Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/70

 

Б.М-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2919 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр Б.М-д холбогдох эрүүгийн 2006000002278 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М-, 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Б.М- нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын хажууд иргэн Л.С-ын шилэн хүзүү дээрээс нь барих зэргээс хүч хэрэглэж түүний өмсөж явсан хар өнгийн пүүз, “Samsung J7” загварын гар утас зэргийг авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулия” төвийн хажууд иргэн Л.Б-ий нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу Б.Э-ыг унтаж байхад нь завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 229 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт тусгасан 1, 2, 3 дахь заалтуудыг гүйцэд биелүүлээгүй орхигдуулсан, 2. Нэмэлт мөрдөн байцаалтын үед өгсөн хохирогч Л.Б-ий мэдүүлэг нь гэрч Б.Х-, Б.З- нарын мэдүүлгээс илт зөрүүтэй байх тул хохирогчийг гэрч нартай тус тус нүүрэлдүүлж мэдүүлэх авах, 3. Хохирогч, яллагдагчийн мэдүүлгүүдийн дагуу н.Б, н.Ба гэгч этгээдүүдээс Б.М- нь Б.Э-ын автомашиныг түүний зөвшөөрөлтэй авч явсан эсэх талаар гэрчийн мэдүүлэг тус тус авах зайлшгүй шаардлагатай. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын зүгээс Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн 2006000002278 дугаартай хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн юм.

            Хохирогч Л.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд түүний “...би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” гэх нэртэй газраас архи авахаар ганцаараа үлдсэн. Баянзүрх зах руу эргэдэг зам дээр үл таних 18-19 настай эрэгтэй хүн гарч ирээд чи зайлдаа гээд байсан. ... тэгээд надтай анх маргалдсан залуу нь миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар аль нь чамайг зодсон юм гэхээр нь намайг өшиглөсөн гэх залууг барьж авсан. ... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан доод уруулын шарх гэмтлийг анх надтай маргалдсан залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөхөд үүссэн гэмтэл байна. Миний нүүр рүү өшиглөсөн залуу нь тухайн үед дээгүүрээ нүцгэн, 2 гарын шуу хэсэгтэй шивээстэй, цагаан өнгийн өмдтэй залуу байсан. ...” /хх 50-56/,

            - гэрч О.Цэндсүрэнгийн “...би 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 23 цагийн үед бөхийн өргөөний хажууд 2 найзын хамтаар пиво уусан. 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 01 цагийн үед “Жулия” гэх нэртэй газраас пиво авсан. 03 цагийн үед ахиж пиво авах гээд явтал миний таних Баясаа нь үл таних залуугийн доор орчихсон зодуулж байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг түлхчхээд эргээд явсан. Тэр үед Баясаа нь босож ирээд тухайн үл таних залууг өшиглөж байх шиг байсан. ... би тэр үл таних залууг цохиж зодсон асуудал байхгүй. ...” /хх 57-60/,

            - гэрч Б.Х-гийн “...найз М-, Цэндсүрэн хоёртой таарсан. Тэгээд Цэндсүрэнтэй хамт юм яриад “Жулия” дэлгүүрийн доошоогоо алхаад явж байхад М- ТҮЦ дээр үлдсэн. Тэгээд Цэндсүрэн бид 2 юм яриад байж байхад автобусны буудал дээр зодоон болсон Цэндсүрэн бид 2 очиход М- нь нэг залуутай хамт газар унасан тэврэлдсэн байдалтай байсан. Тэгээд Цэндсүрэн бид 2 болиулаад зодооныг нь салгасан. Тэгэхэд М- болон нөгөө залуу 2 нэг нэг рүүгээ орилоод агсраад байсан. Би тухайн М-тай   маргалдсан   залууг   би   бариад   М-г  болохоор Цэндсүрэн бариад үлдсэн. Би тухайн залууг тэврээд автобусны буудлаас зүүн тийшээ авч явсан, гэхдээ нээх холдоогүй. Тэгээд болиулчхаад би яваад өгсөн....би очиж тухайн залууг өшиглөөгүй. Би ер нь бол зодооноос хол байдаг хүн, намайг өшиглөөгүй гэдгийг Цэндсүрэн мэдэж байгаа. ...Би эрүүл байсан, мөн Цэндсүрэн эрүүл байсан, М- согтуу байсан зодоон хийсэн гэх залуу бас согтуу байсан...Тухайн “Жулия” дэлгүүр рүү эргэж ордог уулзвар дээр байдаг ТҮЦ-ний худалдагч охин байсан. Тэр охин бол эхнээс нь авахуулаад дуустал нь зодооны хажууд байсан. ...” /хх 207/,

            - гэрч Б.З-гийн “...тэр 2 хоорондоо зодолдоод газар унасан, хэн нь дээр хэн нь доор нь байсныг анзаараагүй, тэгээд байж байхад зүс таних Х- гэх залуу бас нэг өндөр залуугийн хамт ирээд зодоон хийгээд хэрэггүй гээд зодолдсон байсан 2 залууг салгасан. Х- ах тэр залууд ерөөсөө хүрээгүй яв гээд явуулсан. Тэгсэн гоймон идэж байсан залуу буцаж ирээд орилоод хэрүүл хийгээд байсан. ...” /хх 218/ гэсэн мэдүүлгүүд,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9006 дугаартай “...1.2. Л.Б-ий биед доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” /хх 64-65/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлон тогтоогдсон.

            Анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 229 дугаартай захирамжийн заалтыг биелүүлж, мэдүүлгийн зөрүүг арилган гэрч Б.З-гаас мэдүүлэг авсан атал шүүхээс тухайн мэдүүлгийг нотлох баримтыг огт үнэлээгүй байна.

            Хохирогч Б.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн тухайд түүний цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 147/,

            - таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 222-228/,

            - хохирогч Б.Э-ын “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хангамжийн автобусны буудал дээр 68 дугаар сургуулийн доод ангийн дүү Б.М-тай уулзсан. Тэгээд 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны тийшээ Б.М-гийн эмээгийн хашаа байшинд нь очсон. Тэр байшинд М-гийн хамаатны ах нь нэг найзтай нь хамт байсан. Тэгээд бид нар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууцгаасан ба би ууж байх явцдаа жоохон унтаж архиа гаргая гэж бодоод 18 цагийн үед унтсан. Ингээд 08 цагийн үед унтаад сэрсэн чинь миний машин байхгүй байсан. Би унтахдаа түлхүүрээ өмднийхөө халаасанд хийгээд унтсан. Би байшин дотор хүн байгаа эсэхийг харахад М-гийн найз нь ахтай нь хамт унтаж байсан. Тэгэхээр нь би уг байшингаас гараад такси бариад явж байхдаа М- руу залгаад /таксины жолоочийн утаснаас машин яачихваа гэж асуусан чинь би машиныг чинь унаад офицер дээр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би офицер дээр яваад очтол байхгүй байсан. Иймд би таксины жолоочийн утаснаас М-гийн 90575701 дугаарын утас руу залгасан чинь халдвартад явж байна гэж хэлээд утсаа салгаад утас нь холбогдохгүй болсон. Ингээд би гэртээ хариад найз охины 95608971 дугаарын утаснаас 90575701 дугаарын утас руу залгасан чинь би товчоон дээр байна гээд салгасан. Тэгээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн үед миний *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг М- манай гэрийн гадаа авчирч өгсөн. Тэр үед машины урд, хойд буфер, зүүн хойд хаалга, зүүн хойд гэрэл, банкны таг хэсэг эвдэрч хонхойх нь хонхойж зурагдсан байсан. Мөн доод талын банк чихэгдсэн байсан. ...Тэгээд 02021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М- руу залгасан чинь битгий цагдаад өгөөрэй, би удахгүй засуулж өгнө гэж хэлсэн. ...” /хх 151-152/,

            - дахин өгсөн “...намайг архи уугаад сэргэе гэж бодоод унтсаны дараа М- миний өмдний халаасанд байсан машины түлхүүрийг аваад машин унаад явчихсан байсан. Би тухайн үед М-д машины түлхүүрийг өгөөгүй. ...” /хх 154/,

            - гэрч Н.Н-ы “...манай нөхөр Э- такси бариад нэлээн эрүүл болчихсон гэртээ хүрч ирсэн, би тухайн үед таксины мөнгийг нь өгөөд нөхрөөс машинаа яасан юм гэж асуухад “Унтаж байхад нь М- гэх залуу түлхүүрийг нь аваад машиныг нь унаад явчихсан, хаана байгааг нь мэдэгдэхгүй байна” гээд сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд би цагдаад 102 дугаарын утсанд манай нөхрийн машиныг согтуу хүн унаад явчихсан байна гэж дуудлага өгсөн. Мөн би М-гийн гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд маргааш өдөр нь 11 цагийн орчим М- гэх залуугийн 90575701 дугаарын утас нь холбогдохоор нь би машин аваад ир гээд хэлэхэд, одоо аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд би надтай холбогдоод машиныг тэр шөнө хайж байна гэж ярьсан цагдаа руу яриад М-гийн утсыг холбогдож байна гэж хэлсэн. ...” /хх 160/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлон тогтоогдсон.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд тэрхүү үүргийнх нь хүрээнд хууль сануулсны үндсэн дээр тэдгээрээс мэдүүлэг авдаг нь тухайн мэдүүлгийн нотлох баримтын мөн чанар, ач холбогдол, шударга үнэн нотломж болох үнэлэмжийг илэрхийлдэг билээ.

            Харин хэргийн үнэн зөвийг дэнсэлж, эцэслэн шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлэгч болохын хувьд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, улмаар хэргийг бүхэлд нь хянаж, хохирогч, гэрч, шинжээч эмчийн мэдүүлгээр болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байхад зөвхөн шүүгдэгч Б.М-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх нь учир дутагдалтай, хэргийн бодит үнэнийг тогтоож мухарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.М-г 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын хажууд иргэн Л.С-ын шилэн хүзүү дээрээс нь барих зэргээс хүч хэрэглэж түүний өмсөж явсан хар өнгийн пүүз, “Samsung J7” загварын гар утас зэргийг авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулия” төвийн хажууд иргэн Л.Б-ий нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу Б.Э-ыг унтаж байхад нь завших зорилгогүйгээр авч явсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалтуудад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайлбал хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 229 дугаартай захирамжийн заалтууд гүйцэд биелэгдээгүй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Б.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай хохирогч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2919 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН