Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0342

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0342

Улаанбаатар хот

 

С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Булган аймгийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.13, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хууль бусад тооцож, түүний тогтоолууд болон Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилох тухай Б/133 дугаарын захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул тус тус хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс Булган төрийн сангийн 0041400995 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг дарга З.Батзориг давж заалдах гомдолдоо: “Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг, Ц.Даваадорж нарын нэрийг нэрсийн жагсаалтаас хассан талаарх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа дээд шатны шүүхэд хянагдаж байгаа болно. Эдгээр нэр дэвшигчийн төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал тухайн сумын анхдугаар хурлын хүчин төгөлдөр байдалтай шууд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг Засаг даргаар томилуулахаар уламжилсан анхдугаар хуралдаан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчсөн. Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшинг хариуцагчаар оролцуулсан нь нэхэмжлэгчтэй нэг ашиг сонирхолтой этгээдийг оролцуулж сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Энэ нь шүүх маргааныг бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад учруулсан гэж үзэж байна. Иймд дээрх гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо: “2016 оны орон нутгийн сонгуульд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 21 төлөөлөгчөөс 10 хүн нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байдаг ба эдгээр цөөнх болох 10 хүн 2016 оны 11 дүгээр сарын 28-нд нийт сонгогдсон төлөөлөгч нарын 50-иас дээш хувийн ирц бүрдээгүй байхад анх дугаар хуралдаан гэгчийг зохион байгуулж, Н.Амартүвшинг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, С.Бат-Эрдэнийг Сумын Засаг даргад нэр дэвшуүлж аймгийн Засаг даргад уламжилсныг аймгийн Засаг дарга З.Батзориг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүлээн авахаас татгалзаж “С.Бат-Эрдэнийг Орхон сумын Засаг даргаар томилохоос татгалзаж” шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдийг илт хууль бусаар тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа уг хуралд нь биш харин уг хуралд оролцоогүй, шийдвэр гаргаагүй Н.Амартүвшинд холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргад томилсон аймгийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байхад түүнчлэн Б/133 дугаар захиргааны акттай холбоотойгоор С.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга хоёрын дунд Захиргааны эрх зүйн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч нь дээрх актыг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй, дээрх захиргааны актуудад гомдол нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй тул С.Бат-Эрдэнийн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д заасныг зөрчсөн.

Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож сонгогдсон төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 15-нд олонхиор хуралдаж хурлын даргаар Ц.Даваадоржийг сонгож Ж.Ундрахыг сумын Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн, мөн Булган аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж Ж.Ундрахыг Засаг даргад томилж Б/133 дугаар акт гаргаж байгаа зэрэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдаж байгаа, түүнээс доод шатны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилж Засаг даргад нэр дэвшүүлж байгаа, аймгийн Засаг дарга нь доод шатныхаа захиргааны албан тушаалтан буюу сумын Засаг даргыг томилж байгаа хууль ёсны ажиллагаа юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон аймгийн Засаг даргын эдгээр шийдвэр үйл ажиллагаа нь дотоод үйл ажиллагааг зохицуулж, доод шатны албан тушаалд Ц.Даваадорж, Ж.Ундрах нарыг сонгож, томилж байгаа захиргааны дотогш чиглэсэн үйл ажиллагаа юм. Гэтэл дээрх захиргааны дотогш чиглэсэн актыг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж Захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасаныг зөрчсөн бөгөөд энэхүү хуульчилсан ойлголтод заавал нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн гарсан байх шинжүүдтэй байтал маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь дээрх шинжийг агуулаагүй тул шүүх харьяаллын бус эрх зүйн маргааныг хянаж, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Булган аймгийн Засаг даргын Б/133 дугаар захирамжийг илт хууль бусаар тооцож, хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч харьяаллын бус дотогш чиглэсэн захиргааны актуудыг хянаж дээрх актууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22,1.1, 22.1.2, 23.4, 23, 13, 25.2, 26.4, 26.5 зүйл заалтыг зөрчсөн хэмээн дүгнэж тэдгээрийг илт хууль бусд тооцож хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн Орхон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээрх Тогтоол, аймгийн Засаг даргын дээрх Захирамж зэрэг дотогш чиглэсэн Захиргааны актуудыг хянах, хүчинтэй, хүчингүй эсэхэд дүгнэлт хийх эрхгүй гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчээс анх “Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Анхдугаар хуралдааны ”Сумын Засаг даргад уламжлах тухай” 07 дугаар тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилох тухай” Б/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Анхдугаар хуралдаанаас гаргасан тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”[1]-аар нэмэгдүүлснийг шүүх хянан шийдвэрлэжээ.

Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Анхдугаар хуралдаан гэх хуралдаанаас “Мандатын комисс байгуулах тухай” 01, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Тооллогын комисс батлах тухай” 03, “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04, “Хурлын даргыг сонгох тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 06, Сумын Засаг даргад уламжлах тухай” 07 дугаар тогтоолуудыг тус тус батлан гаргажээ.

Энэхүү өдрийн хуралдаанаас өмнө Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дараа бүрэн эрх нь дуусгавар болж буй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг товлон зарласан боловч Засгийн газрын тогтоолоор Бүгд Найрамдах Улс тунхагласаны 11 дүгээр сарын 26-ны нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрийг 11 дүгээр сарын 25-ны Баасан гарагт шилжүүлсэн, мөн Булган аймгийн Орхон сумын Монгол Ардын намаас “сумын сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон 3 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон”-той холбогдуулан тухайн хуралдааныг хойшлуулж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 төлөөлөгчийн 10 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг батлах тухай” 01, “Хуралдааны бичиг баримтын ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Мандатын комисс байгуулах тухай 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 04, “Санал тоолох тооллогын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай” 05, “Хурлын даргыг сонгох тухай” 06, “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр батлах тухай” 08 дугаар тогтоолуудаар иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, Хурлын даргаар Н.Амартүвшинг сонгож, Хурлын дарга С.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлж, сумын Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилуулахаар Булган аймгийн Засаг даргад санал болгосон нь хэвээр байгаа, өөрөөр хэлбэл, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоосон зүйлгүй, энэ талаар шүүхэд ямар нэг маргаан үүсээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Булган аймгийн Орхон сумын сонгуулийн хорооны “иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон гурван гишүүнийг нэрсийн жагсаалтаас хасч Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцсон” 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гаргасан нэр бүхий гурван иргэний нэхэмжлэлд шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх явцад буюу хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдээгүй байхад тухайн гурван иргэнийг оролцуулан Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон 11 төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Анхдугаар хуралдаан” гэгчийг дахин хуралдуулж маргаан бүхий актуудыг гаргажээ.

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт бий болгох зорилгоор актын үйлчлэлийг түр зогсоож байгаа арга болохоос уг маргаан бүхий захиргааны актын хүчин төгөлдөр байдлыг алдагдуулж, үйлчлэлийг бүр мөсөн зогсоосон хэрэг биш юм.

Тиймээс  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 118 дугаар захирамжаар Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй, Орхон сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар Орхон сумын сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон 04 дүгээр тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн нь Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг олгож байгаа ойлголт биш байхад тэдгээрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн тоонд оруулж ирц бүрдсэнд тооцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно/-д нийцэхгүй байна.

Үүнээс гадна 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан гэх тогтоолууд, түүний дотор “Сумын Засаг даргад уламжлах тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 /Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна/-т заасан шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй.

Тиймээс дээрх хуралдаанаас гарсан тогтоолуудыг хууль бус гэж үзсэн, мөн тухайн хуралдааны тогтоолыг үндэслэн сумын Засаг даргыг томилсон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин “Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Анхдугаар хуралдааны “Мандатын комисс байгуулах тухай” 01, “Тооллогын комисс батлах тухай” 03 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/, 37.2 /Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно/-т заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах байжээ.

Н.Амартүвшин тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон, нэхэмжлэгчийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хурлын дарга Н.Амартүвшин хариуцагчийг төлөөлж оролцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14 /тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх/-д нийцсэн бөгөөд энэ талаар хариуцагч Булган аймгийн Засаг даргын “Н.Амартүвшинг хариуцагчаар оролцуулсан нь нэг ашиг сонирхолтой этгээдийг оролцуулж, сонирхлын зөрчил бүхий байдал үүсгэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Булган аймгийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 26 дугаар зүйлийн 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04, “Хурлын даргыг сонгох тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 06, “Сумын Засаг даргад уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилох тухай” Б/133 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Булган аймгийн Орхон сумын Анхдугаар хуралдааны “Мандатын комисс байгуулах тухай” 01, “Тооллогын комисс батлах тухай” 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 


[1] 1 .дэх хавтсын 52 дахь тал