 3 метр газар өгье гэсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй та нар яагаад нэг хүний хүслийг байнга биелүүлж байдаг юм бэ, би өмнө газар хуваахыг зөвшөөрөхгүй гэж өргөдөл өгөхөд танайх хүлээн аваагүй, одоо бас энэ саналыг чинь хүлээж авах боломжгүй гэж хэлэхэд, тэгвэл та шүүхдээ хандахгүй юу гэж хэлсэн байна.

Тэгээд В.Тд тус дүүргийн үүдэнд байдаг өмнөх жил байцаагч н.М*******гийн зургаар кадастр хийсэн залуутай уулзаж, ийм юм болчихсон байна. Чи кадастрын зургийг буруу хийсэн байна гэж хэлэхэд, нэгдүгээрт газрын байцаагч чинь өөрөө ингэж зурсан, хоёрдугаарт та тухайн үед яагаад өргөдөл өгөөгүй юм бэ гэхээр дарамт шахалтад ороод өргөдөл өгсөн юм гэж хэлсэн. Гэтэл тэр залуу хажуу талын айл чинь цаагуураа өөр газраар орц, гарцын зурагтай юм байна ш дээ гэж хэлээд зураг харуулсан. Та яах гэж өргөдөл өгсөн юм, /Уулзахдаа хэвлүүлж авсан зураг Хавсралт 30х/, өргөдөл өгсөн л бол энэ хүмүүс ингэж шийддэг, энэ бол танил кэйс байна. Би олон жил Газар зохион байгуулалтын албатай ажиллаж байгаа. Хүмүүсийг асуудал гарахад орхичихдог тэгээд тэр хүмүүс нь газраа зарах юм уу хувьчилж авах болоход уг асуудлаар хүмүүсээр өөрсдөөр нь өргөдөл бичүүлээд шийдэг юм. Өргөдөл гаргах таны л буруу болж дуусдаг даа. Өргөдөл бичсэн, тэгээд л шийдчихдэг гэж хэлсэн байна.

Энэ өдөр хүртэл В.Т, М.Б нар нь Газар зохион байгуулалтын албаны шаардлага хууль ёсны гэж итгэж ирсэн.

Гэтэл В.Т, М.Б нарын хөрш иргэдийн үндэслэлгүй шаардлагыг Газар зохион байгуулалтын хүлээн авч шийдвэрлэхдээ кадастрын зургийг үндэслэн шийдвэрлэхгүйгээр кадастрын зураг зөрчиж нийтийн эзэмшлийн орц, гарцыг хааж хашаа барьсан айлын хашааг татуулж, заавал олон айлын газар дамжуулахгүйгээр асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой байхад шударга эзэмшигч В.Т, М.Б руу дайрч давшилсан хүмүүсийн хууль бус шаардлага, хүсэлтийг Газар зохион байгуулалтын гүйцэлдүүлж, иргэн В.Т, М.Б орц, гарц гаргахгүй бол газар эзэмших эрхийг чинь хязгаарлана, хүчингүй болгоно гэх зэргээр төрийн байгууллагын нэр барьж шаардах хуудас, мэдэгдэх хуудсаар удаа дараа дарамт шахалт үзүүлэн В.Т, М.Б нараар хүчээр өргөдөл бичүүлэн авч В.Тгийн эзэмшил 700 м.кв газрыг 625 м.кв болон 72 м.кв гэж хоёр хувааж, хуваагдаж салсан хоёр газар тус бүрд нь гэрчилгээ гаргаад шударга эзэмшигч В.Т болон М.Б нарын эрхийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү шаардлагатай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан ба дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар 17/1268 тоот Хариу хүргүүлэх тухай албан тоотоор хариу өгөхдөө бид дүүргийн Засаг даргын 2021 оны дугаартай Захирамж гарахаас өмнөх асуудал нь хууль зөрчсөн учир уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүссэн байхад дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн Засаг даргын 2021 оны дугаартай захирамж гарсан байхад захирамжийг биелүүлээгүй хууль зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. дүүргийн Газрын албанаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр № 17/1268 тоот Хариу хүргүүлэх тухай албан тоот гаргасныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэж мөн өдрөө тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд өөрийн биеэр очиж гардаж авсан болно. Энэ өдөр хүртэл дүүргийн газар мэдэгдээгүй байсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: дүүргийн Засаг дарга /Газрын алба/ нь газар эзэмшигч иргэдийн орц гарцын асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөд нь байгаа мэдээлэл, баримт болох кадастрын зургийг шийдвэрлэхгүйгээр, ямар хашааны газрыг татуулан шийдвэрлэхгүйгээр, ямар нэгэн зөрчилгүй шударга эзэмшигч В.Т болон М.Б нарт үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлэх замаар өргөдөл бичүүлэн авч бодит байдалд хэрэгжихэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэн дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот дүүргийн Засаг даргын захирамжид иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших асуудлыг оруулан шийдвэрлэсэн нь газар эзэмшигч В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 2 дах хэсэгт заасан "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., 2-р бүлгийн 14 дүгээр зүйлийн 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, мөн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Төрөөс газрын талаар баримтлах зарчим, 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмуудыг ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;/ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны илт хууль бус акт гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин иргэн В.Т, М.Б нарын газар эзэмшилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна.

6.1.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч В.Т, М.Б нарын дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслан дахь эзэмшил газрыг нь тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба үндэслэлгүйгээр газрын хэмжээнд нь өөрчлөлт оруулж, орц, гарц гаргах нэрийдлээр газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 80-82 дугаарт орсон иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжийг үндэслэн 18******* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх олгосон. Мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон ба газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. В.Т болон М.Б нар тухайн эзэмшил газраа ашиглаж байх явцад хөршүүдийн зүгээс тэднийг орц, гарц хаасан тул эзэмшил газраар нь дамжиж нэвтрүүл гэж хоорондоо маргалдсан. 2021 оны 06 дугаар сарын сүүлээр иргэн В.Т нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд энэ асуудлаар өргөдөл гаргасан. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бусдын зорчих орц, гарцыг хаасан тул хашаа барьсан газраа чөлөөл гэх агуулгатай шаардах хуудас ирүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг зөрчин бусдын орц, гарцыг хаасан байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг мэдэгдэж байна гэсэн 14/1973 дугаар мэдэгдэх хуудас ирүүлсэн. Мөн биеэр болон утсаар байнга маргаан бүхий газрыг чөлөөл гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. дүүргийн газрын албаны зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн В.Т болон М.Б нарын хүсэлтийг үндэслээд хоорондоо тохиролцсон гэсэн тайлбар өгсөн. Тухайн үед Ц.Гийн газрын кадастрын зургаас харахад 2000 оны үеэс одоог хүртэл орц, гарц гаргах ёстой, нийтийн эзэмшил газрыг хашаалсан байгаа. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас В.Т, М.Б нарын хүсэлтийг Ц.Гийн газрын кадастрын зургийг үндэслээд шийдвэрлэх боломжтой байсан. Тийм байхад газар эзэмших эрхийн зөрчил гаргаагүй иргэн В.Т, М.Б нарын эрхийг ноцтой зөрчиж байна. В.Тгийн эзэмшил газрыг дундуур нь хөндлөн огтолж орц, гарц гаргаж хоёр тусад нь гэрчилгээ олгосон. М.Бын газрын талбайн хэмжээнд өөрчлөх захирамжийг үндэслээд өөрчлөлт оруулсан ба энэ нь кадастрын зургаар баталгаажиж байгаа. Тус кадастрын зургийг ямар ч энгийн иргэн харахад Ч.Б, М.Б нарын орц, гарцын асуудлыг шийдүүлэх бусдад хамгийн бага хохиролтойгоор шийдвэрлэх арга нь Ц.Гийн орц, гарцын хэсгийг хааж хашаалсан зөрчлийг арилгахаар байгаа нь харагдана. В.Т, М.Б нарын эрхийг хөндөхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад ингэж асуудлыг шийдвэрлэсэн нь харамсалтай байна. Хоёр удаа газар дээр нь очиж үзлэг хийсэн. Г.Б, Ч.Б нарын зүгээс Ц.Гийн хашаалсан газраар орц, гарц гаргах нь машин орж, гарч болохгүй төвөгтэй тул бид В.Т, М.Б нарын эзэмшил газраар орц, гарц гаргахыг хүсэж байгаа. Энэ хүмүүсийн хүсэж байгаа зүйл нь кадастрын зурагт нийцсэн байх ёстой. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас кадастрын зургийг үндэслэж шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтад бүх зүйл ойлгомжтой, тодорхой байна. Шаардах болон мэдэгдэх хуудас өгчхөөд бид нар тохиролцсон гээд байгаа. Өргөдөл бичиж өгөхөөс өмнө 07 дугаар сард шаардах хуудас, 09 дүгээр сард мэдэгдэх хуудас өгсөн. Газар зохион байгуулалтын алба нь хуулийн дагуу, кадастрын зургаа үндэслэж асуудлыг шийдвэрлэхгүй ингээд энэ олон хүмүүст чирэгдэл учруулаад хооронд маргаан үүсгээд яваад байгаа нь хэцүү байна. гэжээ.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Бгийн өмнө нь Газар зохион байгуулалтын албанд хандаж байсан асуудал яригдаж байна. Шүүгч нотлох баримтыг судлах явцад миний ойлгосноор нэр шилжүүлэх хүсэлтийн талаар дурдсан. Хавсаргасан баримтад тухайн үед газрын эзэмшигч байсан н.Мын газрын цэг, тэмдэгтийг тогтоолгосон байсныг дурдлаа. Г.Бгийн хувьд тухайн үед Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаад цааш яах талаар явах боломж байсан. Тэр эрхээ хэрэгжүүлээгүй нь харамсалтай байна. Шүүх хуралдаан дээр М.Бын нэрийг Г.Б гээд ярьсан байна. Гуравдагч этгээд түүнийг орц, гарцын асуудалтай холбоод ярилаа. Түүнээсээ хүлцэл өчье. М.Б, В.Т нар хоорондоо хашаа хийх шаардлагагүй тул тойроод нэг хашаатай. М.Бын хувьд тусдаа хашаа байхгүй тул хашаагаар чөлөөтэй орж гарах боломжтой. Гуравдагч этгээд Ч.Бгийн шүүх хуралдаанд нотлох баримтын хүрээнд судлуулсан дүрс бичлэг нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийнх гэдгийг ярьж байна. Энэ гэрчилгээг кадастрын зураг дээр Ц.Гийн эзэмшил газраар орц, гарцыг хаасан байсныг мэдээгүй байсан нь харагдаж байгаа. Нэхэмжлэл дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үндэслэсэн. Үүгээр хууль бус акт болохыг тогтоох үндэслэл нь иргэн В.Т, М.Б нарын хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль ёсны үндэслэл байгаагүй гэдгийг үндэслэсэн. Хүмүүсийн, гарцын мэдээллийг мэдээгүй байсны улмаас маргалдаж байсан байна. Шүүхээр урьдчилан шийдвэрлүүлэх нөхцөл хангагдсан. Шүүгчийн хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжид гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч энэ нэхэмжлэлийг хуульд заасны дагуу хандсан байна гэсэн тогтоол гарсан. В.Т, М.Б нарын орц, гарцын асуудлыг хүчээр шийдээд, цаашлаад Ч.Б, Г.Бгийн газар дээр үзлэг хийгээд байгаа харагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн Ч.Бгаас Г.Б рүү нэвтэрч байгаа хэсэг нь Ч.Бгийн эзэмшил газар хэвээр байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тухайн үед Ч.Б, Г.Б нарын Газар зохион байгуулалтын албанд хандаж байхад шийдвэр гаргахдаа кадастрын зургаа үндэслэж шийдээгүйн улмаас энэ асуудал үүсэж байна гэж дүгнэж байна. Хэрэгт хангалттай кадастрын зургийг хавсаргаж өгсөн. Үүн дээр орц, гарц чөлөөтэй байгаа нь харагдаж байгаа. Энэ тохиолдолд Газар зохион байгуулалтын алба үүнийг чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэхдээ асуудлыг шийдэхдээ өргөдөл, гомдол гаргасан В.Т, М.Б нарын эзэмшил газар руу халдах байдлаар шийдсэн нь хууль зөрчиж байна. Тиймээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******ын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зусланд дүүргийн Засаг даргын 2008 оны 295 захирамжаар иргэн М.Бт, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар иргэн В.Т нарт тус тус эзэмшүүлсэн газар нь иргэдийн орц, гарцыг хааж байна гэсэн үндэслэлээр манай албанд иргэд гомдол гаргасны үндсэн дээр Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж орц, гарц гарган шийдвэрлэсэн. Төрийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшилтэй холбоотой нийтийн эрх ашиг хөндөгдөж газар эзэмшүүлсэн байгааг захиргааны акт гаргаж шийдвэрлэх боломжтой.

Иймд иргэн В.Т, М.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэгч талын хэлж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Хууль бус захиргааны акт байгаад, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байвал нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гаргах хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагаас дарамталж байгаад эрх олгосон гээд байна. Хууль зүйн хувьд дарамталж байгаад эрх олгох ойлголт байхгүй. Нэхэмжлэл гаргаж байгаа субъектүүд өөрсдөө газрын хэмжээндээ өөрчлөлт оруулъя гэж хүсэлт өгөөд захирамжаа гаргуулсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний дугаар захирамжаар энэ асуудал нь шийдэгдсэн байгаа. Хоёрдугаарт, Газрын тухай хуулиар Монгол улсын иргэн бүр заавал 700 м.кв талбайг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Захиргааны байгууллагаас иргэдэд 700 м.кв талбайг эзэмшүүлэх эрхтэй. Газар зохион байгуулалтын алба тухайн газрыг судалж үзээд боломжтой гэж үзвэл хэдэн ч м.кв талбайг тухайн иргэний эрх ашгийг хангаад газар эзэмшүүлэх боломжтой байдаг. Гуравдугаарт эргэн тойрны 4-5 айлын эрх ашиг хөндөгдөж байгаа. Яг үнэндээ дугаар захирамжаар 700 м.кв талбайг нь 625 м.кв, 75 м.кв гээд өөрийнх нь хүссэн хэмжээгээр В.Тд хуваагаад олгосон. Гомдоод байгаа шалтгаан нь юу вэ гэхээр 625 м.кв 75 м.кв гэж хоёр хуваагаагүй байна, бид нар 700 м.кв талбайгаар өмчилж авмаар байна, хоёр тусдаа гэрчилгээ болохоор нэг захирамжаар оруулахгүй байна гээд байгаа. Гэтэл яг амьдардаг газар дээр нь захиргааны байгууллагаас очоод хэмжилт хийх гээд очиход 625 м.кв талбайг өөрсдөө сунгаад, нэмээд 82.4 м.кв талбайг нэмээд 707.4 м.кв талбайгаар хашаа хийсэн байсан. Тэр нэгж талбайг өмчлөх гээд байвал тэрийгээ өмчилж болно. Түүнийг захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрөөд, захиргааны акт гаргах замаар асуудлыг шийдэж болно. Энэ хүн 707.4 м.кв талбайгаас гадна 75 м.кв талбайг авсан байгаа. Нийт 800 м.кв орчим талбайг хашаалчхаад биднийг айлган сүрдүүлж, дарамтлаад өргөдөл бичээд авсан гээд байна. Захиргааны байгууллага тэр хүний эрх ашгийг зөрчсөн бол тухайн үед хууль, хяналтын байгууллагаар яваад асуудлаа шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ? Захиргааны шүүхээр ямар шийдвэр гаргуулах гээд байгаа юм бэ? Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтаар хүчингүй болгуулах гээд байгаа юм уу? Тэгвэл бид захиргааны актаа хүчингүй болговол энэ хүний эрх ашиг дахиад хөндөгдөнө. Мөн иргэн Ц.Г, М.Н нарын хашааны дундуур явбал Ч.Б, М.Б нарын эрх ашгийг хангагдана гэж байна. Энэ кадастрын зургийг харвал иргэн Г.Бгийн эрх ашиг хангагдахаас биш Ч.Б, М.Б нарын эрх ашиг хангагдахгүй. Өмнөх шүүх хуралдаанууд дээр Ч.Б Би өөрийнхөө хашаанаас татаад иргэн Г.Б, Д.Х нарын эрх ашгийг хангаад явахад асуудалгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Иргэн эзэмшиж байгаа болохоос бүх газар төрийн өмч. Төр тухайн газрыг иргэдэд эзэмшүүлж байгаа. Түүнээс биш төр иргэний өмчлөлийн газарт халдаад асуудал гаргаад байгаа юм байхгүй. Эзэмших, өмчлөх гэдэг үгийн утгаа тодорхойлж байж нэхэмжлэлийн шаардлага гаргахыг хүсэж байна. Тиймээс нэхэмжлэгч талаас гарч байгаа нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв айлган сүрдүүлсэн асуудал байгаа бол бусад байгууллагаар шийдүүлсний дараа энэ асуудлаа ярь. Эсхүл захиргааны акт хууль бус гэж байгаа бол ямар үндэслэлээр хууль бус болоод байгаа асуудлаа ярь. Ярьж байгаа ганцхан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаад байна. Ц.Г, М.Н нарын хашаан дундуур явбал Ч.Б, М.Б нарын эрх ашиг хангагдана гээд байна. Ч.Б шүүх хуралд ирсэн байхад түүний өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тийм зүйл ярьж байгаа нь зохисгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж найдаж байна. гэв.

8.Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч******* овогтой Б нь дүүргийн 19-р хороо, Шарга морьт зуслангийн 18******* тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг (21-р хэсэг, 2160 тоот) газрыг үл хөдлөх гэрчилгээ бүхий амины орон сууцын хамт эзэмшдэг. Миний бие тус газрыг 2014 онд худалдан авсан бөгөөд түүнээс хойш гэр бүлийн хамт амьдарч байна. Гэвч манай зүүн талд байрлах айл (2014 оноос хойш эзгүй байсан ба 2020 оноос хойш зусландаа амьдарч эхэлснээр эргэн тойрны айлуудын амгалан тайван байдал алдагдсан) 2014 оноос манай болон баруун талын айлын гэр лүүгээ орж гардаг байсан гудамжийг 2021 оны 4-5 сард биднийг эзгүйд хаасан тул өмнө байсан шиг хэвийн орж гарч чадахгүйд хүрсэн. Ингэхдээ биднээс огт зөвшөөрөл аваагүй бөгөөд орж гарахад тээр шаах, дургүйцэх зэргээр хүндлэл учруулж байгаа нь зүйд нийцэхгүй байсан тул 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд орц гарцаа чөлөөлүүлэх асуудлаар хандсан байдаг.

Тус орц гарц нь газар олгосон үеэс эхлэн орц гарц байсан нь дараах байдлаар нотлогдож байгаа юм. Үүнд:

1.Тус газар нь хамгийн анх 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүүргийн Засаг даргын 97 тоот захирамжаар тухайн үед дүүргийн Татварын хэлтсийн ажилтнуудад зориулж олгосон газар бөгөөд энэ газрын анхны эзэмшигч нь П.Д гэж хүн байсан. Зүүн талын айлын хувьд сүүлд буюу 2008 онд ирсэн, худалдан авах үедээ гудамж байсныг мэдэж байсан. Түүнчлэн 2007 онд манай баруун талын айлын эзэмшигч, иргэн Г.Б болон манай газрын өмнөх эзэмшигч иргэн Р.Ур нар орц гарц чөлөөлүүлэх асуудлаар дүүргийн газрын албанд хандсан тухайн үед одоогийн хаасан хэсгээр орц гарц гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Хавсралтаар 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны байцаагчийн гарын үсэг бүхий зам татах тухай кадастрын зургийн тэмдэглэгээг хавсаргав /Хавсралт 1/.

2.Миний бие Ч.Б нь 2014 онд одоогийн эзэмшил газраа худалдан авах үед зүүн талын айлын хашаа ямар нэгэн орц гарц хаагаагүй, бетонон суурьтай намхан төмөр хашаатай, өндөр төмөр хаалгатай хашаа байсан. Зүүн урд хэсэгтээ хашааны гадна талын гудамд бие засах газартай байдаг байсан. 2021 оны 05 дугаар сар хүртэл мөн л энэ хэвээр байсан, гудамж байсан болох нь тухайн үйлдлээр болон зургаар нотлогддог тул миний бие үүнийг албан ёсны орц, гарц гэж ойлгодог. Хавсралтаар 2020 оны 08 дугаар сард борооны дараах солонго татсан үед авсан зургийг хавсаргасан ба эндээс зүүн талын айлын хашаа бетон суурийн хамт, өндөр төмөр хаалга, бидний байнга зорчдог гудамжны хамт тодорхой харагдаж байна /Хавсралт 2/. Энд гудам байсан илэрхий ор мөр байдгийг 2021 оны 06 дугаар сард GOOGLE MAP-ын сансраас авсан зургийн хамт харууллаа /Хавсралт 3/.

3.Иргэн В.Т нь 2021 оны 05 дугаар сард өөрийн эзэмшил бүхий газрын зүүн урд болон урд талын хашааг хааш хааш нь 4-5 метр Газар зохион байгуулалтын албанаас авсан зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тэлж газар гэсээгүй, зуслангийн айлууд зусландаа гараагүй байх үеийг ашиглан манайх мод тарих хүсэлтэй. Иймд хаалт хийж байгаа юм, танайд түлхүүрээ өгье, баруун айлтай тохирсон гэж худал ярьж хашаагаа татсан байдаг ба манайх энэ хүний жинхэнэ зан төрхийг мэдэхгүй тул үгэнд нь итгэн хууртаж түлхүүрийг нь авсан байдаг. Зөвшөөрөлгүйгээр хашаа тэлсэн. Ингэхдээ манай болон өөрийн зүүн талын айлуудын хашааг дур мэдэн сэндийлсэн зургийг Хавсралт 4, 5, 6-д хавсаргав. Улмаар зусландаа гараад сар болоогүй байтал үүд хаалга хаасангүй, олон орж гарлаа гэж уурлаж эхэлсэн нь бид Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 тоот дугаар бүхий "Ногоон бүсийн зуслан газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийг зөрчиж гал, үед усны аюул гарсан үед орж гарч чадахгүй байх эрсдэлийг учруулж байсан тул хууль ёсны дагуу орц гарцтай байх эрхээ шаардаж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд хандсан.

4.Иргэн В.Тгийн газар нь миний мэдэхээр буюу 2014 оноос 2020 он хүртэл зориулалтын дагуу ашиглагдаагүй, ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө баригдаагүй, хүн амьдраагүй газар бөгөөд 2021 онд хашааг нурааж тэлж барих хүртэл тэр хэвээрээ л байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу "тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй" бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн хуулийн заалтад бүрэн хамаарах нөхцөлийг хангасан байдаг.

Ийнхүү 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл өгснөөс хойш хагас жилийн дараа буюу дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамж гарч кадастрын зураг шинэчлэгдсэн байдаг. Энэ хугацаанд миний бие дүүргийн газрын албатай сар бүр 1-2 удаа очиж уулзсан ба хариу өгөхгүй удааширсан тул 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Газрын албанд, мөн Авлигатай тэмцэх газар хүртэл бичгээр хандаж байсан болно. Ийнхүү би иргэний хувьд төрийн албанд зохих журмын дагуу хандаж байсан нь Газрын албатай ямар нэгэн холбоо хамааралгүй, иргэн хүний хувьд өргөдлийн шийдүүлэх үйл явц байсныг илтгэж байна. Иймд энэ үйл явц нь Иргэн В.Тгийн нэхэмжлэлийн 3-р хуудсанд дурдсан "төрийн албанд ажилладгаараа байнга дарамтлан, хэл ам хийдэг" гэдгийг гэснийг үгүйсгэх нотлох баримт болно. Мөн миний бие төрийн албанд ажилладаггүй болно. Хэдийгээр шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан ч надад албан ёсоор хариу өгөөгүй тул 2022 оны 2-3 сард газрын албанд очиж уулзахад тухайн үед хариуцаж байсан н.М******* байцаагч эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацааны чөлөө авсан тул түүнийг Н.Ч байцаагч орлож байсан. Тэрээр надад кадастрын зураг шинэчлэгдсэн байна. н.М******* байцаагчийг ирэхээр нь өөрөөс нь хариуг нь аваарай гэж хэлсэн. Түүний дараа 2022 оны 06 дугаар сард Газрын албанд ирж уулзахад н.М******* байцаагчийг н.Үүлэнсолонго байцаагч орлосон байсан ба танай өргөдөл шийдэгдсэн байна, зураг чинь шинэчлэгдсэн байна. Энэ жил албадан буулгалт хийгдэнэ. Төсөв шийдэгдээгүй тул хүлээх хэрэгтэй гээд өөрт нь хандаж шинээр өргөдөл өгөхийг хүссэн тул би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орц гарцаа чөлөөлж өгөхийг хүссэн шинэ өргөдөл өгсөн. Түүнээс хойш мөн л удаа дараа Газар зохион байгуулалтын албатай уулзаж өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Түүний дараа 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр анх удаа нэг жилийн дараа надад албан ёсоор миний өргөдлийн хариуг бичгээр өгсөн боловч орц, гарц хаалттай байдал хэвээр үргэлжилсээр байсан. Газар зохион байгуулалтын албаны хариу албан бичгийг Хавсралт 7-д хавсаргав /2 хуудас/. Хэдийгээр газрын албанаас хариу албан бичиг өгсөн ч орц гарц хаалттай байдал хэвээр байсан ба улмаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зүүн талын айл манайхыг хаалга үүд хаасангүй гэдэг дарамт хэрээс хэтэрч иргэн В.Т, нөхөр болон эрэгтэй дүүгийнхээ хамт амралтын өдөр унтаж байхад доромжилж эхэлсэн. Энэ өдөр биднийг гуйлгачин айл, хуц, зайл, бааснууд, бүдүүлэг гуйлгачид, май чи, бид энэ орц гарцаа гинжилнэ, танайх орох албатай юу гэж байнга доромжилдог олон үйлдлийн нэгийг арга ядаад бичлэгээр баталгаажуулсан болно. Ингээд арга барагдаж үйлдлийг бичлэг хийж газрын албанд хүртэл үзүүлсэн байдаг. Энэ бичлэгт Тгийн охин болох иргэн М.Б нь намайг "хуруугаараа цээж рүү чичилж доромжилж байсныг хүлээхдээ тэр үгийг би хэлсэн гэж өмнөөс нь В.Т хүлээсэн байдаг. Ийм хэр нь биднийг дарамталдаг мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь худал юм. Түүний тэр үед биднийг доромжилсон үеийн бичлэгийг и-мэйлээр илгээх, шүүхэд өгөх бүрэн боломжтой. Түүний дараа 2022 оны 09 дүгээр сард Газар зохион байгуулалтын албанд очиход албадан буулгалт явуулсан орц гарцыг чөлөөлсөн гэдэг хариуг надад өгсөн байдаг ба түүнээс хойш би зусландаа очоогүй. 2022 оны 03-р сарын 06-ны өдөр В.Тгийн нэхэмжлэлтэй танилцсан болно.

Миний үзэж байгаагаар иргэн В.Тгийн Газар эзэмших эрх нь 2006 оноос эхлэн анхнаасаа орц, гарц хаасан маргаан дагуулсан газар бөгөөд энэ нь 2008 оны Газрын албаны байцаагчийн гар бичмэлээр /Хавсралт 1/ нотлогдож байгаа юм. Түүнийг ч ойлгож хүлээн зөвшөөрсөн нь В.Т хашаагаа энэ дагуу барьсан үйлдлээр нь нотлогдож байгаа юм/ Хавсралт 2/. Гэтэл хэзээ хойно 2022 оны 09 дүгээр сард урд талын айлын газрын урдуур гудамж татсан кадастрын зураг байгааг мэдмэгцээ өөртөө давуу тал бий болгон намайг анх авснаасаа хойш зорчиж байсан газрыг өөрчилж болзошгүй эрсдэлд хүргэж байна. Түүнчлэн иргэн М.Б В.Т хоёр ээж охин бөгөөд шууд хамаарал бүхий этгээд байгаа нь орц гарцын маргаангүй харагдаж байгаа ч хожим эзэмшигч өөрчлөгдөх, гал, усны аюул гарах үед орц гарц чөлөөтэй байх нь дан ганц Ч.Б, Г.Б, Д.Х нарын эрх ашиг төдийгүй М.Бт хуулийн дагуу, иргэн хүний хувьд мөн адил орц, гарц гаргасан байх тухай асуудал юм. Одоо шийдэгдсэн орц, гарц нь дээрх бүх хүний орц, гарцыг налуу, өгсүүр газарт тохирсон байдалд тохируулан гарсан зам юм.

Хэдийгээр иргэн В.Т нь нэхэмжлэлдээ биднийг урд талын айлаар гарах тухай бичсэн боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь бид энэ газарт амьдарснаасаа хойш үргэлж В.Тгийн одоо хаасан байгаа орц, гарцаар зорчиж байсан. Урд айлын урд гудамж байдаг тухай огт мэдээгүй байдаг. Үүнийг 2011, 2014 онуудын кадастрын зургаас /Хавсралт 8/ харж болох ба энэ үед урд талд гудамж байсан ор байдаггүй. Харин 2014 онд манайх энэ байшингаа авах үедээ хадгалж авсан зарын зургаас урд талын айлын хашаа одоогийн энэ байрлалдаа мөн адил хэвээрээ байсан нь харагддаг. Хавсралт 9-д урт талын айлын 2014 он болон 2022 онуудын зургийг харьцуулж үзүүлэв. Энд орц гарц байсан ямар ч ул мөр байхгүй. Энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж буй урд талын айлуудаас тайлбар авах нь зөв болов уу. Би одоо болтол тэнд гудамж татсан кадастрын зураг байдгийг мэдэхгүй байсан ба түүний нэхэмжлэлээс анх удаа харсан болно. Гэтэл тэр зургийг үндэслэн Иргэн В.Т нэгэнт байсан орц гарцыг хаахаар санаархаж байгаа нь бусдын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл юм. Түүнчлэн тэр зургаар энэ олон жил зорчиж байсан нэг ч тохиолдол байхгүй болно. Харин В.Тгийн талд байгаа гудамж бол тухайн газрын онцлогт тохирсон бороо шороотой үед гарч болох налуу газар байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гүтгэлгийн шинжтэй зүйлсэд хариу тайлбар өгөх тухай:

1.Нэхэмжлэлийн 2-р хуудас: "Хашаа унасан байсныг далимдуулан орж гарч сурсан байсан гэсэн тухай няцаах нь: Зүүн айлын хашаа огт унаагүй байсан ба энэ нь 2020 оны 08 дугаар сард авхуулсан зургаас бүрэн харагдаж байна /Хавсралт 2/.

2.Нэхэмжлэлийн 2-р хуудас: "2021 оны 07 дугаар сарын 05-ны шөнө хажуу айлын н.Б түүний эхнэр, ээж нар орц гарцаас болж маргалдсанаас иргэн В.Тгийн биед халдан хөнгөн гэмтэл учруулан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очин иргэн н.Буян- Аривжих түүний ээж торгуулийн арга хэмжээ авхуулж байсан. Няцаах нь: Бид хашааныхаа өвсийг хадаад хадсан өвсөө зөөж байхад олон удаа орж гарлаа, хаалга үүд хаасангүй гэж уурлаж манай машины урдуур гэнэт гарч ирж хаалга цохисон /Хавсралт 10/. Гарын ул мөрийг хавсаргав. Бид та одоо болио өвсөө хадаж байгааг харахгүй байна уу гэхэд Газрын албанд өргөдөл гаргасан гэлүү. Та хэдийг өөр газраар оруулдаг болгоно. Баруун талаасаа ордог болоорой гэж сүрдүүлсэн ба маргаан болж иргэн В.Т манай хадам ээжийн маань үе дамжсан эрхийг хашаандаа тасалж хаясан ба бид энэ тухай тэр өдөр цагдаад нь мэдүүлсэн байдаг. Харин хэл амаас сэргийлээд эрхээ нэхэмжлээгүй хашаанаас нь мөн түүх гээд олоогүй тул тэгээд орхисон байдаг. Энэ үед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй харин манайх хохироод үлдсэн байдаг. Энэ нь түүний зориудаар хэрүүл өдөж амгалан тайван байдал алдуулдаг олон үйлдлийн нэг юм. Бид сүүлдээ аргаа бараад хөрш хүмүүс байна, ядаж бие биедээ төвөг болохгүй үг дүүгүй амьдарч байя гэж хэлж хүртэл хэлж үзсэн.

3.Нэхэмжлэлийн 2-р хуудас: "Үүнээс 2 хоногийн дараа иргэн М.Б, В.Т нарын хашаанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дугаар 07.07/02 тоот Шаардах хуудас газрын албанаас наагаад явсан байна". Няцаах нь: Газрын албанд 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Газрын албанд өргөдөл өгснөөс хойш 30 хоносон тул шаардах хуудас өгснийг баруун айлын эзэн болох Бгийн хамтаар хашаанд нь наасан ба энэ үед Т зуслан дээрээ байсан нь зургаас харагдаж байна/Хавсралт 11/.

4.Нэхэмжлэлийн 3-р хуудас: "..хөрш н.Буян-Аривжих нь бүр энэ орц гарцын 3 метр газар чинь багадаж байна, машин халтирч байна 5 метр болго, манай нохой чөлөөтэй давхиж чадахгүй байна гэхээр нь газрын албанд очиход 3 м газар өргөсөж 5-6 метр байдаг." Няцаах нь: Иргэн В.Тг 2021 оны 9-р сард байрлуулсан шонгоо өөрөө 2022 оны 05 дугаар сард буулгангуутаа өөрийн нөхрөөрөө /95-ээр эхэлсэн дугаараас/ над руу ярьж нөхрийнхөө утсыг өг танайх буулгасан байна гэж гүтгэсэн. Манайх үгүй танайхаас болоод бид өвөл зусландаа очоогүй шүү дээ гэхэд тэгвэл баруун айл чинь биз утсыг нь өг гэж ярьж байсан. Түүний дараа цэгийн дагуу шонгоо татахгүй байж байгаад 2022 оны 07 дугаар сард модоо хамгаална гэж эргүүлэн тогтоохдоо илүү нарийн болгож тогтоосон. В.Т анхнаасаа өөрийнхөө хашаанд модоо тарьсан бол ийм асуудлууд үүсэхгүй байсан. Бид иргэн В.Тгаас зөвхөн кадастрын дагуу хашаа татаж өгөхийг хүссэн ба үүнийгээ газрын албанд өгсөн өргөдөлдөө тодорхой бичсэн. Түүний кадастрын зурагт орц гарц 4 метр байсан. /Хавсралт 7/ Газрын албаны надад өгсөн хариунаас кадастрын зургийг үзнэ үү.

5.Нэхэмжлэлийн 2-р хуудас: 2020 онд зуслан дээрээ очиход байшингийн араар газар ухан цахилгааны кабелаа булж байсан.

"Тайлбарлах нь: Миний бие 2014 оноос хойш В.Тгийн гэдэг айл эзгүй олон жил болоход хашааных нь унасан төмрийг босгож тавьдаг хүн амьтан орж гарах вий гэж санаа тавьж хөрш айлын сэтгэлээр ханддаг байсан. Анх 2020 оны 05-р сард зусландаа гарахад нь тогны утас цаанаасаа зөвлөөд ингэж тавьсан, танайх эзгүй тул асууж чадаагүй, болохгүй бол хэлээрэй гэсэн байдаг. Хамгийн анх 2021 оны 04, 05 дугаар сард хашаагаа дур мэдэн тэлж барихдаа манай гэрийн тог явдаг шон унасан байна гэж бидэн лүү анх ярьж байсан ба бид хожуу шон бол эднийх хашаагаа барихдаа унагаасан болохыг ойлгосон юм. Бид В.Тд итгэн ирж үзээд шонгоо босгуулах гээд тохироод явсан байдаг. Гэтэл шон татуулахаар ирэхэд ногоо шон нь алга болсон байсан ба түүнийг Т миний шон, зүүн талын нас барсан айлтай хамт бариулсан гэж хэлсэн тул бид хэл ам хийлгүй тэвчиж өнгөрөөгөөд өөрсдийн зардлаар шинэ шон тавиулсан байдаг. Ингэхдээ бид газраар явуулсан шонгийн утсаа авах уу яах уу гэж асуусан боловч бид нар агаараар явуулмааргүй байна, энэ хэвээрээ үлдээчих, манайх харин хашаагаа барихдаа зүүн тал руу 20 см тэлээд барьсан шүү гэж хэлсэн байдаг. Ингээд шон тавиулах өдөр болоход шон тавих ажил хийж байгаа хүмүүсийг хажиглаж, манай нөхрийг чи 73-т байсан бацаан байна, овоо том болжээ гээд алгадсан байдаг. Би нөхрөө өмөөрч маргаан болсон ба ганц шонгоор яах билээ гээд дуугай болцгоосон. Бид энэ үед л цагдаад өгөх ёстой байсан байна лээ. Эндээс В.Т нь манайхыг анхнаасаа мэддэг, яахаараа энд амьдардаг хүмүүс вэ гэж хандаж эхэлсэн ба үргэлж орж гарах бүртээ бүдүүлэг, дуу чимээтэй гэж үглэж байх болсон. Харин В.Т түүнээс хойш 2022 онд хэлснээс буцаж кабелийн утсаа авахыг шаардахад бид ямар нэгэн маргаан хийлгүйгээр түүний хүсэлтийг хүлээн авсан байдаг. Харин 2021 онд анхнаасаа үүнийгээ хэлсэн бол манай гэрт хоёр удаа шон босгуулах удаа дараагийн зардлууд гарахгүй байх байсан.

Миний үзэж байгаагаар иргэн Тгийн Газар эзэмших эрх нь 2006 оноос эхлэн анхнаасаа орц гарц хаасан маргаан дагуулсан газар бөгөөд энэ нь 2008 оны Газрын албаны байцаагчийн гар бичмэлээр /Хавсралт 1/ нотлогдож байгаа юм. Түүнийг ч ойлгож хүлээн зөвшөөрсөн нь иргэн Т хашаагаа энэ дагуу барьсан үйлдлээр нь нотлогдож байгаа юм/ Хавсралт 2/. Гэтэл хэзээ хойно 2022 оны 09дүгээр сард урд талын айлын газрын урдуур гудамж татсан кадастрын зураг байгааг мэдмэгцээ өөртөө давуу тал бий болгон намайг анх авснаасаа хойш зорчиж байсан газрыг өөрчилж болзошгүй эрсдэлд хүргэж байна. Түүнчлэн иргэн Б, Т хоёр ээж охин бөгөөд шууд хамаарал бүхий этгээд байгаа нь орц гарцын маргаангүй харагдаж байгаа ч хожим эзэмшигч өөрчлөгдөх, гал, усны аюул гарах үед орц гарц чөлөөтэй байх нь дан ганц Б, Б, Х нарын эрх ашиг төдийгүй Бт хуулийн дагуу, газар эзэмшигч иргэн бүрд орц гарц гаргасан байх тухай асуудал юм. Одоо шийдэгдсэн орц гарц нь дээрх бүх хүний орц гарцыг налуу, өгсүүр газарт тохирсон байдалд тохируулан гарсан зам юм.

Иймд миний бие энэхүү тайлбараар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамж нь зайлшгүй байх ёстой орц гарц болохыг өөрийн зүгээс баримт нотолгоотойгоор хүргүүлсэн ба энэ шийдвэр нь зүйд нийцсэн шийдвэр болохыг гэрчилж байна. Иймд 2021 оны захирамжийг хэвээр үлдээж, захирамжийн хэрэгжилтийг хангаж өгнө үү. гэжээ.

8.1.Гуравдагч этгээд Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Г.Б /РД:/ би СБД-ийн 19-р хороо, Шарга морьтод 18642327874502- нэгж талбарын дугаар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 тоот захирамжийн дагуу тухайн үед дүүргийн Татварын хэлтсийн ажилтнуудад олгосны дагуу эзэмшиж эхэлсэн. Манайх жил бүр нэг ч жил алгасалгүй зусландаа гарч байсан. Анх 2000 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хашаагаа татан байшингаа барьж 23 дахь жилдээ газраа зориулалтын дагуу ашиглан амьдарч ирсэн. Иргэн Ч.Б*******гийн газрын анхны эзэмшигч дүүргийн Татварын хэлтсийн байцаагч П.Дгийнх манайтай зэрэг хашаагаа барьж орц гарцаа тухайн үедээ харилцан тохиролцсон бөгөөд биднийг анх газартай болж хашаа барих үед төдийгүй хашаа барьснаас хойш ч олон жил П.Дгийн зүүн талын газарт ямар ч айлгүй байсан юм. Манай зүүн талд байгаа газрыг П.Д, түүний дүү /нэрийг нь мэдэхгүй/ - н.Ур- н.Энхтүвшин-Ч.Б******* гэж хүмүүс эзэмшиж ирсэн.

В.Т нь хэн нэгний эзэмшилд байгаагүй дээрх газарт 2006 оны зун захирамж, зөвшөөрөлгүйгээр нэг айлын хэмжээтэй гурван тал хашаа бариад хоёр жил орхиж явсан. Анхны хашаагаа барихдаа зуслан гарах улиралд барьсан бөгөөд олон жилийн өмнө суурьшсан хоёр айлын ашиглаж байгаа гудамжийг мэдсээр, харсаар атал эрээ цэ дураар авирлан хашаа барьсан. Газар хашаа руугаа нэвтрэх бүрд жорлонгоо ав, яагаад хашаан дундуур яваад байна гэж загнах болсон. Гэвч түүний барьсан анхны хашаа нь тухайн үедээ бидний орц, гарцыг хаагаагүй байдлаар баригдсан болохыг цохон тэмдэглэж байна.

Бид орц гарц маргаантай болж эхэлсэн үе буюу анх 2006 оноос дүүргийн Газрын албанд өргөдөл өгч Нийтийн эзэмшлийн орц, гарц чөлөөлөх эхний "Шаардах хуудас-ыг өгсний дараа В.Т түүний нөхөр нар хашаагаа 2 жилийн турш орхин явсан. /Миний бие П.Д, н.Ур нарын хамт 2 удаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгсөн. Шаардах хуудас мөн хоёр удаа өгч байснаа баримтаар нотолж чадах бөгөөд Нийслэлийн Архиваас хариу авсны дараа шүүхэд гарган өгөх болно. /Одоогоор өөрт байгаа нэг өргөдлийг хуулбарлан хавсаргав./

2008 онд дахин уг газарт ирэхдээ баруун талынхаа айлын хашаа нурсныг /тухайн үеийн эзэмшигч н.Ур нь газраа бүхэн хашаалаагүй байсан/ далимдуулан тухайн айлын газар руу халдан н.Урийн газар руу түрж орон хашаа барьж газраа тэлсэн. Үүнийг /П.Д/ н.Урийн анхны кадастрын зургийг одоо байгаатай нь харьцуулахад төвөггүй мэдэж болно. Тухайн үед би В.Т болон түүний нөхөр У.М нарт та нар айлын эзэнгүй байгааг нь далимдуулан хашааны газрыг өөрийн болголоо, ингэж дураараа хуульгүй мэт авирлаж болохгүй гэж хэд хэдэн удаа хэлж байсан боловч үл тоосон.

В.Т 2008 онд захирамж гаргуулан кадастрын зураг зуруулахдаа миний мэдэхээр 4-5 айлын эрх, болон ашиг сонирхлыг зөрсөн болохыг Ч.Б*******, Г.Б миний бие 2021 оны 04-р сард нэгэн зэрэг мэдсэн.

Намайг 2006 оноос хойш өөрийн газраа хуваалган ээж Д.Хд эзэмшүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиход Д.Хгийн орц, гарцыг хоёр айлынхаа хүмүүсийг дуудаж ирэн зөвшөөрүүлэхээс нааш орц, гарц гаргахгүй гэсэн атлаа В.Тгийн газрыг баталгаажуулахдаа эрх ашиг хөндөгдсөн иргэдэд мэдэгдээгүй.

Газрын зохион байгуулалтын алба мэргэжлийн алдаа гарган газрын бодит үзлэг хийгээгүйн дээр эрх болон ашиг сонирхол нь зөрчигдөж буй иргэдэд хэлж мэдэгдэлгүйгээр бидний мэдэх эрхийг зөрчин хоёр айлын орж, гардаг гудамжийг айлын хашаанд оруулсан. Энэ үйлдэл нь нэг зэрэг Ч.Б, Г.Б бидний хоёр айлын урд хэсэгт байрлах 2-3 айлын кадастрын зургийг өөрчлөгдөхөд хүргэсэн бөгөөд ийм байдалд хүрээд байгааг эдгээр айлууд олон жилийн турш мэдээгүй байв.

2021 оны 04 дүгээр сард баруун тийш харуулж барьсан хашааны хаалгаа өөрчлөн чанх урд тал руу болгон төмөр хашаа татан цоож зүүгээд явсан байснаас хашаандаа ирсэн ээж дүү хоёр маань гэр рүүгээ орж чадалгүй буцсан. Дараа долоо хоногт нь дахин очихдоо В.Ттай таарсан бөгөөд ээжид түлхүүр өгөөд мод тарьж байгаа модоо хамгаалах гэж хашаагаа өөрчилсөн гэж тайлбарласан байв.

Байдлыг газар дээр нь харахад: В.Т нь 2021 оны 04 дүгээр сард айлууд зусландаа гараагүй эзгүй байх үеийг далимдуулан анхны нэг айлын газраа урагш сунган барьсны дээр бидний орц, гарц байх яг тухайн хэсэгт хашааны хаалгаа байрлуулан цоожилсон байсан.

Тухайн үед би утас /99*******/ руу нь залгахад: Надад мөн дээрхийн адил зүйлийг хэлсэн бөгөөд модоо ургахаар хуучин хэвд оруулаад хашаагаа авчихна, ээж, дүү нарт чинь түлхүүрээ үлдээсэн шүү дээ гэж хэлсэн. Үүний хариуд би: Бусдыг эзэмшил газар, гэр орондоо орох гарцыг хашаандаа оруулсныг чинь яагаад ч зөвшөөрөхгүй шүү, энэ гудамж хэний ч эзэмшилд ороогүй газар болохоор хашаагаа даруйхан буулгаж өмнө байсан байдалд нь оруул гэж шаардсан.

Манайх 2021 оны 06 дугаар сард зусландаа гарсан бөгөөд В.Т нь орж, гарах бүрд хашаан дундуур явлаа, зүлэг халцаллаа, хашааны хаалга хаасангүй гэх мэт хэрүүлийг үүсгэн бидний эрх, ашиг сонирхолд илт дарамттай байдлаар халдаж эхэлсэн. Сүүлдээ В.Т: Би танай хоёр айлыг энэ гудмаар чинь орж, гаргах эрхгүй болгож чадна шүү гэсэн. Ингэж сүрдүүлэхдээ тулж байгаад гайхаж цочирдон: Юу болоод байгааг мэдэхээр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын алба дээр очиж н.М******* байцаагчтай уулзаж хоёр айлын гудам В.Тгийн эзэмшилд орсон бөгөөд энэ үйл явдал 2008 онд болсныг анх мэдэж авсан. Энэ байдлыг Ч.Бд бид хоёр урд талын айлуудад хэлж мэдэгдсэн.

2006 онд хатгасан хашаагаа хоёр жилийн турш орхин явсан. 2008 онд өөрт ашигтай кадастрын зураг зуруулж, захирамж гаргуулсан атлаа 14 дэх жилийн хойно гэнэт гудамжийг хашаандаа оруулж эзэн гэдгээ илт мэдэгдэж одоо хохирогч болсон мэтээр нэхэмжлэл гаргаж яваа В.Тгийн олон жилийн турш хийж ирсэн үйлдлийг иргэн хүний хувьд дүгнэж үзэхэд:

1.Өөрөө хөөцөлдөн явж 2008 онд /анх энэ газар бууснаасаа хойш 2 жилийн дараа/ зуруулсан кадастрын зургаа бидний хэдэн айлуудыг хохироон хэлж мэдэгдэхгүйгээр зуруулсан, тэнд байгаа бүх айлуудаас сүүлд суурьшсан гэдгээ мэдэхийн хувиар аль болох цаг хугацаа хожин нэлээн хугацаа өнгөрсний дараа бидэнд мэдэгдэх, улмаар тодорхой хугацааны дараа зарга маргаан үүсгэх гэж /2008-2021 буюу 4 жил/ хүлээн өөрт ашигтай гэж үзсэн үедээ ийнхүү гудамжийг хаасан зэрэг нь олон жилийн турш төлөвлөж бэлтгэсэн үйлдэл гэж гэж үзэж байна. Энэ нь мөн Газар зохион байгуулалтын албаны байцаагчид олон дахин солигддогийг ашиглан хууль бус үйлдлээ хууль ёсны болгох гэсэн хүлээлт байсан байна. Учир нь 2006 онд түүнийг анх хашаа барихаас эхэлсэн орц, гарцын хэрүүл маргааныг шийдвэрлүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албад П.Дгийн дараах эзэмшигч н.Урийн хамт хандан өргөдөл өгсөн. Шаардах хуудас өгүүлснийг мэдэж байснаас үүдэлтэйгээр хашаагаа орхин явж байгаад 2008 онд эргэн ирсэн байна.

2.Биднийг 2021 оны 04 дүгээр сард болон 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ч шүүгч таны хамт тухайн газарт очиход мод тарчихжээ гэж харахаар зүйл байгаагүй, бөгөөд мод тарьсан гэх, түлхүүр үлдээх, мөн хашаалснаас хойш хэсэг хугацааны дараа биднийг миний хашаагаар явлаа гэж хэрүүл үүсгэн, сүүлдээ сүрдүүлж эхэлсэн зэрэг нь анхнаасаа түүний: Бидний хоёр айлыг түр аргацаах, төөрөгдүүлэх зорилготой заль байсан гэж ойлгож байна.

3. дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрч, Газар зохион байгуулалтын албатай тохиролцсон шийдвэрээсээ буцан /Хоёр айлын хашаагаа хоёуланг нь Хуурай мухар руу хойшоо давдаг буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах уг зам руу тулган хоёр дахь удаагаа сунгасан/ уг захирамжийг хүчингүй болгуулахын тулд ...газрын албаны шахалт дарамтад орсон хэмээн нэхэмжлэл гаргасан нь Хуурай мухар руу давдаг замыг Хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусган албан ёсны нийтийн эзэмшлийн зам болбол өөрийн хашаа татагдан газрын хэмжээ багасна гэсэн болгоомжлолоос нь үүдэлтэй гэж дүгнэж байна.

Нэхэмжлэгчийн баруун талын айлын зүүн захад байгаа буюу одоогоор орц гарцын хоёр талд зоосон төмөр шонгийн цаадах баруун айлтайгаа нийлсэн хэсэгт байх газар /75м.кв/-ыг нэхэмжлэгчийн эзэмшлээс хасуулах, ашиглаж ирсэн гудамжийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь тэнд байх 2000 оноос суурьшсан олон айлын эрх ашигт нийцсэн бодитой бөгөөд хэний ч эрх ашгийг хөндөөгүй шийдвэр байх болно /Зураг хавсаргав/.

Учир нь энэ /75м.кв / хэсэг нь нийтийн эзэмшлийн газар байсан бөгөөд тэнд байсан хоёр айлын жорлонг өдөр бүр дарамтлан нүүлгүүлсний дараа бидний орхисон хуучин нүхэн дээр тоосгон жорлон барьж түүгээрээ түрүү барин энэ газарт миний жорлон байгаа болохоор энэ миний газар байх ёстой гэж Газар зохион байгуулалтын албаны байцаагчдад ойлгуулж 2008 онд кадастрын зургаа зуруулсан гэж дүгнэж байна.

Би өдийг /54 жил/ хүртэл энэ нийгэмд амьдрахдаа В.Т шиг хэтэрхий бүдүүлэг, улам ахиж даварсан, зальтай, жүжигтэй хүн харж байгаагүй. Газрын алба түүний эрхийг ч хүндэтгэн нэг айлын газрыг нь хоёр болгохыг зөвшөөрч улмаар бидний гудамжны талбайн хэмжээгээр зүүн тал руугаа хашаагаа сунгахыг зөвшөөрөх тусам улам дур зоргоороо авирлаж байгааг таслан зогсоох нь шударга ёсонд нийцнэ.

Мөн нэхэмжлэгч нь миний нөхрийг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтуу байсан гэж үндэслэл, нотолгоогүйгээр гүтгэсэн байсан. Хуучин бетонон суурьтай анх барьсан хашааг буулгасны улмаас нүх гарч уг нүхэнд бидний хоёр айлын хүүхэд тоглож яваад унах, харанхуйд машиныхаа дугуйг оруулан машинаа бага зэрэг гэмтээх зэрэг тохиолдлууд гарч байсан нь үнэн юм. гэжээ.

8.2.Гуравдагч этгээд Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай санал нэг байна. Миний хувьд өөрийнхөө албан ёсны тайлбарыг 2023 оны 03 дугаар сарын 06-ний шүүх дээр маргаан үүсгэсэн байгааг мэдээд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Иргэн Тгийн газрын хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэдэгтэй санал нэг байна. Энэ асуудал маш эртнээс яригдаж байгаа. 2008 оноос манай газрын гэрчилгээ гарч 2014 онд хууль ёсны эзэмшигч нь болсон. 2008 оноос өнөөдрийг хүртэл энэ газар амьдрахдаа энэ орц, гарцаар зорчиж байсан. Иргэн В.Т бетонон суурьтай хашаа барьсан байгаа зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. 2020 онд В.Т нүүж ирээд 2021 оны 05 дугаар сард дур мэдэж газраа тэлж барьсан байсан. Үүнээс болж бидний орж, гарах эрх зөрчигдсөн. Тиймээс би хуулийн дагуу орц, гарцтай байх эрхээ хангуулахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 06 дугаар сард хандсан. Энэ асуудал шийдэгдэхгүй байсан. Иргэн В.Тгийн нэхэмжлэлд байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон хөршүүдийн зүгээс дарамт шахалт ирсэн гэснийг үгүйсгэж байна. Тухайлбал 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны дараа нэмэлтээр В.Тгийн дүүргийн Газар зохион байгуулалтын алба надаас гуйгаад харилцан зөвшилцсөн гэх утга бүхий дүрс бичлэгийг шүүгчид өгсөн. Энэ бичлэгт хувь хүний зүгээс хор шартай ба түүнээс болоод ийм хандлага гаргаж байгаа гэдгийг өөрөө хэлсэн. Ийм байдалтай хүн байгаа. Энэ хүн өөрөө дур мэдэж хашаагаа тэлж бусдад хор хохирол учруулаад, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өөрийнх нь эрх ашгийг хангах зорилгоор дур мэдэж тэлсэн талбайг нь 700м.кв болгож өгсөн байхад нь тэлж барьсан хашааг нь хэвийн байдалд шилжүүлэх талаар ярихгүй байгаа нь хэтэрсэн асуудал гэж харж байна. Мөн энэ асуудлын хүрээнд зөвхөн миний биш Г.Б, Д.Х нарын эрх ашиг хөндөгдөнө. Нэг хүн бусад хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа. Энэ асуудал сүүлийн 2, 3 жил зусландаа гарч чадахгүй шалтгаан. Үүнээс үүдэж сэтгэл санааны хувьд тухгүй нөхцөл байдал үүсгэж байгаа. 2022 оны турш дүүргийн Газрын албанд очиж энэ асуудлаа тайлбарлаж хэлсэн, Авлигатай тэмцэх газарт хандаж байж Газар зохион байгуулалтын албаар энэ шийдвэрийг гаргах нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Гэвч энэ хүн өөрийнх нь зөвшөөрсний дагуу шийдвэр гаргуулсан байж дүрс бичлэгт Кадастрын зураг шинэчлэгдсэн. Одоо асуудал байхгүй. Гэхдээ би хаалгаа буулгахгүй, та нар энүүгээр орч гарч бай. Энэ миний хүссэн шийдэл биш. гэж хэлдэг. Энэ айлын орц, гарцаар олон удаа гарсан гээд яаж дарамталж сүрдүүлж байсан бэ гэдэг нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ хүн зан төлөв өдөр бүр хувьсаж байдаг. Ийм шалтгаануудаас болоод бидний тайван амьдрах орчин, нөхцөл хангагдахгүй байна. Иргэн В.Тд Газар зохион байгуулалтаас гаргаад өгсөн шийдвэрээр В.Т болон М.Б нарын аль алиных нь орц, гарцын эрх хангагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр иргэн В.Т, М.Быг орц, гарцтай болгоё гэсэн ямар ч үг, үсэг байгаагүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч талаас М.Б болон Ч.Б нарын орц, гарцыг Ц.Гийн орц, гарцаар шийдүүлэх тухай ярьж байна. Миний зүгээс үүнийг үндэслэлгүй, шинэж санал дэвшүүлж байна гэж харж байна. Бид нарт бэлэн байгаа орц, гарц байхад В.Тгийн газрыг өөрчлөөд, өдөр болгон Ц.Гийнхийг нар зөв тойроод М.Б гэртээ орох уу? Үүнийг ойлгохгүй байна. Яагаад өнөөдөр М.Б манай газрын урдуур орц, гарц гаргах тухай ярьж байгаа юм бэ? Энэ нь нэхэмжлэлийн шаардлага дээрх замаас ойрхон орц, гарц гаргуулна гэсэн агуулгатай нийцэхгүй байна. Тиймээс одоогийн байгаа Газар зохион байгуулалтын албаны шийдвэр нь В.Т, М.Б, Ч.Б нарын орц, гарцын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Бид 20 гаруй жил энэ замаар орж гарсан, миний зүгээс газрын төлөө шунасан асуудал байхгүй. Д.Х, Г.Б яг манай урдуур зорчиж явдаг. Түүнийг кадастрт тусгуулж болно гэдгээ Газар зохион байгуулалтын албанд хэлсэн. Кадастрын албаас газар нөхөж олгох боломжтой гэж ойлгуулсан. Тиймээс үүн дээр татгалзах зүйл байхгүй. Харин Ц.Гийн газрыг тойрч М.Бт орц, гарц гаргахыг би зөвшөөрөхгүй. 2021 оны 07 дугаар сарын 07-нд Газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний шийдвэрийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна. Гэвч миний зүгээс энэ мэдэгдэх хуудас болон шаардах хуудсыг үндэслэл бүхий гэж харж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлага дээр иргэн В.Тгийн бичиг баримтууд 2014 оноос эхэлж бичигдсэн байсан. 2014 оноос хойш авч үзвэл, үүнээс өмнө бид нарын бүх бичиг баримт гарсан байсан. Газар зохион байгуулалтын албанаас бусдын орц, гарцыг хааж газар олгосон энэ шийдвэрийг би алдаатай шийдвэр гэж харж байна. В.Тгийн тэлж барьсан газрыг Газар зохион байгуулалтын албанаас албан ёсны болгож олгосон. Тэгэхэд нэхэмжлэгч талаас үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Ц.Гийг олон нийтийн орц, гарцыг хаасан гэдэг. Гэтэл 2021 онд В.Т өөрөө дур мэдэн нийтийн эзэмшил газар руу тэлсэн байсан. Ингэж тэлж байгаа үйлдэл нь энэ хүний зан төлөвийг харуулж байна гэж бодож байна. Гэвч энэ хүн дараа нь хохирогчийн дүрд ордог. Энэ хүнийг хуульд нийцэж, бусдын эрх ашгийг хүндэлж амьдраасай гэж хүсэж байна. Эцэст нь энэ хүн 700 м.кв талбайгаа авч үлдээд, 75 м.кв талбайг нэмж байж яаж хохироод байгаа нь ойлгомжгүй байна. Иргэн В.Т тэр газрыг хашаалснаас бусдаар ашиглаж байгаагүй. Энэ бүх маргааны эх үүсвэрийг мод тарьсан гэдэг үгээр халхалдаг. Гэвч үгүй, энэ хүн өөрийн эзэмшил газартаа мод тарихыг бид үгүйсгэхгүй. Иргэн В.Тгийн хувьд нийтийн эзэмшил газар мод тарьчхаад биднийг орж, гарлаа гээд биднийг дарамтлаад байж болохгүй. М.Бын хувьд орц, гарц хангагдаж байгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй. Учир нь В.Ттай холбоо хамаарал бүхий орц, гарц нь зарагдсан дараа нь ч энэ газрын маргаан үргэлжилнэ. Мөн 2006 онд Г.Бгийн гаргасан өргөдлийн дагуу 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Газар зохион байгуулалтын албаны байцаагчийн гарын үсэг бүхий шийдвэрт 2021 онд Газар зохион байгуулалтын албанаас албажуулсан энэ газраар орц, гарц гаргах нь зөв гэж гарсан. Энэ шийдвэрийг тухайн үед нь баталгаажуулаагүй нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж харж байна. Энэ хүний хэт их дураараа аашилсан үйлдлийг хуульд нийцүүлэн зогсоох тухай асуудал яригдаж байна. Байгалийн үзэгдлийн үед гарч байгаа хүндрэлүүд, хүний үл хөдлөх хөрөнгөд халдаж болзошгүй эрсдэлүүдийг нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрээ гаргаасай хүсэж байна. гэв.

8.3.Гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний эрх ашиг хөндөгдсөн байгааг 10 гаруй жилийн дараа мэдсэн. Миний хувьд Газар зохион байгуулалтын албанд 2003, 2006 онуудад өргөдөл өгч байсан. 2003 онд Газар зохион байгуулалтын албанд 2 удаа хүсэлт гаргаж өгсөн. Т бусдын эрх ашгийг зөрчиж байгаагаа сайн мэдэж байсан. Газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгөөд явж байх үед өмнө нь газар эзэмшиж байсан н.Ур, н.Мтай уулзаж байсан. Гэтэл В.Т мэдсээр байж 2-3 айлын орц, гарцыг дур мэдэж хашаандаа оруулаад кадастрын зураг зуруулсан үйлдлийг нь гайхдаг. Газар зохион байгуулалтын алба 2008 онд олон иргэний орц, гарцыг нэг хүний газарт оруулж ашиг сонирхлыг нь зөрчиж В.Тд газар олгосон үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Яагаад кадастрын албанд бусдын газрыг орц, гарцыг өөрийнхөө газарт оруулж кадастрын зураг зуруулах хүсэлт гаргасныг ойлгохгүй байна. Төрийн албаны ажилчид олон дахин солигддог, энэ байдлыг ашиглаад өөрийнхөө эрх ашгийг хангуулж бидний эрхийг олон жил хохироосон. 2021 оны 04 дүгээр сард газар дээрээ очиход В.Т хашаа барьсан байсан. Тэр үед би өөрөө очоогүй, миний ээж, дүү хоёр очсон. Очоод юу болсон бэ? гэхэд В.Т Би мод тарьж байгаа, модоо хамгаалаад хашаа барьсан гэдэг тайлбарласан. Ч.Бд бол баруун айлын чинь Г.Б зөвшөөрсөн гэж хэлсэн байсан. Би энэ байдлыг мэдчихээд Яагаад хүний орц, гарцыг хашаандаа оруулж байгаа юм бэ? Би энийг зөвшөөрөхгүй шүү гэж хэлж байсан. Эхлээд бидэнд түлхүүр өгсөн. Эхлээд хашаан дундуур нь асуудалгүй хашаан дундуур нь орж гараад явж байсан. Сүүлдээ орж гарах болгонд зүлэг муухай болголоо, хашаан дундуур олон удаа орж гарлаа гэдэг болсон. Тэгэхэд нь би Чи яагаад ингээд байгаа юм бэ? Бид нар хууль ёсны орц, гарцаараа орж гарч байна гэхэд 2021 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Би та нарыг орц, гарцгүй болгож чадна шүү гэж сүрдүүлсэн. Тэр үеэс би энэ хүнийг ямар учраас ийм бүдүүлэг үйлдэл гаргаад байна гэж хардаж эхлээд 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр өөрийнхөө өргөдлийг Газар зохион байгуулалтын албанд өгч н.М******* байцаагчтай уулзсан. Тэгэхэд танай орц, гарц энэ биш, 2008 онд шийдвэр гараад орц, гарц чинь В.Тгийн кадастрын зурагт орсон гэж хэлсэн. Үүнээс хойш Газар зохион байгуулалтын алба болон бусад төрийн байгууллагуудад өргөдөл өгсөн. Би 23 жил ашигласан орц, гарцаа буцааж авч өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахыг хүсэж байна.

Гуравдагч этгээд Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар нэг зүйл хуулийн дагуу явах хэрэгтэй гэж бодож байна. Зусландаа очмоор байгаа ч бүх зүйл хориотой байгаа нь хэцүү байна. Ингэж чирэгдэл учруулж олон дахин нааш, цааш явах нь надад эрүүл мэнд талаас хэцүү байна. Даруй хуулийн дагуу зөвөөр шийдээд өгөөсэй гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч В.Т, М.Б нараас дүүргийн Засаг даргад холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар В.Т, М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх олгосон, мөн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэж захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн агуулгаар нэхэмжлэлээ гаргаж байгаа... гэж тайлбарлаж, тэмдэглэлд тусгуулсан.

2.2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа  дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын 18******* дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх олгосон гэж тодорхойлсон нэгж талбарын дугаар нь техникийн алдаатай, нэг тооны зөрүүтэй байх тул хэрэгт авагдсан гэрчилгээ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагааг тус тус үндэслэн  гэж зөвтгөснийг дурдах нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч тал ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бусдыг зорчих орц, гарцыг хаасан тул хашаа барьсан газраа чөлөөл гэх агуулгатай шаардах хуудас ирүүлсэн. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас В.Т, М.Б нарын хүсэлтийг Ц.Гийн газрын кадастрын зургийг үндэслээд шийдвэрлэх боломжтой байсан. Тийм байхад газар эзэмших эрхийн зөрчил гаргаагүй иргэн В.Т, М.Б нарын эрхийг ноцтой зөрчиж байна. В.Тгийн эзэмшил газрыг дундуур нь хөндлөн огтолж орц, гарц гаргаж хоёр тусад нь гэрчилгээ олгосон... Тухайн үед Ч.Б, Г.Б нарын Газар зохион байгуулалтын албанд хандаж байхад шийдвэр гаргахдаа кадастрын зургаа үндэслэж шийдээгүйн улмаас энэ асуудал үүсэж байна гэж дүгнэж байна. гэж,

3.1.Харин хариуцагч талаас ...Нэхэмжлэл гаргаж байгаа субьектууд өөрсдөө газрын хэмжээндээ өөрчлөлт оруулъя гэж хүсэлт өгөөд захирамжаа гаргуулсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний дугаар захирамжаар энэ асуудал нь шийдэгдсэн байгаа... Газрын тухай хуулиар Монгол улсын иргэн бүр заавал 700 м.кв талбайг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй... эргэн тойрны 4-5 айлын эрх ашиг хөндөгдөж байгаа. Яг үнэндээ дугаар захирамжаар 700 м.кв талбайг нь 625 м.кв, 75 м.кв гээд өөрийнх нь хүссэн хэмжээгээр В.Тд хуваагаад олгосон... газар дээр нь захиргааны байгууллагаас очоод хэмжилт хийх гээд очиход 625 м.кв талбайг өөрсдөө сунгаад, нэмээд 82.4 м.кв талбайг нэмээд 707.4 м.кв талбайгаар хашаа хийсэн байсан. Тэр нэгж талбайг өмчлөх гээд байвал тэрийгээ өмчилж болно. Түүнийг захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрөөд, захиргааны акт гаргах замаар асуудлыг шийдэж болно... Тэгвэл бид захиргааны актаа хүчингүй болговол энэ хүний эрх ашиг дахиад хөндөгдөнө... Иргэн эзэмшиж байгаа болохоос бүх газар төрийн өмч... хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

3.2.Гуравдагч этгээд Ч.Б ... В.Тд Газар зохион байгуулалтаас гаргаад өгсөн шийдвэрээр В.Т болон М.Б нарын аль алиных нь орц, гарцын эрх хангагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр иргэн В.Т, М.Быг орц, гарцтай болгоё гэсэн ямар ч үг, үсэг байгаагүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч талаас М.Б болон Ч.Б нарын орц, гарцыг Ц.Гийн орц, гарцаар шийдүүлэх тухай ярьж байна. Миний зүгээс үүнийг үндэслэлгүй, шинэж санал дэвшүүлж байна гэж харж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага дээрх замаас ойрхон орц, гарц гаргуулна гэсэн агуулгатай нийцэхгүй байна. Тиймээс одоогийн байгаа Газар зохион байгуулалтын албаны шийдвэр нь В.Т, М.Б, Ч.Б нарын орц, гарцын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж, гуравдагч этгээд Г.Б Газар зохион байгуулалтын алба 2008 онд олон иргэний орц, гарцыг нэг хүний газарт оруулж ашиг сонирхлыг нь зөрчиж В.Тд газар олгосон үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа... 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр өөрийнхөө өргөдлийг Газар зохион байгуулалтын албанд өгч н.М******* байцаагчтай уулзсан. Тэгэхэд танай орц, гарц энэ биш, 2008 онд шийдвэр гараад орц, гарц чинь В.Тгийн кадастрын зурагт орсон гэж хэлсэн. Үүнээс хойш Газар зохион байгуулалтын алба болон бусад төрийн байгууллагуудад өргөдөл өгсөн. Би 23 жил ашигласан орц, гарцаа буцааж авч өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахыг хүсэж байна гэж, гуравдагч этгээд Д.Х Ямар нэг зүйл хуулийн дагуу явах хэрэгтэй гэж бодож байна. Зусландаа очмоор байгаа ч бүх зүйл хориотой байгаа нь хэцүү байна. Ингэж чирэгдэл учруулж олон дахин нааш, цааш явах нь надад эрүүл мэнд талаас хэцүү байна гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар М.Бид дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Шарга морьт байршилд 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг газрыг В.Тд шилжүүлэх тухай хүсэлтийг В.Т, М.Б нар гаргажээ.

4.1.Дээрх хүсэлтийн дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар захирамжаар В.Тд Шарга морьт гэх байршилд 699 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлэн олгосон байна.

4.2.Улмаар В.Т, М.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтийн агуулгад ...хөрш айлуудын орц гарцын асуудлыг шийдвэрлэх зорилгоор газрын албатай тохиролцсоны дагуу өргөдөл гаргасан... гэжээ.

4.3.Ийнхүү В.Т, М.Б нарын хүсэлтэд үндэслэн дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай захирамжаар В.Тд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар олгосон нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын хэмжээг 625 м.кв, 75 м.кв болгон өөрчилсний дагуу, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын дугаар бүхий 625 м.кв, 1462804330 дугаар бүхий 75 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

4.4.Энэхүү захирамжийн үйлчлэлээр нэхэмжлэгч В.Тгийн эзэмшлийн 700 м.кв газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгч М.Б болон хөрш иргэдийн орц, гарцыг гаргах зорилгоор хувааж, орц, гарц гаргахад зориулагдсан хэмжээг захын хэсэгт нэмж олгосон нь газрын мэдээллийн сан дахь зураг болон шүүхийн үзлэгийн явцаар тогтоогдсон болно.

4.5.Тодруулбал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/824 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар бүхий түүхчилсэн зурган мэдээллээр нэхэмжлэгч В.Т, М.Б нарын эзэмшил газрын хэлбэрт нь өөрчлөлт орж, дундаа завсартай 2 нэгж талбар болсон нь нотлогдож байна.

4.6.Өөрөөр хэлбэл дээрх албан бичигт авагдсан 2016 оны 02 дугаар сарын архивын мэдээлэлд буй хөрш залгаа М.Бын 18 дүгээр, В.Тгийн , Л.Бгийн 18*******, Ц.Гийн эзэмшлийн 18******* дугаар нэгж талбар бүхий газруудын хэлбэрт өөрчлөлт оруулж, орц гарц гаргасан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

5. дүүргийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг хууль зүйн голлох үндэслэл болгосон байна.

5.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж, 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж тус тус зохицуулжээ.

5.2.Дээрх хуулийн зохицуулалтаар дүүргийн Засаг дарга газар эзэмшигч В.Т, М.Б нарын хүсэлтийг үндэслэн эзэмшил газрын байршил, хэмжээнд халдахгүйгээр орц, гарц гаргахад зориулагдсан хэмжээг захын хэсэгт нэмж олгох замаар орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.6.газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах гэж тус тус заасны дагуу хариуцагч нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд газрын талаар төрөөс баримтлах зарчмыг хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

6.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.4.үр нөлөөтэй байх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж тус тус заасан.

6.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...В.Тгийн эзэмшил газрыг хоёр хувааж, хуваагдаж салсан газар бүрд нь хоёр тусдаа гэрчилгээ гаргасан нь В.Т, М.Б нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлах боловч ийнхүү зохион байгуулснаар М.Бын эзэмшил газрын орц гарц В.Тгийн эзэмшил газраас тусгаарлагдаж байгаа энэ тохиолдолд газар эзэмшигчийн хувьд эерэг нөлөөтэй гэж дүгнэх үндэслэлтэйн дээр бусад газар эзэмшигч нарын тэгш байдлыг хангах зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг нэгэн адил хангасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

6.2.Мөн шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг очиж хийхэд маргаан бүхий акт нь хээрийн судалгаанд үндэслэсэн, газар өмчлөгч, эзэмшигчдийн эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндэд аюулгүй, хамгийн тохиромжтой шийдвэр болсон байх ба өмнө нь тухайн зуслангийн газарт газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүйгээс гаргасан алдаагаа арилгаж нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн шийдвэрийг хууль болон бодит байдалд нийцсэн гэж үзсэн болно.

6.3.Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ шаардах хуудас өгч, дарамталж хүсэлт бичүүлж авсан гэж тайлбарлах боловч энэ талаараа эрх бүхий байгууллагад хандаж шалгуулаагүй, нөгөөтэйгүүр шаардах хуудас өгч газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон тохиолдолд ийнхүү маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаа шигээ эрхээ хамгаалах хууль зүйн боломжтой байсан байх тул дарамталж хүсэлт бичүүлсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

6.4.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан  дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар В.Т, М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын 18******* дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх олгосон, мөн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлахдаа ... ямар нэгэн зөрчилгүй шударга эзэмшигч В.Т болон М.Б нарт үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлэх замаар өргөдөл бичүүлэн авсан ... гэх боловч илт хууль бус захиргааны актын тухайд алдаа нь илэрхий, хэн ч харсан илтэд хууль бус байхыг шаарддаг. Харин энэхүү маргааны тухайд маргаан бүхий акт илт хууль бус байх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус актын хувьд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу маргаж буй актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Т, М.Б нарын дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар В.Т, М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Тд эзэмших эрх олгосон, мөн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА